Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

Улсын яллагч: М.Амарзаяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ШТЭД-1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02350 1443 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот,     дүүргийн      дугаар хороо,     дугаар гудамжны     тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Дын Н /РД:   /.

  Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ...ны ... дугааргудамжинд өөрийн жолоодон явсан ...улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн төрөлхийн эмгэг өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй З.Тгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, илтгэх хуудас /хх6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх8-13/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гийн мэдүүлэг /хх24/, гэрч Б.Мын мэдүүлэг /хх63/, гэрч З.Тунсагийн мэдүүлэг /хх69/, гэрч Ц.Батгэрэлийн мэдүүлэг /хх76/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх112/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /хх50-52/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон  акт /хх82/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8168 дугаар дүгнэлт /хх43-44/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх43-44/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа тухай ял шалгах хуудас /хх114/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг /хх140, 146-150/ шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.Ныг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотын гадаа 80 настай хүнийг хүчиндсэн болно...” гэх дүгнэлт /хх5/,

2. Илтгэх хуудас /хх6/,

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-13/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гийн “...би Т эгчийн асран хамгаалагчаар тогтоогдоод 4 жил орчим болж байна. ...Т эгчийн хүү Батсуурь 3-4 залуутай хамт хашаандаа суугаад архи суугаад архи ууж байсан. Т эгч хажууд нь явж очсон байхаар нь би нээх юм бодолгүй гэртээ эргээд орсон. 40 орчим минутын дараа над руу цагдаагаас залгаад болсон асуудлыг хэлээд намайг очиход Т эгч, манай тэндхийн залуутай хамт, тэр залуугийн машин нь бас цагдаа нар ирсэн байдалтай байсан. Т хувцастайгаа, цагдаа нар дотоожийг нь хурааж авсан байсан... Н, Батсуурь нарыг нийлж архи ууж байгааг би хараагүй. Тэр үед Батсуурийн хашаанд байсан залуучууд дунд Н гэдэг залуу харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх24/,

5. Гэрч Б.Мын “...10 цаг 40 минутын үед ахындаа ирээд сууж байтал ах, эгч хоёр хойд талын жалганд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байгаа гэхээр нь би очоод харсан чинь ...эмэгтэй хүн нь арай жижигхэн юм шиг байхаар нь хүүхэд байгаа юм биш биз дээ гэж бодоод очиж үзэхэд манай гэрийн ойролцоо амьдардаг Д гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэг согтуу залуу өмдийг нь тайлчихсан, өөрийнхөө хувцсыг тайлчихсан дээр нь гараад хөдөлж байсан. Тэгэхэд Д эгч эсэргүүцсэн чинь алгадаж цохиод байсан. Тэгэхээр нь би цонхыг нь тогшсон чинь тоохгүй байхаар нь улам хүчтэй тогшсон чинь намайг хараад цаад талын сандал дээр суугаад хувцсаа өмсчихсөн. Тэгээд би цагдаа дуудсан чинь машинаа асаагаад явах гэтэл машин нь явахгүй байсан чинь буугаад зугтаах гээд байхаар нь байж бай гээд футболкноос нь татсан чинь намайг алгадаад футболкоо тайлаад зугтаасан. Намайг машин дээр очиход Д эгч уйлчихсан, нөгөө нь согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх63/,

6. Гэрч З.Тунсагийн “...Т миний төрсөн дүү, 2 настайдаа тэмээнд тавруулсан. 4 настай болоод гэнэтхэн босож чадахаа больсон юм ярьж чадахгүй, ухаан алдаж унадаг болчихсон. Тухайн хэрэг болсон өдөр бэр дүүгийнхээ гэрт нь очоод дүүгээ харахад Т уйлчихсан сууж байсан. Би тухайн үед юу болсныг мэдэхгүй учраас Тг аваад гэртээ харьсан. Би хэрэг болдог өдөр автобусанд суух гээд байж байхад салтаа руугаа заагаад гараа зангидаж үзүүлээд байсан. Өөрөөр надад ойлгуулж чадахгүй байгаа. Босож хоол идчихээд хэвтээд л байгаа. Зан байдлыг нь харахад тэр залууд их л дургүйцсэн, үзэн ядсан байдал харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх69/,

7. Гэрч Ц.Батгэрэлийн /эргүүлийн офицер/ “...би Дуулгат 113 дугаар чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 4, ... дугаар хороо ..., ... нутаг дэвсгэрээр машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Мандал овоогийн ... дугаар гудамжинд машин дотор хүн хүчиндүүлсэн байна гэсэн дуудлагын дагуу очиход Соната маркийн машины урд суудалд настай эмэгтэй хүн доогуураа нүцгэн сууж байсан. Дуудлага өгсөн эмэгтэйгээс машин жолоодож явсан хүнийг асуухад зугтаагаад явчихлаа гэхээр нь хайж байгаад ...ийн ... дүгээр гудамжны үзүүрээс барихад Н нь согтуу байсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хүргэж өгсөн. Тэрээр дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа саарал өнгийн шорт, цэнхэр өнгийн пүүзтэй байсан. Эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгөхөд Н шортны дотуураа дотоожгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх76/,

8. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 55 минут..., Д овогтой Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон..., иргэн З.Тг хүчиндсэн гэх, саарал шорт, цэнхэр пүүзтэй...” гэх мэдээлэл /хх112/,

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Н нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. Гурав дугаар бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх43-44/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Н

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Н нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаархороо, Мандал овоо ... дугаар гудамжинд өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай “Соната” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч З.Тгийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу алгадах, цохих байдлаар хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Энэ нь үйл явдлыг шууд харсан гэрч Б.Мын “...манай гэрийн ойролцоо амьдардаг Д гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нэг согтуу залуу өмдийг нь тайлчихсан, өөрийнхөө хувцсыг тайлчихсан дээр нь гараад хөдөлж байсан. Тэгэхэд Д эгч эсэргүүцсэн чинь алгадаж цохиод байсан....” гэсэн мэдүүлэг, цагдаагийн эргүүлийн офицер гэрч Ц.Батгэрэлийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г, гэрч З.Тунсаг нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 831 дугаар дүгнэлтээр хохирогч З.Тг “...F71 буюу Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн эмгэгтэй буюу оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн төрөлхийн эмгэгтэй байна. ... мэдүүлэг өгөх чадваргүй, болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэх чадваргүй, хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар нь сул, гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа стрессийн хариу урвал илэрсэн байна...” гэжээ. /хх50-52/, Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр хохирогч нь биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй энэхүү байдлыг далимдуулан шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд нь халдан хүсэл зоригийнх эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Иймд шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г нь шүүх хуралдаанд хохиролд 200.000 төгрөг төлөгдсөн, гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Д.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлсөн, хувиараа гагнуур хийж ар гэрээ тэжээдэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар үүрэг хүлээлгэж, тэнсүүлэх дүгнэлт гаргасан.

 Шүүгдэгч Д.Н нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Д.Нын гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдал, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг, 4 хүүхэдтэй, холбогдсон гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоон шийдвэрлэх нь зөв байна.

Шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах сургалтад хамрагдах”  үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэхээр төвлөж, үйлдлээ хялбарчлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Д.Наас тээврийн хэрэгслийн үнэ болох 1.200.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн ...улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР