Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 26

 

НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧИЙН

ЭВЛЭРЛИЙГ БАТАЛЖ ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би Б ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ 2017оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох, тус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 57000000 /тавин долоон сая/ төгрөг, мөн гэрээний улмаас учирсан хохирол 60000000 /жаран сая/ төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн нутаг “Хөх эргийн аараг” гэх газарт иргэд  гар аргаар алт олборлосноос байгалийн унаган төрх алдагдаж, газрын эвдрэл, доройтол бий болж сумын иргэд, мал, амьтан тус нүхэнд унаж амь нас, эд хөрөнгөөрөө  хохирч болзошгүй аюултай нөхцөл байдал үүссэн. 

Дөргөн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар дээрх нөхцөл байдлыг  арилгах зорилгоор тус газрын 3,5 га талбайд биологийн болон тенхикийн нөхөн сэргээлт хийх тендер зарласны дагуу сонгон шалгаруулалтыг  2017 оны 08 дугаар сарын 15-31-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тус сонгон шалгаруулалтад манай “Б” ХХК шалгарч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай №01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г  Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргатай байгуусан.

Энэхүү  ажил гүйцэтгэх гэр

ээний  дагуу Б ХХК нь  2017 оны 12 сарын 05-07-ны өдрүүдэд ажлаа хийж эхлүүлсэн боловч Ховд аймгийн Цагдаагийн газар, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас албан тоот ирүүлсэн тул үйл  ажиллагаагаа  зогсоож 2018 оны 03-05 сарын хооронд дахин нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж техникийн нөхөн сэргээлтийг зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Харин биологийн нөхөн сэргээлтийг хийх санхүүжилт байхгүйн улмаас хийж чадаагүй. Гэрээний 1.4-т зааснаар “Гүйцэтгэгч нь нөхөн сэргээлтийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ба Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтад заасан журмын 3.2-т зааснаар тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа сахүүжүүлэх”-ээр харилцан тохиролцсон боловч тус журам нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болсон.

Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Хөх эргийн аараг гэх 3,5 га газарт  техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд “Б” ХХК нь түрээсээр  машин техник хөлслөн авч 15 орчим ажилчдыг цалинжуулан ажиллуулсан бөгөөд 100 орчим сая төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан ба мөн гэрээний 2.7 дахь заалтын дагуу санхүүгийн дэмжлэг болгож 57 сая төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын ЗДТГ-ын холбогдох дансанд бэлнээр тушааж нийтдээ 150 гаруй сая төгрөгийг тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу  зарцуулсан байна. 

“Б” ХХК нь байгаль орчныг нөхөн сэргээж орон нутгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах зорилгоор хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угааж зардлаа нөхөх төлөвлөгөөтэй байсан. Гэвч гэрээний 1.4-т заасны дагуу зардлаа нөхөн олохын тулд хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах ямар ч  боломжгүй байсан.

Талуудын хооронд байгуулагдсан захиргааны гэрээний хохирол төлбөрийг гаргуулахдаа  Иргэний хуулийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг, мөн тус хуулийн хэлцэлд тавигдах нийтлэг шаардлагыг нөхөн тохируулж хэрэглэх боломжтой байх бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.  

Б ХХК  нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №01 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу бий болсон зардал болох 150 гаруй сая төгрөгөөс  одоогоор сумын орон нутгийн хөгжлийн сангийн дансанд гэрээний 2.7 дахь заалтын дагуу шилжүүлсэн 57 сая төгрөгийг мөн тоног төхөөрөмж хөлсөлсөн үнэ, ажилчдын цалин хөлс, бензин шатахууны хөлс зэрэг хохирлоос 60.000.000 нэмж нэхэмжилж байгаа бөгөөд үлдэгдэл 50 гаруй сая төгрөгийг “Б” ХХК-ийн компанийн зүгээс тус нутгийн иргэдийн аюулгүй байдал болоод байгаль хамгаалах үйлсэд оруулах хувь нэмэр хандив болгож нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн хандив, тусламж гэж үзэж нэхэмжлэхгүй байгаа болно.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө  үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар байгуулсан эвлэрлийн гэрээнд: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад холбогдох  “2017 оны  09 дүгээр сарын 01-ны өдрийн 01 тоот “Ховд аймгийн  Дөргөн сумын Аргалант  багийн  Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт  хийх ажлын гэрээг” илт  хууль  бус захиргааны гэрээ болохыг тогтоолгож, тус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 57.000.000 төгрөг, мөн гэрээний  улмаас  учирсан хохирол 60 сая төгрөгийг Ховд аймгийн  Дөргөн сумын  Засаг дарга, Засаг  даргын тамгын  газраас гаргуулах”  тухай  захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Т.З бид Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  68 дугаар зүйлийн  68.1, 68.2 дугаар  зүйлд  заасны дагуу дараах байдлаар  эвлэрэн хэлэлцэж байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан 2017 оны  09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Ховд аймгийн  Дөргөн сумын Аргалант  багийн  Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт  хийх ажлын гэрээг” илт  хууль  бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох, дээрх  гэрээний  улмаас  учирсан хохирол 60 сая төгрөгийг Ховд аймгийн  Дөргөн сумын  Засаг дарга, Засаг  даргын тамгын  газраас гаргуулах тухай  шаардлагуудаас татгалзаж,  хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын  Засаг  дарга нь “2017 оны  09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Ховд аймгийн  Дөргөн сумын Аргалант  багийн  Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт  хийх ажлын №01 тоот гэрээ”-ний 2.7 дахь хэсэгт  заасны дагуу шилжүүлсэн  57.000.000 /тавин  долоон сая/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Блю гоулд” ХХК-ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Б-ийн Хаан банкны 50... тоот дансанд шилжүүлэхээр харилцан  тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад холбогдуулан 2017оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох, тус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 57000000 /тавин долоон сая/ төгрөг, мөн гэрээний улмаас учирсан хохирол 60000000 /жаран сая/ төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь “...2017оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох, гэрээний улмаас учирсан хохирол 60000000 төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга, Засаг да ргын Тамгын газраас гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга Т.З-тай Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 57 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-нд олгохоор харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг 2019 оны 11 сарын 06-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-нийн захирал Ш.А-аас 2019 оны 10 сарын 14-ний өдөр олгосн итгэмжлэлээр төлөөлөгч Г.Б-д хариуцагчтай эвлэрэх эрх олгосон байна.   

Иймд нэхэмжлэгч хариуцагчын эвлэрсэн эвлэрэл тэдгээрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ 2017оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Хөх эргийн аарагт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох, тус гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 57000000 /тавин долоон сая/ төгрөг, мөн гэрээний улмаас учирсан хохирол 60000000 /жаран сая/ төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ