| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00108/И |
| Дугаар | 142 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1963 төрсөн, Чулуут сумын “Сүмбэрийн гялман” мал эмнэлэгт малын эмч ажилтай, Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багт оршин суух Намсрай овгийн Цэрэндоржийн Нармандахын /РД:АЮ63112267/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд нотлох баримтуудыг үндэслэн Улаанбаатар хотын 1-р цахилгаан станцын КИП-ын цехэд 1984 оны 11 сараас 1986 оны 10 сар хүртэл засварчнаар, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Дизель станц уурын зуухны ашиглалт засварын газар 1982 оны 09 сарын 02-ны өдрөөс 1984 оны 11 сарын хүртэл цахилгаанчнаар, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 сар хүртэл асрагчаар, Архангай аймгийн Ихтамир сумын захиргаанд 1990 оны 12 сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 сар хүртэл бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Нармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цэрэндорж овогтой Нармандах ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаснаас 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 сар хүртэл, 1988 оны 11 сарын 05-наас 1989 оны 12 сар хүртэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт ажиллаж байсан, Архангай аймгийн Соёлын хэлтсийн түүхийн музейд ажиллаж байсан жилүүдийг тогтоолгож, 1982-1984 он хүртэл Дизель засварын газарт ажиллаж байсан болон 1990-1992 оныг дуустал Ихтамир сумын захиргаанд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан жилүүдээ тогтоолгохоос татгалзаж байна гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний тэтгэвэрт гарах нас болсон боловч ажилласан жил маань гүйцэхгүй байгаа юм. Архангай аймгийн Ихтамир суманд хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир ажилласан жил маань бүрэн тогтоогдож чадаагүй. Би 1987 оны 01 сараас 1987 оны 05 сарыг хүртэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт асрагчаар, 1988 оны 11 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарыг дуустал Архангай аймгийн Соёлын хэлтсийн түүхийн музейд тайлбарлагчаар ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нармандах нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 01 сараас 1987 оны 05 сар хүртэл, Архангай аймгийн Соёлын хэлтсийн түүхийн музейн тайлбарлагчаар 1988 оны 11 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Түүхийн музейн тайлбарлагчаар Цэрэндоржийн Нармандахыг 1988 оны 11 дүгээр сарын 5-наас эхлэн түр томилсугай гэсэн “Ажилд түр томилох тухай” Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 82 тоот тушаал,
1.2. Өөрсдийн хүсэлт, ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийн дагуу нярай хүүхдээ асрахад нь зориулж аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагч Ц.Нармандахад 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл тэтгэмжтэй гурван сарын чөлөө олгосугай гэсэн “Нэмэгдэл чөлөө олгох тухай” Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 84 тоот тушаал,
2. Ц.Нармандахын 1984, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-8 сар, 1987 оны 1-5 сар хүртэл татвар төлж байсныг тэмдэглэсэн Монголын Үйлвэрчний эвлэлийн гишүүний 529221 тоот бат илэрхийлэх,
3. Гэрч В.Алтанцэцэгийн: “Би Архангай аймгийн Соёлын хэлтэст нягтлан бодогчоор 1988 оноос тус хэлтсийг татан буугдах хүртэл ажиллаж, Соёлын хэлтэс татан буугдсны дараа Номын сан, музейд нягтлан бодогчоор орж одоог хүртэл ажиллаж байна. Намайг Архангай аймгийн Соёлын хэлтэст ажиллаж байх үед Соёлын хэлтэс нь аймгийн номын сан, музей, кино театр, сумдын соёлын байгууллагуудыг хариуцаж ажилладаг, тухайн байгууллагуудын ажилчдын тушаалыг гаргадаг байсан. Даргаар Х.Доржсүрэн ажиллаж байсан. Ц.Нармандахыг 1988 оны 11 сараас Архангай аймгийн Соёлын хэлтсийн харьяа түүхийн музейд тайлбарлагчаар авч ажиллуулж байсан. Би цалинг бичиж олгодог байсан. Ц.Нармандах нь уг ажлаа 1 жил орчим хийсэн. Тухайн үед түүхийн музейн захирал нь Д.Эрдэнэчимэг, фондчиноор Батсайхан, үйлчлэгчээр Д.Лхагваа зэрэг хүмүүс ажилладаг байсан. Ц.Нармандах нь Соёлын хэлтсээс гараад ямар ажил хийж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч Д.Лхагвын: “Би Архангай аймгийн Соёлын хэлтсийн харьяа түүхийн музейд 1988 оны 10 сард үйлчлэгчээр ажилд орж 1989 он хүртэл ажиллаж, 1989 оны 11 сарын 01-нээс 12 сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд номын санд үйлчлэгчээр ажиллаж, буцаад музейд үйлчлэгчээр 1990 оны 10 сар хүртэл ажилласан. Ц.Нармандах нь 1988 оны 11 сард аймгийн түүхийн музейд тайлбарлагчаар ажилд орж 1 жил гаран ажилласан. Би Ц.Нармандахтай Архангай аймгийн Түүхийн музейд хамт ажиллаж байсан учир түүнийг 1988 оны 11 сараас эхлэн тайлбарлагчаар 1989 онд хүүхдээ төрүүлэх хүртэл ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
5. Гэрч А.Сүрэнхорлоогийн: “Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт 1983 оноос бага эмчээр 1993 он хүртэл ажиллаад нэгдсэн эмнэлэгийн дүн бүртгэлийн тасагт орж ажилласан. Намайг нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт бага эмчээр ажиллаж байхад Ц.Нармандах нь 1987 онд манай тасагт асрагчаар орж, уг ажлаа 5, 6 сар хийгээд ажиллахаа больсон. Би Ц.Нармандахтай нэг байгууллагад нэг тасагт хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Нямсүрэнгийн: “Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт асрагчаар 1984 оны 06 сараас 1997 он хүртэл ажиллаад 1997 оноос хүлээн авах яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний тасагт асрагчаар, 2004 оноос сэхээний тасагт сувилагчийн туслахаар орж одоог хүртэл ажиллаж байна. Ц.Нармандах нь намайг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт асрагчаар ажилладаг байхад 1987 оны 01 сар тус тасагт асрагчаар орж ажилласан. Би Ц.Нармандахтай хааяа нэг ээлжинд гарч ажилладаг байсан. Ц.Нармандах нь 1987 оны 5, 6 сарын үед жирэмсний амралтаа аваад гарч байсан. Тэрнээс хойш Ц.Нармандахыг ямар ажил хийж байсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг,
7. Архангай аймгийн Соёлын хэлтэст туслах нягтлан бодогчоор 1988 оны 05 сарын 16-ны өдөр авч ажиллуулав, Соёлын хэлтсийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 26-р тушаалаар; Соёлын хэлтсийн туслах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас 1990 оны 01 сарын 08-ны өдөр чөлөөлж мөн өдрөө аймгийн музейн номын сан хариуцсан ня бо-гоор авч ажиллуулав, Архангай аймгийн Соёлын хэлтсийн 1990 оны 01 сарын 09-ний өдрийн 03-р тушаалаар гэсэн бичилт, байгууллагын тамга тэмдэг бүхий гэрч В.Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар,
8. Түүхийн музейн үйлчлэгчээр 1988 оны 10 сарын 10-ны өдөр авч ажиллуулав, Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1988 оны 10 сарын 10-ны өдрийн 73-р тушаалаар; Түүхийн музейн үйлчлэгчээс 1989 оны 11 сарын 01-ний өдөр чөлөөлж, хүүхдийн номын санд түр үйлчлэгчээр авч ажиллуулав, Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 89-р тушаалаар; Хүүхдийн номын сангийн үйлчлэгчээс чөлөөлж ОНС музейд 1989 оны 12 сарын 07-ны өдөр түр үйлчлэгчээр авч ажиллуулав, Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 12 сарын 13-ны өдрийн 96-р тушаалаар; Аймгийн ОНС музейд үйлчлэгчээс 1990 оны 10 сарын 01-ний өдөр чөлөөлөв, Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990 оны 10 сарын 01-ний өдрийн 51-р тушаалаар гэсэн бичилт, байгууллагын тамга тэмдэг бүхий гэрч Д.Лхагвын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар,
9. ... Нэгдсэн эмнэлэгийн лаборантаас чөлөөлж дотрын тасагт бага эмчээр 1983 оны 03 сарын 01-ний өдөр ажиллуулав, Нэгдсэн эмнэлэгийн даргын 1983 оны 03 сарын 05-ны өдрийн 45 тоот тушаалаар; Дотрын тасгийн бага эмчээс чөлөөлж дүн бүртгэл арга барилын тасагт статистикч бага эмчээр 1991 оны 06 сарын 01-ний өдөр ажиллуулав, Нэгдсэн эмнэлэгийн даргын 1991 оны 6-р сарын 11-ний өдрийн 42-р тушаалаар; ... гэсэн бичилт, байгууллагын тамга тэмдэг бүхий гэрч А.Сүрэнхоролын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар,
10. Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт 1984 оны 06 сарын 02-ны өдөр асрагчаар авч ажиллуулав, Нэгдсэн эмнэлэгийн даргын 1987 оны 05 сарын 05-ны өдрийн 88 тоот нөхөн сэргээх тушаалаар; нийгмийн даатгалын 222097 тоот дэвтэр олгож өмнөх хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгов гэсэн бичилт, байгууллагын тамга тэмдэг бүхий гэрч Д.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ц.Нармандахын хүсэлтээр түүнтэй хамт Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан А.Сүрэнхорлоо, Д.Нямсүрэн, Архангай аймгийн Соёлын хэлтэст ажиллаж байсан В.Алтанцэцэг, Д.Лхагва нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Нармандахын Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 01 сараас 1987 оны 05 сар хүртэл ажиллаж байсан нь 1987 оны 1-5 сард татвар төлсөн Монголын Үйлвэрчний эвлэлийн гишүүний 529221 тоот бат илэрхийлэх, гэрч А.Сүрэнхорлоогийн: “Намайг нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт бага эмчээр ажиллаж байхад Ц.Нармандах нь 1987 онд манай тасагт асрагчаар орж, уг ажлаа 5, 6 сар хийгээд ажиллахаа больсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Нямсүрэнгийн: “Ц.Нармандах нь намайг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт асрагчаар ажилладаг байхад 1987 оны 01 сар тус тасагт асрагчаар орж ажилласан. Би Ц.Нармандахтай хааяа нэг ээлжинд гарч ажилладаг байсан. Ц.Нармандах нь 1987 оны 5, 6 сарын үед жирэмсний амралтаа аваад гарч байсан” гэх мэдүүлэг,
Архангай аймгийн Соёлын хэлтсийн түүхийн музейн тайлбарлагчаар 1988 оны 11 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь “Ажилд түр томилох тухай” Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 82 тоот тушаал, “Нэмэгдэл чөлөө олгох тухай” Архангай аймгийн Соёлын хэлтсийн даргын 1989 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 84 тоот тушаал, гэрч В.Алтанцэцэгийн: “Ц.Нармандахыг 1988 оны 11 сараас Архангай аймгийн Соёлын хэлтсийн харьяа түүхийн музейд тайлбарлагчаар авч ажиллуулж байсан. Би цалинг бичиж олгодог байсан. Ц.Нармандах нь уг ажлаа 1 жил орчим хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Лхагвын: “Ц.Нармандах нь 1988 оны 11 сард аймгийн түүхийн музейд тайлбарлагчаар ажилд орж 1 жил гаран ажилласан. Би Ц.Нармандахтай Архангай аймгийн Түүхийн музейд хамт ажиллаж байсан учир түүнийг 1988 оны 11 сараас эхлэн тайлбарлагчаар 1989 онд хүүхдээ төрүүлэх хүртэл ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Ц.Нармандахын Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 01 сараас 1987 оны 05 сар хүртэл, Архангай аймгийн Соёлын хэлтсийн түүхийн музейн тайлбарлагчаар 1988 оны 11 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Намсрай овгийн Цэрэндоржийн Нармандахыг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар 1987 оны 01 сараас 1987 оны 05 сар хүртэл, Архангай аймгийн Соёлын хэлтсийн түүхийн музейн тайлбарлагчаар 1988 оны 11 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА