| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч К.Манлай /ШТЭД-2294/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00574 0333 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Ж овогт Оын Э /рд:... /.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн агуулгаар/
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт зэргийг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх5/, гэрч О.Энхжиний мэдүүлэг /хх25-26/, эрүүл мэндийн газрын 2/803 дугаар албан бичиг, түүний хавсралтууд, мөн шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч О.Эийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Нийслэлийн прокурорын газрын 248 дугаар прокурорын “...Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямжигжидийн хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан дээрх мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай. Энэ шийдвэрийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямжигжидэд мэдэгдсүгэй...” гэсэн тогтоол /хх7-8/,
2. Нэгжлэг хийсэн тухай “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хороолол ... дугаар байр, ... тоотод үзлэг хийх явцад “SNAIL” гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн шошготой, хар өнгийн тагтай, шилэн савтай бор өнгийн нунтаг мэт зүйл, бор өнгийн модон аягатай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг хураан авч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн...мөн Үзлэгийн явцад Оын Э нь өөрийгөө удирдах чадваргүй байсныг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх9-12/,
3. Хүний биеэс биологийн дээж авсан тухай “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Оын Э /РД:.../-ийн биеэс биологийн дээж /шээс/ авахад ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх17-19/,
4. Эд мөрийн баримтаар тооцох тухай “...SNAIL гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн шошготой, хар өнгийн тагтай, шилэн савтай, бор өнгийн нунтаг зүйл шилэн савны хамт 161.5 грамм, Бор өнгийн модон аягатай ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 181.7 грамм, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 104 грамм зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай. Эд мөрийн баримтыг хэргийн материалд хавсаргасугай...” гэх мөрдөгчийн тогтоол /хх22/,
5. Гэрч О.Энхжингийн “...2020 оны 9 дүгээр сард нэг өдөр Э ах над руу залгаад “ах нь эхнэр хүүхэдтэйгээ хамт ойрхон салхинд гараад ирье” гэж хэлж байсан. Тэгсэн тэр шөнөдөө Э ах эхнэр хүүхэдтэйгээ хамт ирсэн. Тэр үед Э ахыг юу авчирсан болохыг хараагүй. Харин маргааш орой нь ажлаа тараад гэртээ ирэхэд гэрийн тагтан дээр нэлээн хэмжээтэй өвс, ургамал хатааж байгаа юм шиг тараагаад, дэлгээд тавьсан байсан. Би Э ахаас “энэ юу” гэж асуухад чимээгүй, “энэ чинь минийх, оролдож болохгүй шүү” гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би тэр өвс ургамлыг мансууруулах өвс гэх зүйл юм байна даа гэж бодсон. Тэгээд эхнэрт нь “энэ юу болж байгаа юм бэ, энэ юу юм, яагаад ийм зүйл манай гэрт байгаа юм” гэж хэлсэн чинь Ариунаа “ах чинь өөрөө мэдэж байгаа байхаа, энэ өвснөөс юм гаргаж авдаг гэсэн” гэж хэлж байсан. Тэр өдөр Э ах гэрийн тагтан дээр гэрийн тагтан дээр нөгөө хатаасан ургамлаа ахуйн газ, цэвэр устай холиод л байсан. Тэгээд тэрнээсээ хар өнгийн шавар шиг зүйл гаргаж аваад байсан. Би хажуугаас нь харсан боловч ойртож, оролцоогүй. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Э ах эхнэр хүүхэдтэйгээ хамт “Сэлэнгэ явлаа шүү дээ, ээж мод яваад ирье” гэж хэлээд явсан. Тэр үедээ мөн адил нөгөө өвс, ургамлаас авсан. Гэхдээ өмнөх шигээ их хэмжээтэй биш, арай бага хэмжээтэй өвс авчирсан. Тэр өвс нь тагтан дээр байгаад л байсан. Тэгсэн саяхан нэг өдөр гэртээ ирсэн чинь нөгөө ургамлуудаа цаасан хайрцагт хийсэн байсан. Э ах тэр хайрцагтай ургамлуудаа аваад явсан байсан...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай аав хотод ажлаар ирсэн. Тэр үеэс Э ах аав руу уурлаж чадахгүй, эхнэр рүүгээ уурлаад байснаа аавтай маргалдаад эхнэр хүүхдүүдээ аваад явсан. Түүнээс хойш ирээгүй байж байгаад сая цагдаа нартай хамт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,
6. Гэрч С.Ариунаагийн “...Э 2020 оны 9 дүгээр сард хөдөө явлаа гэж хэлээд ганцаараа явсан. Тэгээд ирэхдээ өвс ургамал түүж ирээд гэрийнхээ тагтан дээр тарааж хатааж байсан. Тухайн үед би юу болохыг нь асуухад Э “мансууруулах өвс” гэж хэлж байсан... Э тэр хатаасан өвсөөрөө ахуйн газ ашиглаж сонин хар, бор өнгийн шавар шиг зүйл гаргаж авсан. Тэрийгээ өөрөө хэрэглэдэг. Сүүлд 2020 оны 10 дугаар сард гэрээсээ хөөгдөөд гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг руу явж “ээж модонд” мөргөх гэж явах замд Дархан хотод зочид буудалд орсон юм. Тэгсэн Э зочид буудалд байхдаа нөгөө мансууруулах ургамлаар ахуйн газ ашиглаж байгаад нөгөө шавар зүйлийг гаргаж авах гэж байхад зочид буудлын өрөөнд гал гарсан. Э тэр галыг унтраах гэж байгаад гараа түлж гэмтээсэн...өмнө нь хүүхэдтэй болно гээд тэр мансууруулах бодисоо хэрэглэдэггүй байсан. Тэгээд хүүхэд төрснөөс хойш 2020 оны 5 дугаар сараас эхэлж хэрэглэж эхэлсэн. Эийг мансууруулах ургамал хэрэглэдэг талаар аав, ээж, дүү нар нь мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх27-28/,
7. Гэрч С.Оын “...Эийг Монголд ирэх үед нь шууд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед сэтгэцийн эмнэлэгт мансууруулах ургамлын хамааралтай байсан гэсэн шалтгаанаар хэвтэж эмчлүүлсэн... Эийг миний төрсөн хүү минь болохоор мансууруулах бодистой холбоотой асуудлаар нь цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй байсан. Харин энэ асуудлаараа өөрөө цагдаагийн байгууллагад баригдсан байна... Манай гэрт үзлэг хийгээд гарч ирсэн мансууруулах бодис нь Эийнх. Манай охин Энхжин тийм зүйл огт хэрэглэдэггүй...өмнө нь Эийг Сэтгэцийн эмнэлэгт хүлээлгэж өгөхөд гарч ирээд дүү нар болон аав, ээжийгээ заналхийлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх29-30/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6159 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Бор өнгийн модон аягатай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “YVES ROCHER” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. О.Э ... 2020.11.06 гэсэн хаягтай шээснээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрч байна.
Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “SNAIL” гэсэн бичиглэлтэй шилэн савтай бор өнгийн нунтаг зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Бор өнгийн модон аягатай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн аягатай үеийн жин 179.6016 гр, цэвэр жин нь 22.2149 гр, “SNAIL” гэсэн бичиглэлтэй шилэн савтай бор өнгийн нунтаг зүйлийн шилэн савтай үеийн жин 161.7724 гр, цэвэр жин нь 1.1098 гр, “YVES ROCHER” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 105.6174 гр, цэвэр жин нь 95.6504 гр байна...” гэсэн дүгнэлт /хх32-34/,
9. Шүүгдэгч О.Эийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сараас хойш тэр өвснүүдийг гэрт байгааг нь мэдсэн. Түүнээс хойш тэр мансууруулах өвснөөс 1 удаа тамхины цаасанд ороож татсан. Дахиж хэрэглээгүй. Хэн гэрт оруулж тавьсан талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх56-57/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч О.Э нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч А.Манлай нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд нь шүүгдэгч О.Э нь хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалж байсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч О.Э нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... хороолол, .... дугаар байрны ... тоот хаягт амьдарч байсан байх ба тухайн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай өвс гэх нэршилтэй бор өнгийн модон аягатай /цэвэр жин 22.2149 грамм/, цагаан өнгийн гялгар ууттай /цэвэр жин 95.6504 грамм/ жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан болох нь орон байранд нэгжлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч О.Энхжин, С.Ариунаа, С.О нарын мэдүүлэг, шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан бодисыг шинжилсэн шүүх шинжилгээний тусгай шинжилгээний шинжээчийн 6159 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Гэрч О.Энхжин, С.Ариунаа нар нь шүүгдэгчийг “...тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө хэрэглэдэг байсан...” талаар мэдүүлсэн ба шүүгдэгчийн шээсний шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн болох нь дээр дурдсан шинжээчийн 6159 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, мөн хэрэгт авагдсан бусад баримтаар шүүгдэгч нь уг бодисыг бусдад худалдаалж, ашиг олж байсан үйл баримт тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.
Түүнчлэн улсын яллагчийн бэлтгэсэн гэх нөхцөл байдлыг зөвхөн мэдүүлгээр тогтоох боломжгүй байсан тул хууль бусаар хадгалсан гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсныг шүүх буруутгах боломжгүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нэгжлэг хийсэн, хураан авах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хөндлөнгийн хоёр гэрч оролцуулах, мөн дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэх гэсэн шаардлагыг биелүүлээгүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн тул нотлох баримтаар тооцох боломжгүй гэсэн хүсэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно.
Хэрэгт авагдсан баримтаар мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, улмаар уг ажиллагааг хуульд заасан хугацаанд прокуророор хүчинтэйд тооцуулсан нь тогтоогдож байна. Мөн орон байр, хүний биед нэгжлэг хийх, хураан авах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр бүлэгт заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ. Тус журамд зааснаар нэгжлэг хийхэд буюу хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эзэмшигчийг байлцуулан хийх, хэрэв эзэмшигч байлцах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн гэрч, эсвэл дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэхээр заасан бөгөөд дээрх тохиолдолд тухайн байрны эзэмшигч О.Энхжин /шүүгдэгчийн төрсөн дүү/ оролцсон байна.
Иймд өмгөөлөгчийн дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлсэн нь хэрэгт авагдаагүй, мөн хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, нэгжлэг хийсэн, хураан авсан ажиллагаа хууль зөрчсөн буюу тухайн баримтыг үнэлэхгүй гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалж, хэрэглэж байсан нь гэрч нарын мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдсоныг дурдаж байна.
Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу сэтгэцэд нөлөөр бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт 2 жил 4 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бага насны хоёр хүүхэдтэй, оршин суух тодорхой хаягтай, сэтгэцийн эмгэгтэй зэрэг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1197 дугаар дүгнэлтээр шүүгдэгч О.Эийг “...сэтгэцийн хувьд F25.0 Шизоаффектив эмгэг, сэтгэл хөөрөх хэлбэр эмгэгтэй байна. одоо F25.0 Шизоаффектив эмгэг, сэтгэл хөөрөх хэлбэр эмгэгтэй, засрал сайжралын байдалтай байна, сэтгэцийн хувьд F25.0 Шизоаффектив эмгэг, сэтгэл хөөрөх хэлбэр эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаантай эмгэг болно. О.Э нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.Э нь одоогоор сэтгэц нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж үгүй байна...” гэжээ. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хууль бусаар сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэн, хадгалж байсан үйлдэл нь урьдаас төлөвлөсөн шинжтэй үйлдэл тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус байхгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг.
Мөн шүүгдэгч О.Э нь хувийн байдлын хувьд мансуурсан үедээ ойр дотнын хүмүүсийгээ айлгаж, дарамталдаг, мөн мансуурах бодис хэрэглэж байгаад гал тавьсан /гэрч С.Ариунаагийн мэдүүлэг/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Эийн хураагдсан бодисын хэмжээ, шүүгдэгчийн сэтгэцийн байдлын хувьд шизоаффектив эмгэг, сэтгэл хөөрөх эмгэгтэй, хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, сэтгэцэд нөлөөт төрлийн бодисоос хамааралтай гэх шинжгүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт “SNAIL” гэсэн бичиглэлтэй шилэн савтай бор өнгийн нунтаг зүйл, мөн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бор өнгийн модон аягатай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “YVES ROCHER” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийн урьд цагдан хоригдсон 90 хоногийг /2020.11.05-2021.02.04/ түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийн цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримт болох Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт “SNAIL” гэсэн бичиглэлтэй шилэн савтай бор өнгийн нунтаг зүйл, мөн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай бор өнгийн модон аягатай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “YVES ROCHER” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР