Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/241

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02696 1546 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... аймгийн ... сум, 3 дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

- 1982 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.6-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1983 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан

- 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 171 дүгээр зүйлийн 171.1, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.6-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1986 оны 10 дугаар сарын 09- ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5/11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-д зааснаар Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ял оногдуулсан,

Б овогт Чын Г /РД:..../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 07-08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Н.Отэй маргалдан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Н.Ог машинд суусан байхад нь гараас татаж газар унаган нуруу болон гаран тус газар нь хөлөөрөө өшиглөж, харуулаар тавгаар нуруун тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд “зүүн гарын гуравдугаар хурууны шарх, баруун бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Н.Огийн мэдүүлэг /хх20-21/, гэрч Ч.Энхбаатарын мэдүүлэг /хх10/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9788 дугаар дүгнэлт /хх23-24/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрлэлтийн баталгаа /хх32, 38/, шүүгдэгч Ч.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх55/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Ч.Гыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.Огийн “...манай нөхөр Г бид хоёр 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод амьдардаг манай нөхрийн төрсөн эгчийн хүүхэд болох Энхбаатарын гэрт ороход манай нөхөртэй хамтран амьдрагч байсан Ренцэнханд гэх эмэгтэй орон дээр ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь би уурлаад ямар учраас энэ эмэгтэй танай дүүгийн гэрт унтаж байдаг юм, унтах газар мундсан биш гэж нөхөртөө хандаж хэлсэн. Тэгтэл манай нөхөр маань яадаг юм, чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. ...би гэрээс гараад машиндаа суугаад машинаа хөдөлгөөд гараад явах гэтэл манай нөхөр баруун гараас татаад газарт унагаасан, газарт унасан байхад нуруу, зүүн гар луу 3-4 удаа өшиглөсөн. Би зугтаагаад дүү Энхбаатарын гэрт ороход араас манай нөхөр орж ирж хэрүүл хийж байгаад төмөр ширмэн хайруулын тавгаар миний нуруун тус газарт 2-3 удаа цохисон ... дүү Энхбаатар нь босож ирээд салгасан...нөхөр маань надаас уучлалт гуйж эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,

2. Гэрч Ч.Энхбаатарын “...Г ах ширээн дээр байсан төмөр шанага аваад нуруун тус газар нь цохисон тэгэхээр нь би босож салгаад Г ахыг болохгүй шүү дээ гэтэл ах гараад явсны дараа О эгч цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх10/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9788 дугаар дүгнэлтэд “...Н.Огийн биед зүүн 3-р хурууны шарх, баруун бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх23-24/,

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрлэлтийн баталгаа /хх32, 38/,

5. Шүүгдэгч Ч.Гын яллагдагчаар өгсөн “...би анх 1990 онд энхэр Н.Отэй гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэд төрүүлж хамт амьдарч байгаад 2000 оны эхээр таарч тохирохоо байгаад салаад тус тусдаа амьдарч байсан. Түүнээс хойш би Л.Рэнцэнханд гэдэг хүнтэй хамт амьдарч байгаад 2018 онд Рэнцэнхандаас салж эргэж эхнэр Н.Отэй хамт амьдарч эхэлсэн. Би Рэнцэнхандад мөнгөний өртэй байсан болохоор дүү төрсөн эгчийн хүүхэд Энхбаатарын нэр дээр линзингээр машин авч өгч өрөө дуусгасан... Дүүгийн гэрт очиход Рэнцэнханд очсон байсантай таарсан... манай эхнэр харчхаад энэ авгай энд яахаараа унтаж байдаг юм гээд хэрүүл маргаан хийгээд, нялх нойтон хүүхдийн дэргэд ярих ярихгүй зүйл ярьж байгаад гэрээс гараад машинд суухаар нь би араас нь гарч очоод ... гэнэт уур хүрээд ноцолдож байгаад машинаас татаж буулгаад ... ширээн дээр байсан шанага аваад нуруу, бөөр хэсэгт нь 1 удаа цохисон чинь манай дүү боль гээд би гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх55/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ч.Г:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ч.Г, хохирогч Н.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр, нөхөр болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх32/, тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.Г нь:

2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 07-08 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гэр бүлийн маргаанаас болон эхнэр Н.Отэй муудалцаж, түүнийг автомашинаас татаж унагах, мөн төмөр шанагаар нуруун тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Ч.Энхбаатарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхэд гаргасан мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Энэхүү үйлдлийн улмаас хохирогч Н.Огийн биед “...зүүн 3-р хурууны шарх, баруун бугалга, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9788 дугаар дүгнэлт, дээр дурдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Гыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Г нь гэм буруугаа ухамсарлаж хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн хор уршгийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР