Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржпаламын Сугар |
Хэргийн индекс | 147/2016/0110/э |
Дугаар | 46 |
Огноо | 2016-06-30 |
Зүйл хэсэг | 147.1., |
Улсын яллагч | Т.Хүдэр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 46
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2016 оны 06 сарын 30 өдөр Дугаар 46 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Г.Амарсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Ж.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрээт овогт Жүгдэрийн Анхбаярт холбогдох 201617000142 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ЛЛ94070414, Хэрээт овгийн Жүгдэрийн Анхбаяр
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Мөнхзаяагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон гар утас, пүүз, цамц, өмдний бүс зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж, 62.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ж.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 5-р сарын 16-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төв рүү орж ирсэн юм. Тэгээд мотоциклоо аймгийн төвд ахындаа тавьчихаад аавыгаа авах гээд Жамъянгийнх руу очсон аав байгаагүй. Тэгсэн Жамъяан ганц юм ууя гэхээр нь уучихаад би согтсон тэгээд ээж рүүгээ яриад, явж байтал замд өөрийнхөө үеийн залуутай тааралдаад утсаа өгчих ярья гээд утсыг нь мөн цамц, тэлий гутал зэргийг нь авсан. Би түүнийг айлгаж зодоогүй. Тэгээд буцаад Жамъянгийнд ороод унтаад өгсөн. Маргааш нь ахындаа байж байгаад баригдаад авсан зүйлийг нь буцаагаад өгсөн. Би архи уугаад мансуурсан байсан түүнээс болж хэрэг хийчихлээ. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
2. Хохирогч Т.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 05 сарын 16-ны орой 21 цагийн үед ажил дуусаад гэр рүүгээ явж байтал махлагдуу намхан ах намайг дуудахаар нь очиход ахын дүү утсаа өгчих нэг ярьчихъя гэж хэлэхэд намайг дагуулаад усан сангийн баруун талд хана руу шахаад чи ахыгаа хаанаас ирснийг мэдэж байна уу, мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэтэл миний зүүн мөрөн дээрээс гараараа барьж байгаад нөгөө гараараа миний халаасыг ухаад гар утсыг гаргаж ирээд өөрийнхөө халаасанд хийсэн, өөрийнхөө гутлыг тайлж, миний гутлыг өмсөөд өөрийнхөө гутлыг надад өмсгүүлсэн, мөн өмсөж явсан саарал өнгийн юүдэнтэй цамц болон өмдний тэлээ зэргийг тайлж авсан, намайг архинд яваад ир гэж байсан. Тухайн хүнээс архи үнэртэж байсан. Намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, / хх-н 20, 21 х /
3.Гэрч Л.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ж.Анхбаярын ээж нь, миний хүү айлын ганц хүү, ээж, аавынхаа гар дээр өссөн. 9 дүгээр ангиа төгсөөд хөдөө мал дээр гарсан. Хүнтэй маргаж, муудаж байгаагүй. Айлын ганц хүү тул эрх танхи өссөн, амархан гомдож, амархан инээж байдаг хүүхэд. Бодсноо шууд хэлчихдэг хүнд тусархаг хүүхэд юм. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй гэх мэдүүлэг, / хх-н 21 х /,
4.Гэрч Ц.Жүгдэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ж.Анхбаяр нь миний хүү айлын ганц хүү, ээж, аавынхаа гар дээр өссөн. Бүрэн бус дунд боловсролтой, хөдөө мал маллаж байгаа. Элдэв муу зан байхгүй, хүнд тусархаг, итгэмтгий хүүхэд зангаараа хүүхэд гэх мэдүүлэг, / хх-н 22 х /,
5.Гэрч С.Жамъянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ж.Анхбаярыг танина, манай гэрээр орж гарч л байдаг. 2016 оны 05 сарын 16-нд манай гэрт Анхбаяр бид хоёр 2 шил архи уучхаад орой 21 цагийн үед Жамъян ээж рүүгээ явлаа гээд гараад буцаж ирэхдээ хувцсаа сольчихсон байсан. Гаднаас орж ирэхдээ хар өнгийн пүүз, юүдэнтэй цамцтай байсан, мөн дэлгэц нь хагарсан хар өнгийн утастай байсан. Тэгээд манайд унтчихаад өглөө эрт гараад явсан гэх мэдүүлэг, / хх-н 6, 14 х /
6. Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх-н 13 х /
7.Таньж олуулах ажиллагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ж.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Мөнхзаяаг барьж аван усан сангийн хананд шахаж намайг хаанаас гарч ирснийг мэдэж байна уу, мөнгө байна уу гэх мэтээр амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон гар утас, пүүз, цамц, өмдний бүс зэрэг эд зүйлийг нь дээрэмдэж, 62.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь хохирогч Т.Мөнхзаяа таньж олуулах ажиллагаанд шүүгдэгч Ж.Анхбаярыг шууд зааж буй гэрэл зураг, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчоор мэдүүлсэн Би 2016 оны 05 сарын 16-ны орой 21 цагийн үед ажил дуусаад гэр рүүгээ явж байтал махлагдуу намхан ах намайг дуудахаар нь очиход ахын дүү утсаа өгчих нэг ярьчихъя гэж хэлэхэд намайг дагуулаад усан сангийн баруун талд хана руу шахаад чи ахыгаа хаанаас ирснийг мэдэж байна уу, мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэтэл миний зүүн мөрөн дээрээс гараараа барьж байгаад нөгөө гараараа миний халаасыг ухаад гар утсыг гаргаж ирээд өөрийнхөө халаасанд хийсэн, өөрийнхөө гутлыг тайлж, миний гутлыг өмсөөд өөрийнхөө гутлыг надад өмсгүүлсэн, мөн өмсөж явсан саарал өнгийн юүдэнтэй цамц болон өмдний тэлээ зэргийг тайлж авсан гэх мэдүүлэг, гэрч С.Жамъянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2016 оны 05 сарын 16-нд манай гэрт Анхбаяр бид хоёр 2 шил архи уучхаад орой 21 цагийн үед ээж рүүгээ явлаа гээд гараад буцаж ирэхдээ хувцсаа сольчихсон байсан. Гаднаас орж ирэхдээ хар өнгийн пүүз, юүдэнтэй цамцтай байсан, мөн дэлгэц нь хагарсан хар өнгийн утастай байсан.... гэх болон шүүгдэгч Ж.Анхбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ж.Анхбаяр үйлдсэн нь нотлогдож тогтоогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Анхбаярын үйлдлийг эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Анхбаярт ял шийтгэл оногдуулахад түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ж.Анхбаяр нь сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Мөнхзаяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Анхбаярын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Шарга нэртэй мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ж.Анхбаярын урьд ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэрээт овгийн Жүгдэрийн Анхбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар шүүгдэгч Ж.Анхбаярыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг журамлан Ж.Анхбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Анхбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Анхбаярт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ж.Анхбаярын эзэмшлийн БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн Шарга нэртэй мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
7. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Т.Мөнхзаяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР