Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч М.Гантулга, шүүгдэгч О.Адъяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД:0931/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр болон 04-16 насны дөрвөн хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1190Е тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 220 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял дээр 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 124-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 сарын 3-ны өдрийн 220-р таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялын 3 жилийн хорих ялыг нэмж 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 10-ны өдрийн 169А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:ФБ91090853/ Хатгиновогт Очирваанийн Адъяад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталсан эрүүгийн 201625020645 дугаар 105/2016/0587/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Адъяа 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3-р байрны хаалгаар иргэн А.Мөнхцэцэгийг дотогш орж байх үед куртикных нь баруун халааснаас “Самсунг галакси Эс-5” маркийн гар утсыг хулгайлж бусдад 320.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Адъяагийн: 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед би 100 айлд хүүхдийн эмнэлгийн ойролцоо цайны газар ажилладаг эгчтэйгээ уулзаж түлээ нүүрсний мөнгө авахаар очиход байхгүй байсан. Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадна Мөнхцэцэг гэх хүнийг хараад дагаж дотогш ороод баруун халааснаас нь гар утсыг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хэрэг бүртгэлтэд хохирогч А.Мөнхцэцэгийн: ...2016 оны 02-р сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3 дугаар байрны хаалгаар дотогш орж явахдаа куртикны баруун халааснаас “Самсунг галакси Эс 5” маркийн гар утсаа хулгайд алдсан. …2016 оны 01-р сард гар утсаа Тэди төвийн 3-р павилоны 5 дугаар лангуун дээрээс 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний хулгайд алдсан гар утсыг үнэлгээний комиссоос үнэлсэн 320.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. …хохирлын мөнгө болох 150.000 төгрөг хүлээж авсан. …гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-10/,

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Ууганбатын: ...Би УБХЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч ажилтай. О.Адъяа нь манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг хүн байгаа юм. Би 2016 оны 02 сарын 08-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээр ороход иргэн А.Мөнхцэцэг гар утсаа хулгайд алдсан гэж байсан. Тэгэхээр нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3-р байрны ойролцоо очиж биечилсэн сурвалжлага хийхэд манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг О.Адъяаг тухайн үеийн цаг минутанд явж байсан гэсэн сураг гарсан тул О.Адъяатай уулзсан юм. Тэгсэн О.Адъяа нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өөрөө ярьсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-7/, хохирогч А.Мөнхцэцэгийн хохирлыг мөнгө хүлээн авч шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-71/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-11/, гэрч Г.Тунгалагийн мэдүүлэг /хх-12/, охин А.Аззаяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-27/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 1 сарын 17-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-29-30/, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 сарын 3-ны өдрийн 220 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-48-53/, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 9 сарын 24-ний өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-57/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 10-ны өдрийн 169А дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-46/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч О.Адъяа 2016 оны 2 сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3 дугаар байрны хаалгаар иргэн А.Мөнхцэцэгийг дотогш орох үед куртикных нь баруун халааснаас “Самсунг галакси Эс-5” маркийн гар утсыг хулгайлж бусдад 320.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Адъяагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Адъяагийн гэм буруутай үйлдлээс хохирогч А.Мөнхцэцэгт 320.000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээгээр /хх-7/ тогтоогдов.

 

Шүүгдэгч О.Адъяа бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь 2016 оны 04 сарын 01-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/, хохирогч А.Мөнхцэцэгийн 2016 оны 5 сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ …хохирлын 180.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан…нэхэмжлэх зүйлгүй гэснээр /хх-71/ тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Адъяа Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 220 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 124-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 4 сарын 3-ны өдрийн 220-р таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 8 сарын 10-ны өдрийн 169А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хугацаа дуусч суллагдсан нь шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-29-30, 48-53, 56-57, 45-46/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-47/ зэргээр тогтоогдов.

Шүүгдэгч О.Адъяагийн ялтайд тооцох хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний  өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байна.

Иймд шүүгдэгч О.Адъяа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, чин санаанаас гэмшиж байгаа, гэм хорын хохирол арилсан, хохирогч А.Мөнхцэцэг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй болсон тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Очирваанийн Адъяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Очирваанийн Адъяад холбогдох эрүүгийн 201625020645 дугаар хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Очирваанийн Адъяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. О.Адъяа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Адъяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Адъяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ