Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/528

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч О.Ш

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай, хэргийг 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүний нөөцийн менежер мэргэжилтэй, ........ дүүргийн ......... хороо, ......... байрны ...........тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; нөхөр 2 хүүхдийн хамт .......... дүүргийн ........ хороо, Шар хадны ........ гудамж, ......... тоотод түр оршин суух, ялгүй, ********* дугаарын регистртэй, Б овогт О Ш

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.Ш нь “2020 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 30 дугаар байрны 29 тоотод мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор “Odgerel zaya” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “ПОКЕР” тоглоом зохион байгуулж, нийт 205.000 төгрөгийн ашиг олсонгэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Миний бие эрхэлсэн тодорхой ажил төрөл, орлого байхгүй, мөн одоо жирэмсэн байгаа тул надад оногдуулах торгох ялыг болон надаас хурааж улсын орлого болгох 205.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх боломж олгож өгнө үү гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч О.Т “... тухайн үед фейсбүүкээр покерын лайваар покер тоглуулаад байсан юм. Би тухайн өдөр тэр “Odgerel zaya” гэх нэртэй хүний лайв руу орж 1 удаа өөрийн төрсөн эгч Т-ын ХААН банкны //////// дугаарын данснаас 10.000 төгрөг шилжүүлж, нэг удаа тоглоод мөнгөө алдсан тул дахиж тоглоогүй. Миний тоглосон тэр тоглоомд 8 хүн тоглосон. Би тэр хүнийг танихгүй, ямар ч байсан эмэгтэй хүн байсан санагдаж байна. Лайв бичлэг дээр эмэгтэй хүний дуу гараад байсан” /хх-н 20-21/ гэж,

яллагдагч О Ш “... Техас покэр хөзрийн тоглоомын дүрмийг хүн болгон мэддэг байх. Миний хувьд бол тухайн үед найзаасаа шинээр нээсэн “...........” гэх нэртэй фейсбүүкийн грүпп рүү орж лайв хийж байгаа бичлэгээ өөрөө шэйр хийж мөн тоглож байсан хүмүүсээрээ шэйрлүүлж олон нийтэд хүргээд фейсбүүк лайв хийж байгаа бичлэгийн эхний хэсэгт өөрийнхөө ХААН банкны *********** дугаарын дансыг бичээд мөнгөө шилжүүлэхдээ 1-ээс 8 дугаартай суудлын аль суудал дээр суухаа бичээрэй гэж хэлдэг байсан. Би нэг удаа тоглуулахдаа 8 хүн тоглуулдаг байсан. 1 хүний 1 удаа тоглох эрх нь 10.000 төгрөг. Би 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ........ нэртэй фейсбүүк хаягаас мөрийтэй тоглоом зохион байгуулж нийт 205.000 төгрөгийн ашиг олсон” /хх-н 35/ гэж тус тус мэдүүлжээ.

 

О.Шгийн “... Одгэрэл овогтой Ш миний бие 2020 оны 11 дүгээр сарын 18-19-ний хооронд цахим гэмт хэрэгтэй холбоотой мөрийтэй тоглоомыг /лайв/ фейсбүүк хаягаар шууд дамжуулж тоглуулсан. Уг үйлдлийг хийхдээ ашиг 205.000 төгрөгийг олсон. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй бөгөөд хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа учир хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 42/

 

О.Шгийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой “Мөрдөн шалгах туршилт хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-н 22-24/,

О.Шгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-26/

О.Шгийн, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 27-32, 44/,

О.Шгийн хүүхдүүд болох Гэрэлтсувд, Чинболд нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 45, 46/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаас гадна ашиг олсон эсэхээс үл хамааран шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийн 9.2 дугаар хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан шүүгдэгч О.Шгийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хуульд хамаарахгүй.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Б овогт О Шг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Шд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Шгийн хувийн байдал, цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын үе зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад хамаарна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Уг гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Харин шүүгдэгч О.Шгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 205.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

Шүүгдэгч О.Ш шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Шүүгдэгч О.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт О Шг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Шг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. О.Шд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. О.Ш торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоног болон шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. О.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 205.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Шд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ