Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0325

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0325

Улаанбаатар хот

 

 “ЭУДТС” ОНӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн

тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “ЭУДТС” ОНӨХК

Хариуцагч: ОРАТХ-ийн туб-гч М.Ц, Х.Б, Д.Б, БУАТХ-ийн туб-гч Т.Н нар;

Нэхэмжлэлийн шаардлага: “Туб-гчдын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-2021********дугаартай нөхөн ногдуулалтын актын 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0001 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б, Д.С, Л.Б, Д.М, О.Э,

Хариуцагч: Д.Б, Т.Н,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э, С.С,

Хариуцагч М.Ц, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 119/2021/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК-аас ОРАТХ-ийн туб-гч М.Ц, Х.Б, Д.Б, БУАТХ-ийн туб-гч Т.Н нарт холбогдуулан “Туб-гчдын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-2021********дугаартай нөхөн ногдуулалтын актын 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0001 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хууль /2017-05-11/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК-ийн ОРАТХ-ийн туб-гч М.Ц, Х.Б, Д.Б, БУАТХ-ийн туб-гч Т.Н нарт холбогдуулан гаргасан “Туб-гчдын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-2021********дугаартай нөхөн ногдуулалтын актын 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүх /шийдвэрийн 13 дахь тал 2.1 дэх хэсгээс 2.14 дахь хэсэгт/ БУАТХ-ийн туб-гч нарыг албан томилолттой ажилласан гэж үзнэ гэж дүгнэжээ. ОРАТХ-ээс БУАТХ-ийн туб-гч Т.Н нарт татварын хяналт шалгалт хийх томилолт олгож байгаа нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/264 тоот тушаалын хавсралт татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.6-т “татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолтыг тухайн албаны хяналт шалгалтын чиг үүрэг бүхий нэгжийн дарга олгоно” гэснийг зөрчсөн, Т.Н нарт БУАТХ-ийн  хяналт шалгалтын тасгийн даргаас томилолт олгоогүй нь дээрх журмыг зөрчиж томилолтгүйгээр татварын хяналт шалгалт хийсэн гэж дүгнэхээр байхад анхан шатны шүүх Булган аймгийн туб-гч нарыг томилолттой ажилласан гэж үндэслэлгүй дүгнэсэн.

3.2. Анхан шатны шүүх /шийдвэрийн 16 дахь тал 2.15-аас 2.21 дэх хэсэг/ Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т заасныг дурдахдаа хуулийг дутуу буюу зарим хэсгийг орхигдуулж дүгнэж байгаа нь шүүгчийн хууль хэрэглээний алдаа гэж үзэхгүй харин ч нэхэмжлэлийг хангахгүй татварын байцаагч нарын талд шийдвэрлэх хүсэл зориг байсан гэж үзэхээр байна. Учир нь уг зүйлийн “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон туб-гч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах;” гэсэн хэсгээс “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ” гэсэн хэсгийг орхигдуулж байгаа нь нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох заалтыг орхигдуулсан гэж үзэхээр байна Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан Зөрчлийн тухай хуулинд заасан зөрчил илэрсэн тохиолдолд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан ба 79 дүгээр зүйлийн 79.4.3-т байгаа Зөрчлийн тухай тэмдэглэл гэсэн хэсэг нь тухайн зөрчлийг хэрхэн шалгах талаар зохицуулсан хуулийн заалтыг татварын байцаагч нар зөрчсөнийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж байна.

3.3. Анхан шатны шүүх /шийдвэрийн 19 дэх тал 3.12-аас 3.17 дахь хэсэг/ нэхэмжлэгчийг Усны тухай хуулиар ус ашиглагч гэж усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27.т “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” хэлнэ гэжээ. “ЭУДТС” ОНӨХК нь ус ашиглагч байгууллага биш харин усаар хангагч байгууллага болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хангалттай тайлбарласаар байхад анхан шатны шүүх ус ашиглагч гэж үндэслэлгүй дүгнэн хуулийг буруу хэрэглэсэн. “ЭУДТС” ОНӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь хоёр өөр харилцааг зохицуулж буй гэрээ тул тухайн гэрээний зүйлд хангагч хэрэглэгч гэдэг хоёр өөр статусаар оролцдог. Орхон аймаг нь бусад аймаг хотыг бодвол өөрийн гэсэн газар нутаг, гол горхи цэвэр усны нөөц байдаггүй онцлогтой. Цэвэр усны эх ундарга нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК Булган аймгаас цэвэр ус авдаг ба “ЭУДТС” ОНӨХК тус үйлдвэрээс тоолуураар цэвэр усыг авч хэрэглэгчдэд түгээдэг. Энэ харилцаа дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК хангагч болж манай компани хэрэглэгч болдог, харин манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-аас авсан усаа буцаагаад тус үйлдвэрийн харьяа үйлдвэр, байгууллага аж ахуйн нэгжид усаар хангахдаа хангагч байгууллага болдог ийм л онцлогтой. Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-иас авсан усыг хэрэглэдэггүй ба цэвэр усны шугамаар ирсэн усыг Орхон аймгийн хэрэглэгчдэд шууд түгээдэг хангагч байгууллага юм. Түүнээс биш Усны тухай хуулинд зааснаар ашиг олох зорилгоор үйлдвэрлэл үйлчилгээндээ ус ашигладаггүй. Үүнийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийг ус ашиглагч гэж үндэслэлгүй дүгнэсэн нь шийдвэрт нөлөөлсөн.

3.4. Анхан шатны шүүх /122 дахь тал 3.27-аас 3.31 дэх хэсэг/ усны алдагдалын талаар дурдсан ба 3.29-т “... алдагдал тодорхой хэмжээнд байхыг зөвшөөрдөг ч зохих хэмжээнээс илүү хэмжээгээр алдагдал үүсгэж байгаа нь...” гэж нэхэмжлэгчийг усны алдагдалыг үүсгэж байгаа мэтээр үндэслэлгүй дүгнэсэн. Усны алдагдал бол Монгол Улс даяар, тэр бүү хэл дэлхий даяар байдаг асуудал. Энэ нь ус дамжуулах шугамын цоорол, нэвчилт, тоолуурын зөрүү, хүчин чадал, барилгын подвал, орц, босоо шугамын эвдрэл гэмтэл, ус алдах, усан сангийн алдагдал, Онцгой байдлын албаны усны хэрэглээ гэх мэт маш олон хүчин зүйлээс үүдэн бий болдог. Гэтэл ... шүүх хурлын үеэр гартаа савтай ус бариад нэхэмжлэгч нараас “энэ устай савыг цоолсон байсныг би мэдсээр байж авч яваад талыг нь асгавал хэний буруу болох вэ” гэж асуусан. Гэтэл нүдэнд ил харагдаж байгаа цоорхой савтай усыг асгаж байгаа бол тэр хүний буруу, харин газар доор байгаа буюу байнга ил гаргаад шалгаад байх боломжгүй усны шугамын цооролт, нэвчилт усны алдагдалтай харьцуулж байгаа шүүгч энэ хэргийг өрөөсгөл ойлгож дүгнэхээс өөр аргагүй юм. Усны алдагдлыг нэхэмжлэгч үүсгээгүй ингэх шаардлагагүй, харин энэ нь өнөөдрийн төр засгийн буруу бодлого, эдийн засгийн чадваргүй байдал, насжилт дууссан шугамыг солихгүй олон жил ашигласан зэрэг төрийн буруутай үйлдлийг нэхэмжлэгчид хариуцуулан түүнийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3.5. Анхан шатны шүүхийн 3.37 дахь хэсэгт “...усны алдагдлыг тухайн шугамын диаметр, урт ус зарцуулалтын хугацаа зэргийг харьцуулан бодит алдагдлыг мэргэжлийн түвшинд бодитой тооцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд зөвхөн хүлээн авсан ус борлуулсан усны зөрүүгээр алдагдлыг тодорхойлж байгаа нь үндэслэл муутай байна...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нар хүсэлт гаргаад яг энэ байдлыг тогтоолгох шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзээд хангаагүй. Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн бусад шүүхээс ялгагдах онцлог бол өөрсдөө нотлох баримтаа цуглуулдаг үүрэгтэй шүүх. Анхан шатны шүүх хэрэв энэ байдлыг тогтоох шаардлагатай гэж үзсэн бол өөрийнхөө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл бий болж байгаа ба энэ байдлыг тогтоогоогүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна.

3.6. Ер нь бол нэхэмжлэгч алдагдал ус буюу тоолуурын зөрүү гэж яриад байгаа усыг ашиглаагүй, бусдад зарж борлуулж орлого болоогүй, татвар ногдуулах орлогоос нуун дарагдуулаагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тодруулбал хариуцагч нар дээрх үндэслэлүүдийг нотлож, нотолсныхоо үр дүнд нөхөн татвар, алданги, торгуулийг оногдуулах ёстой байтал зөвхөн 2 байгууллагын тоолуурын зөрүүг баримтлаад нөхөн ногдуулалтын актаар торгож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэдгийг анхан шатны шүүх дүгнээгүй нь шийдвэрт нөлөөлсөн.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2023/0001 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
  2. Орхон, БУАТХ-ийн ТХШТ-ийн Туб-гч нар нь Орхон, Булган аймгийн татварын хэлтсүүдтэй харьцдаг, аль алинд нь татвар төлөгчөөр бүртгэлтэй “ЭУДТС” Орон нутгийн өмчит хувьцаат компанийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон томилолтод зааснаар гүйцэтгэсэн байх бөгөөд “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, татвар төлөгчийг төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах болон хянан шалгалтыг гүйцэтгэх эрх Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар олгогдсон байна.
  3. Хуулийн этгээдийн нэр “ЭУДТС”, хариуцлагын хэлбэр “орон нутгийн өмчит хувьцаат компани”, үндсэн эрх үйл ажиллагааны чиглэл “Дулаан түгээх”, туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл “Халуун хүйтэн усаар хангах, барилга угсралтын ажил, цахилгаан угсралт, цахилгаан түгээх,...” зэрэг 8 төрлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, эрх зүйн байдал нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” гэж, Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.” гэж тодорхойлогдсон ашгийн төлөө орон нутгийн өмчийн оролцоотой хувьцаат компани болох нь тогтоогдож байна.
  4. Үүнээс үзвэл нэхэмжлэгч компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-ээр тохирч батлагдсан хэмжих хэрэгсэл, үнээр цэвэр усыг худалдан авч, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг усаар хангаж, ашигласан усанд нь төлбөр ногдуулж, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий хуулийн этгээд гэж үзнэ.
  5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “ЭУДТС” ОНӨХК нь усны төлбөрөөр 2017 онд 49,703,297.56 төгрөгийн, 2018 онд 42,886,435.05 төгрөгийн, 2019 онд 42,259,089.30 төгрөгийн хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийг усны алдагдал буюу орлого болоогүй ус мэтээр төсөвт төлөх усны төлбөрийг дутуу ногдуулан тайлагнасан зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.
  6. Энэхүү зөрчилд нь туб-гч нараас “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20211********дугаартай нөхөн ногдуулалтын актаар 134 848 821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40 454 646.58 төгрөгийн торгууль /30 хувь/, 24 584 238.78 төгрөгийн алданги /20 хувь/ нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь Татварын ерөнхий хууль/2008-05-20-ны өдрийн хуулийн 2015-12-04-ний өдрийн өөрчлөлт/- ийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1 / 2017 оны/, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасантай нийцсэн байна.Тодруулбал,

6.1.Усны нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулсан байна.

6.2. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглагч хуулийн этгээд болох нь тогтоогдсон байна.

6.3. Тиймээс нэхэмжлэгч “ЭУДТС” ОНӨХК нь байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч хуулийн этгээд болохын хувьд усны нөөц ашигласны төлбөрийг тооцох үзүүлэлтийг тодорхойлж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”, 10 дугаар зүйлийн 10.1.2-д “хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр” гэж заасны дагуу ашигласан усны төлбөр ногдуулах, үүрэг хүлээсэн байна.

6.4. Татварын байцаагч нар нь усны нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж тооцохдоо алдагдал усны нийт хэмжээнээс зөвшөөрөгдөх алдагдал буюу 25 хувь, үлдэгдэл уснаас хүн амын ундны усны зориулалтаар хэрэглэгчдэд нийлүүлсэн усанд ногдох хэсгийг тус тус хасаж тооцсон нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан заалт болон холбогдох Засгийн газрын 2011, 2013 оны тогтоолуудаар батлагдсан журмын заалтуудтай нийцсэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас худалдан авсан усанд ногдох татварын төлбөрөөс хангалттай чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй байна.

6.5. Эх үүсвэрээс олборлон хэрэглэгчдэд түгээсэн ус болон хэрэглэгчдэд нийлүүлэн орлого болгож авсан ус хоёрын зөрүүг “усны алдагдал” гэж олон улсын хэмжээнд тодорхойлогдсон байна.

6.6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн алдагдал буюу орлого болоогүй усны хэмжээ 2017, 2018, 2019 оны гүйцэтгэлээр дунджаар 53,3% орчим байх бөгөөд энэ нь бусад аймаг, нийслэлээр харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт байна.

6.7. Тэгэхээр нэхэмжлэгчид усны алдагдал гарч байгаа шалтгааныг тогтоох, шугам сүлжээний алдагдлыг илрүүлэх зэргээр орлого болоогүй усны хэмжээг бууруулах зүй ёсны шаардлага үүссэн, энэ талаарх Орхон аймаг дахь Аудитын газрын 2018 оны 12 дугаар сард дүгнэлт гаргасан байхад төрийг буруутгаж нэхэмжлэгчээс “...өнөөдрийн төр засгийн буруу бодлого, эдийн засгийн чадваргүй байдал, насжилт дууссан шугамыг солихгүй олон жил ашигласан зэрэг төрийн буруутай үйлдлийг нэхэмжлэгчид хариуцуулан түүнийг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

7. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, захиргааны актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

                         ШҮҮГЧ                                                                      Т.ЭНХМАА