Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0348

 

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0348

Улаанбаатар хот

 “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: ХУДТХ, ХУДТХ-ийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.О, хяналт шалгалтын тасгийн туб-гч Ш.А, Б.А нар

Нэхэмжлэлийн шаардлага: “......туб-гч нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №НА-23220000031 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах, “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргахыг ХУДТХ-т даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0334 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Хариуцагч Ш.А, Б.А,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн            

Хэргийн индекс: 128/2022/0944/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “И” ХХК нь ХУДТХ, тус хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Б.О, хяналт шалгалтын тасгийн туб-гч Ш.А, Б.А нарт холбогдуулан “...туб-гч нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №НА-23220000031 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах, “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргахыг ХУДТХ-т даалгах”-аар маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.9, 16 дугаар зүйлийн 16.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-д заасныг тус тус баримтлан “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-аас давж заалдах гомдолдоо:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, буруу дүгнэлт хийж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад маш ихээр гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч компани нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас олгогдсон “эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах”, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах 2017 оны 3Т-008/17 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд сонгон шалгаруулалтад орж, захиалагчийн өгсөн ажлын онцгой даалгаврын үндсэн дээр эрчим хүчний чиглэлээр шинээр баригдах цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж гүйцэтгэдэг, дагнасан, мэргэшсэн, эрдэм шинжилгээний байгууллага юм.

3.2. Дээрх үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч компани нь “Татварын тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” болон холбогдох журам, тушаал шийдвэрээр НӨАТ-аас чөлөөлөгдөх хууль зүйн бүрэн үндэслэлтэй тул ХУДТХ-т хандаж “Татварын тухай хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” болон холбогдох журам, тушаал шийдвэрүүдийг үндэслэн “И” ХХК-ийг НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл ХУДТХ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5, 7.3, 7.4, 7.6, 16.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч байгууллагаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан боловч, хуулийн хугацаанд хариу өгөхгүй, /10 сарын хугацаа өнгөрсөн/ өөрийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй, хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийг хэрэглэхгүй, хуулийг өөрсдөө дур мэдэн тайлбарлаж, хуулийг зөв хэрэглэхгүй, дээд шатны байгууллагын хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг үл хүндэтгэж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.3. Мөн ХУДТХ нь бие дааж танай байгууллагаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж тайлбарлаж, дээд шатны байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх тухай зөвлөмжийг амаар өгсөн тул манай байгууллагын зүгээс Нийслэлийн Татварын газарт хандаж “Сангийн сайд, ҮСХ-ны даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319, А/160 тушаалын хавсралтад заасны дагуу эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын бүтээгдэхүүн гэдэгт “Судалгаа болон сорилт Туршилтын үндсэн дээр бий болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгааг хэлнэ” гэсэн заалтын хүрээнд бид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст 2013 оноос хойш ЭШС-1 маягтын дагуу мэдээлэл гаргаж ирсэн билээ.

3.4. Иймд манай компани НӨАТ-ын тухай хуулийн 13.1.12 гэсэн заалтад хамаарагдах эсэхийг тодорхойлж өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсэн байдаг. Нийслэлийн Татварын газар нь дээрх хүсэлтийг хүлээн авч, хянаж үзээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/252 дугаартай албан бичгээр манай компанийг холбогдох баримт /НӨАТТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1.12-т/ хуульд заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай байна гэж дүгнэсэн. Дээрх албан бичгийг манай компани хүлээн аваад ХУДТХ-т хүргүүлсэн боловч дээд шатны байгууллагын гаргасан хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны шийдвэрийг үл хүндэтгэж, харгалзан үзэхгүй хуулийг дур мэдэн өөрсдөө тайлбарлаж, манай компанийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, зохиомол татварын өр төлбөрт оруулж, хууль бусаар “Нөхөн ногдуулалтын акт” оногдуулсанд маш ихээр гомдолтой байна. Мөн ХУДТХ нь хууль бус “Нөхөн ногдуулалтын акт” оногдуулахдаа манай компанийн хүсэлтийг үндэслэж татварын хяналт шалгалт хийсэн гэж дурдсан нь илт бусдыг гүтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5. Учир нь манай компани нь хууль, журамд заасны дагуу НӨАТ төлөгчөөс хасуулах тухай хүсэлтийг гаргасан болохоос биш татварын хяналт шалгалт хийлгүүлэх тухай хүсэлтийг огт гаргаагүй билээ. Мөн хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх үндсэн зарчмыг алдагдуулж, өөрсдийн үзэмжээр хуулийг хэрэглэж, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааны чиглэлийг шууд өөрсдөдөө тааруулж, компанийн өмнөөс тайлбарлаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Анхан шатны шүүх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12 дахь заалтад “... эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн...”-ийг НӨАТ-аас чөлөөлөх, мөн хуулийн 13.2-д зааснаар “...энэ хуулийн 13.1.6, 13.1.9, 13.1.12, 13.1.18, 13.1.19, 13.1.20, 13.1.22, 13.1.28-д хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.”, мөн хуулийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална.”, 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална,” гэж тодорхой хуульчилж өгсөн байхад хуулийг хэрэглэхгүй хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.6. Дээрх хуульд заасны дагуу “И” ХХК /РД:5407478/-ийг Сангийн сайдын тушаал болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, Үндэсний статистикийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/910 дугаартай албан бичиг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай албан бичиг, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтран баталсан “Шинжлэх ухаан технологийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн үзэл баримтлал”-д тус тус зааснаар “И” ХХК-нь НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэн зөв бодит байдалд тулгуурлан шинжлэн судалж, хууль зүйн үндэслэл бүхий эргэлзээгүй шийдвэр гаргах үндсэн үүргээ биелүүлэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.

3.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0334 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “ХУДТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн туб-гч Ш.А, Б.А, хяналт шалгалтын тасгийн дарга Б.О нарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №НА-23220000031 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах; “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн “Татварын хэлтэс”-т даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар “И” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд хэвээр үлдээж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл “Бизнесийн зөвлөгөө өгөх”, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, харин Эрчим хүчний яамнаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3 жилийн хугацаатай “Ажил үйлчилгээний төрөл:

-Т3-8.2 0.1-100 мвт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах,

-Т3-8.3 0.4-110 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зэрэг ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон хуулийн этгээд болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 232-233 дахь тал/

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;”, 5.2.2-т “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;”, 5.2.3-д “бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан.” гэж тус тус заасны дагуу үйл ажиллагааны орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн учраас ХУДТХ 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “И” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, №0055208 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээг олгосон байна. /2-р хх-ийн 16 тал/

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-д “эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэж заасан заалтад нэхэмжлэгчийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль /энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хүчингүйд тооцсон/-ийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлөөр эрхлэн гүйцэтгэж буй “0.1-100 мвт болон түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, 0.4-110 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зэрэг /ТЭЗҮ боловсруулах/ ажил үйл ажиллагаа хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

5. Өөрөөр хэлбэл “И” ХХК нь “бизнесийн зөвлөгөө өгөх” үндсэн эрхлэх үйл ажиллагаа чиглэлээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн техник, эдийн засгийн үндэслэл төсөл боловсруулах ажил, үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлж буй үйл ажиллагаа учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.12-д заасан “шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн” гэдэгт хамаарахгүй.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг баримтална” гэж, 8.3-д “Энэ хуулийн 8.2-т заасан Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална” гэж тус тус заажээ.

7. Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319/A/160 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын “М” ангилал буюу “Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа”  ангиллын дэд салбар 72 дугаарт “туршилт боловсруулалт, судалгаа болон сорилт туршилтын үндсэн дээр бий болсон мэдлэгийг ашиглан шинэ бүтээгдэхүүн, төхөөрөмж хийх, шинээр технологи нэвтрүүлэх, шинэ систем, үйлчилгээ бий болгох эсвэл урьд өмнө хийгдсэнийг үлэмж сайжруулахад чиглэсэн судалгаа” гэж ангилан тодорхойлсон тодорхойлолтод нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэж буй үйл ажиллагаа мөн адил хамаарахгүй байна.

8. Нэхэмжлэгчээс гаргасан “...Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр албан бичиг, Үндэсний статистикийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/910 дугаартай албан бичиг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 71 дугаартай албан бичиг, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтран баталсан “Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн үзэл баримтлал”-д тус тус зааснаар “И” ХХК нь НӨАТ төлөгчөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв бодит байдалд тулгуурлан шинжлэн судалж, хууль зүйн үндэслэл бүхий эргэлзээгүй шийдвэр гаргах үндсэн үүргээ биелүүлээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгчийн дээр дурдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр албан бичиг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, харин цаг хугацааны хувьд өөр буюу 2020 оны албан бичиг /1-р хх-ийн 17, 2-р хх-ийн 20 дахь тал/ авагдсан байна.

10. Харин бусад хэрэгт авагдсан баримтууд болох Үндэсний статистикийн хорооны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/910, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 41-42 дэх тал/-үүд нь “И” ХХК-д хүргүүлсэн статистикийн мэдээ тайланд хамрагдсан болохыг тодорхойлсон, судалгааны ажлыг хамтран ажиллахыг хүссэн албан бичгүүдээс үзэхэд, энэхүү үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8, 13 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээнд хамаарахааргүй байна.

11. Тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль нь 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан байх бөгөөд тухайн хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл боловсруулах, үзэл баримтлал нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй юм.

12. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

 

 

 ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

 

 

 ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА