| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0102/и |
| Дугаар | 239 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 239
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, эмэгтэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 11-167 тоотод оршин суух Боржигон овогт Энхтайваны Бадамханд /РД:АВ84071906/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1983 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Тариат сумын 7 дугаар баг, Алтаад гэх газар оршин суух Ванган овгийн Эрдэнэчимэгийн Ганбаатар /РД:АЗ83011318/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс 65040000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Бадамханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, хариуцагч Э.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ганбаатартай танилцаж гэр бүл болоод 11 жил болж байна. Нө хөр Ганбаатар нь эрүүл ч байсан согтуу ч байсан гар хүрч, зодож цохиж, зайл гэж хөөж тууж дарамталдаг ба гэрийн ажилд ойртохгүй зөвхөн архи уудаг болсон. Надад гар хүрээд зогсохгүй, хүүхдүүддээ хүртэл гар хүрдэг болсон. Хүүхдүүд нь одоо ааваасаа их айж эмээдэг болсон. Ганбаатар нь түлээ түлш мал ахуйгаа зарж үрэн архи дарс их хэрэглэдэг болж бидэнд гар хүрч зодож цохих нь ихэссэн. Би 3 хүүхдээ өлсгөхгүйн тулд өөрөө хүртэл мал гаргадаг болсон. Цаашид Ганбаатартай хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж хүү Мөнгөнцоож, хүү Батцоож, охин Эрдэнэтуяа нарыг өөрийн асрамждаа авч эцгээс нь сар бүр тэтгэлэг тогтоолгох,
Мөн дундын хөрөнгө болох 92 толгой малаас
Морь-3, нэг бүрийн үнэ 500000 төгрөг, нийт 1500000 төгрөг
Гүү-1, нэг бүрийн үнэ 500000 төгрөг,
Унага-1, нэг бүрийн үнэ 100000 төгрөг,
Хайнагийн үнээ-1, \нас нийлсэн\ нэг бүрийн үнэ 600000 төгрөг,
Бяруу-1, нэг бүрийн үнэ 100000 төгрөг,
Тугал-5, нэг бүрийн үнэ 50000 төгрөг, нийт 250000 төгрөг,
Сарлагийн үнээ 4, нэг бүрийн үнэ 500000 төгрөг, нийт 2000000 төгрөг,
Хуц-1, нэг бүрийн үнэ 100000 төгрөг,
Эм хонь-6, нэг бүрийн үнэ 50000 төгрөг, нийт 300000 төгрөг,
Эр хонь-1, нэг бүрийн үнэ 70000 төгрөг,
Хурга-5, нэг бүрийн үнэ 30000 төгрөг, нийт 150000 төгрөг,
Ухна-1, нэг бүрийн үнэ 100000 төгрөг,
Эр ямаа-13, нэг бүрийн үнэ 60000 төгрөг, нийт 780000 төгрөг,
Эм ямаа-30, нэг бүрийн үнэ 40000 төгрөг, нийт 1200000 төгрөг,
Ишиг-19, нэг бүрийн үнэ 20000 төгрөг, нийт 380000 төгрөг,
Нийт 8130000 төгрөгийг ам бүлийн 5 гишүүнд хувааж, нэг хүнд оногдох 1626000 төгрөгийг хүү Мөнгөнцоож, хүү Батцоож, охин Эрдэнэтуяа мөн миний өөрийн бие нийт 4 хүний 6504000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ганбаатараас гэрлэлтээ цуцлуулж хүү Мөнгөнцоож, Батцоож, охин Эрдэнэтуяа нарыг өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь сар бүр тэтгэлэг тогтоолгох мөн дундын хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хуваарьт хөрөнгө болох 6504000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Э.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2016 оны 11 сард намайг Архангай аймгийн Тариат суманд хөдөө малаа маллаж байх үед эхнэр хүүхдүүд маань сумын төв дээр байсан юм. Гэтэл надад ч хэлэлгүй Бадамхандын аав Энхтайван нь том хүү Мөнгөнцоож, дунд хүү Батцоож нарыг сургуулиас нь гаргаж миний эхнэр 3 хүүхдийг гэртээ аваачсан. Бид 2016 оны 11 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хадам аав Энхтайван эхнэр Бадамхандыг ятгасаар байгаад үр хүүхдийг минь өөр дээрээ байлгаж гэр бүлийг минь үймүүлж байгаа. Би гэрлэлтээ цуцлуулалгүй цаашид Бадамхандтай хамт амьдарч 3 хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэх хүсэлттэй байна. Миний бие хааяа архи дарс ууж, эхнэр хүүхдээ зовоож байсан нь үнэн боловч үх хүүхэддээ гар хүрч зодож хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм. Мөн хамтын эд хөрөнгө болох мал хөрөнгө болох мал хөрөнгөө архи дарснаас зарж, үрэн таран хийгээгүй болно. Нэхэмжлэгч Бадамхандаас уучлал гуйж байна. Том хүү Г.Мөнгөнцоож, дунд хүү Г.Батцоож, бага охин Г.Эрдэнэтуяа нарыг өнчрүүлж, эцэггүй өсгүүлмээргүй байна. Би гэр бүлтэйгээ хамт элэг бүтэн амьдарч цаашид хамт л амьдармаар байна. Нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй. Иймд биднийг эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү. Миний бие гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгаагүй. Нэг удаа гар хүрсэн нь үнэн, дахиж би тийм байдал гаргахгүй байж чадна. Эвлэрлийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Э.Ганбаатартай гэр бүлж, 3 хүүхэдтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Учир нь Э.Ганбаатар архи их уудаг, байнга намайг дарамталдаг, хээр гадаа хонуулдаг. Сүүлдээ хоол ундгүй орхиж, айлын барьж орхисон граж дотор гурван хүүхэдтэйгээ хоног төөрүүлж явдаг байсан. Тэр үед миний бие муудаж аав маань намайг ирж авсан. Аав маань манай гэр бүлийг үймүүлээгүй. Намайг 3 хүүхэдтэйгээ гадаа хоног төөрүүлж явахад аав минь ирж авсан минь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу сар болгон хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 6504000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Ганбаатар намайг зоддог учир би хуулийн байгууллагад хандаж байсан. 2016 оны 07 сарын хорьд гаргаад сонгуулийн дараа Тариат суманд очиж хандаж байсан. Үүнээс өмнө зодож, гэр орноосоо хөөж байсан. Намайг байнга зодож нүддэг. “Миний гэр орон болохоос чиний гэр биш. Чи яваад өгөөч. Зайлаад өгөөч. Би чамайг хармааргүй байна” гээд зодож нүддэг байсан. Би хонины хашаан дотор цагаан даавуу дэвсээд унтдаг байсан. Би өглөө босоод гэртээ орохоор тогоогоо нэрж архи уугаад бас зоддог. Би “Чи ингэж болохгүй шүү дээ. Ингээд байвал яаж амьдрах юм бэ?” гэж аль болох болж бүтэх талаас нь гуйж ч үзсэн. Эрүүл байхад нь ч тэр, согтуу байхад нь ч тэр хэлж л байсан. Миний хэлж байгааг ерөөсөө тоодоггүй. 7 сартай жирэмсэн байхад намайг хүлээд “Чи ер нь миний нүднээс зайлаад өгөхгүй юм. Зайлаад өг гэхээр зайлаад өгөхгүй юм” гээд зодсон. Үнэхээр их зодуулчихаад тархи толгойдоо гэмтэл аваад, гар хөл хөдөлж чадахгүй өглөө 10 цагаас оройны 3 цаг 30 минут хүртэл хүлээстэй байж байтал хүн ирж тайлж өгсөн. Би Э.Ганбаатарын ах дүү нарт нь очоод хэлтэл ах дүү нар нь тоохгүй байсан. Архангай аймгийн Тариат суманд очиж цагдаад хандаж байсан. Одоо ч гэсэн миний тархи толгой тийм ч сайн биш. Эмчилгээнд явъя гэхээр мөнгө төгрөг байхгүй. Одоо ч гэсэн байнга эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээ хийлгэхгүй бол тархи толгой өвдөөд босч чаддаггүй. Өрөөсөн талын гар хүртэл гэмтэлтэй. Байнга өвддөг. Ер нь их хэцүү байдаг. 9 сар гараад хүүхдүүдээ аваад Хорго явсан. Унаа олдохгүй болохоор Э.Ганбаатарын найзыг гуйгаад “Хэдэн хүүхдүүд нь хичээлээ хоцроод замарлаа. Чи дөхүүлээд өгөөч” гэсэн. Э.Ганбаатарт очоод хэлэхэд согтуу байсан. Найзыг нь гуйгаад гэрийг бариулаад байж байсан чинь Э.Ганбаатар “Энэ миний ээжийн гэр орон шүү. Чи миний ээжийн гэр оронг нь хаяад явчихав. Наадах чинь чиний гэр орон биш. Чи 3 хүүхдээ яаж авч явах чинь надад хамаагүй. Биеэ үнэлээд хүүхдүүдээ аваад явна уу? надад хамаагүй” гэдэг байсан. Оройн 6 цаг болохоор “Чи гараач, яваач. Алтан цаг чинь алдагдаад байгаа юм биш үү. Биеэ үнэлээч” гэж хөөдөг байсан. Би биеэ үнэлж 3 хүүхдээ тэжээж байгаагүй. Тэгээд түлээ мод, хоол ундгүй хаяад явсан. Тэгээд хойд айлынхаа хүний утсаар “Түлээ мод байхгүй. Хүүхдүүд өмсөх хувцасгүй хэцүү байна” гэж хэлсэн. Дэлхийн зөнгөөс амьдралд нь дорой хүүхдүүдэд гээд манай хоёр хүүхдэд 200000, 200000 төгрөг нийт 400000 төгрөг өгсөн байсан. Надад хэлэлгүй бүртгүүлчихсэн байсан. Тэгээд тэр мөнгө нь Э.Ганбаатарын данс руу орсныг аваад үрчихсэн байсан. Сургуулиас дуудаад 400000 төгрөг төл гэхээр нь би Э.Ганбаатар луу залгаад “400000 төгрөг надаас нэхээд байна. Юун мөнгө юм бэ?” гэхэд “Чамд хамаагүй. Дүү рүүгээ шилжүүлчихсэн” гэсэн. Тэгээд би багш нартай нь эргэж очоод уулзтал “Чи банкны хүнтэй нь уулзаад асуу. Өөр хүн рүү шилжүүлсэн байна уу? үгүй юу?” гэсэн. Банкны хүнээс асуусан чинь “Өөр хүн рүү шилжүүлээгүй. Өөрөө бүгдийг нь аваад гарсан” гэсэн. Тэгээд тэр мөнгийг үрчихсэн байсан. 11 сар гарч байхад хоёулаа өмсөх хувцасгүй. Дүүгийнх нь хичээл өглөө ордог. Дүү нь пүүзээ өмсөөд өглөө хичээлдээ явна. Тэгээд өдөр хичээлээ тарж ирээд ахдаа пүүзээ тайлж өгөөд ах нь зөрж пүүзээ өмсөөд явдаг байсан. Хоол унд ч үгүй, түлээ мод ч үгүй, өмсөх хувцас ч байхгүй их л хэцүү байдаг байсан. “Хүн амьтнаас зээлээд ч болов 100000 төгрөг олоод өгөөч. Хоёр хүүхдийн хөл нь хөлдөх гээд байна” гэж би Э.Ганбаатар луу ярьсан. Багш нар нь хүртэл “Хүүхдүүд чинь хөлдлөө. Хувцас хунар авч өгөөч. Хөл нь хөлдлөө” гэж байсан. Хүүхдүүд зуны муу куртиктэй л явж байсан. Тэгж байтал Э.Ганбаатар миний данс руу хүнээс зээлж өгч байгаа гээд 100000 төгрөг хийж байсан. Тэр мөнгөөр нь хоёр хүүхдэдээ гутал авч өгөөд дууссан. “400000 төгрөгийг нь нэхээд байна. Тэр мөнгийг үрж болохгүй байсан мөнгө байсан юм байна” гэхэд Э.Ганбаатар “Чамд хамаагүй чи яагаад надаас мөнгө нэхээд, хоол нэхээд хэвтээд байдаг юм. Чам шиг юмыг би тэжээх ёстой юм уу?. Чи гурван хүүхдээ өөрөө тэжээгээч” гээд утасны цаанаас загнаад байхаар нь би утсыг ширээн дээр нь тавьчихсан. Гэтэл хойд айлын эгч утас аваад Э:Ганбаатарыг “Чи юу яриад байгаа юм бэ?. Чи энэ гэрийг аваад явах хүн шүү дээ. Чи Бадамхандыг бодохгүй байж болно. 3 хүүхдээ бодооч. Яагаад чи хүүхдүүдээ ингэж хандаж байгаа юм бэ?. Дэлхийн зөнгөөс өгсөн мөнгийг нь чи яагаад үрчихсэн юм бэ?. Үрж болохгүй мөнгө байсан юм билээ” гэж хэлэхэд “Та нарт хамаагүй” гэсэн. Сая 11 сард бид нарыг хотод байхад ээж нөгөө Дэлхийн зөнгийн мөнгийг нь надаас нэхээд захирал над руу яриад байна гэхээр нь “Тэр мөнгөө Э.Ганбаатар гэдэг хүнээсээ л ав. Би тэр мөнгийг чинь авч үрээгүй” гэж хэлснээс хойш надаас дахин нэхээгүй гэв.
Хариуцагч Э.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 хүүхдээ хөөж гаргаж, Э.Бадамхандыг 3 хүүхдээ хээр гадаа хонуулж байгаагүй. Намайг гараад явахаар Э.Бадамханд өөрөө гараад явчихдаг. Э.Бадамханд өөр хүнтэй болсон учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.Бадамханд өөрөө өөр хүнтэй явалдаад 3 хүүхдээ хүртэл хаяад явдаг байсан. Нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна. Тэр мөнгөнөөс 100000 төгрөгийг нь үрсэн байсан. Үлдэгдэл 300000 төгрөг нь миний дансанд байсан. Надтай гэрээ хийсэн. Гэрээний хугацаа нь дуусаагүй байсан. Үлдэгдэл мөнгөөр нь би хүүхдүүддээ юм авч өгнө гэж бодож байтал эд нар хот руу явчихсан гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Бадамханд нь Э.Ганбаатарт холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс 65040000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Бадамханд хариуцагч Э.Ганбаатар нар 2004 оны 11 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хүү Ганбаатарын Мөнгөнцоож 2008 оны 08 сарын 10-ны өдөр, хүү Ганбаатарын Батцоож 2008 оны 03 сарын 06-ны өдөр, охин Ганбаатарын Эрдэнэтуяа 2012 оны 08 сарын 24-нд төрсөн болох нь Г-16 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүү Г.Мөнгөнцоожийн 0097755 Г-49 дугаартай төрсний гэрчилгээ, Г.Батцоожийн 0038778 Г-28 дугаартай төрсний гэрчилгээ, охин Г.Эрдэнэтуяагийн 0000853769 Г-73 дугаартай төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахуулахаар хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн ба уулзалт амжилтгүй болсон тухай тэмдэглэлийг ирүүлсэн, мөн нэхэмжлэгч, хариуцагч нар зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, хамтран амьдрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн хүчирхийлэлтэй болох нь тогтоогдож байх тул Э.Бадамханд, Э.Ганбаатар нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Эхийн асаргаа онцгой шаардлагатай бага насны хүүхдийн онцлог, түүнд тавих анхаарал халамж, ахуйн нөхцөл зэргийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй хүү Г.Мөнгөнцоож, Г.Батцоож, охин Г.Эрдэнэтуяа нарыг эх Э.Бадамхандын асрамжид үлдээж, хүү Г.Мөнгөнцоож, Г.Батцоож, охин Г.Эрдэнэтуяа нарыг эцэг Э.Ганбаатараар тэжээн тэтгүүлж хуулийн дагуу тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна. Мөн хүү Г.Батцоож, Г.Мөнгөнцоож нараас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг баримтлан саналыг авахад ээжтэйгээ хамт байна гэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Э.Бадамханд, хариуцагч Э.Ганбаатар нар хэн аль нь хүү Г.Мөнгөнцоож, Г.Батцоож, охин Г.Эрдэнэтуяа нарын хувьд эцэг эхийн эрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад саад учруулах, хориглох эрхгүй болно.
Нэхэмжлэгч Э.Бадамханд нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 8130000 төгрөгийг ам бүлийн 5 гишүүнд хувааж нэг хүнд ногдох 1626000 төгрөгийг хүү Мөнгөнцоож, хүү Батцоож, охин Г.Эрдэнэтуяа мөн өөртөө ногдох хувь буюу нийт 4 хүний 6504000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн малын үнэлгээ нь хэдэн онд авагдсан нь тодорхойгүй, учир дутагдалтай гарсан тул малын үнэлгээн дээр үндэслэсэн гэр бүлийн дундын эд хөрөнгө болон 6504000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Бадамханд, хариуцагч Э.Ганбаатар нар гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа бий болгосон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө
-Эр үхэр-3, үнээ-5, бяруу-2, тугал-3, нийт 13
-хурга-6
-ухна-1, эр ямаа -10, эм ямаа-23, ишиг-20, нийт 54
нийт дүнгээр 73 тооны малтай болох нь хариуцагч Э.Ганбаатарын шүүхэд нотлох баримтаар өгсөн 2016 оны 12 сарын 08-ны өдөр А данстай тулгаж Архангай аймгийн Тариат сумын төрийн сангийн нягтлан бодогч Ш.Сэдрагчаагийн тодорхойлсон Алтаад багийн иргэн Ганбаатарын малын задаргаа хийсэн жагсаалтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Э.Бадамханд Алтаад багийн иргэн Э.Ганбаатарын малын задаргаа хийсэн жагсаалтыг, хариуцагч Э.Ганбаатар нь малыг үнэлсэн Эд зүйлсийн үнэлгээг тус тус шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч эдгээр баримтууд нь хэзээ малын задаргаа хийлгэсэн, үнэлүүлсэн нь тодорхойгүй огноо байхгүй учир энэ хэргийг хянан шийдвэрлэхэд эдгээр баримтуудыг / хх-11х, шүүх хуралдааны явцад шинээр өгсөн эд зүйлийн үнэлгээ/ нотлох баримтаар үнэлээгүй болно.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхэддээ ногдох хэсгийг нэхэмжлэгч Э.Бадамханд төгрөгөөр гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нийт 73 тооны толгой малын үнэлгээг нэхэмжлэгч Э.Бадамхандын шүүхэд нотлох баримтаар өгсөн 2016 оны 12 сарын15-нд Тариат сумын Үнэлгээний комиссын үнэлсэн эд зүйлийн үнэлгээний дагуу
Эр үхэр-3, нэг бүрийн үнэ 400 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг
Үнээ-5, нэг бүрийн үнэ 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг
Бяруу-2, нэг бүрийн үнэ 100 000 төгрөг, нийт 200 000 төгрөг
Тугал-3, нэг бүрийн үнэ 50 000 төгрөг, нийт 150 000 төгрөг
Хурга-6, нэг бүрийн үнэ 30 000 төгрөг, нийт 180 000 төгрөг
Ухна-1, үнэ 100 000 төгрөг
Эр ямаа-10, нэг бүрийн үнэ 60 000 төгрөг, нийт 600 000 төгрөг
Эм ямаа-23, нэг бүрийн үнэ-40 000 төгрөг, нийт 920 000 төгрөг
Ишиг-20, нэг бүрийн үнэ-20 000 төгрөг, нмийт 400 000 төгрөгөөр тооцлоо.
Нийт 73 тооны малын мөнгөн үнэлгээ 6 250 000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нийт гишүүдэд адил байна. Хариуцагч Э.Ганбаатарын гэр бүлийн нийт 5 гишүүнд 6 250 000 төгрөгийг хуваахад гэр бүлийн нэг гишүүнд 1 250 000 төгрөгийн эд хөрөнгө ногдож байна. Иймд хариуцагч Э.Ганбаатараас нэхэмжлэгч Э.Бадамханд, хүү Г.Мөнгөнцоож, хүү Г.Батцоож, охин Г.Эрдэнэтуяа нарт ногдох эд хөрөнгийн үнэ нийт 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бадамхандад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 504 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Э.Бадамхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189220 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 165150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бадамхандад, нэг хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29354 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах тус тус оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Ванган овогт Эрдэнэчимэгийн Ганбаатар, Боржигон овогт Энхтайваны Бадамханд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 08 сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.Мөнгөнцоож, 2008 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Батцоож, 2012 оны 08 сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Эрдэнэтуяа нарыг эх Э.Бадамхандын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хулуийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Г.Мөнгөнцоожийг сард 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Г.Батцоож, охин Г.Эрдэнэтуяа нарыг сард 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Э.Ганбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т заасныг баримтлан сард төлөхөөр тогтоосон тэтгэлгийг хугацаанд төлөөгүй хожигдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг, алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан хариуцагч Э.Ганбаатараас 5000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бадамхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1504000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189220 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 165150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бадамхандад, нэг хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29354 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН