Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 119

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, хувийн малаа маллдаг, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт оршин суух Өөлд овгийн Аргамжаагийн Нямсамбуугийн /РД:АЕ66011467/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Нямсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймээс миний Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч А.Нямсамбуу шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна гэжээ.
Хүсэлт гаргагч А.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Би 4 дүгээр ангиасаа сургуулиасаа гарч мал маллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ Өлзийт сумын захиргаанд хураалгасан одоо олдохгүй байгаа. Иймд намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
 ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Нямсамбуу нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  малчнаар 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Төлчдийн семинар зөвлөлгөөнд оролцсон 135 төлчинг тус бүр 8 төгрөг 50 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: А.Нямсамбуу гэсэн “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02-р сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоол,
1.2. ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлд тасралтгүй ажиллаж байгаа нэгдлийн гишүүн амаржсан эхчүүдэд хүүхдээ 6 сартай болтол нь асрахад зориулж цалингүй нэмэгдэл чөлөө олгосугай. Хавсралтанд: Өрнөл нэгдлийн нэмэгдэл чөлөө авсан нярай хүүхэдтэй эхчүүдийн 1989 оны 10-р сарын тэтгэмж олгох жагсаалтанд-А.Нямсамбуу, албан тушаал-саалчин, төрсөн он, сар, өдөр-1989-2-1, олгох тэтгэмж /төг/-164=92 гэсэн “Нярайн тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гишүүд, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1990 оны 01-р сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол,
1.3. Ямаат бригадын мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа малчин 136 хүний ээлжийн амралтыг 15 өдрөөр 10-р сарын 05-аас тус тус олгосугай. Хавсралтанд: Нямсамбуу, амралт олгох хоног-15, амралт эхлэх өдөр-10.5 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10-р сарын 03-ны өдрийн 79 тоот тушаал,
2. Аргамжаа овогтой Нямсамбуугийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983, 1984, 1986 онуудад ажиллаж байхдаа авч цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 268 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Б.Баяраагийн: “Би Архангай аймгийн Өлзийт сумын уугуул. Би 1976 онд цэргээс халагдаж ирээд Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн Ямаат бригадад 1976 оноос 1980 он хүртэл адуу хариулж, 1980 оноос 1993 онд Ямаат бригадын нярваар ажиллаж байсан. А.Нямсамбуу нь 1976 онд гэр бүлийн хамт Өгийнуур сумаас Өлзийт сумын Ямаат бригадад ирж ажиллаж байсан. А.Нямсамбуу 1980-аад оны үеэс нэгдлийн жинхэнэ гишүүн болж төлчин, саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа Өрнөл нэгдлийг 1990 онд хувьчлагдах хүртэл хийсэн. Намайг Өрнөл нэгдлийн Ямаат бригадын ажилчдын цалинг тарааж байхад А.Нямсамбуу нь төлчин, саальчнаар л ажилладаг байсан. Тиймээс би А.Нямсамбууг 1980 оны үеэс 1990 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсныг мэдэж байна. Би цалин хөлс тарааж байхдаа Өрнөл нэгдлийн Ямаат бригадын ажилчдыг овог нэртэй нь сайн мэддэг байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ц.Пүрэвжавын: “А.Нямсамбуугийн аав болох Аргамжаа нь Архангай аймгийн Өгийнуур сумаас 1977 онд манай суманд нүүж ирж Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Лхагвацэдэнгийн фермд ажиллаж байсан. Лхагвацэдэн нь Аргамжаагийн төрсөн ах нь юм. Тухайн үед А.Нямсамбуу нь 10 гаран насны жоохон хүүхэд ирж байсан. А.Нямсамбуугийн аав нь Өлзийт суманд ирээд нэг жил орчим болоод нас барсан. Тэр үеэс эхлэн А.Нямсамбуу нь ээжийн хамт Лхагвацэдэнгийн фермд үнээ сааж, мал төллүүлж, уг ажлаа Өрнөл нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Би Өлзийт сумын уугуул. Би 1966 оноос 1990 он хүртэл Өлзийт сумын бага сургууль сүүлдээ 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байсан. Тийм учир А.Нямсамбууг 1977 оны үеэс 1990 он хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын Өрнөл нэгдэлд малчин, төлчнөөр ажиллаж байсныг сайн мэднэ” гэх мэдүүлэг,
5. А.Нямсамбууд холбогдох Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг даргын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 335 тоот тодорхойлолт зэрэг болно.

Шүүх хүсэлт гаргагч А.Нямсамбуугийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Б.Баяраа, Ц.Пүрэвжав нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хүсэлт гаргагч А.Нямсамбуугийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд  малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02-р сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны гишүүд, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын “Нярайн тэтгэмж олгох тухай” 1990 оны 01-р сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол, Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10-р сарын 03-ны өдрийн 79 тоот тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 268 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Б.Баяраа, Ц.Пүрэвжав нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. 
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч мал маллаж байсан” гэх тайлбар, гэрч Б.Баяраагийн “А.Нямсамбуу нь 1980-аад оны үеэс нэгдлийн жинхэнэ гишүүн болж төлчин, саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа Өрнөл нэгдлийг 1990 онд хувьчлагдах хүртэл хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Пүрэвжавын “А.Нямсамбуугийн аав болох Аргамжаа нь Архангай аймгийн Өгийнуур сумаас 1977 онд манай суманд нүүж ирээд нэг жил орчим болоод нас барсан. Тэр үеэс эхлэн А.Нямсамбуу нь ээжийн хамт Лхагвацэдэнгийн фермд үнээ сааж, мал төллүүлж, уг ажлаа Өрнөл нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн” гэх мэдүүлэг, А.Нямсамбуугийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 01 сараас эхлэн авч цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 268 тоот цалингийн тодорхойлолт, “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 10-р сарын 03-ны өдрийн 79 тоот тушаал зэргийг үндэслэн А.Нямсамбууг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд А.Нямсамбуугийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Өөлд овгийн Аргамжаагийн Нямсамбууг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын  31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА