| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0081/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 21
О.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолтой, О.С-д холбогдох эрүүгийн 1835000270052 дугаартай хэргийг шүүгдэгч О.С-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Өндөрхангай сумын сум дундын эмнэлэгт лаборант ажилтай, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р баг 03-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС89051401, А ургийн овогтой О-ын С.
Шүүгдэгч О.С нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт хохирогч Х.П-ийн нүүрэн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А ургийн овогтой О-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сд 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр” тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн намайг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож 500 нэгж төгрөг буюу таван зуун мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
Миний бие тухайн өдөр хадам ахыгаа зодоогүй, хадам ах Х.Пүрэвдорж эхнэртэйгээ гаднаас манай гэрт хэрэлдэж орж ирээд над руу дайраад би биеэ хамгаалж гэрч зугтаасны дараа хоорондоо зодолдож гэмтэл авсан гэж удаа дараа би байцаагчид хэлсэн. Энэ талаар тодруулж гэрч асуулгахаар амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Тухайн үед манай түлээний хайрцганд түлээ байгаагүй ууттай нүүрс байсан. Цагдаагийн албан хаагч Шинэхүү нь тухайн үед гэрийн доторх зургийг дарсан боловч хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан.
Би согтуу хүнээс биеэ хамгаалж зугтахдаа гурилын мод шидсэн ба миний шидсэн мод Х.Пүрэвдоржид учирсан гэмтэлтэй тохирохгүй байгаа.
Эхнэр Г нь гэрчийн мэдүүлэгтээ “ ...Х.П нь станц авч шидэж гэрийн эд хогшлыг эвдсэн” гэж мэдүүлсэн байтал Х.П, Г нараас миний хохиролыг барагдуулж өгөөгүй, мөн энэхүү хэргийг хуулийн хугацаанд нь шалгаагүйд гомдолтой байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү” гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: О.Сд холбогдох эрүүгийн хэргийн хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хангагдсан тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж, шүүгдэгч О.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч О.С-гийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Шүүгдэгч О.С нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт хадам ах Х.П-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдахдаа нүүр рүү нь түлээний мод шидэж, духны зүүн хэсэгт 3,5 см, зүүн хөмсөгний гадна 1 см язарсан шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.С-гийн “..хадам ах Х.П эхнэртэйгээ гаднаас маргалдаж орж ирээд над руу дайрахад би биеэ хамгаалж зугтаж гарсны дараа хоорондоо зодолдож гэмтэл авсан. Би зугтаж гарахдаа гурилын мод шидсэн бөгөөд миний шидсэн бөөрөнхий мод Х.Пүрэвдоржид учирсан гэмтэлтэй тохирохгүй байгаа. Х.Пүрэвдорж нь манай гэрийн станцыг шидэж эвдэлсэн байхад хохиролыг гаргаж өгөөгүй. Мөн миний биед Х.Пүрэвдоржоор зодуулж гэмтэл учирсан байсан ба эдгэрсний дараа хэргийг шалгаж, хохирлыг гаргаж өгөөгүй. Иймд энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь :
О.С нь хохирогч Х.П-ийн нүүр лүү түлээний мод шидсэний улмаас Х.П-ийн биед“ духны зүүн хэсэг, зүүн хөмсөгний гадна талд язарсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь :
Хохирогч Х.П-ийн “...С “чамайг алсан ч яадаг юм, та нар намайг байнга хөөж байдаг” гэж хэлээд галын доод талд байсан модны савнаас жижиглэж хагалсан, гал түлэх хэмжээтэй 2 ширхэг мод аваад баруун гартаа байсан модыг над руу шидсэн.Уг мод нь миний баруун хөмсөг, духны хэсэгт онож, духны хэсэг язраад цус гарахаар нь би уурлаад С-гийн мөрөн дээр гараараа цохисон....би дух болон хөмсгөндөө нийт 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг,
Гэрч С.Г-гийн “...С гараа угааж байгаад гэнэт босож ирээд “Чамайг ер нь алсан ч яахав” гэж хэлээд галын хажууд байсан хайрцагтай түлээнээс 2 ширхэг мод аваад манай нөхөр лүү шидсэн. Тэгтэл уг шидсэн мод П-ийн дух болон хөмсгийг онож, хөмсөг нь задарч цус гарсан...Эмч М П-ийн дух хэсэгт нь 4 оёдол, хөмсөг хэсэгт нь 1 оёдол тавьсан юм” гэх мэдүүлэг,
Гэрч Г.М-ын “...би эмнэлэг дээр очиход тус сумын иргэн П ирсэн байсан ба түүнийг үзэхэд дух болон зүүн хөмсөг нь задарсан байсан тул П-ийн дух хэсэгт мэс заслын 4 оёдол, зүүн хөмсөг хэсэгт нь 1 мэс заслын оёдол тавьсан “ гэх мэдүүлэг,
Гэрч Д.О-ийн “...Намайг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ээлжтэй байхад тус сумын иргэн П-ийн дух хэсгээс нь нилээн цус гарсан байдалтай нүүр нь цус болчихсон ирсэн. Тэгээд би П-ийг үзэхэд түүний дух болон зүүн хөмсөг нь задарсан байдалтай байхаар нь шархны эргэн тойронд урссан цусыг нь арчиж цэвэрлэсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Н-ийн “...би эхнэр А-ын хамт П-ийн гэрт очиход П, Г болон хүүхдүүд нь байсан бөгөөд Пүрэвдоржийн дух болон зүүн хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байсан. Би Пүрэвдорж, Гүүриймаа нараас юу болсон талаар асуухад Пүрэвдорж “Би Сарангаас Пүрэвсүрэнгийн машины түлхүүрийг асуугаад орсон чинь над руу мод шидээд миний дух болон хөмсгийг задалчихлаа “ гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаартай “Иргэн Х.Пүрэвдоржийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Духны зүүн хэсэг, зүүн хөмсөгний гадна талд язарсан шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлэээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баритмуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Нөгөөтэйгүүр гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогч Х.П нь эхнэр С.Г-тай маргалдсан, хоорондоо зодолдсон гэх нотолгоо хэрэгт авагдаагүй ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн О.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.
Иймд О.С-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Н.МӨНХЖАРГАЛ