| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/185 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/185
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сд холбогдох эрүүгийн 2008 02407 1278 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
урьд Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 торгох ял эдэлж байсан,
Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэссэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.С нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 32 дугаар байрны 12 дугаар орцны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Сыг газарт өргөж шидэж, гараараа цохиж биед дух, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, хурууны үений зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, эгэм, тохой, шуу, дал, өвдөг, шилбэнд гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 957 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирогчийн хохиролтой холбоотой баримтууд, хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч С.Сг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Цагдаагийн байгууллагад 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 40 минутад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх5/,
2. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...иргэн Д.С эхнэрээ хардан иргэн С.Стэй маргалдаж зодуулсан...” гэжээ. /хх6/,
3. Хохирогч Д.Сын цагдаагийн байгууллагад гаргасан “...С.С нь намайг толгой руу, элэг бөөр рүү удаа дараалан цохиж 32 дугаар байрны 11 орцны 1 метр өндөр шатан дээрээс өргөн нуруугаар шидэж миний биед хүнд гэмтэл учруулсан...” гэх өргөдөл /хх7/,
4. Хохирогч Д.Саас ирүүлсэн эмчилгээтэй холбоотой баримтууд, зодуулсны дараах гэрэл зургууд, гар утсаар хийсэн бичлэг бүхий диск 1 ширхэг, үзлэг хийсэн тэмдэглэл /хх21, 24, 27-28/,
5. Хохирогч Д.Сын “...Би 2020 оны 7 дугаар сарын 27-ны оройн 23 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 12 дугаар орцны үүдэнд салхилаад зогсож байхад эхнэр З нэг үл таних залуутай сугадалцсан, цүнхээ үүрүүлсэн байдалтай хоёулаа согтуу ирэхэд би гар утсаа гаргаж ирээд баримтжуулж бичлэг хийсэн юм. Би эхнэртээ хандан “энэ юун хүн юм бэ? Яагаад чиний цүнхийг сугадсан явж байгаа юм бэ” гээд асуухад эхнэр юм дугараагүй нөгөө залуу нь Зулаа цүнхээ ав гээд цүнхийг нь өгөөд над руу хүрч ирээд миний куртикний ханцуйнаас татаж хоолой боосон. Би гар утсаа баруун гартаа барьсан байсан. Тэгээд би куртикээ толгой дээгүүрээ тайлаад мултарч гарахад намайг барьж аваад газар унагаад толгой руу гараараа цохиж нуруу руу өшиглөсөн. Тэгээд би тэр залуугаас арай гэж салаад цагдаад дуудлага өгсөн... Тэгээд би нөгөө залуутай хамт орцны үүдэнд үлдэхэд нөгөө залуу чамайг ална гээд намайг өргөж аваад орцны 40-50 см өндөр довжоон дээрээс шидэж газар унагасан. Би тухайн үед үхчихлээ гээд ухаан балартсан. Би газар унахдаа нуруугаараа унасан. Тэгээд нөгөө залуу зугтаад явахад би араас нь дагаад байж бай асуудлаа шийднэ гэж хэлээд дагаад яваад байсан. Намайг араас нь дагаад явж байхад тэр залуу эргэж хараад гараараа шанаа руу 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд тэр залууг барьж аваад саатуулсан. Би толгой, нурууны томографик тус тус 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эмийн сангаас 36.000 төгрөгний эм, тариа авсан. Хүнсний зүйл авсан 13.500 төгрөг, 90.000 төгрөгөөр худалдаж авсан цамц урагдсан...” гэсэн мэдүүлэг /хх38-40/,
6. Гэрч П.Зийн “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн үед гараад намайг С гэр лүү такси барьж хүргэж өгсөн. Тэгээд С бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-ын автобусны буудал дээр буугаад алхаад манай байр буюу 32 дугаар байрны 11 дүгээр орцны үүдэнд ирэхэд манай нөхөр С өөдөөс гар утсаараа бичлэг хийж ирээд намайг чи муу архичин, янхан, байрны хүүхэн, танихгүй залууг сугадаад цүнхээ бариулаад, үнсэлцээд гэх мэтээр хараахад С манай нөхөрт хандан бид хоёр зүгээр 10-н жилийн ангийн хүүхдүүд ямар нэгэн холбоо байхгүй гэхэд С манай ангийн хүүхэд рүү дайраад малгайг нь газар авч шидээд тэр хоёр заамдалцаж аваад газар унаад боссон. Тэгээд би орц руугаа орох гэтэл намайг татаад газар унахад С ирээд Сыг өргөж аваад газар шидэж унагаад намайг орж бай би явлаа гэж хэлсэн. Тэгээд би орц руугаа яваад орсон...” гэсэн мэдүүлэг /хх44/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8624 дугаар “...Д.Сын биед дух, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, хурууны үений зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, эгэм, тохой, шуу, дал, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд болно...” гэх дүгнэлт /хх50-52/,
8. Шүүгдэгч С.Сгийн яллагдагчаар өгсөн “...Зийн цүнхийг бариад алхаж байхад С өөдөөс гар утсаараа бичлэг хийгээд ирсэн ба намайг чи хэн юм бэ Зтэй ямар холбоотой юм бэ гээд асуухаар нь би 10-н жилийн ангийнх нь хүүхэд байгаа юм аа сая манай ангийнхан уулзаад би гэрт хүргэж өгөөд явж байна гэж хэлэхэд С чи манай эхнэртэй явалддаг хүн би та хоёрыг барьсан гээд эхнэр рүүгээ дайраад эхнэрээ банзал, янхан гэж хараагаад чи миний 4 хүүхдийн амьдралаар тоглолоо гээд орилоод над руу дайраад бид хоёр заамдалцаж аваад салгасан. Би Сын цамцнаас нь заамдсан. Тэгээд З орох гэтэл С татаад газар унагахад би очоод Сыг тэвэрч аваад газар шидэж унагаад Зийн орц руу оруулж өгөөд явахад араас С гар утсаараа бичлэг хийгээд дагаад 32-ын автобусны буудал хүртэл дагаж явсан. Тэгээд 32-ын автобусны буудал дээр байж байхад цагдаа ирсэн... Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Сын биед гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх61-63/,
Гэм буруугийн талаар: шүүгдэгч С.С
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.С нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.С нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 11 дүгээр орцны үүдэнд хохирогч Д.Сыг утсаар бичлэг хийлээ, эхнэртэйгээ хардлаа гэж гараараа цохиж, газарт өргөж шидэн унагах байдлаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...над руу хүрч ирээд миний куртикний ханцуйнаас татаж хоолой боосон. Би гар утсаа баруун гартаа барьсан байсан. Тэгээд би куртикээ толгой дээгүүрээ тайлаад мултарч гарахад намайг барьж аваад газар унагаад толгой руу гараараа цохиж нуруу руу өшиглөсөн... намайг өргөж аваад орцны 40-50 см өндөр довжоон дээрээс шидэж газар унагасан...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Зийн “...манай нөхөр С өөдөөс гар утсаараа бичлэг хийж ирээд намайг чи муу архичин, янхан, байрны хүүхэн, танихгүй залууг сугадаад цүнхээ бариулаад, үнсэлцээд гэх мэтээр хараахад С манай нөхөрт хандан бид хоёр зүгээр 10-н жилийн ангийн хүүхдүүд ямар нэгэн холбоо байхгүй гэхэд С манай ангийн хүүхэд рүү дайраад малгайг нь газар авч шидээд тэр хоёр заамдалцаж аваад газар унаад боссон...” гэсэн мэдүүлэг, хохирогчоос гаргаж өгсөн гэрэл, зураг, гар утасны бичлэг бүхий тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч С.С нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Сын биед “...дух, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, хурууны үений зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, эгэм, тохой, шуу, дал, өвдөг, шилбэнд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8624 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор-уршиг төлөгдсөн төлөгдсөн байдал:
Хохирогч Д.Саас нийт 387.500 төгрөгийн хохирлын баримт гаргаж нэхэмжилснээс шүүгдэгч С.С нь хохиролд 374.000 төгрөгийг төлсөн нь банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хохирогчийг хоол, хүнс авсан гэх 13.500 төгрөгийн зардлыг зайлшгүй гарах гэм хорын зардалд тооцох үндэслэлгүй байна.
Иймд хохирогчийг баримтаар 374.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн гэж үзэх ба шүүгдэгч нь энэхүү хохирлыг бүрэн төлж барагдуулжээ.
Мөн хохирогч Д.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болно.
Түүнчлэн хохирогч Д.С нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас /шалтгаан тодорхой бичээгүй/ хуралдаанд оролцох боломжгүй хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж хохирогчид хурлын тов мэдэгдсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд мөн эрүүл мэндийн шалтгаанаар хурал хойшлуулж өгөх хүсэлтийг явуулсан байх бөгөөд мөн л ямар шалтгаанаас болохоо дурдаагүй, холбогдох баримтыг хавсаргаагүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд хохирогч... хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хохирогчийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн эхнэртэйгээ хардан гар утсаар бичлэг хийж, маргаан үүсгэсэн зүй бус үйлдлээс шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн үндэслэлүүдийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учирсан хохирлыг барагдуулсан, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, дээр дурдсан хөнгөрүүлэн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хамт хагдалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Д.С нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хадгалан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР