Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 20

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 200 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Г-т холбогдох эрүүгийн 1735002180022 дугаартай хэргийг прокурорын давж заалдах журмаар гаргасан эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, 2 дүүгийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 1-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ОД85111711/, Б ургийн овогтой Д-гийн Г.

Яллагдагч Д.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багт оршин суух хохирогч Д.Д-ийн 5 настай үхэр хулгайлж 550.000 төгрөгийн, 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-ны өдрүүдийн хооронд Зүүнговь сумын “Бөөрөг” гэх газраас хохирогч П.Н-гийн 1 тооны үхэр хулгайлж 650.000 төгрөгийн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын “Суварга” багийн нутгаас хохирогч Д.Б-ийн 6 тооны үхэр хулгайлж 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурдууд ургийн овогтой Дашзэвэгийн Гантөмөрт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг Увс аймгийн Прокурорын газарт очтол хэвээр хэрэглэхээр” тус тус дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр” тус тус шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “прокуророос яллагдагч Д.Гт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж дүгнэсэн.

Яллагдагч Д.Г нь Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Д.Б-ийн 6 тооны үхэр хулгайлж нийт 2750000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг шалгаж тогтоосон.

Мөн яллагдагч Д.Г нь Зүүнговь сумын Суварга багийн нутаг, урд Бөөрөг гэх газарт очиж хохирогч Д.Б-ийн 6 тооны үхрийг хулгайлж авч, тууж яваад “Элсний хаяа” гэх газар байрлах өөрийин гэрийнхээ гадна аваачсанаар гэмт хэрэг төгссөн гэж үзсэн ба мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед Д.Ш, С.Н нар нь хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй.

Түүнчлэн Д.Ш, С.Н нар нь яллагдагч Д.Г-ийг гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, дэмжлэг үзүүлсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоодоогүй. Гэтэл шүүгч Д.Ш, С.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад хэрэгт чухал ач холбогдолтой байж болох 95450217, 95451207, 99510217, 99657614, 94156691 дугаартай хэрэглэгчийн мэдээлэл, орсон, гарсан ярианы жагсаалтыг гаргуулах албан тоотыг Мобиком корпорацид хүргүүлсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус газраас 95450217, 94123566, 99657417 дугааруудын жагсаалтыг хүргүүлэв гэсэн албан тоот ирсэн боловч зөвхөн 94123566 дугаартай утасны жагсаалтыг гаргаж ирүүлсэн байсан ба 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18/1700 дугаартай албан бичгээр “тухайн байгууллага нь техникийн нөхцөл байдлаас үүдэн 3 сараас өмнөх хугацааны ярианы жагсаалт хадгалагдах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

Гэтэл шүүгч Мобиком корпорацийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18/1700 дугаартай албан бичигт ач холбогдол өгөөгүй, үүнийг анзаарахгүйгээр биелэгдэх боломжгүй заалтыг шүүгчийн захирамжид тусгасан нь үндэслэлгүй.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос иргэн Д.Т-ийг хохирогч Д.Б-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай шийдвэр гараагүй байхад анхан шатны шүүх хуралдаанд Д.Т-ийг хэргийн оролцогчийн адил эрх, үүрэг эдлүүлж оролцуулсан.

Дээрх нөхцөл байдал нь шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч биш хүнийг шүүх хуралдаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн шүүгч хэргийг нотлогдсон хэмжээнд шийдвэрлэхгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, прокуророос хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн яллагдагч нарыг дахин шалгах гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь 2015 оны Эрүүгйин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, үзэл баримтлалд нийцээгүй шийдвэр болсон.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.Г нь Д.Батсуурийн 6 үхэртэй холбоотой хэрэг дээр нотлогдвол зохих байдал, хэргийн шинжийг агуулсан байдал, яллагдагч энэ хэргийг бүрэн хийсэн эсэхийг тогтоосон зүйл байхгүй. Хавтаст хэрэгт Д.Г нь гэрчээр өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг байна. Д.Г-ийг хэрэгт холбогдуулаад шалгаж байх хугацаанд яллагдагчаар татахаас өмнө гэрчээр байцааж хуулийг ноцтой зөрчсөн. Энэ мэдүүлгийг үндэслэж Д.Г нь хохирогч нарт хохирлыг төлж өгсөн. Д.Г-ийг гэмт хэрэг хийсэн гэж нотлоод байгаа 1 гэрч нь Д.Г-ийн төрсөн дүү Д.Г юм. Д.Г, Д.Г 2 аль аль нь бичиг үсэг мэддэггүй байхад ах дүү хоёрыг хооронд нь байцаагаад дүүгээр нь ахын нотлуулаад өөрөөр нь өөрийн нотлуулаад байдал ажиглагдаж байна. Бусад бүх мэдүүлэг өгсөн хүмүүс нь энэ хоёрын мэдүүлэгт үндэслэн мэдүүлсэн. Д.Г-ийг гэм буруутайд тооцох уу?, үгүй юу? гэдэгт дүгнэлт гаргахад хангалтгүй байна. Цагдаагийн байгуулагаас хэргийн хугацаа сунгахдаа буруу сунгасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналдаа Д.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Д.Г-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Хэрвээ энэ 2 мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцвол цаана нь юу үлдэх вэ? гэдэг нь сонин байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн өдөр Д.Батсуурийн гэрт замаараа орж хоол идээд гарсан. Гэтэл хүмүүс намайг тэдний үхрийг хулгайлсан гэж ярьцгааж байсан ба намайг зодож тулгаж дарамталсан. Би бие муутай болохоор тэгж их зодуулж чадахгүй тул “би хулгайлсан, хохирол мөнгийг нь төлнө” гэж хэлсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Увс аймгийн прокурорын газраас Д.Гийг 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багт оршин суух хохирогч Д.Д-ийн 5 настай үхэр хулгайлж 550.000 төгрөгийн,

2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-ны өдрүүдийн хооронд Зүүнговь сумын “Бөөрөг“ гэх газраас хохирогч П.Н-гийн 1 тооны үхэр хулгайлж 650.000 төгрөгийн, 2017 оны 11 дүгэр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын “Суварга“ багийн нутгаас хохирогч Д.Батсуурийн 6 тооны үхэр хулгайлж 2.750.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлэээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх Д.Гт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр  хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрхи шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт“ хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан мобиком корпорацаас ирүүлсэн Д.Гийн /ээж М.Мягмаржавын нэр дээр бүртгэлтэй/ эзэмшиж байсан 94123566 дугаарын гадагш ярьсан ярианы жагсаалтаас үзвэл гэмт хэрэг гарах  цаг хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 95450217 дугаар луу 4 удаа, мөн сарын 04-ний өдөр 3 удаа, мөн дугаарын арын тоо нь ижил 99510217 дугаар луу 4 удаа гэх мэтчилэн өдөр бүр, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 99657614 дугаар луу 12 удаа, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 94156691 дугаар луу 11 удаа, 12-ны өдөр 15 удаа, 14-ний өдөр 16 удаа гэх мэтчилэн залгаж ярьсан, мөн 95450217 дугаараас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 88456366 дугаар луу 9 удаа, 14-ний өдөр Д.Гийн эзэмшиж байсан 94123566 дугаар луу 10 удаа, 94156691 дугаар луу 7 удаа залгаж ярьсан байна.

Иймд хэрэгт авагдсан мобиком корпорицаас ирүүлсэн бичгийн баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгах шаардлагатай ба энэ талаар анхан шатны шүүх дэлгэрэнгүй дүгнэсэн байх тул уг захирамжинд заасан ажиллагаануудыг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох нь зүйтэй байна.

Энэхүү байдлыг шалгаж тогтоох нь хохирогч Д.Б-ийн 6 тооны адууг хулгайлсан үйлдэлд Д.Г ганцаараа буруутай эсэхийг тодруулахад ач холбогдолтой гэж үзнэ. 

Д.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 200 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ДАМБА

                 ШҮҮГЧИД                                                  Д.МӨНХӨӨ

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ