Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02543 1560 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Т овогт Эын Т /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод иргэн А.Аын Айфоне икс эс макс /iphone xs max/ маркийн гар утсыг маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1148 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Э.Тг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч А.Аын “...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ найз Тгийн хамтаар ирээд Т манайд хонохоор болоод ... шөнө 02 цаг гээд миний нойр хүрээд унтчихсан. Тэгээд өглөө 09 цагийн үед би сэрээд гар утсаа хайтал алга болчихсон байсан. Манай гэрт Тгээс өөр хүн байгаагүй...Би өөрийн гар утсаа 1.800.000 төгрөгөөр 9 сард худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх13/,

2. Гэрч Ц.Аийн “...2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэртээ орж ирэхдээ надад бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Би юуны мөнгө юм бэ гэж асуугаад хаанаас мөнгөтэй болоод байгаа юм бэ гэж асуутал хүнээс авлага авсан юмаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх25/,

3. Мастер үнэлгээ ХХК-ийн 20/007 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд iphone xs max загварын гар утсыг 1.450.000 төгрөгөөр үнэлжээ. /хх27-28/

4. Шүүгдэгч Э.Тгийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сарын 06-ны 02 цаг болж байхад... Би Аыг унтаж байсан хойно нь хэсэг тоглож байгаад өглөө 08 цагийн орчим Аын Айфон икс эс маркийн саарал өнгийн гар утас байхаар нь халаасандаа хийгээд тэдний гэрээс гарсан. Тэгээд гадуур гар утсыг нь ломбардад тавих гэсэн боловч олдохгүй болохоор нь монтел дээр 50 орчим насны утасны ченжид 900.000 төгрөгөөр зарчихсан. Тэр үедээ сим картыг нь аваад хаячихсан. Би тухайн үедээ мөнгийг нь бэлнээр нь авсан. Би түүний утсыг хулгайлж зарсан мөнгөөрөө эмээ Ц.Аийн бие тааруухан, мөн би ажилгүй байсан болохоор 300.000 төгрөгийг хүнд зээлсэн гэж хэлээд ойр зуурдаа зарцуул гээд өгчихсөн. 600.000 төгрөгөөр би гэртээ хоол унд болон ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх38/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Э.Т:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Т нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Т нь хохирогч А.Атой танилын харилцаатай байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах хохирогчийн гэрт очиж хоносон. Улмаар хохирогчийг унтаж байхад нь гар утсыг нь нууцаар авч яван бусдад зарсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ дээр дурдсан хохирогч А.Аын мэдүүлэг, шүүгдэгчийн эмээ Ц.Аийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Иймд шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Э.Т нь хохирогч А.Ат 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн нь хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 450.000 төгрөгийг гаргуулан хохирогч олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Э.Тгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, 74 настай эмээгийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Тгийн урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлж байгааг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зөв байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах /хохирогчид үлдэгдэл хохирлыг төлөх/, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тд хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгээс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Ат олгуулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР