Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 136

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнжийн 5-18 тоотод оршин суух Цагаануул овгийн Лхамжавын Цэцгээгийн /РД:АК62022709/ хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн Лхамжав овогтой Цэцгээ намайг Архангай аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1979 оны 04 сарын 20-ноос 1980 оны 03 сарын 15 хүртэл цэвэрлэгчээр, 1980 оны 03 сарын 15-наас 1982 оны 03 сарын 10 хүртэл мөн буудалд цэцэглэгч, чимэглэгчнээр, 1982 оны 03 сарын 10-наас 1984 оны 01 сарын 05 хүртэл халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Л.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 04 сарын 20-ны өдөр Нийтийн аж ахуй үйлчилгээний зочид буудалд цэвэрлэгчээр ажилд ороход боловсон хүчин Түдэв гэдэг хүн миний хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ Лхамжав гэж бичихийг Тамжав гэж бичсэн байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал дээр Лхамжав гэж зөв бичигдсэн атлаа ажилд орсон тушаал дээр Тамжав гэж буруу бичсэн учир хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний дэвтэрт Нийтийн аж ахуй үйлчилгээний зочид буудалд цэцэглэн чимэглэгчээр, 1983 онд Ахуй үйлчилгээний харьяа Халуун усны газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад 1984 оны 01 сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болон Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сар хүртэл хугацаанд ажиллаж байсныг тэмдэглэсэн гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Цэцгээ нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зочид буудлын цэвэрлэгч, үйлчлэгчээр 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс 1980 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл, цэцэгчин чимэглэгчээр 1980 оны 03 сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл, Халуун усны үйлчлэгчээр 1982 оны 03 сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл, Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг бичсэн 1980 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Булган зочид буудлын үйлчлэгчээр Тамжавын Цэцгээг 4-р сарын 11-нээс, ... эхлэн түр авч ажиллуулсугай гэсэн “Ажилд түр томилох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 04 сарын 20-ны өдрийн 62 тоот тушаал,
1.2. Булган зочид буудлын үйлчлэгч Т.Цэцгээ, ... нарыг 1980 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 03 сарын 31-ний өдрийн 60 тоот тушаал,
1.3. Зочид буудлын үйлчлэгч Т.Цэцэгээгийн 1981 оны ээлжийн амралтыг 11-р сарын 1-ээс эхлэн ажлын 16 хоногоор бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 10 сарын 29-ний өдрийн 342 тоот тушаал,
1.4. Ажилчдын урлагийн их наадмын I шатны урлагийн үзлэгт шалгарсан дараах хүмүүсийг 1982 оны 2-р сарын 12-ны өдрөөс эхлэн 9 хоногийн хугацаагаар эрхэлсэн ажлаас нь түр чөлөөлж бэлтгэл сургуульд оролцуулсугай. Үүнд: ... Цэцэгээ-зочид буудлын үйлчлэгч гэсэн “Ажилчны урлагийн их наадмын I шатны үзлэгт шалгарсан хүмүүсийг ажлаас нь түр чөлөөлөх тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 02 сарын 17-ны өдрийн 17 тоот тушаал,
1.5. АСТ-ийн тэмцээнд оролцох хүмүүст дараах бүрэлдэхүүнээр баталсугай. Үүнд: гишүүдэд Т.Цэцэгээ-халуун усны үйлчлэгч гэсэн “Комисс байгуулах тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 11 сарын 09-ний өдрийн 257 тоот тушаал,
2. Амьдралын шаардлагаар нөхрөө дагаж өөр газар шилжиж ажиллах болсон учир Лхамжав овогтой Цэцгээг ОСНАА-н салбарын 2-р халуун усны үйлчилэгчийн үүрэгт ажлаас 1984 оны 1-р сарын 5-наар тасалбар болгон чөлөөлж, Хайрхан сум-нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал,
3. Гэрч Д.Баасанхүүгийн: “Би Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1973 оноос тус аж ахуйг хувьчлагдах хүртэл нярав, биеийн тамирын зааварлагч, мастер зэрэг ажлуудыг хийж байсан. Л.Цэцгээ нь 1979 оны үед Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын Булган буудалд үйлчлэгчээр ажиллаж байгаад сүүлдээ тус аж ахуй үйлчилгээний газрын халуун усанд нэг хэсэг ажиллаж байсан. Л.Цэцгээ нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 5, 6 жил ажиллаад 1984, 1985 оны үед хүнтэй суугаад тус аж ахуй үйлчилгээнээс гарсан. Л.Цэцгээгийн аавыг Лхамжав гэдэг байсан. Намайг биеийн тамирын зааварлагчаар ажиллаж байх үед Л.Цэцгээгийн аав Лхамжав нь надаас ирж Л.Цэцгээд чөлөө авч өгч байсан” гэх мэдүүлэг,
4. Гэрч Т.Түмэнбаярын: “Би Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийг 1979 оны 06 сард төгсөж ирээд 1979 оны 09 сард Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гэрэл зурагчнаар ажилд ороход Л.Цэцгээ нь тус ахуй үйлчилгээний Булган буудалд манай найз Хандмаатай хамт үйлчлэгчээр ажилладаг байсан. Би Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гэрэл зурагчнаар 1981 он хүртэл ажиллаад ахуй үйлчилгээний газраас гарахад Л.Цэцгээ нь ажлаа хийж л байсан. Л.Цэцгээ хэдэн он хүртэл ажилласныг би мэдэхгүй. Л.Цэцгээ нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар ажиллаж байхдаа концертонд их орж дуулдаг байсан. Би 1985 оноос 1988 он хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын ахуй үйлчилгээний цэгийн эрхлэгчээр ажилласан. Намайг 1988 онд Хайрхан суманд ажиллаж байхад Л.Цэцгээ нь хүнтэй суучихсан Хайрхан суманд байдаг байсан” гэх мэдүүлэг,
5. Л.Намжилмаагийн: “Л.Цэцгээ нь 1979 оноос 1984 он хүртэл Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цэвэрлэгч, үйлчлэгчээр зэрэг ажил хийж байсан. Манай аавыг Лхамжав гэдэг байсан. Харин Л.Цэцгээгийн хөдөлмөрийн дэвтэрт овгийг нь Тамжав гээд биччихсэн юм байна лээ. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээсэн ажилтан нь манай аавын нэрийг алдаатай биччихсэн байх гэж бодож байна. Манай аавын ах дүү нарт ч Тамжав гэсэн нэртэй хүн байхгүй. Бид эхээс наймуулаа. Би Мягмар гэсэн ах, Сугар гэсэн эгчтэй, Чанцал, Мягмар, Оюунгэрэл, Далай, Цэцгээ гэсэн дүүтэй. Манай ах, эгч, дүү нар бүгд Цагаануул ургийн овогтой харин минийх Боржигин. Тухайн үед би ах, эгч, дүү нартай зөвлөлдөөгүй овгоо авчихсан” гэх мэдүүлэг,
6. Г.Алтанцэцэгийн: “Л.Цэцгээ бид хоёр Архангай аймгийн Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 12 сарын 25-ны өдөр хамт ажилд орж, би Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүрт кассчаар, Л.Цэцгээ хүүхдийн барааны тасагт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Л.Цэцгээ уг ажлаа 1987 он хүртэл хийсэн. Би Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн хүнсний дэлгүүрт кассчинаар 1991 он хүртэл ажиллаж, 1991 оноос Худалдаа бэлтгэлийн ангийг хоршоо болсны дараа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж, уг ажлаа 1995 он хүртэл хийсэн. Би Л.Цэцгээтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан учир түүнийг 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 он хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсныг мэдэж байна. Би Л.Цэцгээгийн аав, ээжийн талаар сайн мэдэхгүй. Надтай хамт орж тушаалаа гаргуулаад явж байхад Лхамжавын Цэцгээ гэж байсныг сайн санаж байна” гэх мэдүүлэг,
7. С.Галаахүүгийн: “Би 1985 оноос 2001 он хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн анги болон Худалдаа бэлтгэлийн ангийг хувьчлагдаж хоршоо болж уг хоршоог татан буугдах хүртэл манаачаар ажилласан. Л.Цэцгээ нь манай суманд бэр болж ирээд 1986 оны үед л Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар орчихсон ажиллаж байсан. Тэрнээс хойш Л.Цэцгээг хэдэн он хүртэл уг ажлаа хийснийг сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг,
8. Хайрхан сумын худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассчнаар 1986 оны 12 сарын 25-ны өдөр авч ажиллуулав, Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 12-р сарын 25-ны өдрийн 13 тоот тушаалаар; Хайрхан сумын Хэрэглээний Хунт хоршооны дэлгүүрийн худалдагчаар авч ажилуулав, Хоршооны даргын 1991 оны 09-р сарын 03-ны өдрийн 17 тоот тушаалаар гэсэн бичилт бүхий гэрч Г.Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар, 
9. Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зочид буудлын цэвэрлэгч, үйлчлэгчээр 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс 1980 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл, цэцэгчин чимэглэгчээр 1980 оны 03 сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл, Халуун усны үйлчлэгчээр 1982 оны 03 сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл, Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг бичсэн 1980 оны 02 сарын 10-ны өдрийн Тамжав овогтой Цэцгээгийн хөдөлмөрийн дэвтэр,
10. Лхамжавын Цэцгээгийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
11. Тус архивын сан хөмрөгт Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн материал шилжиж ирээгүй тул Лхамжавын Цэцгээд холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 140 тоот тодорхойлолт зэрэг болно. 
 
Шүүх хүсэлт гаргагч Л.Цэцгээгийн хүсэлтээр түүнтэй ажиллаж байсан Д.Баасанхүү, Т.Түмэнбаяр, Г.Алтанцэцэг, С.Галаахүү мөн түүний гэр бүлийн талаар сайн мэдэх Л.Намжилмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.  
Мөн хэрэгт эх хувиараа авагдсан тушаал, архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зочид буудлын цэвэрлэгч, үйлчлэгчээр 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс 1980 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл, цэцэгчин чимэглэгчээр 1980 оны 03 сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл, Халуун усны үйлчлэгчээр 1982 оны 03 сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл, Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг бичсэн 1980 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Лхамжавын Цэцгээ болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллаж байсныг нотолсон Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 04 сарын 20-ны өдрийн 62 тоот, 1980 оны 03 сарын 31-ний өдрийн 60 тоот, 1982 оны 02 сарын 17-ны өдрийн 17 тоот, 1983 оны 11 сарын 09-ний өдрийн 257 тоот, 1984 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал, гэрч Д.Баасанхүү, Т.Түмэнбаяр, Л.Намжилмаа нарын мэдүүлэг, Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсныг нотолсон гэрч Г.Алтанцэцэг, С.Галаахүү нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрч Д.Баасанхүүгийн: “Л.Цэцгээ нь 1979 оны үед Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын Булган буудалд үйлчлэгчээр ажиллаж байгаад сүүлдээ тус аж ахуй үйлчилгээний газрын халуун усанд нэг хэсэг ажиллаж байсан. Л.Цэцгээ нь Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар 5, 6 жил ажиллаад 1984, 1985 оны үед хүнтэй суугаад тус аж ахуй үйлчилгээнээс гарсан. Л.Цэцгээгийн аавыг Лхамжав гэдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.Түмэнбаярын: “Би Улаанбаатар хотын Нийтийн аж ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийг 1979 оны 06 сард төгсөж ирээд 1979 оны 09 сард Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гэрэл зурагчнаар ажилд ороход Л.Цэцгээ нь тус ахуй үйлчилгээний Булган буудал манай найз Хандмаатай хамт үйлчлэгчээр ажилладаг байсан. Би Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гэрэл зурагчнаар 1981 он хүртэл ажиллаад ахуй үйлчилгээний газраас гарахад Л.Цэцгээ нь ажлаа хийж л байсан” гэх мэдүүлэг нь Л.Цэцгээгийн хүсэлтдээ дурдсан ажиллаж байсан хугацаатай тохирч байх тул Тамжавын Цэцгээ, Т.Цэцгээ нэрээр бичигдсэн тушаалыг хүсэлт гаргагч Л.Цэцгээд холбогдох баримт гэж үзлээ. 
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн мөн хэрэгт эх хувиараа авагдсан хүсэлт гаргагчийг Булган зочид буудлын үйлчлэгчээр 4-р сарын 11-нээс эхлэн түр авч ажиллуулсан “Ажилд түр томилох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 04 сарын 20-ны өдрийн 62 тоот тушаал, 1980 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 03 сарын 31-ний өдрийн 60 тоот тушаал, Амьдралын шаардлагаар нөхрөө дагаж өөр газар шилжиж ажиллах болсон учир Лхамжав овогтой Цэцгээг ОСНАА-н салбарын 2-р халуун усны үйлчилэгчийн үүрэгт ажлаас 1984 оны 1-р сарын 5-наар тасалбар болгон чөлөөлж, Хайрхан сум-нэгдлийн мэдэлд шилжүүлсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 01 сарын 04-ний өдрийн 01 тоот тушаалуудын огноо, дугаар 1980 оны 02 сарын 10-ны өдрийн Цэцгээгийн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилттэй тохирдог. 
Иймд Л.Цэцгээгийн “Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зочид буудлын цэвэрлэгч, үйлчлэгчээр 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс 1980 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл, цэцэгчин чимэглэгчээр 1980 оны 03 сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл, Халуун усны үйлчлэгчээр 1982 оны 03 сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл, Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг бичсэн 1980 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Л.Цэцгээ нь 1981, 1982 онд зочид буудлын үйлчлэгчээр ажиллаж байгаагүй тул  зочид буудлын үйлчлэгч Т.Цэцэгээд 1981 оны ээлжийн амралт олгосон Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 10 сарын 29-ний өдрийн 342 тоот тушаал, зочид буудлын үйлчлэгч Цэцэгээд холбогдох  “Ажилчны урлагийн их наадмын I шатны үзлэгт шалгарсан хүмүүсийг ажлаас нь түр чөлөөлөх тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 02 сарын 17-ны өдрийн 17 тоот тушаал зэргийг хүсэлт гаргагчид хамааралгүй баримт гэж үзлээ.
    
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зочид буудлын цэвэрлэгч, үйлчлэгчээр 1979 оны 04 сарын 20-ны өдрөөс 1980 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл, цэцэгчин чимэглэгчээр 1980 оны 03 сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл, халуун усны үйлчлэгчээр 1982 оны 03 сарын 10-ны өдрөөс 1984 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл, Хайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн худалдагчаар 1986 оны 12 сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг бичсэн 1980 оны 02 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Цагаануул овгийн Лхамжавын Цэцгээ болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй. 

           3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА