Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00551

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 4 дүгээр багт оршин суух, РВ62070608 дугаар регистртэй, эмэгтэй, Хар дархад овогт Базарын Нэргүйн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00543/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 онд хоньчин, төлчин, туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчноор тус нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж ирсэн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Миний нэгдэлд хоньчноор ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Б.Нэргүй миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 15-11 тоотод оршин суух, РВ74040806 дугаар регистртэй, Хар дархад овогт Борчулууны Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нэргүй нь миний төрсөн эгч бөгөөд түүний итгэмжлэлээр оролцож байна. Бид хоёр эх нэгтэй бөгөөд эгч Б.Нэргүйн эцэг Базар нас барсны дараа би төрсөн учир эхийн нэрээр овоглодог юм билээ. Тэрээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 оноос 1990 он хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй, цалин хөлсний баримтад эцэг, эхийн нэрээр хольж овгийг бичсэн, мөн багын дууддаг Улаанхүү гэх нэрээр бүртгэсэн зөрчилтэй, жилд орсон гарсан тушаалыг архиваас шүүлгэхэд малчидтай холбоотой тушаал байхгүй гэсэн юм. Холбогдох баримтыг шүүлгэж хэргийн материалд өгсөн баримтуудыг үндэслээд Б.Нэргүйн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Нэргүй нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Нэргүйг 1980 оноос 1989 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс цалин хөлс олгохдоо “Борчулууны Нэргүй, Базарын Нэргүй, Борчулууны Улаанхүү” гэсэн нэрээр бүртгэж байсан ба Б.Нэргүйн эх Борчулуу, эцэг Базар нар мөн болох, Борчулууны Улаанхүү /рв62070608/ гэх бүртгэл иргэний бүртгэлд бүртгэлгүй зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “рв:62070608, эцгийн овог: Соном, нэр Базар, эхийн нэр: Борчулуу нарын гэр бүлд 1962/07/08-нд төрөхөд төрүүлсэн Базарын Нэргүйг 1962/08/05-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 60-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй 00/002956 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Зондиугийн Борчулуу, Сономын Базар нарын гэрлэлтийн бүртгэл нь Баянзүрх, Улаан-уул, Рэнчинлхүмбэ сумдын 1960-1968 онуудын бүртгэлд бүртгэлгүй байна” гэх бичилттэй 1/600 дугаартай тодорхойлолт, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Борчулууны Улаанхүү /рв62070608/ регистрийн дугаараар шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/607 дугаартай тодорхойлолт,

Гэрч С.Өвгөнхүүгийн “...Бага байхад нь гэрийнхэн нь өхөөрдөж Улаанхүү гэж нэрлэсэн байх... түүнээс Базарын Нэргүй гэдэг юм. Борчулуу гэдэг нь ээж нь байгаа юм... эцэг, эхээс 7 хүүхэд төрсөн... Улаан нэртэй хүн байхгүй... Нэгдэлд Улаанхүү гэх нэртэй хүн элбэг биш, тийм нэртэй хүн нэгдэлд байсан талаар сайн мэдэхгүй байна. Борчулууны Улаанхүү гэвэл энэ Б.Нэргүй л байх ёстой...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цоодолын “...Улаанхүү гэх нэрийг мэдэхгүй юм байна. Багын нэр юм болов уу, Борчулуу гэдэг нь ээж нь байгаа юм. Аавыг нь Базар гэдэг...Базар гэх айл 6, 7 хүүхэдтэй... тэдэн дотор Улаан нэртэй хүн байдаг талаар мэдэхгүй байна... Нэгдэлд Готовын Улаанхүү гэж хүн байсан. Өөр Улаанхүү нэртэй хүн байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Нэргүйн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг Б.Нэргүйд холбогдох баримт гэж үзэн нотлох баримтад үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Б.Нэргүй Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Нэргүйн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч С.Өвгөнхүүгийн “...Б.Нэргүй нь 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Голдуу төллөх хоньтой байсан. 1980 оны 01 сараас эхлэн ажилласан... сургууль соёлоор яваагүй... мал дээр... тасралтгүй ажиллаж байсан... Би Баянзүрх сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтэгх захиргааны нарийн бичгийн даргаар 1976-1982 онд ажилласан. 1982-1989 онд сумын ардын хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан... нэгдэлтэй холбоогүй ч албан ажлаар төлийн штаб, малын тоо бүртгэлийн штабын ажлыг хариуцан хөдөө байнга явдаг, малчид иргэдтэй байнгын холбоотой ажилладаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Цоодолын “...Б.Нэргүй нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд  1980 оны эхэн 01 сараас 1990 он хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Аав Базарын хамт  Б.Нэргүй хонь малладаг байсан. Агар бригад нь угаасаа хонь маллах бригад байсан юм... тасралтгүй ажиллаж байсан... би 1965 оноос 1992 он хүртэл Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд, 1992 оноос 2005 он хүртэл “Соёл” компанид нягтлан бодогчоор тасрахгүй 40 жил ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд нэхэмжлэгч Б.Нэргүйн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Б.Нэргүйн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017  оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Тус аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 1980-1989 оны тушаалд Б.Нэргүйг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 101 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад овогт Базарын Нэргүйн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА