Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/916

 

 

 

 

 

 

2021         08          16                                      2021/ШЦТ/916

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч У.Мөнхнавч /томилолтоор/,

Хохирогч Н.Цэнд-Аюуш,

Хохирогч нарын өмгөөлөгч А.Золжаргал /ҮД:2774/,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн /ҮД:1731/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мд холбогдох 2106 00000 1483 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Чухаг хотхоны 601 дүгээр байрны 50 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Бийн М /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Л.Гомбо-Очиртой ноцолдох, Н.Цэнд-Аюушийг үүрч шидэх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэнд-Аюушийн өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын гэрлэн дохиотой уулзвар “Пост 121” үүрэг гүйцэтгэж байсан. Орой 17 цаг 30 минутын орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явах авто зам дээр 38-59 УНЗ улсын дугаартай Тоёота Прима загварын тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Гомбо-Очир зогсоогоод шалгасан. Улмаар хэсэг хугацааны дараа уг машины цонхоор гар нь орчихсон чирэгдэх шиг болсон. Жолооч залуу машинаас бууж ирээд цагдаатай зууралдахад нь би салгах гээд очсон. Уг залууг би тэврээд замын урд талын контейнертой хэсэг рүү өргөн авч очоод тавьсан. Гэтэл уг хүн “та нар цагдаа гэхээрээ ийм дээрэлхүү байдаг юм уу” гэж орилон чарлаж байгаад уг хүнийг буулгахад намайг үүрч шидсэн. Тэгээд би босоод барьцалдаж авахад уг хүн миний зүүн шанаа руу нэг удаа цохисон, би уг хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Надтай барьцалдаж авахад нь би цаашаа гэж уг хүнийг түлхсэн. Тухайн үйл явдал хэсэгхэн зуур болж өнгөрсөн. Би уг хүнийг боль гэж хэлээд шаардлага тавихад миний шаардлагыг эсэргүүцэж алба хаагчийн үгэнд ороогүй...” гэх мэдүүлэг /хх.10-13/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гомбо-Очрын өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 121 дүгээр пост буюу Нарантуул худалдааны төвийн урд талын уулзварт хөдөлгөөн зохицуулах үүрэг гүйцэтгэж байсан. 17 цаг 11 минутад уулзварын голд цагдаагийн дэслэгч С.Ариунболдын хамтаар хөдөлгөөн зохицуулж байхад 38-59 УНЗ улсын дугаартай Тоёота Прима загварын тээврийн хэрэгсэл зохицуулагчийн дохио зөрчиж уулзварт орж ирсэн. Тэгээд би дээрх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд саад учруулахааргүй зогсоож шалгахад Б.М гэх хүн жолоо барьж байсан. Би уг хүнд хэлэхдээ “та замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн талаараа мэдэж байна уу” гэж асуухад Б.М “мэдэхгүй байна” гэж хариулсан. Би Б.Мд “та гэрлэн дохио зөрчиж ганцаараа орж ирлээ яаж байгаа юм бэ” гэж асуухад Б.М “миний урд талд нэг тээврийн хэрэгсэл уулзвар нэвтэрч ороход би араас нь орсон” гэж хэлсэн. Би тэгэхээр нь Б.Мд “та зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол би хяналтын камер шүүж үзүүлнэ, одоо бичиг баримтаа хураалгана уу” гэж хэлэхэд Б.М “за ойлголоо би бичиг баримтаа өгөхгүй намайг торгож болно” гэж хэлсэн. Ингээд би иргэн Б.Мыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.23 гэх заалтад зааснаар 20 нэгжээр торгож нэг оноо хасах талаар хэлж торгосон. Б.М нь “чи оноо хасаад байхдаа яах вэ дээ зүгээр торгож болоогүй юм уу” гэж хэлсэн. Би хариуд нь энэ хуулийн заалтад 1 оноо давхар хасагддаг талаар хэлсэн. Б.М “за тэгээд хурдан торгооч би явмаар байна” гэж хэлсэн. Би Б.Мыг торгуулийн багажаар торгож жолоочийн бичиг баримтыг буцааж өгөхөд Б.М “арчаагүй муу пизда нар ингэдэг байхгүй юу” гэж хэлэхээр нь би Э8-59 УНЗ улсын дугаартай тоёота прима загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг нээгээд “та одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Б.М тээврийн хэрэгслээсээ буугаад намайг заамдахад би гарыг нь салгах гэж ноцолдож байхад цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Цэнд-Аюуш хүрч ирээд Б.Мын гарыг салгаад араас нь тэврээд замаас урагш гаргасан Н.Цэнд-Аюуш Б.Мыг “чи одоо болиоч ээ” гэж хэлэхэд Б.М Н.Цэнд-Аюушийг цээж рүү нь гараараа нэг удаа түлхэхэд Н.Цэнд-Аюуш Б.М руу ойртож очиход Б.М Н.Цэнд-Аюушийг үүрч газарт унагасан. Н.Цэнд-Аюуш босоод цагаан өнгийн бүсээ тайлаад газарт тавьж Б.М руу ойртож очиход Б.М Н.Цэнд-Аюушийг дахин нэг удаа түлхээд “харьцаандаа соёл шаа пизда минь” гэж хэлээд өөрийнхөө тээврийн хэрэгсэл рүү явж байхад Н.Цэнд-Аюуш уг тээврийн хэрэгслийн хажууд очоод зогссон Б.М Н.Цэнд-Аюушид машинаа хаая гэж хэлээд 2 удаа түлхсэн Б.М өөрийн тээврийн хэрэгсэлдээ сууж байхад удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх.18-20/, 

Камерийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.25-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ариунболдын өгсөн: “... Л.Гомбо-Очир, ахлагч Н.Цэнд-Аюуш нарын зогсож байсан зүгт алхаж явахад дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолооч машинаас бууж ирээд цагдаагийн дэд ахлагч Л.Гомбо-Очрыг хоёр гараараа түлхэж газарт унагаад Гомбо-Очир тэр хоёр нэг нэгнийхээ гараас зууралдаад барьцалдсан хэвээрээ миний өөдөөс явж байхаар нь би “юу болоод байгаа юм бэ? боль” гэж хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй биеийн дээд хэсэг буюу цээж нүцгэн хувцасгүй Л.Гомбо-Очир луу дайраад байхаар нь цаанаас цагдаагийн ахлагч Н.Цэнд-Аюуш тухайн жолоочийн араас цээж хэсгээр нь 2 гараараа тэвэрч боль гэж хэлээд замаас холдуулаад урагшаа 5 метр зайд очиход тухайн жолооч “та нар юу юм бэ?” гэх мэтээр доромжлоод хэрүүл хийгээд байсан.Н.Цэнд-Аюуш чи алба хаагчийн шаардлага яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ? гэж хэлээд өөдөөс нь алхах үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой М гэх хүн цагдаагийн алба хаагч Н.Цэнд-Аюушийг үүрч тэвэрч газарт нуруу хэсгээр нь унагасан.Би тэр үед Л.Гомбо-Очрын бугуйн цагийг газарт байхаар нь авч байсан, би тухайн жолооч болон Н.Цэнд-Аюуш дээр очоод “одоо боль тайвшир” гэж хэлээд юу болсон талаар жолоочоос асуухад өөдөөс “та нар юу юм бэ? ингэж унагадаг байхгүй юу” гэж хэлээд өөдөөс давшилж дайраад байсан...” /хх.74-75/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Золжаргалын өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед дүү гийн машинтай найз Санчир бид гурав цэцэрлэгт хүрээлэн орохоор Нарантуул захын урд талын замд зүүнээс баруун тийш явж байхад гэрлэн дохионы зүүн урд талд нэг залуу замын цагдааг торголоо гэснээс болж цагдаатай маргалдаж байгаа нь сонсогдож эхэлсэн, тэгэхээр нь би утсаараа бичлэг хийсэн. Тэгээд уг залуу эхэлж машинд ороод суусан маргалдаж байснаа машиныхаа хаалгыг савж бууж ирээд нөгөө цагдааг заамдаж аваад харилцан түлхэлцэж зууралдаж байхад нөгөө цагдаа нь боль гээд, тэр залууг тэврээд цааш нь холдуулсан чинь үүрч унагаасан. Тэгээд нөгөө хоёр цагдаа нь юмаа түүж аваад маргалддаг залуу машинаас утсаа авна гэж машиндаа суусан, тэгээд гэрэл ассан тул бид нар цаашаа хөдлөөд явсан. Ингээд би захын иргэн хүн нь цагдааг дайрч, биед нь халдаж болохгүй гэдгийг анхааруулж өөрийн стори дээр уг бичлэгийг тавьсан чинь цахим сүлжээгээр тарсан байна. Миний харснаар тэр цагдааг заамддаг залуу өөрөө дүрэм зөрчиж торгуулснаас болж уурлаж цагдаа нар руу дайрч асуудал үүсгэсэн ба ер нь их ууртай хүн шиг харагдсан. Тэнд гурван цагдаа байсан дэслэгч цолтой цагдаа нь уг асуудалд оролцоогүй.Тэр залуу уурлаж цагдаа нар луу дайрч байхад цагдаа нар өөдөөс нь дүрэм тайлбарлаж өгөөд байх шиг байсан ба нэгэн байдлаар тэр хүнийг зодож цохиж биед халдсан зүйл болоогүй...” /хх.77-78/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Бямбабаярын өгсөн: “... 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нарантуул захын уулзвар өнгөрөөд 60-22 ХӨВ дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаад дугаар явдаггүй өдөр явсан гэсэн шалтгаанаар замын цагдаад 20.000 төгрөгөөр торгуулаад зогсож байсан чинь саарал өнгийн Прима машиныг зохицуулагчийн дохио зөрчсөн гэх шалтгаанаар цагдаа зогс гэж олон удаа хэлэхэд зогсохгүй байсан тул машиных нь түлхүүрийг авах шиг болсон чинь жолооч нь бууж ирээд Л.Гомбо-Очир гэдэг цагдааг шууд барьж аваад хавсарч унагаагаад зууралдаж байхад хамт байсан цагдаа нь тэр залууг салгаж араас нь тэвэрч өргөөд цаашаа явсан чинь гараас нь нэг удаа мултарсан дахиж бариад авсан чинь үүрч унагаасан. Би эхэлж унасан цагдаагийн эд зүйлийг хойноос нь цуглуулж аваачиж өгсөн. Тэгтэл уг залуу сүүлд машины урд үүрч унагаасан цагдаа руу дайрч түлхэж биед нь халдсан, мөн тэндээс салаад уг залуугийн машины хажууд цагдаа руу дахиж дайрч түлхсэн. Ингээд гармын жижүүрийн байранд камер шүүхээр цагдаа нөгөө залуугийн хамт явсан, би араас нь очсон. Би байрны гадаа байсан жижүүрийн байран дотор дахиж маргалдаад байх шиг сонсогдсон. Удаагүй тэр залуу гарч ирээд дахиж маргалдаж муудалцаагүй нөгөө газар очиход цагдаагийн биед халдсан залууг цагдаа ирээд аваад явсан...” /хх.84/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Мын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17:00 цагийн үед Нарантуул захын гэрлэн дохиотой уулзвар дээр Нарантуул зах руу эргэхээр зогсож байхад ногоон гэрэл асахад миний урд талын 4 машин зүүн гар тийшээ буцаж эргэсэн тэгэхээр нь би дагаад зүүн гар тийшээ эргэсэн чинь замын цагдаа зогсоогоод “бичиг баримтаа шалгуул” гэсэн бичиг баримтаа өгсөн чинь “та ямар зөрчил гаргасан бэ” гэсэн, би “мэдэхгүй байна” гэсэн, тэгэхэд уг цагдаа намайг “зохицуулагчийн дохио зөрчлөө” гэхээр нь “за” гэсэн чинь “зөрчлөө мэдэхгүй байгаа бол бичиг баримтаа нийслэлийн замын хөдөлгөөний хэлтсээс аваарай” гэсэн, тэгэхээр нь би “түр хураах өгөөч” гэсэн чинь “байхгүй, өгдөггүй” гэсэн. Тэгэхээр нь “яаж бичиг баримтаа авах вэ, дараагийн замын цагдаа шалгавал яах вэ, мөн таныг яаж олох вэ” гэсэн чинь энгэрт байгаа нэрээ заасан. Ингээд байж байхад надад үүрүүлдэг цагдаа ирэхэд түүний төхөөрөмжөөр шалгасан. Тэгээд би “одоо яах вэ” гэсэн чинь “түр хураах өгдөггүй, 20.000 төгрөгөөр торгож нэг оноо хасна” гэсэн тул “1 оноо хасахгүй, 20.000 төгрөгөөр торгуулъя” гэсэн чинь “болохгүй” гэсэн, тэгээд надад торгууль бичиж өгөөд миний бичиг баримтыг өгсөн. Ингээд машинаа асаагаад “та нарын хийсэн ажлыг хэн нэг нь гарч ирээд цайруулчих байлгүй дээ, ядаж нэг оноог нь үлдээчихгүй дээ” гэж хэлсэн чинь тэр цагдаа намайг “зайлаач” гэж хэлэхээр нь зөрүүлээд “чи өөрөө зайлаач” гэсэн чинь миний машины түлхүүрийг сугалж аваад над руу шидчихээр нь буугаад гарах гэсэн чинь түлхэж суулгасан. Тэгэхээр нь би машинаас буугаад уг цагдаагийн урдаас түлхэж бид хоёр харилцан барьцалдаж зууралдаж байхад хамт байсан цагдаа барьж аваад цаашаа авч яваад шилэн хүзүүн дээрээс дараад тэнд байсан шар машинд миний хацраар шахаж наасан. Би гараа мулталж аваад анхны торгосон цагдаа руу гүйж байхад араас нөгөө цагдаа гүйж ирээд тэвэрч аваад буцаад нөгөө шар машин руу авч явахаар нь зайлж мултарсан чинь дахиж бариад авахаар нь үүрч шидсэн. Ингээд энэ асуудал дуусаж газраас футболкоо өмсөж төмөр замын гарам дээр байрладаг газарт намайг торгодог цагдаагийн хамт замын уулзварын бичлэг үзэхэд уулзвар дээр цагдаа зохицуулж байхад миний өмнө гурван машин зүүн эргэчихээр нь зохицуулж байсан цагдааг харалгүй зүүн эргэж орсон байсан. Ингээд байж байхад миний унагаадаг цагдаа араас орж ирээд “чи төрийн цагдааг үүрдэг хэн бэ” гээд барьж аваад хананд шахаж 2- 3 удаа мангасдсан, тэгэхээр нь би “намайг зодвол зод, камертай шүү” гэсэн чинь больсон. Тэгээд бид нар буцаад нөгөө газар дээрээ буцаад очиход дуудлагаар ирсэн цагдаа юу болсныг асуухаар нь “монгол төрийн хувцас өмсчхөөд иргэдэд соёлтой харьцалдаа харьцаандаа соёл шаа л даа” гэж хэлээд цагдаагийн машинд суугаад хэлтэс дээр ирж гэрчээр мэдүүлэг өгчхөөд харьж байхад мэдүүлэг авсан байцаагч дуудахаар нь “баривчлах гэж байгаа бол машинаа үлдээчих үү” гэсэн чинь “зүгээр хүрээд ир, гарын үсэг зур” гэхээр нь яваад очсон чинь 24 цаг баривчилсан. Би цагдаагийн биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлттэй байна...” /хх.102/,

Шүүгдэгч Б.Мын хувийн байдлын талаарх баримтууд /хх.106-110/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.М нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Л.Гомбо-Очиртой ноцолдох, Н.Цэнд-Аюушийг үүрч шидэх зэргээр албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэнд-Аюушийн өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул захын гэрлэн дохиотой уулзвар “Пост 121” үүрэг гүйцэтгэж байсан. Орой 17 цаг 30 минутын орчимд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явах авто зам дээр 38-59 УНЗ улсын дугаартай Тоёота Прима загварын тээврийн хэрэгслийн жолоочийг цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Гомбо-Очир зогсоогоод шалгасан. Улмаар хэсэг хугацааны дараа уг машины цонхоор гар нь орчихсон чирэгдэх шиг болсон. Жолооч залуу машинаас бууж ирээд цагдаатай зууралдахад нь би салгах гээд очсон. Уг залууг би тэврээд замын урд талын контейнертой хэсэг рүү өргөн авч очоод тавьсан. Гэтэл уг хүн “та нар цагдаа гэхээрээ ийм дээрэлхүү байдаг юм уу” гэж орилон чарлаж байгаад уг хүнийг буулгахад намайг үүрч шидсэн. Тэгээд би босоод барьцалдаж авахад уг хүн миний зүүн шанаа руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.10-13/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гомбо-Очрын өгсөн: “... Б.М тээврийн хэрэгслээсээ буугаад намайг заамдахад би гарыг нь салгах гэж ноцолдож байхад цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Цэнд-Аюуш хүрч ирээд Б.Мын гарыг салгаад араас нь тэврээд замаас урагш гаргасан, Н.Цэнд-Аюуш Б.Мыг “чи одоо болиоч ээ” гэж хэлэхэд Б.М Н.Цэнд-Аюушийг цээж рүү нь гараараа нэг удаа түлхэхэд Н.Цэнд-Аюуш Б.М руу ойртож очиход Б.М Н.Цэнд-Аюушийг үүрч газарт унагасан. Н.Цэнд-Аюуш босоод цагаан өнгийн бүсээ тайлаад газарт тавьж Б.М руу ойртож очиход Б.М Н.Цэнд-Аюушийг дахин нэг удаа түлхээд “харьцаандаа соёл шаа пизда минь” гэж хэлээд өөрийнхөө тээврийн хэрэгсэл рүү явж байхад Н.Цэнд-Аюуш уг тээврийн хэрэгслийн хажууд очоод зогссон Б.М Н.Цэнд-Аюушид машинаа хаая гэж хэлээд 2 удаа түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.18-20/, 

Камерийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.25-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ариунболдын өгсөн: “... жолооч машинаас бууж ирээд цагдаагийн дэд ахлагч Л.Гомбо-Очрыг хоёр гараараа түлхэж газарт унагаад Гомбо-Очир тэр хоёр нэг нэгнийхээ гараас зууралдаад барьцалдсан хэвээрээ миний өөдөөс явж байхаар нь би “юу болоод байгаа юм бэ? боль” гэж хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй биеийн дээд хэсэг буюу цээж нүцгэн хувцасгүй Л.Гомбо-Очир луу дайраад байхаар нь цаанаас цагдаагийн ахлагч Н.Цэнд-Аюуш тухайн жолоочийн араас цээж хэсгээр нь 2 гараараа тэвэрч “боль” гэж хэлээд замаас холдуулаад урагшаа 5 метр зайд очиход тухайн жолооч “та нар юу юм бэ?” гэх мэтээр доромжлоод хэрүүл хийгээд байсан. Н.Цэнд-Аюуш “чи алба хаагчийн шаардлага яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ?” гэж хэлээд өөдөөс нь алхах үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой М гэх хүн цагдаагийн алба хаагч Н.Цэнд-Аюушийг үүрч тэвэрч газарт нуруу хэсгээр нь унагасан...” /хх.74-75/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Золжаргалын өгсөн: “... Тэгээд уг залуу эхэлж машинд ороод суусан маргалдаж байснаа машиныхаа хаалгыг савж бууж ирээд нөгөө цагдааг заамдаж аваад харилцан түлхэлцэж зууралдаж байхад нөгөө цагдаа нь боль гээд тэр залууг тэврээд цааш нь холдуулсан чинь үүрч унагаасан... Миний харснаар тэр цагдааг заамддаг залуу өөрөө дүрэм зөрчиж торгуулснаас болж уурлаж цагдаа нар руу дайрч асуудал үүсгэсэн ба ер нь их ууртай хүн шиг харагдсан...” /хх.77-78/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.Бямбабаярын өгсөн: “... жолооч нь бууж ирээд Л.Гомбо-Очир гэдэг цагдааг шууд барьж аваад хавсарч унагаагаад зууралдаж байхад хамт байсан цагдаа нь тэр залууг салгаж араас нь тэвэрч өргөөд цаашаа явсан чинь гараас нь нэг удаа мултарсан дахиж бариад авсан чинь үүрч унагаасан... Тэгтэл уг залуу сүүлд машины урд үүрч унагаасан цагдаа руу дайрч түлхэж биед нь халдсан, мөн тэндээс салаад уг залуугийн машины хажууд цагдаа руу дахиж дайрч түлхсэн...” /хх.84/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Мын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би машинаас буугаад уг цагдаагийн урдаас түлхэж бид хоёр харилцан барьцалдаж зууралдаж байхад хамт байсан цагдаа барьж аваад цаашаа авч яваад шилэн хүзүүн дээрээс дараад тэнд байсан шар машинд миний хацраар шахаж наасан. Би гараа мулталж аваад анхны торгосон цагдаа руу гүйж байхад араас нөгөө цагдаа гүйж ирээд тэвэрч аваад буцаад нөгөө шар машин руу авч явахаар нь зайлж мултарсан чинь дахиж бариад авахаар нь үүрч шидсэн... Би цагдаагийн биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлттэй байна...” /хх.102/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Мын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Мыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Л.Гомбо-Очир, Н.Цэнд-Аюуш нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир Б.Мыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 27 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Мыг энэ хэрэгт урьд нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгох ялд тооцон эдлэх ялаас хасаж, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Бийн Мыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд  2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, Б.Мыг энэ хэрэгт урьд нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгох ялд тооцож эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Мд оногдуулсан 2.685 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.685.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 27 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Мд сануулсугай.

          6. Б.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Гомбо-Очир, Н.Цэнд-Аюуш нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР