Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1434 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,    ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн    дүгээр хороо,     гудамжны     тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

О овогт Цийн Э /РД:     /,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Э нь Сонгинохайрхан дүүргийн    дүгээр хороо    дугаар гудамжны     тоотод оршин суух өөрийн гэртээ 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эхнэр М.Дгийн нүүр рүү нь шилэн сав шидэж түүний биед хамар ясны хугарал, зовхи, нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх4-6/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх7-15/, хохирогч М.Дгийн мэдүүлэг /хх16-26/, гэрч Ч.Даваадуламын мэдүүлэг /хх34-35/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 11446 дугаар дүгнэлт /хх40-41/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ц.Эыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Аюулын зэргийн үнэлгээний “3 буюу бага” гэсэн тэмдэглэл /хх4-6/,

2. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх7-15/,

3. Хохирогч М.Дгийн “...Тэгээд би жижиг өрөөндөө Тамир, Даваадулам, хоёртой юм яриад сууж байхад гэнэт миний нүүр рүү 1 литрийн багтаамжтай шинжтэй шилэн сав ирээд оноод хоёр нүд харанхуйлаад явчихсан. Манай байшингийн доторх зохион байгуулалт нь том өрөө нь тусдаа, жижиг өрөө, гал тогооны өрөө хоёр өрөө нь үргэлжээрээ хамт байдаг бөгөөд нөхөр маань гал тогооны өрөөнд зогсож байгаад гэнэт над руу  уг шилэн савыг шидсэн. Тэгээд би хэсэг нүдээ дарж сууж байгаад нөхөр гэрээс гарч яваад удалгүй орж ирэхээр нь чи юмаа аваад яв гэж хэлэхэд нөхөр шууд цүнхтэй хувцсаа аваад гэрээс гараад явсан ба гэртээ ирж хоноогүй. Тэгээд би өнөөдөр өглөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх16-26/,

4. Гэрч Ч.Даваадуламын “...Тамир, Д бид гурав хоорондоо юм яриад Дгийн гэрийн жижиг өрөөнд сууж байхад гэнэт Дгийн нүүр рүү нэг шилэн шинжтэй сав ирж оносон ба уг савыг нөхөр нь гал тогооныхоо өрөөнөөс шидсэн. Тэгээд Д нүүрээ дарж хэсэгхэн зуур суугаад нөхрийгөө зайл гэж хөөсөн. Тэр үед нөхөр нь гэрээсээ гараад явсан. ...ямар нэгэн зүйлд ойгоогүй, шууд л Дгийн нүүрэнд ирж оносон...” гэх мэдүүлэг /хх34-35/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11446 дугаар “...М.Дгийн биед хамар ясны хугарал, зовхи, нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх40-41/,

6. Шүүгдэгч Ц.Эы яллагдагчаар өгсөн “...Би гэрт хөргөгч дээр байсан 500-600 граммын багтаамжтай, шингэн уух зүйл хийх зориулалттай, хуванцар савыг ширээ рүү шидсэн. Тэгтэл уг хуванцар сав ширээн дээр онож ойгоод эхнэрийн хамар хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг /хх49-51/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Э:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр                                              тоот гэртээ эхнэр М.Дгийн нүүр рүү шилэн сав шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч М.Дгийн “...нөхөр маань гал тогооны өрөөнд зогсож байгаад гэнэт над руу  уг шилэн савыг шидсэн. ...Тэгээд би өнөөдөр өглөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Даваадуламын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Түүний энэхүү үйлдлийн улмаас хохирогч М.Дгийн биед “...хамар ясны хугарал, зовхи, нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11446 дугаар шинжээчийн дүгнэлт, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Хохирогч М.Д нь шүүгдэгч Ц.Этай гэр бүлийн харилцаатай буюу түүний эхнэр болох нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын        дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа” /хх90/-р тогтоогдож байх буюу шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн бие мах бодийн хүч хэрэглэсэн шинжтэй, өөрийн эрхшээл, дарамтад байлгах зорилготой үйлдэл байна.

Иймд шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч М.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн... ”, гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, бага насны 2 хүүхэдтэйг харгалзан шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг  5 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР