| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1157/Э/220/2021/0290 |
| Дугаар | 2021/ШЦТ/160 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа
улсын яллагч Г.Яндаг /томилолтоор/,
хохирогч Т.О, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ /ШТЭД-2818/,
шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл /ШТЭД-3135/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1346 дугаартай хэргийг 2020 оны 10 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух суух, урьд ял шийтгэлгүй,
Т овогт Ц Х /РД:..../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны эцэс дээр байрлах таксины зогсоол дээр “өөр такси барь” гэж хэлсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар иргэн Т.Оын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, толгойн дагз хэсэг рүү чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх” бүхий хүндэвтэр хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Т.Оын мэдүүлэг /хх10-11/, гэрч Б.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 1176 дугаар дүгнэлт /хх99/, шүүгдэгч Ц.Хгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх70-71/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх74-76, хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ц.Хг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т.Оын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргасан “...би 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед ажлаа тараад автобусанд суугаад Баянхошууны эцэс орох замдаа Цэнд-Аюуштай утсаар яриад уулзахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны эцэс дээр автобусны буудал дээр уулзсан юм. Тэгээд уулзаад би маргааш авто машин худалдаж авах талаар Цэнд-Аюушид яриад би машинаас буусан ба би тухайн үед Соната-7 маркийн машин авах талаар ярьчхаад Баянхошууны эцэс дээр байрлах таксины зогсоол дээр зогсож байсан Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой газ хэр их идэж байгаа талаар асууж байсан. Тэгтэл миний танихгүй нэг согтуу залуу ирээд зогсохоор нь би яасан бэ? такси авах юм уу? гэтэл тэр залуу такси авахгүй гэхээр нь би тэр залууг яв гэж хэлтэл тэр залуу над руу агсам тавих гээд орилоод байхаар нь би хэн хэндээ гай болоод яах вэ? зүгээр яв гээд би эргээд хартал тэр залуу миний ард талаас зүүн талын эрүү рүү гараараа 1 удаа цохихоор нь “би намайг цохичихлоо ш дээ” гэтэл тэр залуу миний толгойн дагз руу газар байсан чулуу аваад 1 удаа цохисон. ...Тухайн үед тэр залуу намайг чулуугаар цохисны дараа Цэнд-Аюуш машинаасаа бууж ирсэн байсан. Тэр залуу над руу агсам тавих гээд байсан тэгэхээр нь би яв гэж хэлээд шаардлага тавихад тэр залуу намайг цохисон. Тэрнээс тэр залуу бид хоёр хоорондоо өс хонзон гэх юм байхгүй. ...миний эрүү рүү гараараа нэг удаа цохиод дараа нь толгойн дагз руу чулуугаар нэг удаа цохисон. ... сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирээд Х гэдгийг мэдсэн. ...Тухайн үед миний эрүү бадайраад, толгой хагарсан байсан. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Х гар болон чулуугаар цохиж учруулсан...Х миний эрүү рүү цохисноос болоод миний эрүүний доод зүйн талын 3 шүд баруун талын доод 1 шүд тус тус эмчлүүлэх боломжгүй авах шаардлагатай буюу эрүүний хугарлыг эмчлүүлэхийн тул 4 шүдийг авсан. 1 шүдээ 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгөөр эмчлүүлэх зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх10-11, 15-16/,
2. Гэрч Б.Цэнд-Аюушийн “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний орой...үл таних хар өнгийн савхитай, жинсин өмдтэй, туранхай өндөр залуу Оын эрүү рүү цохиж байхаар нь би машинаас буугаад очиж салгах гээд явж байтал тухайн үл таних залуу газраас чулуу аваад Оын араас нь ... толгой хэсэг рүү нь нэг удаа чулуугаар цохисон. Тэгээд би очиж тэр үл таних залууг Оаас салгаад барьж байгаад цагдаа руу дуудлага өгчихсөн байж байтал тухайн залуу зугтаах гээд байхаар нь би барьж аваад О бид хоёр өөрийн биеэр цагдаагийн хэлтэс ойрхон байсан тул оруулж өгсөн. Тэгээд цагдаад дээр ирсний дараа тухайн залууг Х гэдгийг мэдсэн. ...Эхлээд намайг машин дотроос харахад Оын эрүү рүү нэг удаа цохиод тонгойсон байх үед нь газраас газраас чулуу аваад толгойн дагз руу нь нэг удаа цохисон...Тухайн үед намайг О дээр очиж харахад эрүү сонин болчихлоо, шүд хөдөлчихлөө гээд толгойн дагз хэсгээс нь цус гарч байсан. ...О тэр залууд огт гар хүрээгүй...” /хх20/,
3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1176 дугаар “...Т.Оын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх гэмтэл тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх нэг шүдний бургарал гэмтэл нь эрүү ясны хугаралын шугам 38-р шүдний ёзоор бэхлэгдэх хэсгийг дайрсан, 38-р шүд авагдсан байна. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-р алдагдуулна...” гэх дүгнэлт /хх97-99/,
4. Шүүгдэгч Ц.Хгийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг ойлгож байна...хүлээн зөвшөөрч байна. Бэлтгэлийн хар өнгийн хувцастай залуу өөр такси ав гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн эхлээд шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон ба тэр залуу газар суучихаар нь би тэр залуугийн толгойн хэсэг рүү нь чулуугаар нэг удаа цохисон. ...Манай хамтран амьдрагчийн ажпын залуутай адилхан харагдсан юм. Би такси барих гээд очиход тэр залуу өөр такси барь гээд хэрэлдээд байхаар нь миний уур хүрээд би тэр залууг цохисон. ...намайг зөрүүлж цохиж зодсон зүйл байхгүй. Би хохирогчид эмчилгээний зардлын мөнгө гэж баримтаар авагдсан мөнгийг гаргаж өгсөн. Харин цаашид нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг үнэхээр өөрөө баримтаа авчирвал би гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх68-71/,
5. Мэдүүлгийг газар дээр шалгасан “...уг газар нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны эцсийн таксины зогсоол байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх74-76/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Х:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Х нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
Хохирогч талаас гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорийн төлбөрийг урьдчилан төлүүлэх байр сууринаас үндэслэлээ тайлбарлаж оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцэс дээр байрлах таксины зогсоол дээр хохирогч Т.Оыг “өөр такси барь” гэж хэллээ гэсэнд уурлан танхайн сэдэлттэйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойн дагз хэсэг рүү чулуугаар цохиж зодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Т.Оын “...Тэгтэл миний танихгүй нэг согтуу залуу ирээд зогсохоор нь би яасан бэ? такси авах юм уу? гэтэл тэр залуу такси авахгүй гэхээр нь би тэр залууг яв гэж хэлтэл тэр залуу над руу агсам тавих гээд орилоод байхаар нь би хэн хэндээ гай болоод яах вэ? зүгээр яв гээд би эргээд хартал тэр залуу миний ард талаас зүүн талын эрүү рүү гараараа 1 удаа цохихоор нь “би намайг цохичихлоо ш дээ” гэтэл тэр залуу миний толгойн дагз руу газар байсан чулуу аваад 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цэнд-Аюушийн “...үл таних хар өнгийн савхитай, жинсин өмдтэй, туранхай өндөр залуу Оын эрүү рүү цохиж байхаар нь би машинаас буугаад очиж салгах гээд явж байтал тухайн үл таних залуу газраас чулуу аваад Оын араас нь ... толгой хэсэг рүү нь нэг удаа чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Хгийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Оын биед “...эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1176 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хэрэгт авагдсан баримт, хохирогч Т.Оын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр түүний зүүн доод эрүүний яс хугарч, 1 шүд булгарч унасан, эрүүний ясны хугарлыг эмчлэх мэс засал хийлгэхэд ойролцоох 3 шүдийг авсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Т.Оын баримтаар гаргаж өгсөн 1.356.825 төгрөгийн хохирлыг төлсөн нь тогтоогдож байна.
Хохирогч Т.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт 4 шүд хийлгэх хохиролд 8.000.000 төгрөгийн зардал гарахаар байгаа тул шүүгдэгчээр төлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс бодитоор гарсан зардлыг төлсөн, хохирогч шүдээ эмчлүүлсний дараа холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах боломжтой тул иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргасан болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.
Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.”, мөн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Шүүхээс хохирогчийн шүдээ эмчлүүлэх зардал нь зайлшгүй гарах зардалд хамаарна, түүнчлэн баримтаар нэхэмжилж буй нь зардал нь бодит байдалд нийцсэн гэж дүгнэн, энэхүү зардлыг урьдчилан нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн 4 шүдний эмчилгээний зардал болох 8.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Хгээс гаргуулж хохирогч Т.От олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээж шүүх хуралдаан хүртэлх хугацаанд баримтаар нэхэмжилсэн бодит зардлыг төлсөн, эрхэлсэн ажилтай нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Хохирогч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар тухайлсан санал гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн... ”, гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учирсан хохирлыг барагдуулсан байдал, цаашид хохирол төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлын хувьд “Трансбус” ХХК-д автобусны жолооч ажилтай хөдөлмөр эрхэлдэг /хх51/ зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэвээнжавын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хгээс 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулж хохирогч Т.От олгуулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР