| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
иргэний нэхэмжлэгч С.Б /онлайн/, Б.Б /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0425 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 цаг 25 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.51% согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын баруун урд замд “Хонда” маркийн “Инсайт” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсэгт байрлуулсан “Киа” маркийн “Бонго” загварын ... , “Хонда” маркийн “Пилот” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, Т., Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, “Киа” маркийн “Бонго” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.нийт 695.000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийн, “Хонда” маркийн “Пилот” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Бод нийт 284.000 /хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 484 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан баримтууд, гэрч Д.мэдүүлэг /хх37/, гэрч Д.Дын мэдүүлэг /хх38/ мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Д.Дийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /хх4-10/,
2. Жолооч Дын Д согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “1.51% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх11/,
3. Хохирогч Б.Бын “...Тухайн үед би Хонда Пилот маркийн ... улсын дугаартай автомашинаар Бонго маркийн ... улсын дугаартай авто машиныг Б жолоодсон. Тэгээд татлагаа шалгая гээд төв замаар 50 орчим метр чирсэн чинь татлага мултарч байгаа чимээ гарахад зогсоод буугаад хартал Бонго маркийн автомашины урд талын татлага мултарсан байсан. Тэгээд багаж онгойлгож татлага бэхлэх зүйл болон аваарын гурвалжин авахаар эргэх үед араас юм мөргөсөн. Тэгээд юм санахгүй байгаа. Тухайн өдрийн 21 цагаас хойш юм санаж эхэлсэн... Толгой хавдаж цус хурсан, нурууны 11, 12 дугаар яс хугарсан, хөлийн савхан яс, шагай хугарсан гэмтэлтэй...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,
4. Иргэний нэхэмжлэгч Т.“...Тэгээд төв зам руу дөнгөж гараад зогсоод нөхөр Б тороос шалгахаар буусан. Тэгээд 1-2 минут болсон уу үгүй юу миний сууж явсан Пилот маркийн машины хойд талаас чирч явсан бонго маркийн машин мөргөсөн. Тэгээд сандраад буугаад харахад Бонго маркийн машин дотор сууж байсан Бтай хамт явж байсан залуу /нэрийг нь мэдэхгүй/ доошоо харчихсан сууж байсан. Б болохоор нүүрнээс нь цус гарчихсан хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би Быг хайх үед машины цаад талаас миний нэрийг дуудаад орилсон. ... би хойшоогоо яваад хартал Insight маркийн машин Бонго маркийн машины хойд талаас мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх29-30/,
5. Иргэний нэхэмжлэгч Б.Бийн хохирогчоор өгсөн “...Б ах бууж ирээд би Бонгоноос буугаад урд талын машинаас анхааруулахын гурвалжин харсан боловч байгаагүй. Тэгэхээр нь буцаад 2 алхах үед миний жолоодож явсан Бонго маркийн машины хойд талаас машин мөргөөд бонго маркийн машин мөргөгдсөн эрчдээ урагшилж намайг мөргөсөн. Тэгээд би газар унаад нэг сэрэхэд Б ах бонго болон өөрийнхөө жолоодож явж байсан Пилот маркийн машинуудын голоос гарч ирсэн. Тэгээд би Б ах дээр очиход хөл өвдөөд байна гэхээр нь сугадаж машинд нь суулгасан. Тэгээд би бонго руу очоод бонго дотор манай найз Б зорчиж явсан тул биеийн байдлыг нь асуухад толгой дохисон... Уруул язраад оёдол тавиулсан, толгой хавантай, өвчтэй байгаа. Шүд хөдлөөд хөндүүртэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх18-19/,
6. Иргэний нэхэмжлэгч Б.“...Хойд талын араам нь цөмөрсөн, хойд талын гэрлүүд нь хагарсан, яндангийн үзүүр тахийсан, шаврын хаалтууд хугарсан, арын гишгүүр цөмөрсөн, урд буфер хагарсан, баруун урд талын толь сууриараа хугарсан гэмтэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх34/,
7. Гэрч С.йн “...зам дээр зогсоод урд талын машинаас Барсаа ах бууж ирээд мөн Б буугаад би Бонго дотор ослын гурвалжин байна уу гээд хайж байтал гэнэт миний сууж явсан машин урагшлаад Барсаа ахын машиныг мөргөсөн. Би юу болсныг мэдээгүй байж байтал Б ирээд намайг буулгасан. Тэгээд буугаад харахад миний сууж явсан Бонго маркийн машины араас машин ирж мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12207 дугаар “...Б.Бын биед сээрний 11, 12-р нугаламууудын их биеийн шахагдсан хугарал, зүүн хөлийн тахилзуур ясны хугарал, зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, хүзүү, дагзанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх41-43/,
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12055 дугаар “...Б.Бийн биед уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх48-49/,
10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13062 дугаар “...Т.Маралын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх55-56/,
11. “Виннер Вей” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...үнэлгээгээр тогтоогдсон дүн: 695.000 төгрөг...” гэх тайлан, тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх78-80/,
12. “Ашид Билгүүн” ХХК авто машин техникийн үнэлгээний “...үнэлгээгээр тогтоосон дүн: 284.000 төгрөг...” гэх тайлан, тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх85-86/,
13. Мөрдөгчийн магадалгаанд “...Honda insight маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Дын Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. /хх59-60/,
14. Шүүгдэгч Д.Дий яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Нарны хороололд найз Мөнгөнсүхийнд 3 найзын хамт очсон. Тэгээд тэндээ хичээлээ хийж байгаад 00 цагийн үед айлд байсан 1 шил вискиний тал болон 1 ширхэг 2 литртэй пиво 4-лээ хувааж уусан. Тэгээд тэндээс гараад Эмеральд файнанс” ХХК-ий нэр дээр зээлийн барьцаанд байдаг Хонда Инсайт маркийн ...улсын дугаартай авто машинаа жолоодоод гэртээ харихаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн тойрог өнгөрөөд 200 метр орчим яваад зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан автомашиныг мөргөөд зогссон. Тэгээд авто машинаасаа буугаад очтол нэг ахын хөл эвгүй болчихсон гээд машиндаа сууж байсан. Нэг эгч цагдаа дуудаад зогсож байсан. Мөн нэг залуугийн уруул нь сэтэрчихсэн тамхи татаад зогсож байсан. Би аав Дыг дуудсан. Би В ангиллын үнэмлэхтэй, 2018 онд жолооч болсон. Осол гаргах үедээ 70км/цагийн хурдтай явж байсан байх. Осол миний буруутай үйлдлийн улмаас болж гарсан. Би хохирогчид учруулсан хохирлоо барагдуулна. Буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх97-98/.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Д:
Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбараас шүүгдэгч Д.Д нь /жолоодох эрхийн үнэмлэх 2018.06.11-нд авсан/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 15-нд шөнийн 03 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын баруун урд замд “Хонда” маркийн “Инсайт” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зорчих хэсэгт түр зогссон байсан “Киа” маркийн “Бонго” загварын ... , “Хонда” маркийн “Пилот” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Марал, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12207 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12055 дугаар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13062 дугаар дүгнэлт, “Виннер Вей” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү ослын улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд “...сээрний 11, 12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, зүүн хөлийн тахилзуур ясны хугарал, зүүн хөлийн гадна хавчаар ясны хугарал, хүзүү, дагзанд цус хуралт...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 12207 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 1,51 хувийн согтолттой байсан нь дээр дурдсан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Д.Дийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн мөрдөгчийн магадалгаа нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээр тохиолдолд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, үүнтэй шалтгаант холбоотойгоор анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийг зам орчны байдалд тохируулан жолоодох чадвараа алдан, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй зам дээр зогсож байсан тээврийн хэрэгсэл, зорчигч нарыг мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл уусан байсан нь хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах ба зам тээврийн осол гарах шалтгаан болжээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Дийг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Т., Б.Б, Б., С.Б нар нь гэмт хэргийн улмаас өөрт болон эд хөрөнгөд учирсан хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргаж, мөн шүүх хуралдаанд тайлбар мэдүүлгээ гаргажээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Д.Д нь дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийтдээ 10.709.673 төгрөгийн хохирол төлсөн нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь анх удаа болгоогүйгээр гэмт хэрэгт холбогдсон, бусдад учирсан хохирлыг төлсөн, төгсөн ангийн оюутан, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх дүгнэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгчийн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлсөн, түүний хувийн байдлын хувьд оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдаж, түүний В ангиллын ... дугаар жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг “согтуурсан үедээ” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Дий тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн В ангиллын ... дугаар жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР