Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 25

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А ” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “А " ХХК-ийн XV-014696 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн "2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" /Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө/-г батлахгүй байгаа Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу төлөвлөгөөг батлахыг Мянгад сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч С.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “А ” ХХК-нийн захирал Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А  ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Цахир нэртэй талбайд ашигт малтмалын XV-014696 дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оноос эхлэн эзэмшиж Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай нөхцөл шаардлагыг хангаж, хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 716 сая төгрөгийн хайгуулын зардал гаргаад байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу энэ тусгай зөвшөөрлийн талбайд хийх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар анх 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол шуудан” ХК-нийн шуудангаар хүргүүлснийг тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Х  хүлээн авч хянаад Засаг дарга С.Л д танилцуулсан боловч баталж өгөөгүй.

Бид дахин 2019 оны 3 сарын 15-ны өдөр 3/15 тоот албан бичгээр Засаг даргад хандсанаас гадна тус суманд очиж Засаг дарга С.Л тэй уулзаж хуулиар төлөвлөгөөг батлах үүрэгтэй болохыг тайлбарласан боловч батлахгүй гэж ямар нэг үндэслэл бүхий хуулийн тайлбар хэлэлгүйгээр татгалзсан.

Бидний төлөвлөгөөг батлахгүй байгаа дээд шатны байгууллага болох Ховд аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан ба Ховд аймгийн Засаг даргаас 2019 он 4 сарын 30-ны өдрийн 1/1078 дугаар албан бичгээр төлөвлөгөө батлахыг Мянгад сумын Засаг даргад мэдэгдсэн.

А " ХХК-ийн XV-014696 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн "2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" /Байгаль орчныг хамгаадах, нөхөн сэргээх төлөвлөгөө/-г батлахгүй байгаа Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу төлөвлөгөөг батлахыг Мянгад сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “А \” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын Цахир нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 онд анх авсан. 2009 оноос хойш нийт 716,000,000 төгрөгний зардал гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д заасны дагуу байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга С.Л д илгээсэн боловч батлаагүй. 3 сард “А ” ХХК-ийн захирал Х.А  Ховдод ирж Байгаль орчны төлөвлөгөөг батлуулах гэсэн боловч үндэслэлгүйгээр батлахаас татгалзсан. Бид бол хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Хайгуулын тусгай зөвшөөрлийн зорилго нь газрын хэвлийд байгаа ашигт малтмалыг эрж хайх үйл явц юм.  Харин олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулдаггүй.

Урьд нь хайгуулыг төр өөрөө хийдэг байсан бол одоо хувийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийдэг болсон. Хайгуулаар юм олдоогүй бол компанийн өөрийн зардал болоод явдаг. Хайгуулын үйл ажиллагааг явуулахдаа 70 см-ын хэмжээтэй цооног өрөмдөөд дээжийг нь лаборторт явуулдаг. Лабортороос энд ийм баялаг олдлоо гэдгийг тогтоосны дараа эдийн засгийн нөөцөө тогтоогоод явдаг. Бид хайгуулын ажлаа явуулахын тулд нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулдаг.Энэ төлөвлөгөө батлагдсанаар бид тухайн жилийнхээ зардлаа гаргаад хайгуулын ажлаа хийдэг.

Гэтэл бид батлуулж чадаагүй учир энэ жил ажлаа явуулах ямар ч боломжгүй болсон. 2019 оны 3 дугаар сард Засаг дарга С.Л д дахин хандахад төлөвлөгөө батлахаас дахин татгалзсан. Бид Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж сумын Мянгад сумын Засаг дарга хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй, төлөвлөгөө батлахгүй байгаа талаар албан бичиг явуулсан. Ашигт малтмал, газрын тосны газраас хариуцагч Мянгад сумын Засаг даргад дээрх төлөвлөгөөг батлах ёстой гэсэн албан бичиг явуулсан байдаг. Мөн дээд шатны Засаг даргад хандахад сумын Засаг даргад үүрэг болгож албан бичиг явуулсан боловч байгаль орчны төлөвлөгөөг батлаагүй тул шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга С.Л  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаанаар Мянгад сумын Засаг даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын Б/8 тоот захирамжаар Мянгад сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Ажлаа аваад Мянгад сумынхаа малчин айл өрхөөр явж цаашид хийх ажлынхаа төлөвлөгөө болон нутгийн иргэдийнхээ санал бодлыг сонсож 4 удаа явсан. Ховд аймгийн Мянгад сумын засаг захиргааны 5 багийн иргэд надад хандан уул уурхайн лицензийг олгуулахгүй байх тал дээр бидний талд зогсоорой гэдэг санал тавьсан. Ингээд 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт 17 эрэл хайгуулын, 9 ашиглалтын лиценц эзэмшдэг компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын ард иргэдийнхээ шаардлагад нийцүүлэн батлахгүй гэдгээ албан тоотоор мэдэгдсэн.

 Надад хариу ирүүлээгүй. Манайд ганцхан “А ” ХХК биш олон компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулъя гэж ирдэг. Манай сумын ард иргэдээс зөвшөөрөл аваад тэдний хүсэл шаардлагад нийцүүлээд хүрээд ирвэл би баталж өгье гэдэг ганцхан шаардлага тавьдаг. “А ” ХХК-иас бусад компани дахин ирээгүй. Би байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байснаараа 3 компаний лиценз цуцлагдсан. 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Цагаанбулан багт багийн жишиг хуралдаан зохион байгуулж Алтан хөхийн уулын бүс нутгийн эргэн тойрны лицензийг цуцлах асуудлыг ярьсан. Үүний хүчинд Алтан хөхийн уулын бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нэмэгдсэн. Монгол улсын Засгийн газраас 2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан ард иргэдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн шийдвэрийг гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А ” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан ашигт малтмалын XV-014696 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн "2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" /Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө/-г батлахгүй байгаа Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу төлөвлөгөөг батлахыг Мянгад сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн “А ” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга “А ” ХХК-ний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй үндэслэлээ тайлбарлахдаа “...сумын иргэд хүсэл саналыг сонссон, иргэд нутаг дэвсгэртээ хайгуулын ажил явуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул ард иргэдийнхээ шаардлагад нийцүүлэн   тус компаний 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, төлөвлөгөөг аваагүй гэж маргаагүй, харин танилцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн зүгээс холбогдох төлөвлөгөө болон хүсэлтүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.  

Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Цахир” нэртэй  талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014696 дугаартай тусгай зөвшөөрлийг анх “Э ” ХХК-нд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгосон байх бөгөөд  тусгай зөвшөөрлийн “Б ” ХХК-нд 2001 онд, “А ” ХХК-нд 2012 онд  шилжүүлж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл  сунгажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж зааснаар сумын Засаг дарга хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр зохицуулсан.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сумын Засаг дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах бөгөөд төлөвлөгөөг батлахаас татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсан үндэслэл нь хуульд нийцсэн байх  хуулийн зохицуулалттай.

Тодруулбал хариуцагчийн татгалзал нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд байгалийн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг доройтохоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, түүх соёлын өвийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг тодорхойлон, шаардагдах хөрөнгө зардлыг тооцож, хариуцах этгээд, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах хууль, журам, аргачлал, стандартыг тодорхойлж тусгасан эсэх асуудалтай холбоотой байх шаардлагатай.

Гэвч хариуцагчийн “... төлөвлөгөөг ард иргэдийн шаардлагад нийцүүлэн батлахаас татгалзсан..” гэх үндэслэл нь  нэхэмжлэгчийн батлуулахаар өгсөн байгаль орчны менежментийн  төлөвлөгөөг бодитойгоор хянан үзээгүй, хуульд нийцээгүй татгалзал байх тул хариуцагч Мянгад сумын Засаг даргаас “А ” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсаныг зөвтгөх боломжгүй  бөгөөд  сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих зорилгод нийцээгүй байна.

Үүнээс гадна Ховд аймгийн Мянгад сумын нутагт байршилтай “А ” ХХК-ийн ХV-014696 тоот тусгай зөвшөөрөлтэй  “Цахир” нэртэй 10982,20 гектар талбай нь тус сумын иргэн Т.Б, С.Л  Б.Ч, Я.С , Ч.Х , Д.Н , И.Б , Б.М , С.С , Д.О , Д.П , Л.Ц  Д.Б , Б.Б , Л.Т , Д.Б , Б.Д  нарын эзэмшилд олгогдсон өвөлжөөний зориулалттай газруудтай давхцалтай гэх боловч

а.Иргэн Ч.Х , Д.Н , И.Б , С.С , Д.П , Д.Б  нар нь  тухайн эзэмшлийн газраа хууль ёсоор эзэмшилдээ аваагүй буюу сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй,

б.Иргэн Т.Б , С.Л , Б.Ч , Я.С , Б.М , Д.О , Л.Ц , Д.Б , Б.Б , Л.Т , Б.Дэ нарын эзэмшлийн газар нь “А ” ХХК-ны  хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаж байгаа боловч дээрх нэр бүхий иргэдэд  газар эзэмшүүлэхээр олгосон сумын Засаг даргын захирамжууд нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ХV-014696 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр олгогдсоны дараа  гарч тус газруудыг эзэмшүүлсэн болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн “А ” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын “Цахир” нэртэй 10982.20 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулах хугацаанд Мянгад сумын Засаг даргаас 2014 оны 12 дугаар  сарын 01-ний 01/298, 2017 оны 12 дугаар сарын 07-ны 01/270 дугаар албан бичгээр, Ховд аймгийн Мянгад сумын байгаль орчны  хяналтын улсын байцаагчийн  Ашигт малтмалын газрын геологийн албанд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, Ашигт малтмалын газрын геологи, судалгааны хэлтэст 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  тус тус гаргаж байсан тодорхойлолтуудад “А ” ХХК нь төлөвлөгөөт ажлаа тодорхой хэмжээгээр гүйцэтгэж, хайгуул хийсэн газрынхаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар тодорхойлолт гаргаж байсан, байгаль орчныг хамгаалах санд тогтоосон хэмжээгээр хураамжийг төлж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Дүгнэвэл хариуцагчийн  “А  ХХК-ны  ХV-014696 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ...сумын Засаг даргаар батлуулах” үүргээ гүйцэтгэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн төлөвлөгөөг батлах эрх, үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2 дахь хэсэг, 40  дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт   заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, “А ” ХХК-ийн XV-014696 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  дүгээр зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ