Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн 2008 00000 1569 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д хүргэлтийн ажилтан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Довогт Аын А /РД:..../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/      

            Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” зочид буудлын ...  тоот өрөөнд иргэн Б.С ийг “бааранд залуучуудтай бүжиглэлээ” гэх шалтгаанаар хардаж, улмаар маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, уруул, эрүү, хүзүү, баруун тохой, шуу, баруун сарвуу, зүүн шуу, бугуй, бүсэлхий нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.С ийн мэдүүлэг /хх32-33/, гэрч З.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх34-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12354 дугаар дүгнэлт /хх22-24/, шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх60-61/, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч А.Аыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Хохирогч Б.С ийн “...бид гурав 1 дүгээр хороололд байдаг бааранд ороод нээх удаагүй байсан чинь миний хажууд нэг танихгүй залуу бүжиглээд байсан чинь А хардаад бид 2 тэндээ үг хэлээрээ маргалдаад удалгүй бид 3 гарч такси бариад эргээд буудал руугаа явсан. Таксинд явж байх замдаа А намайг гараараа цохиж байгаад очиж байгаад би чамайг алнаа гээд байсан. Тэгээд би айгаад 5 шарын буудал дээр таксинаас буугаад нөгөө танихгүй охинтой хамт гараад цагдаагийн машин байхаар нь цагдаагаас тусламж гуйсан. ...эргээд С  зочид буудал руу очоод өрөө рүү ороход өрөөнд А пиво уугаад нэлээн согтсон байдалтай ганцаараа сууж байсан тэгээд намайг заамдаж аваад миний толгой нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд буудлын өрөөнөөс гараад доошоо буугаад цагдаа дуудсан юм... Уг гэмтлүүдийг А гараараа олон удаа миний нүүр рүү цохисноос болж учирсан...” гэсэн мэдүүлэг /хх32-33/,

            2. Гэрч З.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг “...нэгдүгээр хорооллын замын урд талд байдаг “Кензо” гэдэг бааранд орсон тухайн үед 02 цаг арай болоогүй байсан санагдаж байна. Тэгээд бааранд ороод дахиад нэг хүний 2 шил пиво захиалж уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Аын найз эмэгтэй хэдэн залуучуудтай бүжиглээд байсан чинь А уурлаад найз охинтойгоо маргалдаж эхэлсэн. Тэгээд эргээд суудалдаа сууж байгаад авсан пивоо ууж дуусгаад гарсан ба баарны гадаа тэр 2 маргалдсан. Гэхдээ тэнд бие биедээ гар хүрээгүй. Хэл амаараа маргалдаж байгаад замаас такси барьсан. Такси дотор би голд нь суугаад миний хоёр талд тэр хоёр суусан. Явах замдаа хэл амаар маргалдсан. Тэр машин дотор бие биедээ гар хүрээгүй. Тэгээд С  зочид буудлын гадна ирэхэд нөгөө эмэгтэй буугаад зам гараад гүйсэн. Би араас нь гүйгээд очсон. А таксины тооцоо өгөх гээд машинд үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх34-35/,

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12354 дугаар “...Б.С ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, уруул, эрүү, хүзүү, баруун тохой, шуу, баруун сарвуу, зүүн шуу, бугуй, бүсэлхий нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх22-23/,

            4. Шүүгдэгч А.Аын яллагдагчаар өгсөн “...нэгдүгээр хорооллын Кензо гэдэг бааранд ороод хүний нэг нэг пиво уугаад сууж байхад С  бүжгийн талбай дээр нэг залуутай бүжиглээд байснаас болж бид хоёрын дунд үл ойлголцол болж хэсэг маргалдаад баарнаасаа гарсан. Тухайн үед 02 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд бид 3 зам дээрээс такси барьж суугаад такси дотроо маргалдаад буудлынхаа үүдэнд ирээд С  Мөөгийтэй хамт зам гараад явчихаар нь би өөр такси бариад цэргийн хотхон руу таньдаг хүнийхээ гэр лүү очиход хүн байгаагүй учраас эргээд буудалдаа ирэхэд буудал хүнгүй байхаар нь ганцаараа ороод хэвтэж байсан чинь гаднаас 05 цагийн үед С  ганцаараа орж ирээд бид 2 маргалдаж С  над руу дайраад нүүр ам руу гараараа цохиод байхаар нь би зөрүүлээд 2-3 удаа гараараа нүүр рүү нь цохисон санагдаж байна. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх58-61/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.А:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч А.А, хохирогч Б.С  нар нь 2020 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С ” зочид буудлын ...  тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар шүүгдэгч А.А нь хохирогч Б.С ийг бааранд залуучуудтай бүжиглэсэн гэх шалтгаанаар хардаж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

  Энэ нь хохирогчийн “...А гараад гараад дахиад пиво аваад ирье гэж гараад орж ирэхдээ нэг найзтайгаа гээд нэг танихгүй эмэгтэйтэй орж ирээд бид нар дөрвүүлээ ууж сууж байгаад 23 цагийн үед манай найз Туул гэр лүүгээ явсан. Түүнээс хойш бид 3 хамт сууж байсан чинь А бид хоёрт хандаж гарч бааранд орох уу гэсэн. Тэгээд бид гурав 1 дүгээр хороололд байдаг бааранд ороод нээх удаагүй байсан чинь миний хажууд нэг танихгүй залуу бүжиглээд байсан чинь А хардаад бид 2 тэндээ үг хэлээрээ маргалдаад удалгүй бид 3 гарч такси бариад эргээд буудал руугаа явсан. Таксин дотор явж байх замдаа А намайг гараараа цохиж байгаад очиж байгаад би чамайг алнаа гээд байсан. Тэгээд би айгаад 5 шарын буудал дээр таксинаас буугаад нөгөө танихгүй охинтой хамт гараад цагдаагийн машин байхаар нь цагдаагаас тусламж гуйсан. ...эргээд С  зочид буудал руу очоод өрөө рүү ороход өрөөнд А Пиво уугаад нэлээн согтсон байдалтай ганцаараа сууж байсан тэгээд намайг заамдаж аваад миний толгой нүүр рүү олон удаа цохисон. Тэгээд буудлын өрөөнөөс гараад доошоо буугаад цагдаа дуудсан юм... Уг гэмтлүүдийг А гараараа олон удаа миний нүүр рүү цохисноос болж учирсан...” гэсэн мэдүүлэг, гэрч З.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна. 

Шүүгдэгч А.А нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.С ийн биед “...баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, зүүн хацар, уруул, эрүү, хүзүү, баруун тохой, шуу, баруун сарвуу, зүүн шуу, бугуй, бүсэлхий нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, шарх, хамрын нуруунд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12354 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.          

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.С  нь хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч А.А нь хохирогчид 1.627.700 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн хохирогч Б.С  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч нь түгээлтийн компанид ажилладаг, мөн хувиараа хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг тул торгох ял оногдуулах санал гаргасан.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн... ” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч А.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.                                                                                                                                 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Александрын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.С  нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР