| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн 2008 01481 1590 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Орхон аймгийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 6 сарын хугацаанд засан хүмүүжүүлэхийг даалгах албадлагын арга хэмжээ оногдуулсан,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 4 дүгээр байрны орчимд “эмэгтэй хүн хөөсөн” гэх шалтгаанаар иргэн Б.Мыг нүүрэн тус газар нь гараараа цохих, бие хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Мы мэдүүлэг /хх15/, гэрч З.Аманжолын мэдүүлэг /хх19/, гэрч Н.МягмарСгийн мэдүүлэг /хх21/, гэрч Ц.Гүрүүжавын мэдүүлэг /хх24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3858 дугаар дүгнэлт, шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41-42/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Сг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Мы “...манай найз эхнэрийн хамт явахад би гэрээсээ гаргаж өгч замын урд талаас таксинд суулгаж өгөөд буцаад гэр лүүгээ ганцаараа явж байхад байрны дундаас нэг танихгүй эмэгтэй орилоод гүйгээд гараад ирсэн ба араас нь нэг залуу хөөгөөд байхаар нь хөөе болиоч гэхэд тэр хоёр цаашаа гүйгээд явсан. Тэгээд 4 дүгээр байрны баруун талаар тойроод явж байхад С найзуудын хамт зогсож байхаар нь сая нэг эмэгтэй тусламж гуйгаад гүйгээд явлаа харсан уу гэхэд цаанаас нь нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 хөөцөлдөөд гараад ирэхэд би тэр залуучуудад хандаж наад эмэгтэй хүнийг хөөж байгаа залууг бариад аваарай гэж хэлэхэд Сгийн 2 найз нь араас нь хөөсөн. Би үлдсэн найз нарт нь тайлбарлаад зогсож байхад С хүрч ирээд намайг заамдаад авахад би өөрөөсөө холдуулаад түлхэхэд С газар унасан. Энэ үед Сгийн 2 найз нь ирээд нөгөө залууг барьж чадсангүй алдчихлаа гэж хэлж байсан. Тэгээд байж байхад С над руу дайраад шанаа руу гараараа цохиод газар унахад миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед С гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан... Намайг Сгээс өөр хүн цохиж зодоогүй. Намайг ямар шалтгаанаар зодсон болохыг би мэдэхгүй байна. Одоо бодоход нөгөө эмэгтэй хүн хөөж байсан залуутай андуураад зодсон байх...” гэсэн мэдүүлэг /хх15/,
2. Гэрч З.“...С гүйж ирээд хохирогч Мы нүүр рүү 1-2 удаа цохисон. С М хоёр зууралдаад ноцолдож байгаад хамт газар унасан. С Мы дээр дарж унаад гараа атгаж байгаад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх19/,
3. Гэрч Н.“...тэр үед бараан хувцастай залуу гар утсаа бариад ойролцоо зогсож байсан Стэй маргалдах гээд байсан. Би явж очоод тэр залууг чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд би энэ зугтаад явж байгаа хүүхэнд туслах гээд явж байна гэж хэлсэн. С болохоор үгүй энэ залуу саяны хүүхнийг хөөж байсан гээд маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх21/,
4. Гэрч Ц.“...бид нар гэрээс гараад байрныхаа баруун талаар Москва хорооллын орчимд явж байхад гэнэт дотуур хувцастай эмэгтэй хүн нүцгэн шахуу гүйсэн. Тэр эмэгтэй гүйгээд өнгөрсний дараа араас нь бас нэг залуу гүйхээр нь тэр залууг эмэгтэй хүн хөөж байна гэж ойлгоод С хөөе чи яагаад эмэгтэй хүн хөөгөөд байгаа юм бэ? гээд хашхирсан. Энэ үед манай нөхөр Лхагвадэмбэрэл тэр залууг барьж зогсоохоор хөөгөөд гүйцээгүй. ...буцаад ирж байхад 4-р байрны орцны үүдний харалдаа С газар уначихсан хажууд нь танихгүй эрэгтэй хүн зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх26/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3858 дугаар “...Б.Мы биед цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун чихний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх29-30/,
6. Шүүгдэгч Д.Сгийн яллагдагчаар өгсөн “...би Мд хандаж чи яагаад эмэгтэй хүнийг хөөгөөд байгаа юм бэ? гээд бариад авахад М намайг түлхэж унагаад зугтсан. Мы араас дагаад байж бай гээд орилж байхад Аманжол бариад авахаар нь би очоод Мы нүүр рүү гараараа цохиод унахад нь өшиглөсөн. Энэ үед Аманжол бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх41/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.С:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэг авагдсан баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.С нь 2020 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 4 дүгээр байрны орчимд хохирогч Б.Мыг “эмэгтэй хүн хөөсөн” гэж андууран маргалдаж түүнийг гараараа цохих, газарт унахад нь өшиглөх байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...Би үлдсэн найз нарт нь тайлбарлаад зогсож байхад С хүрч ирээд намайг заамдаад авахад би өөрөөсөө холдуулаад түлхэхэд С газар унасан. Энэ үед Сгийн 2 найз нь ирээд нөгөө залууг барьж чадсангүй алдчихлаа гэж хэлж байсан. Тэгээд байж байхад С над руу дайраад шанаа руу гараараа цохиод газар унахад миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед С гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан... Намайг Сгээс өөр хүн цохиж зодоогүй. ...Одоо бодоход нөгөө эмэгтэй хүн хөөж байсан залуутай андуураад зодсон байх...” гэсэн мэдүүлэг, гэрч З.Аманжолын “...С гүйж ирээд хохирогч Мы нүүр рүү 1-2 удаа цохисон. С М хоёр зууралдаад ноцолдож байгаад хамт газар унасан. С Мы дээр дарж унаад гараа атгаж байгаад цохиод байсан...” гэсэн мэдүүлэг мөн гэрч Н.МягмарС, гэрч Ц.Гүрүүжав нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Д.С нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Мы биед “...цээжний зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун чихний цус хуралт, зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3858 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Хохирогч Б.М нь эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 2.000.000 төгрөг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй талаар бичгээр мэдэгдсэн мөн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн... ” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь нөхцөл байдлыг буруугаар төсөөлсөн, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учирсан хохирлыг барагдуулсан, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР