Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/,

иргэдийн төлөөлөгч Б.Баасанбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Б.Наранцэцэг,  

гэрч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2008 02717 1318 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” дэлгүүрийн гадаа иргэн Ж.Цийг “архины мөнгө нэхлээ” гэсэн шалтгаанаар толгойн тус газар нь гараараа цохисны улмаас “гавлын дагз ясны баруун хэсгээс суурь ясны баруун хэсгээс суурь ясны баруун ар хонхор руу орсон шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт” бүхий гэмтлүүд учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1146 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогчийн хохирлын баримт зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: /давхцаагүй байдлаар/ “шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх2/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х. мэдүүлэг /1хх49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч мэдүүлэг /1хх161-167/, гэрч Ө.Ггийн мэдүүлэг /1хх70/, шүүгдэгч Сйн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-223-225/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Нэг. Шүүгдэгч С. гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудсанд “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:33 цагт Жамбалдорж овогтой Ц нь ухаангүй ирээд ухаан орохгүй байж байгаад нас барлаа...” гэж тусгажээ. /1хх1-2/,

2.  Хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ГССҮТ эмнэлэгт тусгаарлагдсан 226 тоот өрөө байх ба ...эмнэлгийн төмөр орон дээр хөнжлөөр хучсан эрэгтэй хүний цогцос байх...” /1хх4-5/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх27-29/,

3. Цогцост үзлэг хийсэн “...Цогцос нь 164 см урттай, толгойдоо 12 см урттай хар өнгийн үстэй, дээд, доод эрүүнд 0.5 см урттай хар өнгийн сахалтай, биеийн галбир зөв, булчингийн өөхөн эдийн хөгжил дунд, дээд доод мөчдийн хуруунууд бүрэн бүтэн 39 настай эрэгтэй хүний цогцос байна. Хоёр нүдний зовхи аниастай салст цайвар ягаан өнгөтэй, хүүхэн хараа жигд өргөссөн эвэрлэг тунгалаг хамрын яс мөгөөрс бүрэн бүтэн хамрын нүхнээс гарсан зүйлгүй, хоёр чихний мөгөөрснөөс чихний сувгаас гарсан зүйлгүй, ам ангаагаагүй, уруул хөхөлбөр ягаан өнгөтэй, буйл завжны салст цайвар ягаан дээд, доод үзэгдэх шүд бүрэн, амнаас гарсан зүйлгүй, цээж хэвлийн хэлбэр зөв хэвлий бага зэрэг цардгар гадна бэлэг эрхтний хөгжил зөв, өтгөн сүвнээс гарсан зүйлгүй, цогцос гүйцэд хөрөөгүй, хөшилт эрүү хүзүү дээд доод мөчдөд тод үүссэн, хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр жигд үүссэн, дарахад цайрна, 15-20 секунд орчим болоод эргэн хэвдээ орно. Хожуу өөрчлөлт үгүй, гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл содон шинж тэмдэг, цээжний зүүн хэсэгт сахиусан тэнгэрийн дүрс бүхий баруун бугалгад газрын зургийн дүрс бүхий хөх өнгийн шивээстэй хүзүүний баруун хэсэгт төвөнхийн баруун талд арьсны түвшнээс овойсон тогтоц зөөлөн үүсгэвэртэй, хүйсийн зүүн талд 18,3x3,5 см хүрэн бор өнгийн арьсны түвшнээс доош татагдсан сорвитой, зүүн 6-7 дугаар хавирган завсраар урдаас хойш чиглэсэн 12x1 см хэмжээтэй хүрэн бор өнгийн арьсны түвшнээс доош татагдсан сорвитой түүнээ доош 9,5 см, 15x1 см хэмжээтэй сорвитой, зүүн шууны урд хэсэгт 3x1,5 см тав тогтсон зулгаралттай, зүүн өвдгөнд тав тогтсон олон тооны зулгаралттай, нас бараад 4-6 цаг болсон. Үзлэгийг 02 цаг 45 минутад дуусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх6-11/,

4. Хэргийн газрын нөхөн үзлэгийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн байх ба  “...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны Хөтөлийн хот руу явах чиглэлийн автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд ... хүнсний “Овоот трейд” дэлгүүр ... дэлгүүрийн үүд хэсэг болон ойр орчимд хэрэгт ач холбогдолтой ул мөр, цус гэх зүйл олдоогүй. Уг дэлгүүрийн хяналтын камерыг үзэхэд цонх руу доош тонгойж харсан хэрэг болсон цаг хугацааны байхгүй ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх27-30/,

5. Гэрч Р.“...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 11 дүгээр гудамжны 13 тоотод байрлах “Овоот” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр дээрээ ажлаа хийгээд байж байтал 20 цаг өнгөрч байхад санагдаж байна. Манай дэлгүүрийн үүдэнд гадаа “пад” гэсэн чимээ нэг удаа гарахаар нь танил Даваа гэх залуугийн хамт гарч харахад манай тэр хавиар архи ууж явдаг Ц гэх залуу үүдний цементэн явган хүний явдаг зам дээр дээшээ харчихсан дуу нь гарахгүй хэвтэж байсан. Харин хажууд нь мөн тэр хавьд архи ууж явдаг Нэмэхээ гэх миний үеийн залуу сууж байсан, мөн мод зардаг Болдоо /Б/ гэх залуу Нэмэхээг яв гээд хөөгөөд зогсож байхаар нь наад Ц чинь яачихсан юм бэ гэж тэр хоёроос асуутал, Болдоо /Б/ гэх залуу надад хэлэхдээ “Ц пизда надаас мөнгө нэхээд байхаар нь нэг цохичихлоо” гэж хэлэхээр нь яагаад чи хүн цохиж байгаа юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байхаар нь дэлгүүрт хүн наймаа хийе гэж хэлэхээр нь Болдоо, Ц, Нэмхээ гурвыг үлдээгээд наймаагаа хийж байгаад 30 минут орчмын дараа гараад хартал Болдоо, Ц, Нэмэхээ гурав гурвуулаа яваад өгчихсөн байхаар нь буцаж дэлгүүртээ орж наймаа хийж байгаад орой хаасан...манай дэлгүүр хяналтын камертай тухайн үед ажиллахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх61-62/,

6. Гэрч Ц.“...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөтөлийн автобусны буудлын ойролцоо тэр хавиар архи ууж явдаг Ц гэх залуутай тааралдаж 0.33 литрийн Хараа нэртэй архинаас нэг шилийг хувааж уучхаад Овоотын дэлгүүрийн урдуур Ц бид хоёр явж байтал мод нүүрс зардаг Гэрлээ гэх эмэгтэйн хүү Болдоо гэх залуу Цийг мөрөөрөө мөрлөж шүргэчихсэн тэгтэл Болдоо эргэж хараад шууд миний гэдэс рүү хөлөөрөө намайг жийж унагааж 4-5 удаа цээж рүү дэвсэхээр нь ёолж орилтол Ц хажуугаас Болдоог болиоч гэхэд шууд нүүр лүү нь зүүн гараараа нэг удаа цохитол Ц толгойн ар дагз хэсгээрээ явган хүний цементэн зам дээр савж унаад босож ирэхгүй хэвтээд байсан. ...Болдоог ямар учраас Ц бид хоёрыг цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч шалтгаангүйгээр зодоод Цийг цохиж унагаасан. ...Намайг харж байхад Болдоо Цийн нүүр хэсэгт нь зүүн гараараа нэг удаа цохитол арагшаа дагзаараа саваад унасан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний бие гайгүй, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх64/, дахин өгсөн “...Тухайн үед Болдоо миний биед гэмтэл учруулахаар зодоогүй, цээж рүү 4-5 удаа цохисон. Харин түүний ээж Г надад эмчилгээ хийлгээрэй гэж 70.000 төгрөг бэлнээр өгсөн. Надтай тааралдах болгондоо чи муу үхэхгүй яасан юм бэ чамаас болж миний хүүхэд шоронд орсон. Би өчнөөн мөнгөөр шатаж...өмгөөлөгч авсан гэж тааралдах болгондоо намайг дарамталж, манай гэрийн ойролцоо амьдардаг хүмүүст намайг муулж явж байгаа. Би уул нь Ггийн хүүхэд Болдоог талийгаач Цийг цохиж унагаахыг өөрийн нүдээр харсан, хэлсэн үгэндээ бат итгэлтэй байна. Миний одоо өгсөн болон урьд өмнө өгсөн мэдүүлэг дээр дарамталсан хэн нэгэн байхгүй ээ. Би өөрөө харсан зүйлээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх66/,

7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... талийгаач Ж.Ц 07 цаг 40 минутын үед гарч явсан, хаашаа хэнтэй уулзахаар явж байгаагаа хэлээгүй. Би орой ажлаа тараад 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд охин маань гэртээ ганцаараа байсан. 21 цагийн үед талийгаач гаднаас халамцуу орж ирээд хоол ундаа идчихээд унтаад өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед би ажилдаа явсан гэрт талийгаач, охинтойгоо хамт үлдсэн. Орой 20 цаг 30 минутад ажлаа тараад ирэхэд охин маань “аав өдөржин унтсан, чимээ гаргаагүй, толгой өвдөөд байна” гэж хэлсэн гэж хэлэхээр нь нөхрийгөө харахад таталт өгсөн байдалтай орон дээрээ хэвтэж байхаар нь юм асуухад хариу хэлэхгүй болохоор нь 103 дугаар руу залгаж эмч дуудаж ирэхээр нь хамт Улсын 3 дугаар эмнэлэгт очиж оношилгоо хийлгэхэд харвалт өгсөн байна гээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Тэгээд ГССҮТ-д очоод ухаангүй байж байгаад нас барчихсан. ... талийгаачийн биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй, толгой өвдсөн гэж охинд хэлсэн байсан...талийгаач нөхөр маань 7 хоногт 3-4 удаа архи уучихдаг байсан...ажил явдалд зардал нийт 4.000.000 төгрөг болсон. Тухайн мөнгөө нэхэмжилж байна. Надад одоо 1.200.000 төгрөгийн баримт байгаа бусад баримтаа гээчихсэн, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх40-43/,

8. Насанд хүрээгүй гэрч Ц.“...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... намайг гэртээ байхад 20 цагийн орчим ээж ажлаасаа ирсэн ба түүний дараа манай аав ганцаараа гэртээ ирсэн ба аавын куртик нуруу орчмоороо нэлээн норсон байсан. Миний харснаар ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй ба архи уусан халамцуу байсан. Нэг их юм яриагүй ба аав хоол идчихээд унтаад өгсөн... 13-ны өдөр...би аавыг сэрээгээд аавыг зурагт асаагаад өг гэж хэлэхэд аав сэрээд зурагт асааж өгчхөөд буцаад орон дотроо сэрүүн хэвтэж байгаад ... бөөлжчихөөд эргээд унтсан... манай аав 19 цагийн орчим унтаж байгаад босож ирээд ам хажуу тийшээ татаад байгаа юм шиг болоод гар нь сонин болоод байсан ба аавд надад “аав нь босож чадахгүй юм шиг байна” гэж хэлхээр нь би хажуу талын эгчийг дуудах уу гэж асуухад толгой сэгсрээд эргээд хэвтээд өгсөн. ...манай ээж ажлаасаа 20-21 цагийн орчим гэртээ ирсэн ба ээж ирсний дараа аавд ээж бид 2 дэлгүүр явлаа шүү гэж асуухад аав дуугарахгүй хана руу хараад хэвтэж байхаар нь аавыг эргүүлэхэд аавын амнаас цагаан өнгийн хөөс гараад хоёр нүд нь аниатай, хоёр гар нь сарвайсан байдалтай ухаангүй байхаар нь ээж сандраад хажуу хажуу айлын 40 орчим насны эмэгтэйг дуудаад түргэн дуудсан ба удалгүй түргэний эмч ирээд аавыг эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /1хх54-55/,

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1907 дугаар “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Гавал тархины битүү гэмтэл: Гавлын дагз ясны баруун хэсгээс суурь ясны баруун ар хонхор руу орсон шугаман хугарал. Тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцралт. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа. Тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт. II. Тархины дарагдалт, хаван. Уушгины хаван. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн алдагдал. III. Элэгний өөхөн эдийн хувирал. Цээжний болон хэвлийн гялтангийн наалдацат үрэвсэл. Дүгнэлт хэсэгт: 1. Ж.Цийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын дагз ясны баруун хэсгээс суурь ясны баруун ар хонхор руу орсон шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 3. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 4. Талийгаач Ж.Ц нь гавлын дагз ясны баруун хэсгээс суурь баруун ар хонхор руу орсон шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь унах, ойчиж цохигдох аль ч байдлаар үүсэж болно. б.Талийгаач Ж.Ц нь дээрх гавал гэмтлийг авснаас хойш цусан хураа тархийг дарах хүртэл буюу дарагдах ухаан алдах хүртэл үйл хөдөлгөөн хийх боломжтой. Хэдий хугацаанд үйл хөдөлгөөн хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй. б.Талийгаач Ж.Ц нь АВО системээр /I/ бүлгийн цустай байжээ. 7.Талийгаач Ж.Цийн цусанд согтууруулах ундааны зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх148-155/,

10. Шинжээч эмч М.“...Энэ дотроос гавлын дагз яснаас суурь ясны баруун ар хонхор руу орсон шугаман хугарал нь хязгаарлагдмал бус өөр өөр гадаргуутай зүйлээр цохиулах юм уу эсхүл савж унах үед үүснэ. Үүний илрэл нь яг эсрэг талд нь баруун духны дэлбэнд эд няцарсан байгаагаар нотлогдож байна...талийгаачийн тархинд учирсан гэмтлийн хүч үйлчилсэн анхны цэг нь дагзны баруун хэсэг юм. Тухайн гэмтэл нь савж унах үед үүснэ. ...Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, чулуу, газрын гадарга, хана, цонх зэрэг маш олон зүйл хамаардаг. Энэ дотроос хязгаарлагдмал бус гадаргуутай гэдэг ойлголт нь бол гэмтлийн хэмжээнээс хэд дахин том гадаргуутай зүйлийг ойлгодог. Үүнд цементэн шал, хана зэрэг олон зүйл хамаарна. Гавлын дагз яс гэж толгойн ар хэсгийг хэлнэ. ...дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн гэмтлүүд юм. ... бүгд нэг цаг хугацаанд үүсэх гэмтлүүд юм. ...гэмтлийг аваад амь аврагдах боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой ...Дээрх гэмтэл аваад явганаар явж чадна. Мөн юм ярьж хүний асуусан асуултад хариулах боломжтой. ...талийгаачийн тархийг нээж үзэхэд цусан хураа үүссэн шинэ гэмтэл байсан. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тооцогдоно. Амь насанд аюултай. Хүнд гэмтэл авсан хүн түүгээр дамжиж үхдэг...” гэсэн мэдүүлэг /1хх161-168/,

11. Шүүгдэгч С.яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Баянхошууны Хөтлийн хот руу явах автобусны буудлын зүүн талд буюу Овоот трейд нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадаа ганцаараа мод зараад төв зам дагуу зогсож байтал 20 цагийн орчимд тэр хавиар архи ууж явдаг Ц, Нэмэхбаяр хоёр хүрч ирээд нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь чадахгүй гэж хэлтэл Ц “ямар сүртэй бацаан бэ нэг шил архины мөнгө өгчхөөч гэж хэлэхээр нь чамд өртэй юм уу гэж хэлээд бид хоёрын хооронд бага зэрэг маргаан үүссэн чинь Ц намайг хутгална гэж хэлэхээр нь хутгаа гаргаад ир гэж хэлтэл миний цамцны захнаас барьж заамдахаар нь гарыг нь тавиулж байгаад зүүн гараараа нэг удаа цохитол газар ар дагз хэсгээрээ цементэн явган хүний зам дээр савж унаад босож ирэхгүй, дугарахгүй хэвтээд байсан юм. Тэгтэл Овоот дэлгүүрээс худалдагч Дагдандорж ах, Даваа ах хоёр гарч ирээд Цийг хэн цохиод унагаачихсан юм бэ гэж асуухаар нь надаас архины мөнгө нэхээд байхаар нь би цохиод унагаачихсан юм гэж хэлтэл босгоорой гэж хэлээд дэлгүүр рүүгээ буцаад орчихсон. Тэгтэл удалгүй Ц ах босож ирээд юу ч дугарахгүй сууж байгаад босоод явахаар нь үргэлжлүүлж наймаагаа хийж мод зарж байгаад орой гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /1хх223-225/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.Б:  

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч нар “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан” үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр сууринаас мэтгэлцэж оролцсон. 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “шүүгдэгч Б нь уурласны улмаас хохирогчийг зодож гэмтэл учруулсан байна. Хохирогч архи уудаг, ар гэр анхаарал муугаас ийм байдал хүрсэн байна” гэжээ.

Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Болд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан, уг үйлдлийн шалтгаант холбоотойгоор хохирогч нас барсан гэсэн үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.

          Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол: 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цагийн орчимд амь хохирогч Ш.Ц нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд байршилтай “Овоот трейд” хүнсний дэлгүүрийн урд мод зарж байсан шүүгдэгч С.Бэс архины мөнгө нэхэж маргалдсан. Шүүгдэгч С.Б нь амь хохирогч Ж.Цийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж цементэн шалан дээр унагаасан. Улмаар Ж.Ц нь хэсэг хугацаанд хэвтэж байгаад босож яван гэртээ 21 цагийн үед харьсан байх ба 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 40 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн 23 цаг 55 минутад нас баржээ.  

          Энэ нь гэрч Р.“...20 цаг өнгөрч байхад санагдаж байна. Манай дэлгүүрийн үүдэнд гадаа “пад” гэсэн чимээ нэг удаа гарахаар нь танил Даваа гэх залуугийн хамт гарч харахад манай тэр хавиар архи ууж явдаг Ц гэх залуу үүдний цементэн явган хүний явдаг зам дээр дээшээ харчихсан дуу нь гарахгүй хэвтэж байсан. Харин хажууд нь мөн тэр хавьд архи ууж явдаг Нэмэхээ гэх миний үеийн залуу сууж байсан, мөн мод зардаг Болдоо /Б/ гэх залуу Нэмэхээг яв гээд хөөгөөд зогсож байхаар нь наад Ц чинь яачихсан юм бэ гэж тэр хоёроос асуутал, Болдоо /Б/ гэх залуу надад хэлэхдээ “Ц пизда надаас мөнгө нэхээд байхаар нь нэг цохичихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

          гэрч Ц.“...Ц хажуугаас Болдоог болиоч гэхэд шууд нүүр лүү нь зүүн гараараа нэг удаа цохитол Ц толгойн ар дагз хэсгээрээ явган хүний цементэн зам дээр савж унаад босож ирэхгүй хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х “...2020 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед би ажилдаа явсан гэрт талийгаач, охинтойгоо хамт үлдсэн. Орой 20 цаг 30 минутад ажлаа тараад ирэхэд охин маань “аав өдөржин унтсан, чимээ гаргаагүй, толгой өвдөөд байна” гэж хэлсэн гэж хэлэхээр нь нөхрийгөө харахад таталт өгсөн байдалтай орон дээрээ хэвтэж байхаар нь юм асуухад хариу хэлэхгүй болохоор нь 103 дугаар руу залгаж эмч дуудаж ирэхээр нь хамт Улсын 3 дугаар эмнэлэгт очиж оношилгоо хийлгэхэд харвалт өгсөн байна гээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан. Тэгээд ГССҮТ-д очоод ухаангүй байж байгаад нас барчихсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Энхжингйин мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон амьд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хохирогчийг цохисон үйлдлийн улмаас амь хохирогч Ш.Цийн биед “...гавлын дагз ясны баруун хэсгээс суурь ясны баруун ар хонхор руу орсон шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцралт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт...” бүхий амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тооцогдох гэмтэл учирсан. Энэхүү гэмтлүүдийн улмаас амь хохирогч Ш.Ц нь “төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд” орж нас барсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1907 дугаар дүгнэлт, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан буюу нэг удаа цохиж унагаасан үйлдэл дээр маргаагүй, харин хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх дүгнэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авав.

Шүүгдэгч С.мь хохирогчийг цохиж унагаасан үйлдэл нь өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэл байх боловч субъектив талын хувьд хохирогчийг алах гэсэн сэдэлт, санаа зорилгогүй, учирч буй хор уршгийг хүсээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Үүнийг тодруулбал, гэрч Р.“...Болдоо /Б/ гэх залуу надад хэлэхдээ “Ц пизда надаас мөнгө нэхээд байхаар нь нэг цохичихлоо” гэж хэлэхээр нь яагаад чи хүн цохиж байгаа юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байхаар нь дэлгүүрт хүн наймаа хийе гэж хэлэхээр нь Болдоо, Ц, Нэмхээ гурвыг үлдээгээд наймаагаа хийж байгаад 30 минут орчмын дараа гараад хартал Болдоо, Ц, Нэмэхээ гурав гурвуулаа яваад өгчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч С.н “...Овоот дэлгүүрээс худалдагч Дагдандорж ах, Даваа ах хоёр гарч ирээд Цийг хэн цохиод унагаачихсан юм бэ гэж асуухаар нь надаас архины мөнгө нэхээд байхаар нь би цохиод унагаачихсан юм гэж хэлтэл босгоорой гэж хэлээд дэлгүүр рүүгээ буцаад орчихсон. Тэгтэл удалгүй Ц ах босож ирээд юу ч дугарахгүй сууж байгаад босоод явахаар нь үргэлжлүүлж наймаагаа хийж мод зарж байгаад орой гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг харилцан зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалжууд давхцаж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгчийг анхнаасаа хүнийг алах санаа зорилготой үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй юм.  

Түүнчлэн насанд хүрээгүй гэрч Ц.“...20 цагийн орчим ээж ажлаасаа ирсэн ба түүний дараа манай аав ганцаараа гэртээ ирсэн ба аавын куртик нуруу орчмоороо нэлээн норсон байсан. Миний харснаар ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй ба архи уусан халамцуу байсан. Нэг их юм яриагүй ба аав хоол идчихээд унтаад өгсөн... 13-ны өдөр...би аавыг сэрээгээд аавыг зурагт асаагаад өг гэж хэлэхэд аав сэрээд зурагт асааж өгчхөөд буцаад орон дотроо сэрүүн хэвтэж байгаад ... бөөлжчихөөд эргээд унтсан... манай аав 19 цагийн орчим унтаж байгаад босож ирээд ам хажуу тийшээ татаад байгаа юм шиг болоод гар нь сонин болоод байсан ба аавд надад “аав нь босож чадахгүй юм шиг байна” гэж хэлхээр нь би хажуу талын эгчийг дуудах уу гэж асуухад толгой сэгсрээд эргээд хэвтээд өгсөн...” гэсэн мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ийн “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... Би орой ажлаа тараад 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд охин маань гэртээ ганцаараа байсан. 21 цагийн үед талийгаач гаднаас халамцуу орж ирээд хоол ундаа идчихээд унтаад өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагийн үед би ажилдаа явсан гэрт талийгаач, охинтойгоо хамт үлдсэн. Орой 20 цаг 30 минутад ажлаа тараад ирэхэд охин маань “аав өдөржин унтсан, чимээ гаргаагүй, толгой өвдөөд байна” гэж хэлсэн гэж хэлэхээр нь нөхрийгөө харахад таталт өгсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, мөн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд нөхрийгөө гэмтэл авсныг мэдээгүй, хүнд зодуулсан талаар юм хэлээгүй, урьдын байдаг шигээ хоол ундаа идээд, ярьж хөөрч байсан гэсэн мэдүүлгээс амь хохирогч болон түүний ар гэрийнхэн нь тухайн үедээ гавал, тархины хүнд гэмтэл авсныг мэдээгүй, цаг хугацаа алдсан гэж дүгнэхээр байна.

Үүнтэй холбоотой шинжээч эмч М.Энхбаяр “...гавлын дагз яснаас суурь ясны баруун ар хонхор руу орсон шугаман хугарал нь хязгаарлагдмал бус өөр өөр гадаргуутай зүйлээр цохиулах юм уу эсхүл савж унах үед үүснэ. Үүний илрэл нь яг эсрэг талд нь баруун духны дэлбэнд эд няцарсан байгаагаар нотлогдож байна...талийгаачийн тархинд учирсан гэмтлийн хүч үйлчилсэн анхны цэг нь дагзны баруун хэсэг юм. Тухайн гэмтэл нь савж унах үед үүснэ. ...гэмтлийг аваад амь аврагдах боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой ...Дээрх гэмтэл аваад явганаар явж чадна. Мөн юм ярьж хүний асуусан асуултад хариулах боломжтой...” гэж мэдүүлсэн зэргээс амь хохирогч Ж.Ц нь амь насанд аюултай хүнд гэмтэл авсан, үүний мэдэлгүй явсаар гэмтэл хүндэрч /цусан хураа үүсэх буюу цус харвалт өгч улмаар тархи дарагдалт явагдаж/ хохирогч нас барсан гэж дүгнэлээ.   

Иймд шүүгдэгч Сийн амь хохирогчийг цохисон үйлдлийн улмаас учирсан дээрх гэмтлийг цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс хохирогч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэсэн дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн амь хохирогчийг толгойн тус газар нь цохисон үйлдэл санаатай, тус үйлдлээс гавал тархины хүнд гэмтэл учирсан боловч гэмт хэрэг үйлдэгч этгээдийн санаа, сэдлийн хувьд хохирогчийг алах санаа зорилго агуулаагүй, хүнд гэмтэл авснаа хохирогч мэдэх боломжгүй, түүний согтуурсан байдал нөлөөлсөн, улмаар хугацаа алдан гэмтэл хүндэрч амь насыг аврах боломжгүй нөхцөл байдалд хүрсний дараа эмнэлэгт хүргэгдсэн байх тул хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж дүгнэв.

Мөн дээр дурдсан үндэслэлээр буюу иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн үндэслэлтэй байх тул шүүх дүгнэлтийг хүлээн авсныг дурдах нь зүйтэй.

            Тиймээс шүүгдэгч С.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг арилахгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд нийт 4.000.000 төгрөг нэхэмжилсэн үүнээс 1.200.000 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нас барагчийн насанд хүрээгүй хүүхдэд олгохоор /тэжээгчээ алдсаны тэтгэврийн хасаж тооцсон байдлаар/ заасан.

Шүүхээс хохирогч талаас нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийг амь хохирогчийг оршуулахтай холбоотой бодитоор гарсан зардал гэж дүгнэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн ба хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд 500.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч С.Бэс 3.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны гэм хорын төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 842 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн цаашид үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 924 дугаар  дүгнэлтээр шүүгдэгч С.Болд-Эрдэнийг одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг тодорхойлсныг дурдах нь зүйтэй. 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд амь хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлаа хийж байсан шүүгдэгч С.Бэс архины мөнгө нэхсэн, улмаар маргалдсан зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж шүүхээс дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хохирогчид хүнд гэмтэл учруулсан, гэмтлийн улмаас хохирогч нас барсан буюу учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг С.Б нь биелүүлээгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байх тул /1хх191/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож /240 цаг нь 30 хоногийн хорих ялаар тооцогдон/ шүүгдэгчийн эдлэх нийт хорих ялыг 6 жил 01 сарын хугацаагаар тогтоов.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.шүүхийн зөвшөөрөлгүй 24 цаг баривчлагдсан, мөн цагдан хоригдсон хоногийг 138 /2020.09.16-2021.02.04/ хоногийг нэмж нэгтгэн нийт 139 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Сын ийг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Сын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч С.йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял шилжүүлэн нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх хорих ялыг 6 /зургаа/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.ийн цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэс 3.500.000 /гурван сая, таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цд олгуулж, хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны гэм хорын төлбөрийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХБААТАР

 

      ШҮҮГЧИД                                  Б.ДАШДОНДОВ

 

          Г.ГАНБААТАР