Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч Д.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ...... тоот хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 20-нд ....... аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, .......... үйлчлэгчээр ажиллаж байгаад одоогоор ажил түр зогссон гэх, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт ........ дүүрэг ...... дүгээр хороо, Дэнжийн ....... дүгээр гудамж, ........ тоотод хаягийн бүртгэлтэй боловч ....... дүүргийн ..... дугаар хороо, ........ дугаар хороолол, ....... байрны ...... тоотыг түрээслэн амьдардаг, ял шийтгэлгүй,

..... дугаарын регистртэй, Т овогт Д.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 4 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө ...... дүүргийн 15 дугаар хороо “......” хотхоны ........ дугаар байрны ........ тоотод оршин суух Д.Э гэрт хохирогч Б.Сн биед халдаж хөлөөрөө нүүрэн хэсэгт өшиглөж “эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цагдаа дээр холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан. Надаас хохирлын гэж мөнгө төгрөг нэхээгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох учир холбогдлыг ойлгож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.С “… би найз эгч Энхцэцэгийн гэр болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны байранд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр очиход, тэднийд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй байсан. Тэгээд бүгдээрээ архи уугаад танилцаад байж байтал Ба гэх эмэгтэй манай эгчтэй согтуу маргалдаад, би ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Ба гэх эмэгтэйд “чи яагаад байгаа юм бэ” гэтэл тэр эмэгтэй миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зуураад тэнд байсан хүмүүс биднийг салгаад, намайг буйдан дээр сууж байтал Ба гэх эмэгтэй миний ам руу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг 2 гараараа үсдээд доош нь, арагш дараад, мөн гуталтай хөлөөрөө намайг 1 удаа өшиглөж уруулыг маань язартал өшиглөсөн. Одоо миний толгой өвдөж байна. Би Ба гэх эмэгтэйтэй зодолдож, түүнийг үсдэж зодсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” /хх-н 2-3/ гэж,

гэрч Д.Э “... 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ, нөхөр Ган-Эрдэнийн хамт байж байхад надтай хамт ажилладаг Б, Бурмаа хоёр манай гэрт ирсэн. Тэр хоёр манай гэрт орж ирэхдээ шар айраг, манай нөхөрт нэг шил архитай хамт авч орж ирсэн. Бид нар манай гэрт хоол хийж идээд тэр хоёрын авчирсан шар айргийг хувааж уугаад манай нөхөр ганцаараа архи уугаад суусан. Оройн 21-22 цагийн хооронд шиг санагдаж байна, миний хуурай дүү болох С манай гэрт ирсэн. С манайд орж ирээд бид нартай хамт суугаад шар айраг уугаад сууж байхад Б гэр рүүгээ харих гэж байгаад ширээн дээр байсан эд зүйлсийг санаандгүй асгачихсан юм. Тэгэхэд нь С Бд хандаж “айлд байж ямар заваан юм бэ, ширээн дээр байгаа зүйлийг асгаад” гээд тэр хоёр хоорондоо үг хаялцаж байсан. Б Сг “чиний жүжигчин гэж ямар юм байдаг юм” гэх зэргээр доромжилж байгаад Б гэнэт босч ирээд Сг түрүүлж үсдээд тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаагаад Бурмаа бид хоёр тэр хоёрыг салгаад байж байхад Б явах гээд хувцсаа өмсчихсөн байж байгаад газар сууж байсан Сн нүүр рүү өшиглөчихсөн. Тэгэхээр нь Бурмаа бид хоёр дахиад салгасан. Сн уруул нь хавдаж сэтрээд уруулаас нь цус гарч байсан. Би Сн гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл Б гараад явчихсан. Тэр хоёр анх ууж суухдаа л Б, Сг үгээр өдөөд доошоо нь хийгээд байсан түүнээс болж маргалдаж зодоон эхэлсэн юм” /хх-н 32/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Б.Сн гэмтэлтэй холбоотой “Б.Сд доод уруулд шарх, зулгаралт хоёр сарвуун зурагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 2655 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 21/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг “... 23-ны өдөр” гэж /хх-н 34/, Мөрдөгчийн саналд “... яллагдагч Г.Г” гэж /хх-н 46/, прокурорын Яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн сар, өдрийг “... 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө” гэж /хх-н 47/ тус тус зөрүүтэй бичигдсэнийг хэдийгээр техникийн шинжтэй үг, үсгийн алдаа байна гэж шүүх үзэхээр байх боловч цаашид ийм байдлаар алдаа гаргахгүй байхыг хяналтын прокурор анхаарвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Үүнд: тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгджээ.

Тухайлбал, шүүгдэгч, хохирогч нар нийлж архидан согтуурсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, Д.Бгийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2605 тоот дүгнэлт /хх-н 25/ зэрэгт тусгагджээ.

 

Хохирлын хувьд:

Хохирогч Б.С нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Бгээс гаргуулах төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Дагвын Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж  заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ