| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00553/И |
| Дугаар | 00553 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-01 тоотод оршин суух, эрэгтэй, РЭ62032317 дугаар регистртэй, Хатигин овогт Шагдарын Эрдэнэбилэгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/00358/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяа Тариалангийн халуун усны газарт, Мөрөн сумын Дулааны нэгдсэн төв, Ус суваг нийтийн аж ахуйн компани, “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны машинистаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан ба одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон гарсан тушаал архиваас олдоогүй.
Иймд 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяа Тариалангийн халуун усны газарт уурын зуухны машинист, 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгиийн Мөрөн сумын Дулааны нэгдсэн төвд уурын зуухны машинист, 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуйн компанид уурын зуухны машинист, 2005 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанид халаалтын зуухны машинист, 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуйн компанид халаалтын зуухны машинист, 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанид халаалтын зуухны галчаар, 2011 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компанид халаалтын зуухны машинистаар хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 29-01 тоотод оршин суух, РЭ87072411 дугаар регистртэй, Боржигон овогт Эрдэнэбилэгийн Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Эрдэнэбилэг нь миний эцэг бөгөөд биеийн байдал тааруу, хэлж ярихдаа муу тул би итгэмжлэлээр оролцож байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуй гэж байхад Тариалангийн харъяаны халуун усны газарт уурын зуухны машинистаар 1991 онд ажилд орж, үүнээс хойш тус байгууллага нь нэр нэршил нь өөрчлөгдсөөр хамгийн сүүлд “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани болж тэнд уурын зуухны машинистаар ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. 1991 оноос 2015 онд ажиллаж байсан ба энэ хугацааны тушаал баримтуудаас зарим нь архиваас шүүлгээд олдохгүй, тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй байгаа юм. Одоо ажилласан жилээ тогтоолгож хүнд нөхцөлд ажиллаж байсан гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа юм. Ш.Эрдэнэбилэг нь 1991 оноос 2015 оны 06 сар хүртэл ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд 1995 оноос хойш ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар нотлогдож байгаа тул 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилласан жил хугацааг тогтоолгох шаардлагагүй юм. Тухайн үед ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаар ажиллаж жил нь тооцогдоно.
Иймд Ш.Эрдэнэбилэгийн Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяа Тариалангийн халуун усны газарт 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, Хөвсгөл аймгиийн Мөрөн сумын Дулааны нэгдсэн төвд 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Эрдэнэбилэг нь 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдал тогтоолгохгүй гэж хүсэлтийн шаардлагаа багасгасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш.Эрдэнэбилэг Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяа Тариалангийн халуун усны газарт 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, Хөвсгөл аймгиийн Мөрөн сумын Дулааны нэгдсэн төвд 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт,
Хөвсгөл аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны орон сууц, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Тариалангийн халуун усны үйлчилгээг нутаг дэвсгэрийн харъяаллаар сумын ардын хурлын гүйцэтгэх захиргааны харъяалалд шилжүүлсэнтэй холбогдуулан нэр дурдсан ажилчдыг 1991 оны 3 дугаар сарын 01-нээр сумын захиргааны мэдэлд шилжүүлсүгэй... 4. Халуун ус зуухны машинист, Эрдэнэбилэг...” гэх бичилттэй “Ажилчдыг шилжүүлэх тухай” №Б-40 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулааны нэгдсэн төвийн даргын 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Тус Дулааны нэгдсэн төв нь аймгийн Засаг даргын 1994 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 179-р захирамжаар ЭХНҮ-ээс салж бие даасан үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан Дулааны нэгдсэн төвийн бүтэц зохион байгуулалт хийхээр тушаах нь: Дулааны нэгдсэн төвд: ерөнхий инженер 1, ерөнхий ня-бо 1, гэрээ борлуулалтын инженер 1, тооцооны ня-бо 1, боловсон хүчин бичиг хэрэг 1, халаалтын зууны механик 3, нярав 1, байцаагч 1-ээр тус тус зохион байгуулж ажиллуулсугай...” гэх бичилттэй “Бүтэц зохион байгуулалт хийх тухай” №01 дугаартай тушаалын хуулбар, 1995 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн “... ажлын дадлага туршлагаас хамааруулан цалинжуулахаар тушаах нь: 1. Усан халаалтын тогоон дээр ажиллаж байгаа машинистууд нарын цалинг 0-1 жил, 1-3 жил, 3-аас дээш жил ажилласанаар ялгаварлан тогтоосугай...” гэх бичилттэй “Цалингийн системд өөрчлөлт хийх тухай” №02 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “... 3 жил ажилласан: 2-р хэсэг... Хүрэлбаатар, Эрдэнэбилэг... /17/” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1991 оны 08 сард хамт олны хамт авахуулсан гэрэл зураг,
Гэрч Ш.Гал-Эрдэнийн “...Ш.Эрдэнэбилэг нь... 1984 онд цэргээс халагдаж ирээд... Ойн ТМС-д мөн ажиллаж байгаад тэндээсээ 1991 онд Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяаны салбар Тариалангийн халуун усны газарт хэсэг ажилласан... Тариалангийн халуун усны газарт 1991 оны 03 сараас 1994 оны 09 сар хүртэл ажилласан. 1994 оны 09 сард Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуй нь Хөвсгөл аймгийн Дулааны нэгдсэн төв болж байлаа. Дулааны нэгдсэн төвд 1994 оны 09 сараас 1998 оны 07 сар хүртэл ажиллаж байтал мөн нэр нь Хөвсгөл аймгийн Ус суваг Нийтийн аж ахуй болсон юм... Ш.Эрдэнэбилэг нь тус газруудад уурын зуухны машинист, халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан... Улирлын чанартай ажил бөгөөд жил бүрийн 09 сарын 15-наас эхлэн дараа жилийн 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж, бусад хугацаанд засвар үйлчилгээний ажил хийдэг байсан... Би Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйд 1989 онд уурын зуухны галчаар орж, үүнээс хойш Дулааны нэгдсэн төв, Хөвсгөл аймгийн Ус суваг нийтийн аж ахуй, “Хөвсгөл дулаан” ХХК-д галчаар ажиллаж байсан. 2006 он хүртэл хугацаанд...сантехникч, слессараар ажиллаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ганхуягийн “...Ш.Эрдэнэбилэг нь Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн Тариалангийн салбарт 1991 оны 03 сараас 1994 оны 09 сар хүртэл уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуй нь Хөвсгөл аймгийн Дулааны нэгдсэн төв болж, тус газарт 1994 оноос 1998 оны 08 сар хүртэл уурын зуухны машинист хийж байсан. 1998 оны 08 сард Дулааны нэгдсэн төв нь Хөвсгөл аймгийн Ус суваг Нийтийн аж ахуйн компани болж, тус газарт 1998 оны 08 сараас 2005 он хүртэл уурын зуухны машинистаар ажилласан. 2005 онд Ус суваг нийтийн аж ахуйгаас “Хөвсгөл дулаан” ХХК бие даан салсан бөгөөд тус газарт 2005 оноос 2008 оны 10 сар хүртэл халаалтын зуухны машинист хийж байсан. 2008 оны 10 сард дулааны хэсэг нь буцаад Ус суваг Нийтийн аж ахуйн компанид очиж тус Ус суваг Нийтийн аж ахуйн компанид 2008 оны 10 сараас 2009 оны 07 сар хүртэл мөн халаалтын зуухны машинист хийж байсан. Тэгээд буцаад Дулааны хэсэг нь салж “Хөвсгөл дулаан” ХХК-д 2009 оны 07 сараас 2015 оны 06 сар хүртэл хугацаанд халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан... Ажиллах хугацаандаа тасрахгүй ажиллаж байсан... Би Орон сууц, нийтийн аж ахуйн газар, Дулааны нэгдсэн төв, Ус суваг нийтийн аж ахуй болоод, “Хөвсгөл дулаан” ХХК, Хөвсгөл Ус суваг компанид 1978 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатигин овогт Шагдарын Эрдэнэбилэгийн Хөвсгөл аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн харъяа Тариалангийн халуун усны газарт 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинист, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулааны нэгдсэн төвд 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА