Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 03122 0047 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Бын Б /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй иргэн Д.Гын өмчлөлийн Редми-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 45 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, гэрч Л.Эрдэнэсүрэн, З.Алхбаатарын нарын мэдүүлэг /хх14, 16/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Насанд хүрээгүй хохирогч Д.Гын /17 настай, 12-р ангийн сурагч/ “...би ганцаараа эх нялхсын автобусны буудлаас автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны хөтлийн буудал дээр автобуснаас буух үедээ хар өнгийн брюкен өмднийхөө халаасанд хийсэн байсан хар өнгийн Редми-8 загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан утсаа 2020 оны 6 дугаар сард Теди төвөөс шинээр нь 470.000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Редми-8 загварын гар утас байсан. ...Алдсан гар утсаа авсан үнээр нь үнэлж байна. Би алдсан гар утсаа олоод авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ гар утас хулгайлсан гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх6-9/,

2. “Дамно” ХХК-ийн НЦУГ-20-274 дугаар “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 10 сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 430.000₮ /Дөрвөн зуун гучин мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх үнэлгээ /хх25-26/,

3. Гэрч Л.Эрдэнэсүрэн /НЦГ-ын эрүүгийн мөрдөгч/ “...2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийн орчим 22:20 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байгаад сэжиг бүхий соната-7, приус-30 машинтай этгээдүүд байхаар нь шалгаад үзсэн чинь дотор нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдийн бүртгэл судалгаанд байдаг Б.Баяржаргал, урьд нь халаасны хулгайн чиглэлээр мэдээ, мэдээлэл авагдаж байсан Ц.Батдорж, Л.Оргилбаяр тухайн автомашинд сууж байсан. ...Б.Б нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй, халаасны хулгайн гэт хэрэг үйлддэг этгээдүүдийн бүртгэл судалгаанд байдаггүй. Тухайн үед хураалгасан гар утаснуудыг шалгаж үзэхэд Б.Б нь тухайн өдөр рэдми-8 гар утсыг Баянхошууны орчим автобусанд явж байсан эрэгтэй хүүхдээс хулгайлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх14/,

4. Гэрч З.Алхбаатарын “...Тэгээд бөөнөөрөө Монтел дээр очоод Монтелийн тэнд байх CU түргэн хоолны газрын зүүн талд очиж зогссон. Тэнд Батдорж цагаан Соната-7 машинтай, машинд нь Баяржаргал, Билгүүн, Оргилбаяр нар суугаад Баяржаргалын Приус-30 машиныг би бариад Бтэй суугаад очсон байсан. Тэгтэл энгийн хувцастай цагдаагийн алба хаагч ирээд Б бид хоёр дээр ирээд шалгасан. Тэгээд нөгөө хэдийг бас шалгахад машинаас нь Батдорж, Оргилбаяр, Б, Баяржаргал нарын хулгайлсан гар утаснууд гарч ирсэн. Тэгээд цагдаагийн газарт авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

5. Шүүгдэгч Б.Бийн “...Автобусны голын хаалганы орчим өндөр нуруутай, хар куртиктэй, 20 орчим насны болов уу гэмээр эрэгтэй хүүхэд зогсож байсан ба куртикнийх нь зүүн талын халааснаас нь гар утас нь харагдаад байхаар нь шинэ эцсийн буудал дээр автобус зогсох үед халааснаас нь гар утсыг нь суйлж аваад буучихсан. Миний хулгайлж авсан гар утас Редми-8 загварын гар утас байсан. Би хулгайлж авсан гар утсаа цагдаад хураалгаад цагдаагийн алба хаагчид хохирогчид буцааж биетээр нь өгсөн. Хохирол төлөгдсөн...” гэсэн мэдүүлэг /хх45-46/,

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...”Редми 8/Redmi 8/ загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, хар өнгийн гар утасны резин хамгаалалтын гэр тус тус 1 ширхгийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /хх28/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Б:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт автобусанд зорчин явсан насанд хүрээгүй хохирогч Д.Гын халааснаас Редми-8 загварын гар утсыг нь нууцаар авсан авч, мөн өдрөө Монтел худалдааны төвийн гадна худалдан борлуулахаар очих үедээ цагдаагийн албан хаагчид саатуулагдсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, насанд хүрээгүй хохирогч Д.Гын “...Баянхошууны хөтлийн буудал дээр автобуснаас буух үедээ хар өнгийн брюкен өмднийхөө халаасанд хийсэн байсан хар өнгийн Редми-8 загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан утсаа 2020 оны 6 дугаар сард Теди төвөөс шинээр нь 470.000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн Редми-8 загварын гар утас байсан...” гэсэн мэдүүлэг, цагдаагийн албан хаагч, эрүүгийн төлөөлөгч Л.Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг, гэрч З.Алхбаатарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.

Мөн хулгайд алдагдсан эд зүйл болох гар утас нь 430.000 төгрөгөөр үнэлэгдсэн буюу хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Гд учирсан 430.000 төгрөгийн үнэтэй Редми-8 маркийн гар утсыг биет байдлаар буцаан олгогдсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь хөдөлмөр эрхлэхээр хүсэлтээ өгсөн, эхнэр жирэмсэн нөхцөл байдлыг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэжээ.  

Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж байдлын хувьд автобусанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгчийн хувьд хөдөлмөр эрхэлдэг нь баримтаар тогтоогдоогүй буюу ажлын ярилцлагад орсон гэсэн үндэслэлээр тэнсэж, үүрэг хүлээлгэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бийн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд  260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР