Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж

         Нэхэмжлэгч: “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: ОАМХГХХУБ Д.Б-т холбогдох

“ОАМХГХХУБ Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150000 төгрөг болон нөхөн төлбөр 2160000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “ЭТ” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: “МХГХУБ Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150.000 төгрөг болон нөхөн төлбөр нэрээр авсан 2.160.000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах тухай.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсаар Н.А надад МХГХУБ Д.Б торгуулийн арга хэмжээ авсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах хуулийн зохицуулалттай. Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол торгуулийн арга хэмжээ авахаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.1 дэх хэсэгт хуульчилж өгсөн. Тус шийтгэлийн хуудас нь дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байна. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, авах, амрах, хувийн аж ахуйн эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. гэж хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж өгсөн. Аливаа хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүн манай байгууллагад ажилд орохоор сайн дурын үндсэн дээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд бид Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөнд халдаж албадан хөдөлмөрлүүлэх боломжгүй юм. Манай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орохоор ирээгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулахаас татгалзсан тохиолдол огт байхгүй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж хуульчилсан. Гэтэл одоог хүртэл тус жагсаалтыг төрийн эрх барих дээд байгууллагаас батлаагүй. Уг ажлын байрны жагсаалт гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй, төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар торгож, нөхөн төлбөр төлүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хувийн аж ахуйн эрхлэх үйл ажиллагаанд шууд халдаж байгаа үйлдэл болж байна.

... Тус хууль бус асуудлаар ОАМХГД Б.Ж-д гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж авах боломжгүй, харин төлбөрийг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх журмаар төлүүлэх тухай зааж 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14/222 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн.

Иймээс МХГХУБ Д.Бийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, торгууль 150.000 төгрөг, нөхөн төлбөр нэрээр авсан 2.160.000 төгрөгийг эргүүлэн олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МХГХУБ Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150.000 төгрөг болон нөхөн төлбөр нэрээр авсан 2.160.000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А гэх хүнд 150.000 төгрөгийг торгууль оногдуулсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 52 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Үүний дагуу “ЭТ” ХХК-д Ж дарга хариу албан бичиг явуулсан. Үүндээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн. Тухайн шийтгэлийн хуудсыг прокурорт хянуулсан байгаа гэж тайлбарласан. Хэргийн ажиллагаа явагдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичиг ирсэн учраас шаардлагыг биелүүлж төлбөрийг төлсөн. Н.А-д оногдуулсан 150.000 төгрөг, нөхөн төлбөр 2.160.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудсаар байгууллага биш Н.А буюу хувь хүнд шийтгэл оногдуулсан. Энэ үндэслэлээр Н.А байгууллагад биш хувь хүнд шийтгэл оногдуулсан нь алдаатай байна гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ж даргаас ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлагаар 2.160.000 төгрөг, 150.000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг хариуцагч Д.Б-аас нэхэмжилж байна. Тус шалгалт 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн удирдамжийн дагуу явагдсан гэх боловч хяналт шалгалтыг 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 31-ний өдрийн хооронд хийнэ гэж заасан. Гэтэл шалгалт 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн. Үүнийг талууд аль аль нь зөвшөөрдөг. Үүнээс үзвэл тухайн шалгалт, удирдамжгүйгээр явагдсан гэж харагдаж байна. Дээрх үндэслэлээр Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168558 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулан, нөхөн төлбөрт төлсөн 2.160.000 төгрөг, торгууль 150.000 төгрөг гаргуулан “ЭТ” ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тэгэхээр энэ үйлдэл нь зөрчил мөн үү гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. Хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн, эсхүл одой хүн ажиллуулаагүй нь төлбөр төлөх ёстой үүрэг мөн үү гэхээр Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй. Гэхдээ төлбөр гэж яриад байгаа энэ зүйл татварын төлбөр гэдэгт орж байна уу” гэдгийг үзэх хэрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7.д 5.7.”Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид татвар гэх/-өөс бүрдэнэ.” Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүний хөдөлмөрийн талаар зохицуулсан”. 111 дүгээр зүйлийн 111.1-д “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” 111 дүгээр зүйлийн 111.7-д “Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан байна. Үйлдвэрийн газарт ямар хүмүүс ажиллаж болох болохгүй талаар маш их асуудал яригддаг. Энэ талаар Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн ямар ажил хийх боломжтой болох талаар тогтоосон зүйл байхгүй. Үйлдвэрийн газарт ийм хүмүүс ажиллуулснаар эргээд үйлдвэрийн осол гарах эрсдэл нэмэгдэнэ. Цаашлаад хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7 дахь заалт бол хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн хаана, ямар ажил хийвэл тохирох юм бэ гэдгийг ярьж байгаа. Эхлээд “ЭТ” ХХК ямар хүнийг хаана ажллуулах боломжтой вэ? гэдгээ мэдэх эрхтэй. Эргээд асуудал гарвал зохих газар ажиллуулаагүй гэдэг зүйлийг ярина. Үүнийгээ хууль тогтоогч тогтоогоогүй байж ажиллуулсангүй гэж төлбөр төл гээд байгаа. Энэ төлбөр Татварын тухай хуулийн дагуу явагдах ёстой болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хууль бус татвар бий болгоод байгаа байдал үүсэж байна. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тогтоогоод байгаа Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал ярих гэхээр Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой болно. Гэхдээ үүнийг төлөхгүй бол эргээд байгууллагын данс хаах зэрэг дараалсан хэцүү байдлууд үүсч, аж ахуй нэгж хүчин мөхөсдөж байна. Төлбөрийн асуудлын талаар Жигдэнгомбо даргад хандахаар урдаас албадан биелүүлэх асуудал яригдсан. Ийм учраас нөхөн төлбөрийг аргагүй байдалд орж төлсөн. Хариуцагч Н.А зөвшөөрсөн учраас торгууль тавьсан гэж байгаа нь үндэслэлгүй. Энэ бол талуудын зөвшилцлийн үндсэн дээр хийгддэг ажиллагаа биш. Энэ үндэслэлээр хууль бус шийтгэл байна. Хамгийн чухал асуудал нь 100-аас дээш хүн ажилууллах юм бол татвар аваад байгаа энэ зохицуулалтыг эргэж харах хэрэгтэй. Ажлын байр олон бий болгож байгаагаараа татвар төлж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв “ЭТ” ХХК хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах байсан гэж байгаа ч Монгол улс Олон улсын хүний эрхийн конвенцэд нэгдэн орсон улс мөн. Тиймээс “ЭТ” ХХК ядаж хэн нэгнээр албадан хөдөлмөр хийлгэхгүй байх ёстой. Үүнийг мөрддөг. Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэн ирээд ажилд орох гэхэд нь авахгүй гэж буцааж байсан удаа байхгүй. Гэтэл энэ талаар шалгаагүй. Тийм ажилтан ажиллуулах боломж байгаагүй. Манайд ажиллах санал ирээгүй байхад төлбөр төл гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар ажил олгогч ажилтны эрүүл, аюулгүй ажиллах орчинг бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл энэ нөхцөлийг бүрдүүлэх гэхээр Засгийн газар тогтоолоо батлаагүй хаана ямар ажлын байранд ямар ажиллах боломжтой талаар тогтоосон зүйл байхгүй байхад торгууль тавих нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчиж байна. Зөрчлийг илрүүлснээс хойш арга хэмжээ авах ёстой. Зөрчил илрүүлсэн ажиллагаагаа удирдамжийн агуу шалгаад явсан бол удирдамжийн хүрээнд хийгдэх ёстой. Зөрчил гэдэг утгаараа арга хэмжээ авах хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг мэдсээр байж гэнэт торгууль тавиад байгаа нь буруу. Шийтгэл оногдуулж байгаа шийдвэр хуулийн дагуу гарсан эсэх асуудлыг хянах ажиллагаа явагдаж байна. Тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой түүний эрхийн асуудлыг зөв ойлгоосой гэж хүсэж байна Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч ОАМХГХХУБ Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хяналт шалгалт хийх журмын дагуу “ЭТ” ХХК шалгалтад хамрагдсан. Миний бие дангаараа биш, хамтарсан баг энэ шалгалтыг хийсэн. Шалгалтын удирдамжид зааснаар шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд явуулах ёстой байсан. Гэтэл энэ талаар мэдэгдэх хуудсаар Г, Н нарт 2018 оны 03 сарын 02-нд мэдэгдсэн. Б гэх хүнд 2018 оны 03 сарын 12-нд мэдэгдсэн. Тэгтэл Н.А захирал ярихдаа 3 дугаар сард манай ажилчид амарсан байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон байгаа учраас хяналт шалгалтаа хойшлуулж өгнө үү гэсэн учраас түүний хүсэлтийн дагуу шалгалтыг 2018 оны 04 сарын 09-ний өдөр хийсэн. Удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан хяналтын хуудасны заавраар шалгалт хийгдсэн. Энэ хяналтын хуудасны 14 дэх асуулт дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар ажилтан ажлуулаагүй, эсвэл нөхөн төлбөрөө төлөөгүй бол үнэлгээ тавихаар байсан. “ЭТ” ХХК нөхөн төлбөр төлөөгүй байсан тул үнэлгээгээ тавьсан. Дараа нь энэ бүх тэмдэглэл, шалгалт хийсэн материалаа Н.А захиралд танилцуулаад гарын үсэг зураад явсан. Удирдамжийн дагуу хийсэн шалгалтын явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдогч зөрчлөө сайн дураар зөвшөөрсөн учраас хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг нээгээд явсан байгаа. Эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлж илрүүлсэн ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан. Татвар, төлбөртэй холбоотой зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Хууль өөрөө ийм үйл баримтыг шаардаж байгаа. Тухайн үйл хэсэгт иргэнийг 150 нэгжээр, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байгаа. Яагаад хувь хүнийг торгосон бэ? гэхээр компанид нөхөн төлбөр тавих гэхээр захирал нь өөрөө энэ жилийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. 1.500 нэгжээр торгуулах үнэхээр хүнд байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд байгаа хөрөнгийг харж үзээч гэсэн учраас хувь хүнд өөрийнх нь зөвшөөрснөөр 150 нэгжээр торгосон. Түүнээс биш өөр ашиг сонирхол байгаагүй. Тухайн үед Г захирлыг байхад хэлж байсан. Энэ заалт байгууллагад их дарамттай байдаг гэж хэлж байсан. Тиймээс захирал өөрөө эрх, үүргээ биелүүлэх хүсэл зориг байхгүй байна гэж үзэн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзсэн. Ажиллуулаагүй 6 орон тоонд 2018 оны эхний 3 сард зөвхөн торгууль оногдуулсан байгаа. 6 ажлын орон тоонд тус бүр 120000 төгрөг гэж тооцоод эхний 3 сард оногдуулсан торгууль нийт 2.160.000 төгрөг болж байгаа. Энэ зөвхөн “ЭТ” ХХК-аас шаардаж байгаа зүйл биш. Бүхий л хяналт шалгалтандаа энэ хяналтын хуудсыг баримталдаг. Ж даргын албан шаардлагын дагуу төлсөн гэж байна. Энэ бол шаардлага биш. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болго өгнө үү гэсэн гомдолд албан бичгээр хариугаа л хүргүүлсэн. Удирдамжийн хугацаа хэтэрсэн хойно шалгалт хийсэн зүйл байхгүй. Н.А захирлын хүсэлтээр шалгалтын хугацаа л хойшилсон. Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн болон одой хүнийг ажиллуулах ажлын байрны жагсаалт батлагдах гэж байгаа. Яамнаас төслөө боловсруулаад өгсөн. Өргөдлийн байнгын хорооны асуудлаар хэлэлцэгдээд явсан. Хуулийн зүйл заалтыг шаардаж болно гэсэн зүйл байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зөрчил илэрсэн учраас шийтгэл оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтан энэ асуудлыг мэдсээр байж хуулиа хэрэгжүүлээгүй байсан учраас торгох арга хэмжээ авсан. Хэрэгт материалууд хангалттай авагдсан байгаа. Бүх материалтай Н.А захирал танилцаад явсан. Мөн 05 дугаар сарын 28-ны өдөр 150 000 төгрөг, 2.160.000 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаасан байгаа нь эрх үүргээ ухамсарлаж, шийтгэлээ хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зөрчлийн 14-002/48 дугаартай хэргийн баримтыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй. гэсэн заалтын дагуу зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Н.А-г хувь хүний хувьд бас нэхэмжлэл гаргасан учир нь Н.А-г хувь хүнийх нь хувьд 150.000 төгрөгөөр торгосон гэж тайлбарласан ба энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй гэсэн болно.

ОАМХГХУБ Д.Б “2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсаар Н.А-г 150.000 төгрөгөөр торгож 2.160.000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, торгууль 150.000 төгрөг, нөхөн төлбөр 2.160.000 төгрөгийг эргүүлэн олгохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

ОАМХГД-ын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14/43 хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу ХХУБД.Б нь “ЭТ” ХХК-ийн хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч МХУБ-ийг удирдамжид заасан хугацаандаа хяналт шалгалтыг хийгээгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасныг зөрчсөн, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн нь хөгжлийн бэрхшээлтэй, одой хүнийг албадан хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7-д Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэсний дагуу жагсаалтыг батлаагүй байхад хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ямар ажил мэргэжилд ажиллуулах нь тодорхой бус гэдэг үндэслэлээр улсын байцаагчийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийн тухайд:

ОАМХГД Б.Ж-ын баталсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14/43 дугаар хяналт шалгалтын удирдамжид шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэхээр тогтоож, мэдэгдэх хуудсаар /ХХ-34/ менежер Б.Г, Д.Н нарт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:, 5.2.6-д шалгалт эхлэх болон дуусах хугацаа гэж тус тус заасны дагуу хяналт шалгалт хийх удирдамжид хугацааг тусгасан байна. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг заавал хийж дуусгах талаар зохицуулаагүй, удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөр хийлгэж болохгүй гэж Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.”, 111.2-д “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.” гэсэнтэй харшлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтууд нь хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүмүүсийн хөдөлмөр эрхлэх эрхийг дэмжсэн, хамгаалсан хуулийн заалт.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үйлдвэрийн газар хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулахад үйлдвэрийн осол гарах эрсдэл өндөр, үр дагавар ихтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 111.7-д заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж гаргаагүй байхад байгууллагыг буруутгаж зөрчлийн арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан ба нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтуудын дагуу МХУБ-ийн явуулсан хяналт шалгалт хийсэн ажиллагаа, илэрсэн зөрчил, зөрчилд нь холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3-д хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй, Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид татвар гэх/-өөс бүрдэнэ., 5.7-д Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ. гэж заасан байхад хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй нь төлбөр төлөх үүрэг ногдох уу, энэ нь зөрчил мөн үү гэсэн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн Хуулийн зорилго гэсэн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох ..., Зөрчил гэсэн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. гэж тодорхойлсон. Иймээс нэхэмжлэгч “ЭТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хууль зөрчих гэсэн 10.16 дугаар зүйлийн 1-д Хуульд заасны дагуу ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл одой хүнийг ажиллуулах үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.А-г хувь хүнийх хувьд 150.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй гэж тайлбарласан ба Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж заасан байгаагаас үзэхэд гүйцэтгэх захирал Н.А-д 150 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А нь МХУБ-ийн хяналт шалгалтын тэмдэглэл, хяналтын хуудастай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас ХХУБ Д.Б нь зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн төлбөр 2.160.000 төгрөг, торгуулийн 150.000 төгрөгийг төлж барагдуулсан, МХУБ-ийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14-02-006/76 дугаартай албан шаардлагад гомдол гаргаагүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд МХГ-ын ХХУБ Д.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.7-д “Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлана.”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэгэнт ОАМХГХХУБ Д.Б-ийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж шүүх үзсэн учраас торгууль 150000 төгрөг болон нөхөн төлбөр нэрээр авсан 2160000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Хариуцагч Д.Б нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн захирал Н.А-гийн хүсэлтээр хянан шалгах ажиллагааг 4 сард хийсэн, аж ахуйн нэгжид оногдуулсан нөхөн төлбөр өндөр учраас хувь хүнд оногдуулах торгуулийн хэмжээгээр торгож өгөхийг хүссэн учраас 150 нэгжээр торгосон гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн ОАМХГХХУБ Д.Б-ийн “2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0168551 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, торгууль 150000 төгрөг болон нөхөн төлбөр 2160000 төгрөгийг буцаан “ЭТ” ХХК-д олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА