Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 27

 


         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж 
         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
         Улсын яллагч Ц.Сайнхүү
         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өөлд овогт Баярмагнайн Баатарсүхэд холбогдох 201607000055 дугаарын эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суудаг, өмнө нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан, төрөөс авсан гавъяа шагналгүй, аминдаа хөрөнгөгүй гэх, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ89121573 регистрийн дугаартай, Өөлд овогт Баярмагнайн Баатарсүх гэв.

         Шүүгдэгч Баярмагнай овогтой Баатарсүх нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-15 тоот хашаанд байх иргэн С.Дорждэрэмийн гэрт буюу орон байранд 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө нэвтэрч, шунахайн сэдэлтээр хохирогч С.Дорждэрэмийн бэлэн 437.000 төгрөг, улаан өнгийн 10.000 төгрөгний үнийн дүн бүхий хэтэвч зэргийг хулгайлж нийт 447.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:
  
          Шүүгдэгч Б.Баатарсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээж байна. Мөрдөн байцаалт болон хэрэгт бүгд байгаа. Хийсэн хэргээ хүлээж байна. Би хүргэн ахындаа байж байхад тэр эмээ манай эгчээс мөнгө авсан. Тэгээд би орой нь гэрт нь очиж мөнгийг авсан. 

2

  Түлхүүрээ гудсан доогуураа хийхийг харсан байсан. Надад мөнгөний хэрэг маш их байсан юм. Би хийсэн хэргээ ухаарч байна гэв.
   
          Хохирогч С.Дорждэрэм цагдаагийн газарт ирүүлсэн хүсэлтдээ: С.Дорждэрэм миний бие 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр гэрээсээ 437.000 төгрөг хулгайд алдсан. Үүнийг Б.Баатарсүх авсан нь тогтоогдсон бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 27-нд гарсан хохирлыг бүрэн хүлээж авлаа. Миний зүгээс ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүүхдийг уучилсан болно. Б.Баатарсүх нь миний хүү Ж.Баярбаатарын эхнэр Төмөрийн зээ бөгөөд худ ураг хүмүүсийн хооронд эвгүй харьцаа болох тул ямар нэг ял шийтгэл оногдуулахгүй байх талаас анхаарч өгнө үү гэжээ.

         Улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Ж.Баярбаатарын мэдүүлэг /хх 29-рт/, гэрч Ж.Төмөрбаатарын мэдүүлэг /х55 30-рт/ гэрч Ж.Төмөрхүүгийн мэдүүлэг /хх 31-32-рт/, гэрч Г.Дашжамцын мэдүүлэг /хх 34-рт/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-8-рт/, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 19-20-рт/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 67-рт/ Говь-Алтай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 71-76-р/ зэрэг нотлох баримтадуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр хохирогч С.Дорждэрэмийн 3 дугаар удаа байцаасан тэмдэглэл /хх 27-рт/, хохирогч С.Дорждэрэмд хохирол төлбөр төлсөн баримт /хх 28-рт/, гэрч У.Төмөрхүүгийн мэдүүлэг /хх 33-рт/, гэрч Ч.Лхамцоогийн мэдүүлэг /хх 35-рт/, ял шалгах хуудас /хх 67-рт/, мөн шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хуримын урилга зэрэг нотлох баримтуудад тус тус үзлэг хийж шинжлэн судлав.

         Шүүгдэгч Баярмагнай овогтой Баатарсүх нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-15 тоот хашаанд байх иргэн С.Дорждэрэмийн гэрт буюу орон байранд 2016 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө нэвтэрч, шунахайн сэдэлтээр хохирогч С.Дорждэрэмийн бэлэн 427.000 төгрөг, улаан өнгийн 10.000 төгрөгний үнийн дүн бүхий хэтэвч зэргийг хулгайлж , нийт 437.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

          Шүүгдэгч Б.Баярмагнайд холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн “Б.Баатарсүх нь өмнө нь 2015 оны 08 дугаар сард Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж байсан боловч энэ нь Анхны ардчилсан сонгууль болж 
3

  байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Иймд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүж байгаа учраас энэ хүнд улсын яллагчаас оногдуулж байгаа хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

         Учир нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай” хуулиар 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өршөөсөн, ялтай байдлыг өршөөлд хамруулаагүй гэж шүүх дүгнэв.

         Шүүх шүүгдэгч Б.Баатарсүхийг гэмт хэрэг давтан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтан Б.Баатарсүх цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон, хоорондоо зөрүүгүй байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой байна гэж үнэлж шийдвэрлэлээ.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өөлд овогт Баярмагнайн Баатарсүхийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарсүхийн эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгө битүүжлэх тогтоолыг хүчингүй болгож, Samsung note-1 маркын хөдөлгөөнт утсыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтан Б.Баатарсүх цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
5.Ялтан Б.Баатарсүхийг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА