Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/527

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч Ж.Е

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай, хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 2 дугаар сарын 10-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт ........... дүүргийн ..... хороо, ...... хороолол, .... дугаар байр, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

******* дугаарын регистртэй, Х овогт Ж Е

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.Е нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6 А байрны гадна хохирогч В.Мг “найз охинтой уулзаж архидлаа” гэх шалтгаанаар зодож түүний биед “хүзүүний баруун, зүүн болон төвөнхийн доор цус хуралт, цээжинд, хэвлийд зулгаралт, хэвлийд цус хуралт, хавдалт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Е шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орж чадна. Надад гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогчийг зодсон шалтгаан нь миний найз охинтой нийлж архидлаа гэснээс болсон. Хохирогчтой холбогдож чадахгүй байж байгаад өнөөдөр дансаар нь хохирлын 285.000 төгрөгийг шилжүүлсэн. АТМ-ын баримтыг нь шүүхэд өгье гэв.

 

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч В М “... 2021 оны 7 дугаар сарын 04-ний орой Дашпунцаг, Э хоёр над руу залгаад “бид хоёр ганц, хоёр пиво уух гэж байна, хамт уух уу” гэхээр нь за гээд бид гурав “Их улс” зочид буудалд 20 цагийн үед уулзаад 1 том пиво уучхаад би түрүүлээд явсан. Тэгээд цагийн дараа над руу Э залгаад “ирэх юм уу” гэж асуугаад байхаар нь “би ажлаа зохицуулаад яваад очно” гэтэл “тамхи аваад ирээрэй” гэхээр нь би тамхи аваад 22 цагийн үед буцаад буудалд очсон. Тэгээд Дашпунцаг, Э бид гурав ууж идэх юм дууссан юм чинь гаръя гээд гарцгаасан. Дашпунцагийг таксинд суулгаж өгчихөөд Э бид хоёр 6 дугаар байр руу яваад орцны үүдэнд тамхи татаад зогсож байтал Эгийн утас нь дуугараад найз залуутайгаа ярьсан. Э утсаа тасалчхаад зогсож байтал Е ирээд над руу ална гэж дайраад дугуйн дорцовоор гуя руу цохиод дараа нь нэг хоёр удаа цохиод машин руу чирээд, хүзүү рүү бас нэг удаа гараараа цохиод, хүзүүнээс татаад байсан. Е чи тэрнийхээ дугаарыг өг гээд надаас Дашпунцагийн дугаарыг нэхээд байхаар нь би “гэрт гар утсаа үлдээсэн тэр утсан дээр дугаар байгаа би гэртээ ороод хараад өгье гээд гэртээ орсон.

Дүгнэлтэд заасан гэмтлүүдийг 2021 оны 7 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Е цохиж учруулсан. Э бид хоёр бага зэрэг пиво уусан байсан. Байрны гадаа Э бид хоёр зогсож байтал Эгийн найз залуу ирээд над руу дайраад уурлаад, зодож цохиод эхэлсэн. Орцны үүдэнд бид гурваас өөр хүн байгаагүй. Эмчилгээ хийлгэсэн бүх зардлуудаа авмаар байна” /хх-н 6-7/ гэж,

гэрч Б Э “... би 2021 оны 7 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед өмнө нь хамт ажиллаж байсан М, Дашпунцаг хоёртой уулзаад 3, 3 лааз пиво уугаад юм ярьж сууж байгаад найз залуу Ед утсаар холбогдож энэ тухай хэлсэн. Тэгтэл манай найз залуу яаралтай гэрт ажил гарчихлаа одоо чамайг гэрээс чинь очоод авъя гэхээр нь би заа гээд Мтай хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6 А байр руу явсан. Е та хоёр цуг явж байгаа юм уу гэтэл М “чи одоо надтай асуудал үүсгэх гээд яахав дээ, би энэ хорооны бүх цагдаа нарыг мэднэ, чи асуудал үүсгээд явахгүй ш дээ” гэтэл Е Мг заамдаад нүүр рүү нь нэг удаа алгадаад, цээж рүү нь гараараа нэг удаа бас цохисон. М ч хариу үйлдэл үзүүлээгүй би найз залуугаа болио гээд машинд суулгасан. Е чи тэгвэл тэр цагдаагийнхаа дугаарыг гэтэл би гэрээс утсаа авч байгаад харна, одоо хэлж мэдэхгүй байна гээд гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ орохоос нь өмнө Е “чи зүгээр үү” гэтэл “би зүгээрээ” гээд М гэртээ орсон” /хх-н 16/ гэж,

яллагдагч Ж Е “... 2021 оны 7 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед би Этай уулзахаар 6 А байрны гадаа очоод хүлээж байтал 6 А байрны хажуугаас манай найз охин Э гарч ирээд хойноос нь М гэх залуу согтуу явж байсан. М миний өөдөөс ирээд “би найз охинтой чинь жаахан уучихлаа, зүгээр биз дээ” гэхээр нь би Мд “та нарт зөндөө хэлээд байхад яагаад манай найз охинтой уулзаад архидаад байгаа юм бэ” гэтэл “чамд одоо ямар ч хамаа байхгүй ш дээ” гэхээр нь би “чи тэр нөгөө залуугийнхаа дугаарыг өгөөтөх, хэнтэй явсан” гэтэл “миний нөгөө гар утсан дээр байгаа, одоо өгөх боломжгүй байна, ороод хараад өгье” гэсэн. М намайг үгээр идээд байхаар нь нүүр рүү нь 2 удаа алгадаад нэг удаа шанаадсан. Тэгээд би “тэр залуугийнхаа дугаарыг өг” гэтэл өгөхгүй гэр рүүгээ орсон. Би М руу залгаад “зүгээр үү уучлаарай” гэтэл “за зүгээрээ би Гэмтэл орчхоод одоо гэр рүүгээ явж байна, зүгээр” гэж хэлсэн” /хх-н 31/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор В.Мн биед хүзүүний баруун, зүүн болон төвөнхийн доор цус хуралт, цээжинд, хэвлийд зулгаралт, хэвлийд цус хуралт, хавдалт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Жич: Хүзүүний 1-р нугаламын хугаралын онош одоогоор бүрэн тогтоогдоогүй байна гэсэн 6017 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 18-20/

 

Энэ хэрэгт хохирогч В.М “... миний бие тухайн хэрэгт гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү” гэсэн /хх-н 24/,

яллагдагч Ж.Е “... би бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй. Иймд миний үйлдсэн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Хэрэв хамрагдахгүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн /хх-н 50/ хүсэлтийг тус тус гаргаж, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Мөн шүүгдэгч Ж.Еийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/, Эд хөрөнгийн талаарх лавлагаа /хх-н 36/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дүгээр зүйл “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ” 3.1 дүгээр зүйл Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна... 3.1.2 дахь хэсэгт “... 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан нь шүүгдэгч Ж.Ед холбогдох гэмт хэрэг 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22-23 цагийн орчим үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааралгүй болно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Х овогт Ж Еийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Ед ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

Хохирол төлбөрийн хувьд:

“260.000 төгрөг, 25.000 төгрөг” гэсэн хохирлын баримт хэрэгт авагдсан /хх-н 44, 45/ байх бөгөөд хохирогч В.М “... Володя овогтой М миний бие тухайн хэрэгт гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан хэлбэрээр шийдэж өгнө үү” /хх-н 49/  гэх хүсэлтийг бичгээр гаргасан, түүнчлэн шүүхээс хохирогчтой утсаар холбогдоход “... би шүүх хуралдаанд оролцохгүй, Ж.Е нь миний баримтаар нэхэмжилсэн 285.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж хэлсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Е шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Шүүгдэгч Ж.Е цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ж Еийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Еийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ж.Е торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ж.Е цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Ед урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ