| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/30 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1527 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т б” ХХК-д галч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт тоотод оршин суух бүртгэлтэй, түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дүгэр овогт Өы Д /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -ийн махны үйлдвэрт Б.Дыг “чи гэж дуудлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, толгойгоороо мөргөн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод буланд цус хуралт, зүүн зулай, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, дуудлагын лавлагааны хуудас /хх17/, хохирогч Б.Дын мэдүүлэг /хх17/, гэрч Б.Дагвадоржийн мэдүүлэг /хх36/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12392 дугаар дүгнэлт /хх10/, шүүгдэгч Ө.Ды яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх31/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ө.Дыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “иргэн Б.Даас ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны Т б махны үйлдвэр дотор зүс таних хүнд зодуулсан” гэх тэмдэглэл /хх1/,
2. Дуудлагын лавлагааны “88803199” дугаарын утаснаас хамт ажилладаг хүндээ зодуулсан гэх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,
3. Хохирогч Б.Дын “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн баруун туруу гэх газарт байх “Т б” ХХК-д чанагчаар ажилд ороод ажиллаж байгаад оройхон 22 цагийн үед компанийн амралтын өрөөнд намайг Д хүрээд ир гэж дуудахаар нь би яваад очсон чинь Д нь надад хандан унтах ор болон өрөөгөө сонгоорой гэж хэлэхээр нь би Дд хандан хаана ч байсан яах вэ гэж хэлчхээд байж байгаад Дтай ярилцаж байгаад яриан дундуураа Дыг чи гээд хэлчихсэн чинь “чи намайг чи гэж дуудлаа” гэж хэлэн уурлаад намайг барьж аваад цохиод мөргөөд эхэлсэн юм. Тэгсэн Дагваа ах хажуугаас ирээд бид хоёрыг хоёр тийшээ салгахаар нь би гадагшаа гарч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх17/,
4. Гэрч Л.Дагвадоржийн “...амралтын өрөө рүү яваад орсон чинь галч Д гэх залуу шинээр ажилд орж байсан Да гэх залуутай маргалдаад барьцалдсан байсныг салгасан. Д Дын нүүр рүү духаараа мөргөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх36/,
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12392 дугаартай “Б.Дын биед хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод буланд цус хуралт, зүүн зулай, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх10/,
6. Шүүгдэгч Ө.Ды яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -ийн ажилчдын амрах өрөөндөө байж байгаад тус өдөр манай компанид ажилд орсон Да гэх залууг дуудаад хөнжил, пүүгээгээ зөөгөөд хажуу өрөө рүү орчих гэж хэлсэн чинь Да нь над руу пизда, гөлөг гэх мэтээр хараал хэлээд байхаар нь би Дын толгой хэсэг, зүүн шанаа руу нь 5-6 удаа цохиход Да миний цамцны энгэрээс бариад авахаар нь би духаараа мөргөсөн юм. Тэгсэн чинь Да бид хоёрыг манай ажлын газрын Дагваа ах салгасан. Да гадагшаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан... Да намайг цохиогүй. Эмчилгээний зардал болох 310.000 төгрөгийг би бүрэн барагдуулсан. Шинжээчийн дүгнэлтэд учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх31/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ө.Д:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Д нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -ийн махны үйлдвэрийн байранд хохирогч Б.Датай үл ялих зүйлийн улмаас маргалдаж түүнийг мөргөж зодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...Дтай ярилцаж байгаад яриан дундуураа Дыг чи гээд хэлчихсэн чинь “чи намайг чи гэж дуудлаа” гэж хэлэн уурлаад намайг барьж аваад цохиод мөргөөд эхэлсэн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Дагвадоржийн “...Д Дын нүүр рүү духаараа мөргөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.Ды үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Дын биед “...хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, баруун нүдний доод буланд цус хуралт, зүүн зулай, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12392 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ө.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Ө.Д нь хохирогч Б.Дад 310.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн... ” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учирсан хохирлыг барагдуулсан, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өы Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР