Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/529

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Мөнхбат

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай, хэргийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн , 32 настай, эрэгтэй, мэргэжилгүй, “........” хотхоны салонд үсчин ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, хоёр хүүхдийн хамт ........ дүүргийн .......... хороо, ......... тоотод оршин суух, ялгүй,

******* дугаарын регистртэй, Б овогт Б Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ........ дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Згийн ХААН банкны ******** дугаар бүхий картнаас эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 900.000 төгрөгийг гаргаж авсан гэх “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлалт гуйж хохирлыг нь бүрэн барагдуулсан. Хохирогч З 900.000 төгрөгийн авлагатай боловч Ковид-ын үе энэ тэр гээд надаас 700.000 төгрөг авч, гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

Гэвч шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний үйлдсэн гэх “хулгайлах” гэмт хэргийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад өрсөлдөх хэм хэмжээний хувьд тухайн хэргийнхээ үйл баримтад нийцэхгүй байна гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр нууцаар авахыг хэлдэг. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар илэрдэг. Гэмт этгээдийн нууцаар авч байгаа арга нь субьектив ойлголт юм.

Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Б.Б, хохирогч З.З нарын хэн аль бие биеэ таньдаг бөгөөд тэдгээр нь хамтдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, айлд очсон, зочид буудалд орж 2 хоносон, З.З нь сайн дураараа ХААН банкны өөрийн эзэмшлийн картыг Б.Бд өгч, идэж уух зүйл захиалсан, мөн зээл маягаар түүнд мөнгө шилжүүлж байжээ.

Энэ талаар хохирогч З З “... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хамт ажилладаг хүн болох Б нь эхнэртэйгээ муудалцсан гээд ажил дээр ирсэн. Би ажлаасаа гарах гэж байтал Б нь хоёулаа хамт гарья, эхнэр одоо хүүхэд авчирч өгөх гээд байна гэж хэлсэн. Мөн Б нь цагдаад торгуулийн мөнгө өгөх гэсэн юм, өнөөдөр намайг заавал хийгээрээ гэж хэлсэн гээд надаас мөнгө асуугаад байсан. Тэгэхээр нь би тэр өдөр Би ************ гэсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд тэр өдөр Бээ надтай хамт явъя гээд хамтдаа манай найзын гэрт нь явж очсон. Тэгээд Ц гэж манай найзынд очиж 1 шил архи хувааж уусан. Тэндээс гараад Б, Ц бид гурав “Очир титэм” гэх Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд орж байрласан. Тэнд ороод би өөрийн ХААН банкны гартаа Бд өгөөд ойр зуурын идэж уух юм захиалсан. Бээ гаднаас архи, ус ундаа авч орж ирсэн. Тухайн үед ус ундаа аваад орж ирсэн байсан. Тэгээд тэр “Очир титэм” зочид буудалд 2 хонож архи дарс ууцгаасан. Харин Б маргааш нь буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр миний ХААН банкны картыг аваад, надад өгөлгүйгээр, хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд миний картыг авч явсан. Тэрнээс хойш Бээ нь гар утсаа унтраагаад яваад өгсөн. Харин надтай тухайн үед тэр Бий найз Түвшээ гээд залуу хамт байж байсан. Тэгээд Бийг ирэхгүй болохоор нь би гар утсаа тус буудалд барьцаанд үлдээгээд явсан. 2-3 хоногийн дараа би өөрийн ХААН банкны дансаа шалгаж үзэхэд 3000 төгрөг л үлдсэн байсан. Би Бд картаа өгөх үед 1.758.000 төгрөг байсан. Харин Бд миний ХААН банкны карт байх үед орлого гэж 230.000 төгрөг орсон байсан. Тэгэхээр миний ХААН банкны дансанд 1.988.000 төгрөг байсан. Би Бээс миний ХААН банкны карт хаана байна гэж асуухад надад зүгээр карт өгсөн. Тэгэхээр нь би дотор нь байсан мөнгө яасан бэ гэж асуухад ууж идээд дуусгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд би Бийг хамт ажилладаг болохоор өгчих байх гэж бодоод яваад байсан. Тухайн үед мөн Бээ нь орлого гайгүй болохоор шинэ жилийн өмнө өгчихнө гэж хэлсэн. Одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Бээ нь ажлаа хийгээд явж байгаа юм. Б надад ерөөсөө юу ч хэлээгүй авсан. Бээ нь миний картыг ашиглах эрхгүй хүн байгаа юм.

Би Бээс 1.000.000 төгрөг авъя гэж хоорондоо ярилцсан байгаа. Би харин сая төлбөр тооцоогоо бодсон чинь Бээс миний ХААН банкны картаас бэлнээр 1.100.500 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр авсан байсан. Харин 2018.11.30-ны өдөр 11 цаг 05 минутад 200.000 төгрөгийг эхнэр Уянгын ХААН банкны ******* данс руу шилжүүлсэн байсан. Тэгэхээр Б нь миний ХААН банкны картнаас 1.100.500 төгрөг авсан байна. Харин надаас салаад явснаас хойш миний ХААН банкны картыг уншуулж төлбөр төлсөн мөнгө нь нийт 232.374 төгрөг болж байна. Тэгэхээр би Бээс нийт 1.332.874 төгрөг авахаар байна. Би мөн дээр нь Бд зээлүүлсэн 200.000 төгрөгөө нэмэхээр нийт 1.532.874 төгрөг авах болж байна. Харин Бтэй хамт байх үедээ хэрэглэсэн хоол унд, архи дарс, чихэр, буудлын мөнгө зэргийг нэхэмжлэхгүй. Тэр мөнгө бол нийтдээ 369.475 төгрөг болж байна. Би одоо энэ мөнгө гэхгүй Бээс ярьсан ёсоороо 1.000.000 төгрөг авчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 47, 50-51/ гэж мэдүүлжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөрөнгө завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг тодорхойлохдоо субъектийн хувьд хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн “тусгай субъект” байхыг шаардаагүй.

Өөрөөр хэлбэл энэ зүйл хэсгийн субъект нь хэн ч байж болох бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаар тухайн гэмт хэрэг төгсөнө. Дээр дурдсан шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн үйл баримт буюу хохирогч З.З өөрийн ХААН банкны картыг захиран зарцуулах боломжийг шүүгдэгч Б.Бд олгож, уг картаас мөнгөний гүйлгээ хийгдэж байсныг тэрээр мэдэж байсан байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн тогтоох нь зүйтэй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын санкцыг “... гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтад нийцэж байна.

 

Шүүгдэгч Б.Бий хувийн байдалтай холбоотой түүний Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 70/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсанаас гадна

гэрч Б У “... Б Б нь миний нөхөр. Би Бтэй багийнхаа найзаар дамжуулаад 2015 онд танилцаж, 2016 оноос гэр бүл болоод өдийг хүртэл хамт амьдарч байна. Одоо манайх 2 ой 7 сартай Хувьзаяа, 1 ой 5 сартай Аззаяа гэсэн хоёр охинтой. Миний нөхөр нийтэч, дөлгөөхөн томоотой, зөөлөн ааштай, ажилсаг, хүнд их тусархуу, эхнэр хүүхдээ халамжтай анхаарал тавьдаг, сайн нөхөр, сайн эцэг, хааяа архи уудаг, архи уусан үедээ хурц ширүүн ааш зан гар гаргадаггүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Нөхөр маань үсчин хийдэг,  танхай догшин авир байхгүй, хулгай энэ тэр хийнэ гэж огт байхгүй.

Манай нөхөр Б нь “......” хотхоны үсчинд хамт үс засдаг З гэх тэр хүний талаар хэлэхдээ нөхрөөсөө салдаг, ажлынхаа жижиг өрөөнд амьдардаг, амьдрал хэцүү, архи уух дуртай энэ тэр гэж байсан. Би өөрөө бол тэр хүнтэй юм ярилцаж үзээгүй. Миний нөхрийн холбогдоод байгаа хэргийн талаар мэдэхгүй, гэхдээ ямар ч байсан 2018 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр 6 хоног алга болсон. Тэгээд ирэхээр нь би нөхрөөсөө асуухад ажлын газрын З гэж хүнтэй хамт архи уугаад хэд хонолоо гэж ярьсан. Надад бол хүнээс мөнгө төгрөг авсан энэ тэр гэж хэлээгүй, ямар ч байсан нэг карт байсан. Энэ юун карт юм бэ гэж намайг асуухад З эгчийн карт, намайг юм аваарай гээд, аваад юманд гаргасан юмаа гэж хэлсэн. 30-ны өдөр байсан санагдаж байна, зээл тулаад мөнгө хэрэг болохоор нь би нөхрөөсөө мөнгө гэхэд миний данс руу З эгчээс мөнгө авлаа гээд 200.000 төгрөг шилжүүлсэн” гэж /хх-н 55-56/ мэдүүлсэн байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

“... З миний бие иргэн Бээс авах 1.300.000 төгрөгнөөс өөрийн .......... тоот дансаар 700.000 төгрөг хүлээж авсан. Бд одоо ямар нэгэн хохирол гомдол байхгүй болсон” /хх-н 113/ гэсэн хүсэлтийг,

шүүгдэгч Б.Б “... миний бие Б нь З эгчийн итгэмжлэн өгсөн ХААН банкны картаас 900.000 төгрөг хэлэхгүй, хүч хэрэглэлгүй авчихсан. Энэ миний буруу. З эгчид хохирол болох 900.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэж амлаж байна. Б.Б би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх хохирлоо төлсөн тул миний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-н 121/ гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзав.

 

Хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Үүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дүгээр зүйлийн “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ”-нд шүүдэгч Б.Бий үйлдсэн гэмт хэрэг хамаарч, “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солигдохоор байна.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах” ял байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь ялтан Б.Бий цаашдын эрх зүйн байдалд нөлөөлж магадгүй тул шүүх уг хуулийг хэрэглээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Б овогт Б Бийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Б.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг түүний оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Б.Б зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.З гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ