Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/355

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг

хохирогч Э.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ тоот хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1992 оны 10 дугаар сарын 25-нд ......... аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ...... дүүргийн ....... хороо, ........... дугаар хороолол, ....... дүгээр байр, ......... тоотод оршин суух,

ял шийтгэл: 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 787 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

....... дугаарын регистртэй, Т овогт Ө М

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ө.М 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “:......” түргэн хоолны газраас хохирогч Э.Эын эзэмшлийн Самсунг А-50 маркийн гар утсыг “фейсбүүк ороод өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авч, эргүүлэн өгөлгүй бусдад худалдаж, хохирогчид 755.100 төгрөгийн хохирол учруулан залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ө.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд гэм буруугаа, хүний гар утсыг залилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргах зүйл алга. Хохирогчид учруулсан хохирлыг хорих ялаа эдэлж дуусаад, эсхүл энэ хугацаандаа төлөх болно гэв.

Хохирогч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

М нь миний ажилладаг түргэн хоолны газарт ажилд ороод удаагүй, хагас сар орчим болж байсан байх. Надаас гар утсаа түр өгч байгаач, интернэт ороодохъё гэхээр нь би утсаа өгсөн. Гэтэл ажил руу буцаж орж ирээгүй тэр чигтээ алга болчихсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна. Хохирлоо авчихвал өөр гомдол гээд байх зүйлгүй гэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э Э “... 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “........”-д ажлаа хийгээд сууж байхад, манай компанид шинээр ажилд орсон М гэх залуу миний Самсунг А-50 маркийн гар утсыг гуйгаад авсан. Тэгэхдээ фейсбүүк хаягаараа интернэтэд ороод утсыг чинь эргүүлээд өгье гэж гуйхаар нь итгээд утсаа өгсөн. Би ажлаа хийж байгаад нэг харсан гадагшаа М гарах шиг болсон, түүнээс хойш огт орж ирээгүй. Тэгэхээр нь өөрийнхөө гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. 2 цагийн дараа очиж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгснөөс хойш М ажил дээр ирээгүй, яг хаана амьдардаг, ямар учиртай хүн гэдгийг нь сайн мэдэхгүй, ажилд ороод удаагүй байсан. Манай ажилтан Мягмаржав миний утсыг М надаас гуйгаад авч байхыг харсан. Мягмаржав хэлэхдээ “М хаалгаар гараад яваад өгсөн” гэж хэлсэн. Самсунг А-50 маркийн, 2019 оны 12 дугаар сард 850.000 төгрөгөөр худалдаж авсан гар утас байсан” /хх-н 17/ гэж,

яллагдагч Ө М “... 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн найз нөхөдтэй хамт гадуур архи уугаад явж байсан. Энэ өдөр 12 цагийн орчимд 3, 4 дүгээр хорооллын эцсийн “..........” үйлчилгээний газарт мах шарагчаар ажиллаж байсан Эын А-50 загварын хар өнгийн гар утсыг аваад фейсбүүк орчхоод өгье гэж хэлээд авсан. Би гар утсыг нь авч гараад Теди төвд танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөөр нь гадуур явж архи уусан. Утасны сим картыг нь утаснаас аваад хаясан. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирлоо барагдуулаагүй байгаа.

Би дээрмийн хэрэг дээр 2 жилийн хорих ял авсан. Хорих ангиас суллагдаж байгаад хохирлоо төлнө. Би гар утас худалдаж авсан хүнийг танихгүй, зааж өгч чадахгүй” /хх-н 44/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Э.Эын эзэмшиж байсан гар утасны зах зээлийн үнэлгээг “Дамно” ХХК “... зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 755.100 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-н 31-32/ гэжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ө.Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Мд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч Ө.Мы үйлдсэн “залилах” энэ гэмт хэрэг 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байна.

Гэтэл тэрээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мөн “залилах” гэмт хэргийг, 2020 оны 4 дүгээр сарын 26, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд “дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдэж, эдгээр гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлжээ.

 

Шүүхийн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Мд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийн заалтыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ө.Маас 775.100 төгрөг гаргуулж хохирогч Э.Эад олгох нь зүйтэй.

 

Хоригдол Ө.М Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар хорих ангид хорих ял эдэлж байсан байх ба хоригдлын хорих ял эдэлсэн ялын тооцоог 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар гарахад “01 жил 01 сар 22 хоног” гэжээ. /хх-н 51/

 

Хоригдол Ө.Мыг 415 дугаар хорих ангиас шилжүүлэн Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорих тухай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 44 дугаартай захирамж 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гарсан байна. /хх-н 47/

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ө.М нь энэ гэмт хэргийн улмаас 55 хоног цагдан хоригдсон болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Т овогт Ө Мыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Мыг 4 /дөрөв/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Ө.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 787 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Ө.Мд оногдуулсан 1 жил 5 сар 22 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Ө.Мы цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Маас 755.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Эад олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ө.Мыг “цагдан хорьсон”-ыг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       О.ЖАНЧИВНЯМБУУ