Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0494/з |
Дугаар | 400 |
Огноо | 2016-11-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 400
А.Энхтуулын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 629 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор А.Энхтуулын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Галдандулжаад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 21 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны Хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Галдандулжаад холбогдуулан гаргасан “...Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Галдандулжаагийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч А.Энхтуулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 629 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтуулын “Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын 2 дугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Галдандулжаагийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Хариуцагч Г.Галдандулжаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын улмаас иргэний эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг шийдвэрлэх үндсэн зорилгоор анх байгуулагдсан шүүх гэж би ойлгодог. Миний 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 2588238 тоот торгуулийн хуудас нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны акт мөн байтал давж заалдах шатны шүүх нь иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гэсэн байдлаар тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал боллоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Энхтуул нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын объект хамгаалах 5 дугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Галдандулжаад холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2588238 тоот торгуулийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.
Уг торгуулийн хуудсаар “олон нийтийн газарт иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэн танхайрах зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр 5000 төгрөгөөр торгосон байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар захиргааны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх гомдлыг Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна.
Тодруулбал нийгмийн хэв журмыг зөрчиж, танхайрах зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл оногдуулах харилцаа дээрх хуулиар тусгайлан журамлаж, харьяалал тогтоосон байх тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль-/2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заажээ. Иймээс мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
Гэтэл анхан шатны захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2016/0629 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ