Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1295

 

 

Б.Энхлхагвагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2017/01221 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Энхлхагвагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

            8 095 000 00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Саранчимэг

Хариуцагчийн төлөөлөгч:                              М.Ширэндэв    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхлхагваас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга М.Ширэндэвийн хорооны айлуудын хаягийг хийж гүйцэтгэх хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Б.Энхлхагва нийт 2273 ширхэг хаягийг хийж, тус хорооны хэсгийн ахлагч нарт өгсөн. Анх засаг дарга М.Ширэндэв энэхүү ажлыг санал болгохдоо эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албанаас хорооны айлуудад үйлчлэх гэхэд шөнө тухайн айлын хаяг харагдахгүйгээс шалтгаалан цаг алдах явдал их байгаа, ийм учраас гэрэлтдэг хаяг хийх шаардлагатай байна гэсний дагуу харъяа хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрэлтдэг хаягийг хийж, зохих ёсоор хүлээлгэн өгсөн юм. Хэрэгт авагдсан баримтаар нийт 11 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, 1 ширхэг хаягийг 5000 төгрөгөөр тохирч, 11 365 000 төгрөг авах ёстойгоос 3 380 000 төгрөгийг авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7 985 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 2015 оны ажлын тайланд хорооныхоо айлуудыг гэрэлтдэг хаяг олгосон гэсэн байх тул ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж байна. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хувьд харъяа хорооныхоо үйл ажиллагааг хянах, төсөв батлах зэрэг үүргийн дагуу энэхүү төлбөрийг хариуцах ёстой бөгөөд тус дүүргийн 2015 оны ажлын тайланд нэхэмжлэгч Б.Энхлхагваар гүйцэтгүүлсэн ажлын талаар дурьдсан байна. Хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газраас шүүхийн журмаар гаргуулсан баримтад нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хэсгийн ахлагч нарын нэрс байх тул гэрээ, хэлэлцээрийг эрх бүхий этгээдтэй байгуулж, хаягийг гэрээнд заасан тоо ширхгийн дагуу хүлээлгэж өгсөн. Иймд хариуцагч нараас 7 985 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бол хуулийн этгээдийн эрхгүй буюу тусгайлан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгддэггүй, хуулиар олгосон санхүүгийн бие даасан байдалтай бус дүүргийн засаг захиргааны нэгж юм. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг үзвэл тус 5 дугаар хорооны айл өрхүүдийн хаягийг хийж өгөхөөр тохиролцсон байх бөгөөд үүнд хороо тусалж, төлбөрийг төлөх ёстой этгээд нь захиалсан айл өрхүүд болно. Өөрөөр хэлбэл, захиалагч тал Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар биш учраас төлбөрийг хариуцах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Хариуцагч 5 дугаар хорооны засаг дарга М.Ширэндэвийн хувьд хорооны айлуудын хаягийг хийлгэх гэж буй талаар дүүрэгт мэдэгдээгүй, хэсгийн ахлагчид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан журмын дагуу төр, засгийн үйл ажиллагааг айл өрхүүдэд хүргэх үүрэгтэй этгээдүүд болохоос гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй субъект биш юм. Ийм учраас энэхүү хамтран ажиллах гэрээ байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэгч тал захиалсан иргэдээс үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчдыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тайлбарлаж байна, гэтэл хаягийг хүлээн авч, ашиглаж буй этгээд нь 5 дугаар хорооны иргэд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос 7 825 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энхлхагвад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 000 төгрөгт холбогдох болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 57 57.2, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 470 төгрөг, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 хорооноос 144 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Ширэндэв давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна", 116.3-д "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Анхан шатны шүүх шийдвэрийн гол үндэслэлийг гуравдагч этгээдэд ашигтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн учраас 7825000 төгрөгийг хариуцагч 5 дугаар хороо нь төлөх ёстой гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 10-16 дугаар талд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч Б.Болорцэцэг, Ш.Эрхэмбаяр, Х.Цэрэндорж, Ж.Оюунчимэг, Л.Оюунбилэг, Ш.Хандмаа, Төгс нартай байгуулсан нэг талаас иргэдийг фосфортой хаягаар хаягжуулах, хаягийг заасан хугацаанд хийж гүйцэтгэх, хаяг тараагдаж дууссаны дараа 15 шуудай оохорыг өөрийн хөрөнгөөр бэлтгэн нийлүүлэх, нөгөө талаас хэсгийн ахлагч нь бэлтгэсэн хаягийг иргэдэд тарааж, мөнгийг хурааж, хуваарилагдсан оохороор өөрийн хэсгийн өнгө үзэмжийг сайжруулж ажиллах үүргийг хүлээсэн гэрээ байгуулсан байна. Энд нэг талаас гүйцэтгэгч ажил гүйцэтгэх, захиалагч тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн байна. Тус асуудлын хувьд нэхэмжлэгч хаяг хийж өгсний хариуд хөлсийг иргэд төлөхөөр байх ба харин хэсгийн ахлагч нь хаягийг иргэдэд тарааж мөнгийг нь цуглуулж өгөх үүрэг хүлээсэн байна. Анхан шатны шүүх хаяг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ, иргэдэд хүргэхийг ялгаж зааглалгүй 5 дугаар хороог ажил гүйцэтгэх гэрээний захиалагч хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэд, нэхэмжлэгч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учраас хаяг хүлээн авч байгаа иргэнийг хэсгийн ахлагч ч тэр, хороо ч төлөөлөх эрхгүй юм. Гэрээг иргэд байгуулаагүй учраас төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн байгуулсан гэрээ болно. Харин хүлээж авахгүй үлдсэн хаягуудын хувьд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ байх тул гэрээ хүчин төгөлдөр бус болж өгсөн авснаа буцаах зохицуулалт үүснэ. Мөн шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд тодорхой төсөвгүй байгууллагаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхлхагва нь хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 8 095 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.Энхлхагва нь нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч нартай 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэж гаргасан байх бөгөөд засаг дарга хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулахыг зөвшөөрсний үндсэн дээр дээрх гэрээг байгуулж, хаягийг хийж хүлээлгэж өгсөн гэсэн тайлбар гаргажээ. /хх 6-26/

 

Хэргийн баримтаас үзэхэд 5 дугаар хорооны засаг дарга нь хэсгийн төлөөлөгч нарт гэрээ байгуулах эрхийг олгосон эсэх нөхцөл байдал тодорхойгүй, тухайн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн талуудын хоорондын үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхлхагва нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтын талаар мэдэж байгаа хэсгийн ахлагч нарын бичсэн “номер тараалтын товч тайлбар” гэсэн бичгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, уг баримтаар хэргийн нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн байхад шүүх нэр бүхий хүмүүсийг хуульд заасан журмын дагуу гэрчээр асууж, мэдүүлэг аваагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн заалтыг зөрчжээ. Анхан шатны шүүх талуудыг байлцуулан, гэрчид хуулиар тогтоосон эрх үүргийг тайлбарлан өгч хуулийн дагуу авсан мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой болдог.  /хх 37-46/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2017/01221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

   ШҮҮГЧИД                                                Г.ДАВААДОРЖ

                                                                   Ц.ИЧИНХОРЛОО