Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бэд холбогдох эрүүгийн 2008 02172 1510 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаатай баривчлах ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 222 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жилийн хугацаагаар тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 406 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 18 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж байгаа,

Б овогт Вгийн Б /РД:..../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

            Шүүгдэгч В.Б нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... тоотод хохирогч Д.Б тай “мөнгө төлөх” асуудлаас үүдэн маргалдаж улмаар түүний нүүр, шанаа хэсэгт цохих байдлаар зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол, зөрчлийн 2008001429 дугаартай хэрэг /хх2-19/, хохирогч Д.Б ын мэдүүлэг /хх24, 101/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6733 дугаар дүгнэлт, шүүгдэгч В.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх85/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх47-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58/, шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх59-70, 87-97/, ялын тооцоо /хх113/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч В.Бийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол, зөрчлийн 2008001429 дугаартай хэрэг /хх2-19/,

            2. Хохирогч Д.Б ын “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...Б Түвшингийн гэрт орж ирээд цай ууж байсан аяга аваад миний баруун шанаа хэсэгт цохисон би орон дээр сууж байгаад хойш саваад унасан... Б миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиод авсан... Б миний баруун шанаа хэсэгт аягаар нэг удаа цохисон. Мөн гараараа миний нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. Мөн миний баруун гуя хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөж гэмтэл учруулсан... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг В.Б төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх24, 101/,

            3. Гэрч О.Батхишигийн “...миний дүү Б ын баруун нүд, баруун шанаа хөхөрч хавдсан. Толгой нь өвдөж байна гэсэн. Мөн баруун хөлийн гуяны хэсгээр өвдөлттэй байна гэсэн...Б намайг СХД-н 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлд байхад зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх9/,

            4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6733 дугаар “...Д.Б ын биед зовхи, хацар, шанаа, хүзүү, уруулд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх29-30/,

            5. Шүүгдэгч В.Бийн яллагдагчаар өгсөн “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Б ыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх84-86/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч В.Б:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Б нь гэм буруу дээр маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч В.Б нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 70-161 тоотод хохирогч Д.Б тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт аягаар болон гараараа цохиж, мөн хөл хэсэгт нь өшиглөж зодсон үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Д.Б ын “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ...Б нь Түвшингийн гэрт орж ирээд цай ууж байсан аяга аваад миний баруун шанаа хэсэгт цохисон би орон дээр сууж байгаад хойш саваад унасан... Б миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохиод авсан... Б миний баруун шанаа хэсэгт аягаар нэг удаа цохисон. Мөн гараараа миний нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. Мөн миний баруун гуя хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Батхишигийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна. 

            Шүүгдэгч В.Бийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Б ын биед “...зовхи, хацар, шанаа, хүзүү, уруулд цус хуралт, баруун нүдний алимд цус хуралт, гуянд цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6733 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч В.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Б  нь “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг В.Б төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч В.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч В.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, үүн дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн ялыг нэмж нэгтгүүлэх дүгнэлт, санал гаргасан.

            Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагатай холбоотой санал, тайлбар байхгүй гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн” үндэслэлийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учирсан хохирлыг барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч В.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Шүүгдэгч В.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч В.Бийг тус хэрэгт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 291 дугаар захирамжаар яллагдагчийг шилжүүлэн цагдан хорих захирамж гарчээ. Улмаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 409 дүгээр хаалттай хорих ангиас 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ялтан В.Бийг ялын тооцоо хийж шилжүүлсэн байна.

Уг ялын тооцоонд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу эдэлсэн ялыг 03 сар 26 хоног байхыг 03 сар 24 хоног гэж буруу бодсоныг шүүхээс зөвтгөж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл эдлээгүй үлдсэн ял нь 8 сар 04 хоног байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн /60 хоног/ үүн дээр Сонгинохайрхан дүүргийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч В.Бийн нийт биечлэн эдлэх ялыг нийт 10 сар 04 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бийн яллагдагчаар цагдан хоригдсон нийт 51 /2020.12.15-2021.02.04/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов. Яллагчийг шилжүүлэн цагдан хорих захирамж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан байх боловч ялын тооцон бодон шилжүүлсэн өдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хугацааг тоолох нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Вгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бэд 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 60 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 925 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч В.Бийн биечлэн эдлэх нийт ялыг 10 /арав/ сар 04 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон  51 /тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР