Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/880

 

 

 

 

 

 

2021         08          04                                      2021/ШЦТ/880

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа /ҮД:3634/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хт холбогдох 2102 00135 0145 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1961 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 8 дугаар хороолол, 10-84 тоотод оршин суух, ам бүл 1, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигин овогт Сгийн Х /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Х нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн түрээсэлдэг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2 дугаар байрны подвалд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монголд Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д хамаардаг мөнгөн ус /Нg/-ыг,

Мөн Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд болон Эрүүл Мэнд Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар I тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт’’-д хамаардаг Азотын хүчил nitric acid /HN03/, Давсны хүчил /хлорт ус төрөгч/ hydrochloric “НСI, Гидразин hydrazine UN2H4гэх химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-17, 61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баттулгын өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Урт цагаан орчим явж байгаад зүс таних хүнтэй юм ярьж зогсож байгаад “надад хар мөнгө байгаа, яаж цагаан болгох вэ” гэсэн чинь “наадахыг чинь азотын хүчилд хийгээд цалин цагаан мөнгө гардаг юм” гэж хэлээд С.Хын утсыг өгсөн юм. Тэгээд Хын утас руу холбогдоод гэрт байсан 10 грамм орчим хар мөнгийг авчирч өгсөн юм. Би энэ хүнийг бол огт танихгүй ямар нэгэн хамааралгүй...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ах Чинзориг утсаар ярьж “хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь 13 цаг өнгөрөөгөөд Удирдлагын академийн урд талын байранд ах Чинзоригийн гэрт очсон. Тэгтэл ах надад хэлэхдээ “энэ ууттай шороог Офицерт Хүрлээ гэдэг хүнд аваачин өгч угаалгаад мөнгийг нь өөрөө ав” гэсэн. Тэгээд ууттай шороог аваад 14 цагийн үед Химийн хүрээлэнд Хүрлээ гэдэг ах дээр очоод орох гэсэн оруулахгүй болохоор нь Хүрлээ ах руу залгаад оруулахгүй байгаа талаар хэлээд үүдний хамгаалагчид Хүрлээ ах хэлээд намайг оруулсан... Тэгээд Хүрлээ ах шороог аваад саванд хийж дээрээс нь ус хийгээд чулууг нь ялгаж байснаа тэнд бас нэг хүний юм хийж байсан тул намайг ялгачих гэсэн. Тэгээд уг шорооноос чулууг нь ялгаад байж байхад цагдаа нар ороод ирсэн. Манай ах Чинзориг л уг шороог өгсөн. Хаанаас авсан талаар мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригийн өгсөн: “... Би тэр шлик шороог Сэлэнгэ аймгийн Баруун хараад тээрэм ажиллуулдаг Төгсөө гэдэг залуугийн хашаан дотор хогон дээр хэвтэж байхаар нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр очиж авсан юм. Тэгээд Улаанбаатар хотод ирээд төрсөн дүү Ганзоригт шликийг өгч химийн хүрээлэнд ажилладаг Хүрлээ ахад үзүүлчих гээд явуулсан. Тэгээд би Ганзоригтой 14 цаг болж байхад утсаар ярьсан чинь “Хүрлээ дээр ирчихсэн, шлик шороогоо салгаж байна, эндээс чинь юм гарах юм уу, дан төмөр байна шүү дээ” гэж хэлж байсан, тэгээд дараа нь Ганзориг луу дахиад залгасан боловч утсаа авахгүй байсан...”гэх мэдүүлэг /хх-42/,

Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч, химич-судлаач, дэслэгч Б.Ариунтуяа, химийн лабораторийн техникч, ахлах ахлагч Э.Байгалмаа нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн:

“- Шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар. нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

 - Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд болон Эрүүл Мэнд, Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна. 

-Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монголд Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг/хх.53-56/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Б.Цогбаярын гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1511 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан "HN03Азотын хүчил” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 1,41 г/см3 нягттай 65%-ийн азотын хүчил nitric acid /HN03/ агуулсан шингэн байна.

“2” гэж дугаарласан “НСе Давсны хүчил” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 1,18 г/см3 нягттай, 36%-ийн Давсны хүчил /хлорт ус төрөгч/ hydrochloric “HCI” агуулсан шингэн байна.

“3” гэж дугаарласан ‘N2H„ Гидразин” гэсэн бичиглэлтэй цагаан саарал өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 1,01 г/см3 нягттай, 40%-ийн Гидразин hydrazine “N2H4агуулсан шингэн байна.

2. Монгол улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд оруулсан бодисын жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх.73-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Цогбаярын өгсөн: “... Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан жагсаалт”-ыг баталсан байдаг. Уг жагсаалтын 114-т NITRIC ACID буюу Монгол нэршил нь Азотын хүчил юм Энэ нь аюулын ангилал ба зэрэглэлээр Исэлдүүлэгч шингэн хэлбэртэй арьс үрэвсүүлэгч шинж чанартай. 117-д HYDRAZINE буюу Монгол нэршил нь Гидразин юм. Энэ нь аюулын ангилал ба зэрэглэлээр Арьс мэдрэгжүүлэгч, усан орчинд богино хугацааны хурц хоруу чанартай бодис юм. 485-т HYDROCHLORIC ACID буюу Монгол нэршил нь Хлорт ус төрөгчийн хүчил юм Энэ нь аюулын ангилал ба зэрэглэлээр Арьс үрэвсүүлэгч, нэг удаагийн нөлөөллөөр эрхтэн системийг хордуулдаг бодис юм. Иймд дүгнэлтэд тусгасан бодисууд нь химийн хорт болон аюултай бодис юм...”гэх мэдүүлэг /хх-79/,

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Зуучлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 356/396 дугаар тушаал, хавсралтын хуулбар /хх.80-83/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.95-101,108-113,116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Хын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2005 оноос хойш Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2 дугаар байрны подвалд нэг өрөөг сарын 408.000 төгрөгөөр түрээсэлж үнэт, ховор металлын зөвлөгөө өгдөг, үнэт металлыг цэвэршүүлэх чиглэлээр ажил явуулдаг юм. Надад ажлын тогтсон цаг байхгүй ээ, дуртай үедээ хийдэг юм. Өмнө нь 1987 оноос 2005 онь хооронд Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, орлогч захирлын ажлыг хашиж байсан юм. 2005 онд Химийн хүрээлэнгийн орлогч захирал хийж байгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргаж ажлаас халагдсан юм. Тэгээд 2005 онд Химийн хүрээлэнгийн 2 дугаар байрны подвалд өрөө түрээслэх болсон юм. Ихэвчлэн алтны уурхай ажиллуулдаг хүмүүс зөвлөгөө авдаг, эдгээр хүмүүс нь ирэхдээ “... манай алтны сорьцыг тодорхойлж өгөөч, ченжүүд худалдаж авахдаа бидний алтны сорьцыг дараад байна...” гэж ханддаг. Мөн алт, мөнгөний дархнууд ирдэг юм. Өмнө нь надтай ирээд уулзаж байсан, өөрийнхөө металлыг цэвэршүүлж байсан хүмүүс нь миний талаар цаашаагаа хүмүүст хэлж над руу явуулдаг юм. Би өөрөө нэг ч удаа өөрийнхөө талаар зар мэдээлэл явуулж байгаагүй ээ. Хүмүүс нэг нэгнээсээ миний талаар мэдээлэл аваад л ирдэг юм. Химийн бодис ашигладаг, үндсэндээ 5 төрлийн химийн бодис ашиглаж байна, үүнд: азотын хүчил, давсны хүчил, гидразин, хүхрийн хүчил, мөнгөн ус зэрэг орж байна. Гэхдээ надад хүхрийн хүчил байхгүй ээ. Өөр бодис ашиглаж байгаагүй ээ. Эдгээр бодисуудыг цагдаагийн алба хаагч үзлэг хийж хураан авсан байгаа. Би мөнгөн усыг алт ялгах үйл явцад ашигладаггүй юм. Гидразин бол надад өөрт байсан, мөнгөн усыг одоогоос 2 жилийн өмнө талийгаач Дашдамба ахаас авч байсан, давсны хүчил, азотыг өөрийн танил Дэлгэрбаяраас авч байсан юм. Дэлгэрбаяр нь Хятад ард улсаас химийн бодис оруулж ирдэг юм. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Хориглосон гэдгийг мэдэхгүй ээ, би өөрөө химич хүн болохоор эдгээр бодисуудыг хэрэглэж болно гэсэн ойлголттой явдаг юм. Би 1997 онд Монгол улсын патентын газраас шороон ордны хаягдлаас алт ялгах технологи гэсэн сэдвээр патент авсан юм. 2008 онд Боловсролын яамнаас Санжид сайдаар ахлуулсан ажлын хэсэг нь надаар ахлуулж парламентын ордны гэрийг алтлах, мөнгөлөх ажлыг хийлгэсэн юм. Яагаад хийлгэсэн гэхээр нь би патенттай байсан юм. Ер нь бол алтлах, мөнгөлөх, алт ялгах ажлын анхны патентыг Бурмаа, Хаумдас, Цэцэгмаа бид нар авсан байдаг юм ... Одоогоос 6,7 сарын өмнө гэж санаж байна, тухайн үед намайг ажил дээрээ байж байтал Чинзориг хүрч ирээд “... ахаа энэ шорооноос алтыг нь ялгаад өгөөч ...” гэж хэлээд 5.6кг шороог 100.000 мянган төгрөгийн хамт өгсөн юм. Тэгээд шороог нь аваад үзэхэд шорооноосоо алтыг нь авчихсан, уг шороо нь мөнгөн ус хэрэглэсэн шороо байсан юм. Тэгээд би Чинзоригт хандаж “... чиний авчирсан шороо чинь өмнө нь ашиглагдсан шороо байна, мөнгөн ус бас хэрэглэсэн байна...” гэсэн чинь “харин тиймээ, бид нар муу хийсэн шороо байсан юм, бид нарт байсан мөнгөн ус нь хүрээгүй юм, сайн үзээд өгөөрэй” гэж хэлсэн... би хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-31-32, 130/,

Экологийн цагдаагийн албаны албан бичиг /хх.142/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Х нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн түрээсэлдэг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2 дугаар байрны подвалд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монголд Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д хамаардаг мөнгөн ус /Нg/-ыг,

Мөн Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд болон Эрүүл Мэнд Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар I тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт’’-д хамаардаг Азотын хүчил nitric acid /HN03/, Давсны хүчил /хлорт ус төрөгч/ hydrochloric “НСI, Гидразин hydrazine UN2H4гэх химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.7-17, 61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Баттулгын өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Урт цагаан орчим явж байгаад зүс таних хүнтэй юм ярьж зогсож байгаад “надад хар мөнгө байгаа. яаж цагаан болгох вэ” гэсэн чинь наадахыг чинь азотын хүчилд хийгээд цалин цагаан мөнгө гардаг юм гэж хэлээд С.Хын утсыг өгсөн юм. Тэгээд Хын утас руу холбогдоод гэрт байсан 10 грамм орчим хар мөнгийг авчирч өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “... Тэгээд ууттай шороог аваад 14 цагийн үед Химийн хүрээлэнд Хүрлээ гэдэг ах дээр очоод орох гэсэн оруулахгүй болохоор нь Хүрлээ ах руу залгаад оруулахгүй байгаа талаар нь хэлээд үүдний хамгаалагчид Хүрлээ ах хэлээд намайг оруулсан... Тэгээд Хүрлээ ах шороог аваад саванд хийж дээрээс ус хийгээд чулууг нь ялгаж байснаа тэнд бас нэг хүний юм хийж байсан тул намайг ялгачих гэсэн...”гэх мэдүүлэг /хх-42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригийн өгсөн: “... төрсөн дүү Ганзоригт шликийг өгч химийн хүрээлэнд ажиллагаанд Хүрлээ ахад үзүүлчих гээд явуулсан. Тэгээд би Ганзоригтой 14 цаг болж байхад утсаар ярьсан чинь “Хүрлээ дээр ирчихсэн, шлик шороогоо салгаж байна, эндээс чинь юм гарах юм уу, дан төмөр байна шүү дээ” гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг /хх-42/,

Гамшиг Судлалын Хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч, химич-судлаач, дэслэгч Б.Ариунтуяа, химийн лабораторийн техникч, ахлах ахлагч Э.Байгалмаа нарын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн:

“- Шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар. нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

 - Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд Болон Эрүүл Мэнд, Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн усыг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна. 

- Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монголд Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон химийн бодис юм...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх.53-56/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч Б.Цогбаярын гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1511 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан "HN03Азотын хүчил” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 1,41 г/см3 нягттай 65%-ийн азотын хүчил nitric acid /HN03/ агуулсан шингэн байна.

“2” гэж дугаарласан “НСе Давсны хүчил” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 1,18 г/см3 нягттай, 36%-ийн Давсны хүчил /хлорт ус төрөгч/ hydrochloric “HCI” агуулсан шингэн байна.

“3” гэж дугаарласан ‘N2H„ Гидразин” гэсэн бичиглэлтэй цагаан саарал өнгийн хуванцар савтай шингэн зүйл нь 1,01 г/см3 нягттай, 40%-ийн Гидразин hydrazine “N2H4агуулсан шингэн байна.

2. Монгол улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд оруулсан бодисын жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх.73-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Цогбаярын өгсөн: “... Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан жагсаалт”-ыг баталсан байдаг. Уг жагсаалтын 114-т NITRIC ACID буюу Монгол нэршил нь Азотын хүчил юм Энэ нь аюулын ангилал ба зэрэглэлээр Исэлдүүлэгч шингэн хэлбэртэй арьс үрэвсүүлэгч шинж чанартай. 117-д HYDRAZINE буюу Монгол нэршил нь Гидразин юм. Энэ нь аюулын ангилал ба зэрэглэлээр Арьс мэдрэгжүүлэгч, усан орчинд богино хугацааны хурц хоруу чанартай бодис юм. 485-т HYDROCHLORIC ACID буюу Монгол нэршил нь Хлорт устөрөгчийн хүчил юм Энэ нь аюулын ангилал ба зэрэглэлээр Арьс үрэвсүүлэгч, нэг удаагийн нөлөөллөөр эрхтэн системийг хордуулдаг бодис юм. Иймд дүгнэлтэд тусгасан бодисууд нь химийн хорт болон аюултай бодис юм...”гэх мэдүүлэг /хх-79/,

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 356/396 дугаар тушаал, хавсралтын хуулбар /хх.80-83/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.95-101, 116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Хын гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Би 2005 оноос хойш Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2 дугаар байрны подвалд нэг өрөөг сарын 408,000 мянган төгрөгөөр түрээсэлж үнэт, ховор металлын зөвлөгөө өгдөг, үнэт металлыг цэвэршүүлэх чиглэлээр ажил явуулдаг юм... Ихэвчлэн алтны уурхай ажиллуулдаг хүмүүс зөвлөгөө авдаг... Өмнө нь надтай ирээд уулзаж байсан, өөрийнхөө металлыг цэвэршүүлж байсан хүмүүс нь миний талаар цаашаагаа хүмүүст хэлж над руу явуулдаг юм... Хүмүүс нэг нэгнээсээ миний талаар мэдээлэл аваад л ирдэг юм. Химийн бодис ашигладаг, үндсэндээ 5 төрлийн химийн бодис ашиглаж байна, үүнд: азотын хүчил, давсны хүчил, гидразин, хүхрийн хүчил, мөнгөн ус зэрэг орж байна... Гидразин бол надад өөрт байсан, мөнгөн усыг одоогоос 2 жилийн өмнө талийгаач Дашдамба ахаас авч байсан, давсны хүчил, азотыг өөрийн танил Дэлгэрбаяраас авч байсан юм. Дэлгэрбаяр нь Хятад ард улсаас химийн бодис оруулж ирдэг юм. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Хориглосон гэдгийг мэдэхгүй ээ, би өөрөө химич хүн болохоор эдгээр бодисуудыг хэрэглэж болно гэсэн ойлголттой явдаг юм... Одоогоос 6,7 сарын өмнө гэж санаж байна, тухайн үед намайг ажил дээрээ байж байтал Чинзориг хүрч ирээд “... ахаа энэ шорооноос алтыг нь ялгаад өгөөч...” гэж хэлээд 5.6 кг шороог 100.000 мянган төгрөгийн хамт өгсөн юм... би хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.31-32, 130/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

С.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Хыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийг зүйлчлэл зөв байна.

          Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар С.Хын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт шүүхийн шатанд гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Хт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Хыг “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

С.Хыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.     

С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч С.Хын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 С.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах /Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл/ ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заажээ. 

Шүүгдэгч С.Хт оногдуулсан 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлсийг хэрэгцээний дагуу, мөн хадгалуулах, эсхүл устгуулахаар холбогдох байгууллагуудад тус тус шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Боржигин овогт Сгийн Хыг “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.Хт оногдуулсан 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Хт сануулсугай.

          5. С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бохир жин нь 984.2 грамм, цэвэр жин нь 955 грамм хэмжээтэй Мөнгөн усыг хадгалуулахаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын Үндэсний аврах бригадад, 41 н/см3 нягттай 65%-ийн азотын хүчил, 1.18 г/см3 нягттай 36%-ийн давсны хүчил /хлорт устөрөгч/, 1,01 см3 нягттай, 40%-ийн Гидразин “Н2Н4” зэргийг хэрэгцээний дагуу Хими, хими технологийн хүрээлэнд, 0,3 грамм хүрэн өнгийн нунтаг металл, Улаан өнгийн хуванцар савтай, нарийн ширхэгтэй шороо, Саарал өнгийн гялгар ууттай чулуу мэт зүйл зэргийг устгуулахаар Экологийн цагдаагийн албанд тус тус шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР