| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0161/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 2108 00000 0038 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
Ж овогт Бын Б /РД:..../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уг хардалтын улмаас зодож түүний биед зүүн нүдний зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Угийн мэдүүлэг /хх9-10/, энгэрийн камераар бичлэг хийсэн тухай илтгэх хуудас /хх4/, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх54/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх56-61/, аюулын эрсдэлийн зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх63/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 46 дугаар дүгнэлт /хх19-20/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх32-32/, болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Угийн “...17 цагийн орчим баруун салаанд нөхрийн нагац ах Тойгийн гэрт очиход хамт ажилладаг Даваа, Пүүжээ хоёр архи уугаад сууж байсан. Бид нарыг ороход архи нь дууссан. Манай нөхөр Б, Пүүжээ, Даваа нартай хамт гарч 0.5 литрийн Хараа нэртэй архи авч ирээд ууж, хөзөр тоглосон. Гэтэл манай нөхөр Даваатай маргалдаад гадаа гарч зодолдоно гээд хоёулаа гарсан. Гадаа гараад зодолдсон эсэхийг мэдэхгүй. Тэр хоёр хоёулаа л гарсан. Орж ирээд үлдэгдэл архиа хувааж уусан. Нөхөр хүүхэд бид гурав гэртээ харихаар явж байтал нөхөр Б гэнэт над руу уурлаад чи Даваа, Пүүжээ хоёртой учиртай байсан биз дээ гэж хардаад толгой орой хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Гэртээ орох гэтэл дахин уурлаад тэр хоёртой хардаад гэр лүү чирч оруулаад миний толгой нүүр рүү баруун гараараа атгаж байгаад хоёр гурван удаа цохисон. Миний зүүн нүд хавдсан. Хамар цохисон учраас хамраас цус гарсан. Мөн гэдэс рүү цохисон. Манай охин Энхцолмон цагдаад дуудлага өгсөн юм. Бтай 10 жил хамт амьдрахад 15 удаа бага хэмжээгээр зодож байсан. Намайг зоддог талаар хүн мэдэхгүй. Би хэлдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх9-10/,
2. Энгэрийн камераар бичлэг хийсэн тухай “...Быг Дуулгат-120-д эрүүлжүүлэв...” гэх илтгэх хуудас /хх4/,
3. Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх54/,
4. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх56-61/,
5. Аюулын эрсдэлийн зэргийн “...бага...” гэх үнэлгээ /хх63/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 46 дугаар “...Б.Угийн биед зүүн нүдний зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх19-20/,
7. Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Тойг ахын гэрээс гарсан. Тэгээд гэрээс дөнгөж гараад хашаанд уур хүрээд Пүүжээ, Даваа хоёртой хардаад эхнэрийнхээ толгой руу нь хоёр удаа цохисон. Тэгээд эхнэр хүүхэд бид гурав гэр лүү дөнгөж орох гэж байхад бас уур хүрээд эхнэрийг үсдээд гэрт оруулаад нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл манай хүүхэд цагдаа дуудсан байсан. Тэгээд намайг эрүүлжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх32-33/.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.Б.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Уг бусадтай хардаж толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж түүний биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Угийн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Угийн эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, хамрын нурууг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийнхээ эрүүл мэндэд халдаж зодсон байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогчийн мэдүүлэгт урьд гэр бүлийн хүчирхийлэл гаргаж байсан гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Батдолгорын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР