Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Р.Очирсүрэн,

гэрч Я.Б,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ШТЭД-0294/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1620 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн,  1994 оны 01 дүгээр сарын  23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,

урьд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

   Б овогт Дийн Э /РД:..../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжинд явж байсан иргэн А.Агийн куртикний энгэр хэсгээс заамдаж, хэвлий хэсэгт хоёр удаа, нүүрэн тус газар нь нэг удаа цохиж зодон хүч хэрэглэн довтолж түүний хувцасны халаасанд байсан Самсунг Эс-8 маркийн гар утсыг хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөс: Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх26/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх27/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх23/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56/ зэргийг шинжлэн судлав.   

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Д.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...үл таних 2 эрэгтэй хүнд гар утсаа дээрэмдүүлсэн гэж А.А гомдол гаргаж ирсэн...” /хх2/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-6/,

3. Хохирогч А.Агийн “...тэгээд Толгойтын хуучин эцэст байх найз Бямбадоржийн гэрт 22 цагийн орчимд очиж өөрийн гар утсаа цэнэглээд хэсэг унтаж байгаад шөнийн 01 цагийн орчимд өөрийн гэр рүү явж байсан чинь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 гэсэн гудамжаар алхаж явсан чинь үл таних 25-30 орчим насны 2 залуу таараад “ахаа танд тамхи байна уу” гэхээр нь би надад тамхи байхгүй гэсэн чинь 175-180 см өндөр халзан толгойтой залуу ирээд шууд намайг гадна талын куртикний энгэр хэсгээс зүүн гараараа заамдаж аваад, миний хэвлий хэсэг рүү баруун гараа зангидаж байгаад 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь хашаа руу налаад авсан чинь баруун гараараа нүүрэн тус газар 1 удаа цохиод авсан. Тэгтэл 165-170 см өндөртэй бор царайтаа хар куртиктэй залуу нь ирээд чи болиоч наад ахынхаа утсыг яах гэж авах гээд байгаа юм гэж хэлээд ертөнцийн зүгээр хойд талд байх худгийн зүг рүү алхаад явсан. Миний Самсунг Эс-8 гар утас гараас булааж авсан залуу нөгөө залуугийнхаа араас алхаад явсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн дахин өгсөн “...утсаар чинь хүнтэй яриад өгье гэж асууж гуйгаагүй...тэр залуу миний утсыг намайг цохиод утсаа аваад ир гэж хэлээд авсан... өөрийнхөө утсыг тэр хүнээс буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх11, 59/,

4. Гэрч Я.Бы “...2020 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед манай найз болох Э гадаа ирээд би өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн машинаа аваад найз Бы гэр лүү явсан. Гэрийнх нь гадна очоод Өргөө нэртэй 0.75 литрийн архийг 2 найзын хамтаар ууж дуусгаад байж байсан чинь Ангараг ирээд манай гэрт байсан үлдсэн 1 шил 0.75 литрийн архи манай гэрээс бид 4 очиж аваад буцаад Бы гэрийн гадна ирээд хамтдаа архиа уугаад дуусгаад Б гэртээ ороод амарсан. Тэгээд би Ангараг, Э нарыг аваад автомашинаа бариад найзуудаа хүргэж өгөхөөр явж байсан чинь гудамжинд /хаана таарсныг санахгүй байна гэх/ 40 орчим насны эрэгтэй хүн ганцаараа явж байхаар нь уг ахаас тамхи асууя гэж би хэлсэн чинь Э буугаад тэр ах дээр очсон. Би Ангарагийг машиндаа суулгаж гэрийнх нь үүдэнд очоод машинаасаа буугаад Э рүү алхаж очсон чинь Э уг ахтай маргалдаж байсан. Тэгээд би Эд хандаж асуудалд орно энэ ахыг явуулаа гэсэн чинь найз Э уг ахтай маргаад байсан. Уг газарт найз Э гудамжинд ганцаараа алхаж байсан ахын гар утсыг өмсөж явсан өмднийх нь халааснаас гаргуулаад та миний утас руу залга гэж хэлээд уг ахад өөрийн дугаараа хэлээд залгуулж байсан. Тэгснээ Э уг ахын нүүрэн тус газар нь зүүн гараараа 1 удаа цохиод авахаар нь би салгаад авсан чинь уг ахтай Э дахин маргалдаад байсан. Уг 40 орчим насны эрэгтэй хүн найз Эд хандаж “Би Бямбаагийн найз байна. Та хоёр танихгүй юу” гээд байсан. Тэгэхээр би Э, үл таних 40 орчим насны эрэгтэй хүнийг хоёрыг гудамжинд орхиод автомашин дээрээ очиход машины гадаа гуферний доод хэсэгт Ангараг тасарчихсан хэвтэж байсан. Би Ангарагын хажууд зогсож байхад Э гүйж ирээд Ангарагийг хашаанд оруулж өгсөн. Энэ үед 40 орчим насны эрэгтэй хүн чанга дуугаар орилж “өөрсдөө гомдоорой” гээд гудамж уруудаад алхаж байсан. Машиндаа Эийн хамтаар суугаад гэр рүүгээ хөдөлсөн чинь найз Э 40 орчим насны эрэгтэй хүний хар өнгийн самсунг эс-8 гар утсыг нь өөртөө авчихсан байсан. ...Надад гар утсыг ямар зорилгоор авсан талаараа хэлээгүй. Намайг Этэй хамт байж байхад нөгөө 40 орчим насны эрэгтэй хүнээс гар утсаа өгөөдөх гээд хэлээд авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

5. Гэрч С.Бямбадоржийн “...2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагт манайд ирж байгаад хүнд зодуулж гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсээр хацар нь хөхөрчихсөн орж ирээд миний гар утсаар цагдаад дуудлага өгч дуудсан. ...2 хүнд дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Тэр хүн нь халзан толгойтой шоронгоос гарсан гэж хэлж байсан. Тэр хүн нь өшиглөж нүүр рүү нь цохиж зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх19-20/,

6. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...гар утсыг 250.000 төгрөгөөр...” үнэлжээ. /хх23-24/,

7. Эд мөрийн баримт хураан авсан тухай “...Самсунг Эс-8 маркийн гар утсыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх26/,

8. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Самсунг Эс-8 маркийн гар утсыг хохирогч А.Ад хүлээлгэн өгсөн...” тухай тэмдэглэл /хх27/,

9. Шүүгдэгч Д.Эийн яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 228-р худгийн ойролцоо байдаг дэлгүүрийн дэргэд 1 эрэгтэй хүн 1 эгчтэй маргалдаад дээрэлхээд байх шиг байхаар нь би машинаас бууж очиход нөгөө эмэгтэй нь “авраарай, болиоч ээ” гэж орилсон. Тэгэхээр нь би тэр ахыг очиж нөгөө эгчээс холдуулсан чинь тэр эгч цаашаа зугтаагаад явсан. Тэгээд маргалдаж байсан эрэгтэйг нь явуулчхаад эргээд харахад нөгөө эгч цаахна талд дахиад нэг өөр эрэгтэй дээр очсон хамт зогсож байхаар нь би тэр ахыг нөгөө эгчийг бас дээрэлхэж байна гэж бодоод салгах санаатай очиход тэр 2-ын дунд ямар нэг маргаан болоогүй байсан бөгөөд нөгөө эгч цаашаа яваад өгсөн. Тэр ах бид 2 үлдээд учир зүйгээ ололцоод юм яриад зогсож байгаад би тэр ахаас тамхи авч татаад байж байхад тэр ах манай хуурай ах Бямбаагийн найз болж таарсан. Би тухайн үед утсаа гэртээ үлдээчихсэн байсан болохоор гэртээ байгаа эхнэртэйгээ ярих гээд тэр ахын утсыг авч өөрийн 95294030 гэсэн дугаарын утас руу залгахад дуудаад авахгүй байсан тэгэхээр нь нөгөө ахад утсыг нь эргүүлж өгчхөөд юм яриад зогсож байгаад хэсэг хугацааны дараа нөгөө ахын утсыг дахиж аваад өөрийн дугаар руу залгаж байх үед Б машины дэргэд согтуу хэвтэж байсан Ангарагийг өргөөд гэр рүү нь оруулах гээд намайг дуудсан. Би хамт зогсож байсан ахад “та байж байгаарай, одоохон” гэж хэлээд Б дээр очиж Ангарагийг хамт өргөлцөөд гэрт нь оруулж өгсөн. Бид нарын зогсож байсан газар Ангарагийн гэртэй ойрхон байсан. Ангарагийн хашаанаас эргэж гарч ирээд хартал нөгөө ах зогсож байсан газраа байхгүй явчихсан байсан. ...угаасаа утсыг нь өгнө гэж бодож халаасандаа авч явсан болохоор цагдаа дээр шууд ирээд авч ирж өгсөн. Би тэр ахын эвдэж гэмтээсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх55-57/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.Э.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч нь “бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримт, талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31 дүгээр гудамжинд явж байсан хохирогч А.Агийн нүүрэн болон хэвлий хэсэгт нь гараараа цохиж, түүний гараас утсыг нь хүч хэрэглэж авсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, хохирогч А.Агийн “...үл таних 25-30 орчим насны 2 залуу таараад “ахаа танд тамхи байна уу” гэхээр нь би надад тамхи байхгүй гэсэн чинь 175-180 см өндөр халзан толгойтой залуу ирээд шууд намайг гадна талын куртикний энгэр хэсгээс зүүн гараараа заамдаж аваад миний хэвлий хэсэг рүү баруун гараа зангидаж байгаад 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь хашаа руу налаад авсан чинь баруун гараараа нүүрэн тус газар 1 удаа цохиод авсан. ...Тэгтэл 165-170 см өндөртэй бор царайтаа хар куртиктэй залуу нь ирээд чи болиоч наад ахынхаа утсыг яах гэж авах гээд байгаа юм гэж хэлээд ертөнцийн зүгээр хойд талд байх худгийн зүг рүү алхаад явсан. Миний Самсунг Эс-8 гар утас гараас булааж авсан залуу нөгөө залуугийнхаа араас алхаад явсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Я.Бы “...Тэгээд би Эд хандаж асуудалд орно энэ ахыг явуулаа гэсэн чинь найз Э уг ахтай маргаад байсан. Уг газарт найз Э гудамжинд ганцаараа алхаж байсан ахын гар утсыг өмсөж явсан өмднийх нь халааснаас гаргуулаад та миний утас руу залга гэж хэлээд уг ахад өөрийн дугаараа хэлээд залгуулж байсан. Тэгснээ Э нүүрэн тус газар нь зүүн гараараа 1 удаа цохиод авахаар нь би салгаад авсан чинь уг ахтай Э дахин маргалдаад байсан. ...Машиндаа Эийн хамтаар суугаад гэр рүүгээ хөдөлсөн чинь найз Э 40 орчим насны эрэгтэй хүний хар өнгийн самсунг эс-8 гар утсыг нь өөртөө авчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч С.Бямбадоржийн “...2020 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагт манайд ирж байгаад хүнд зодуулж гар утсаа дээрэмдүүлчихлээ гэж хэлсээр хацар нь хөхөрчихсөн орж ирээд миний гар утсаар цагдаад дуудлага өгч дуудсан. ...2 хүнд дээрэмдүүлсэн гэж хэлж байсан. Тэр хүн нь халзан толгойтой шоронгоос гарсан гэж хэлж байсан. Тэр хүн нь өшиглөж нүүр рүү нь цохиж зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ “...анх тэр ахыг эмэгтэй хүн дээрэлхээд байна гэж бодоод очоод  заамдаж аваад 2 удаа сэгсэрсэн, хүч хэрэглэж дээрэмдэж утсыг нь аваагүй... эхнэртэйгээ ярих гэж тэр ахын гар утсыг гуйж аваад утсаа авахгүй болохоор нь буцааж өгөөд, дахин гуйж авсан...тэгээд Б машины дэргэд согтуу хэвтэж байсан Ангарагийг өргөөд гэр рүү нь оруулах гээд намайг дуудсан. Би хамт зогсож байсан ахад “та байж байгаарай, одоохон” гэж хэлээд Б дээр очиж Ангарагийг хамт өргөлцөөд гэрт нь оруулж өгсөн. Бид нарын зогсож байсан газар Ангарагийн гэртэй ойрхон байсан. Ангарагийн хашаанаас эргэж гарч ирээд хартал нөгөө ах зогсож байсан газраа байхгүй явчихсан байсан...” гэсэн мэдүүлсэн нь бусад эх сурвалжаар тогтоогдохгүй байна.

Учир нь гэрч Я.Б нь шүүх хуралдаанд урьд өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн болохоо илэрхийлсэн мөн хохирогч А.Агийн мэдүүлэг нь тогтвортой буюу нэг залуу нь заамдаж, хэвлий болон нүүр хэсэгт цохиж хүч хэрэглэсэн, улмаар гар утсыг нь хүчээр авсан, түр хэрэглэхээр гуйж аваагүй талаар 2 удаа мэдүүлсэн. Мөн хохирогч тэр даруйдаа болсон үйл явдлын талаар өөрийн найз гэрч С.Бямбадоржийн гэрт очиж хэлсэн, мөн цагдаагийн байгууллагад хандсан зэргээс хохирогчид хүч хэрэглэн эд зүйлийг нь авсан тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Я.Бы хувьд хохирогчийн гар утсыг авсан үйлдэлд оролцоогүй буюу энэ талаар хохирогч тодорхой мэдүүлжээ. Мөн шүүгдэгч болон гэрч Я.Б нар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирогчтой уулзахаас өмнөхөн гудамжинд эрэгтэй, эмэгтэй хоёр муудалцаж байсныг бид нар салгасан, тэр эмэгтэй дахиад хохирогчийн дэргэж очсон байхаар туслах гэж очсон гэсэн нь эх сурвалж нь тодорхойгүй, гэрч энэ талаараа өмнө нь мэдүүлээгүй зэргээс хэрэгт хамааралгүй нөхцөл байдал гэж дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч болон гэрч нар нь автомашинтай явж байхдаа гудамжинд ганцаараа явсан хохирогчоос тамхи асууж уулзсан болох нь баримтаар тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийн гар утсыг хүч хэрэглэлгүй гуйж авсан, харин эд зүйлийг нь буцааж өгөлгүй явсан үйлдэл нь булаалтын шинжтэй гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэргээс хохирогчийн эд хөрөнгийг авахад чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийдэг шинжээрээ ялгардаг. Мөн хохирогчийн эд хөрөнгийг түр хэрэглэхээр авсны дараа хохирогчид хүч хэрэглэж тухайн эд хөрөнгийг өөртөө үлдээх үйлдэл нь хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Харин хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогч руу чиглэсэн довтолгоо хийгддэггүй, эд зүйлийг авсан даруйдаа хохирогчоос холдох зугтаах шинжээрээ ялгагддаг болно.

Дээрх тохиолдолд шөнийн 01 цагийн үед гудамжинд ганцаар явж байсан хохирогч дээр шүүгдэгч болон гэрч нар нь согтуугаар очсон, улмаар шүүгдэгч нь шалтгаангүйгээр хохирогчтой маргаан үүсгэсэн, түүнийг цохиж зодсон, гар утсыг нь халааснаас нь албаар гаргуулан авсан улмаар эд зүйлийг нь өгөөгүй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.   

Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд хохирогч ...хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хүлээн аваагүй болно. Мөн хохирогчийн хувьд хуралд оролцохгүй талаар мэдэгдсэн байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэрч Я.Быг шүүх хуралдаанд оролцуулан дахин мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг дурдаж байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч А.Ад Самсунг Эс-8 маркийн гар утсыг биет байдлаар буцаан олгогдсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа ойлгож байгаа, хохирогчид эд зүйлийг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хэмжээг багасган 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Э нь хохирогчид хохирлыг биет байдлаар буцаан өгсөн буюу хохирол төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт шүүгдэгч өөрийн буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, тохирох зүйлчлэлээр эрүүгийн хариуцлагад татагдах хууль зүйн шаардлага бөгөөд дээрх тохиолдолд хохирогчоос гар утсыг нь гуйж авсан, хохирогчид хүч хэрэглээгүй, буцааж өгөх гэхэд хохирогч явчихсан байсан зэрэг нь гэмт хэрэг үйлдээгүй гэх агуулгыг илэрхийлж байгаа тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.   

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч тус хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР