Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0350

 

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0350

Улаанбаатар хот

 

 “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа 

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Т.С, Р.Ц нар

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: БГДТХ-ийн туб-гч Т.С, Р.Ц нар

Нэхэмжлэлийн шаардлага: “...нөхөн ногдуулсан татварыг төлөхөө хүлээн зөвшөөрч, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2022 оны хуулийн дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0084 дугаартай;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А,

Хариуцагч Т.С, Р.Ц,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа                    

Хэргийн индекс: 128/2022/0725/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь БГДТХ-ийн туб-гч Т.С, Р.Ц нарт холбогдуулан “нөхөн ногдуулсан татварыг төлөхөө хүлээн зөвшөөрч, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2022 оны хуулийн дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлүүлэх”-ээр маргасан байна.

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.2, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020 оны 4 дүгээр сарын 09, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн/-ийн 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БГДТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн НА-26220000014 нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 4,363,425 төгрөгийн алданги, 9,020,000 төгрөгийн торгуулиас чөлөөлж, төлбөрийг 13,383,425 төгрөгөөр бууруулж” шийдвэрлэжээ.

  3. Хариуцагч Т.С, Р.Ц нараас давж заалдах гомдолдоо:

3.1. “Ж” ХХК /РД:5471214/-ийн 2020 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан мэдээлэлд: 1-р мөрөнд тухайн сарын борлуулалтын орлого 234,877,389.09 төгрөгөөр, 2-р мөрөнд хуулийн 13 дугаар зүйлд заасан тухайн сарын НӨАТ-аас чөлөөлөгдөх борлуулалт 225,500,000.00 төгрөгөөр, 3-р мөрөнд НӨАТ-т ногдох бараа ажил үйлчилгээний нийт борлуулалтын орлого 9,377,389.09 төгрөгөөр, 26-р мөрөнд ногдуулсан татвар 937,738.91 төгрөгөөр татвар төлөгч өөрөө тайлагнаж цахимаар илгээсэн байна. Тус тайланд НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй борлуулалтын орлого 225,500,000.00 төгрөгийг чөлөөлөгдөхөөр тайлагнасан нь НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан барааг албан татвараас чөлөөлөгдөх заалтыг хэрэглэх зохицуулалт болох Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалаар баталсан олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагаа зохицуулах журмыг хэрэгжүүлж ажиллаагүй. Хуулиар аливаа харилцааг бүрэн зохицуулах боломжгүй тул дагалдах журмууд гаргаж нарийвчлан зохицуулдаг. Иймд холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллаагүй нь тухайн аж ахуйн нэгж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

3.2. “Ж” ХХК /РД:5471214/-ийн хувьд тухайн ажил үйлчилгээний 225,500,000.00 төгрөгийг хуулийн дагуу чөлөөлөгдөх орлого гэж ойлгон НӨАТ-ын тайланд чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан байх тул цар тахлын эрсдэлийн үед татвар төлөгч аж ахуйн нэгжийг дэмжих Татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн зорилгод нийцнэ гэж дүгнэсэн; Татвар төлөгч татварын болон бусад хууль тогтоомжийг бүрэн ойлгож, хэрэгжүүлж ажиллаагүй байдал нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.3. НӨАТ-ын тайланд ногдуулан тайлагнаагүй нь цахимаар илгээсэн тайлангаар баталгаажсан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлнө гэсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

3.4. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 12.1.2-д зааснаар татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй гэсэнд нийцнэ гэж дүгнэсэн. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим тогтоож өгсөн бөгөөд татвар төлөгч зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх зарчмуудыг баримталж ажиллах ёстой ч зарчмаа барьж ажиллаагүй байна. Мөн хуулийн 12.1.2-д заасан эрхээ эдлэхийн тулд хууль тогтоомжийг зөв, нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Иймд татварын улсын байцагчийн НА-26220000014 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг 13,383,425 төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0084 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан хэлэлцэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

  1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах ...” эрхтэй бөгөөд энэхүү эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа “нөхөн ногдуулсан татварыг төлөхөө хүлээн зөвшөөрч, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2022 оны хуулийн дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан алданги, торгуулиас чөлөөлүүлэх” гэж өөрчилж, уг үндэслэлээ “...олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр авсан бараа, ажил, үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хуулийн заалтын дагуу нийлүүлсэн бараа, үйлчилгээний орлогыг татварын тайланд чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан, ...хуулийн дагуу алданги, торгуулиас чөлөөлөгдөх боломжтой” гэж тодорхойлж, хариуцагчаас “...татвараа буруу тайлагнаж татварын ногдол үүсгээгүй тул энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх ёстой.

 

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө:”, 13.1.3-д “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ын хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн GD-17/19 дугаартай гэрээгээр 225,500,000.00 төгрөгийн төхөөрөмж нийлүүлсэн ажил үйлчилгээ нь дээрх хуулийн заалтад хамаарч байна.

 

  1. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж хүчин төгөлдөр болсон “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.11.-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заажээ.

 

  1. Энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж Сангийн сайд 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа,ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын Гурав-т “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийн дагуу жагсаалт батлахтай холбоотой зохицуулалт”, 3.1-д “Хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн барааг албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийн хамт ирүүлнэ:” гэж тус тус заажээ.

 

  1. Үүнээс үзэхэд, хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн барааг албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүлээсэн үүрэг биш харин төсөл хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллагын хүлээсэн үүрэг байхад хариуцагчаас “...холбогдох журмыг хэрэгжүүлж ажиллаагүй нь тухайн аж ахуйн нэгж хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

  1. Түүнчлэн дээрх журмын Долоо-д “Хөнгөлөлттэй зээл, хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараанд хяналт тавих;” 7.1-д “Энэхүү журмын хэрэгжилтэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран байнгын хяналт тавьж ажиллана.”, 7.2-д “Энэхүү журмыг зөрчсөн төслийн нэгж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан зохицуулалтын дагуу хариуцагч татварын байгууллага ч гэсэн хяналт тавих үүрэг хүлээсэн байна.

 

  1. Хуулийг журмаар тайлбарладаггүй, журам нь хуультай нийцсэн байх ёстой атал хариуцагчаас хууль болон журмын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

  1. Нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн тухайн гэрээний орлогыг 2020 оны татварын тайландаа бүрэн тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр тайлагнасан нь хууль зөрчөөгүй байх бөгөөд энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

  1. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, хэргийн нөхцөл байдал, маргаж буй захиргааны актын үндэслэл, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ бүрэн хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2023/0084 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БААТАРХҮҮ

 

 

 ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН 

 

 

 ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА