Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Д.Обаатар /ШТЭД-2309/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04608 1179 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн,  1997 оны 7 дугаар сарын  03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод түр оршин суух, урьд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 868 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

   Т овогт Дийн П /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Оыг боож унаган нүүрэн тус газар нь цохиж, гар цүнхтэй гар утас, батарей цэнэглэгч, түрийвчтэй 23.000 төгрөг, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэж авч 168.000 төгрөгийн хохирол учруулж, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогч М.Оы өргөдөл /хх2-3/, хохирогч М.Оы мэдүүлэг /хх12, 121/, гэрч З.Мын мэдүүлэг /хх19/, гэрч Х.Цын мэдүүлэг /хх23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12076 дугаар дүгнэлт /хх30/, шинжээч эмч Б.Ариунзулын мэдүүлэг /хх123/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх26-28/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх34/, мессежний хуулбар /хх41/, шүүгдэгч Д.Пгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх116/, хохирогчийн хүсэлт /хх122/, гэрч Б.Нэргүйн мэдүүлэг /хх130/ болон шүүгдэгч талаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Д.Пг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан М.Оы өргөдөл /хх2-3/,

2. Хохирогч М.Оы “...Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, ... “Бадамаа Нямбуу” хүнсний дэлгүүр өнгөрөөд ганцаараа алхаад явж байхад хажуугаас хар өнгийн хувцастай 20-25 орчим насны нэг эрэгтэй хүн миний хажуугаар зөрж өнгөрсөн бөгөөд тэгээд явж байхад тэр хүн миний араас гүйж ирээд хоолойноос боогоод миний барьж явсан мөрөндөө үүрсэн байсан гар цүнхийг булаах гэхээр нь би цүнхээ зуураад чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь гараараа миний нүүр рүү цохиод миний цүнхийг булаагаад зугтаасан. Намайг боох үед би эргэж харахад миний таньдаг хүүхэд буюу Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд сурч байсан манай доод ангийн хүүхэд Пүрэвээ гэдэг хүүхэд шиг харагдсан. Тэгээд миний цүнхийг аваад зугтаачихаар нь би гэр лүүгээ гүйж ороод ...өөрийн цүнхэнд байсан гар утас болох ... дугаар руу залгаж “миний цүнхийг өг” би чамайг таньж байна шүү Пүрэвээ гэхэд би чиний цүнхийг Содон хорооллын арын нүүрс мод зардаг ТҮЦ-нд үлдээсэн байгаа, чи очоод аваарай гэхээр нь би тийш нь очоод цүнхээ авахад цүнхэнд байсан самсунг эс-1 маркийн хар өнгийн гар утас болон хэтэвчинд байсан 23.000 төгрөг байхгүй, бусад эд зүйлс бүгд бүрэн байсан. ...би алдсан гар утсаа авсан, шүдний 2 паалан унасан 300.000 төгрөг, түрийвчинд байсан 23.000 төгрөг, цүнхний оосор тасарсан байсан 50.000 төгрөг нийт 373.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх11-12/, дахин өгсөн “...Тухайн үед П миний хажуугаар зөрөөд явснаа удалгүй араас ирээд миний хүзүүнээс боож намайг газар унагаасны дараагаар цүнх булаах гэж цүнхнээс татсан. Би цүнхээ тавихгүй зуурсан чинь П гараа атгаж байгаад миний нүүр рүү буюу ам хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний цүнхийг булааж аваад явсан. Миний ам хэсэг рүү цохисноос миний нэг шүдний паалан хугарсан...би өөрийн эд зүйлсээ тухайн үедээ бүгдийг авсан мөн шүдээ янзлуулсан мөнгөө авсан надад одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх121/,

3. Гэрч З.Мын “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 50 минутын үед өөрийн гэртээ байж байхад гэнэт хаалга маш чанга нүдэх чимээ гарахаар нь хаалга тайлахад манай бага охин М.О нь уйлсан байдалтай, өмсөж явсан хувцас нь нил шороо болсон, эрүү амаа барьчихсан, хүнд зодуулаад дээрэмдүүлчихлээ гэж орж ирсэн. Тэгээд яасан юу болсон талаар асуухад тэр хүн ганцаараа байсан, намайг эрүү рүү цохисон гэж хэлсэн бөгөөд гартаа цүнхнийхээ оосрыг бээлийтэйгээ барьчихсан, цүнх булаагаад аваад явчихсан гэж хэлсэн. ...охин маань тухайн үедээ царайг нь хальт харахад 10 жилийн сургуулийнх нь хүүхэд байсан гэсэн. Тэгээд мессеж бичихэд зөрүүлж мессеж бичээд, утсаар яриад цүнхийг чинь Содон хорооллын хойно байх нүүрс, мод зардаг ТҮЦ-нд үлдээчихлээ гэхээр нь тийшээ очиж цүнхээ авахад дотор нь байсан охины гар утас болон түрийвчинд байсан 23.000 төгрөгийг нь авчихсан, бусад зүйл нь байсан...” гэсэн мэдүүлэг /хх19-21/,

4. Гэрч Х.Цын “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цагаас 00 цагийн хооронд гэж санаж байна. Намайг ТҮЦ дотроо гал түлэх гээд зогсож байхад хар бараан өнгийн хувцас өмссөн, 20-25 орчим насны залуу хаалга татаж орж ирээд “Ахаа доороос 2 эмэгтэй хүн ирж байгаа та энэ цүнхийг өгчхөөрэй” гээд ширээн дээр тавьчхаад хөөе гэхийн завдалгүй гараад явчихсан. Тэгэхээр нь би хөөе иймээ, тиймээ зүйл байгаа юу гээд араас нь хашхирахад тийм юм байхгүй ээ ахаа гээд цааш гүйгээд явчихсан. Тэгээд намайг орилоод зогсож байх хооронд урд талаас 2 эмэгтэй хүн хүрч ирээд “чамайг яах ч үгүй ээ, цагдаа дуудаагүй, уулзъя” гэж орилсон боловч нөгөө залуу гүйгээд тэр чигтээ яваад өгсөн... би цүнхэнд огт гар хүрээгүй. Тэр залуу оруулж ирж тавьчхаад гарахаар нь би бас араас нь гараад орилж байтал араас нөгөө хоёр хүүхэн ороод ирсэн. Юу байгааг нь мэдээгүй. Ямар ч байсан харахад оосор нь тасарчихсан оосор нь байхгүй хар өнгийн эмэгтэй хүний цүнх байсан...” гэсэн мэдүүлэг /хх22-24/,

5. Мессежний хуулбар /хх41/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12076 дугаар “...М.Оы биед дээд үүдэн баруун 2-р шүдний паалан цуурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх30/,

7. Шинжээч эмч Б.Ариунзулын “...Уг хүний баруун үүдэн 2 дугаар шүдний паалан гэмтсэн байна...” гэсэн мэдүүлэг /хх127/,

8. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх26-28/,

9. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогчийн эд зүйлсийг нийтдээ 145.000 төгрөгөөр үнэлжээ. /хх34/,

10. Шүүгдэгч Д.Пгийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны орой 23 цагаас 00 цагийн хооронд би гэртээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Их Нарангийн хуучин эцсийн орчим бага зэргийн согтолттой харих гээд ганцаараа алхаж явж байсан ба урдаас нэг эмэгтэй хүн ганцаараа зөрсөн. Би царайг нь анзаарч хараагүй зөрж өнгөрөөд ойролцоогоор 10 метр орчим болоод эргээд араас нь очиж гар цүнхийг нь булаах гэж оролдсон чинь уг эмэгтэй гар цүнхээ татахаар нь би булаагаад тэр чигтээ цүнхийг нь аваад гүйж байсан чинь цүнх дотор нь гар утас дуугарахаар нь би аваагүй. Тэгсэн цүнхэнд байсан уг утсанд мессеж ирсэн ба “Пүрэвээ би чамайг таньсан шүү, чи миний цүнхийг өг. Би танай дээд ангийн О байна” гэж хэлэхээр нь би таньсан. Тэгээд “чи 21 дүгээр хорооллын энэ хавиас цүнхээ авчих” гэж зөрүүлээд хариу бичээд цүнхийг нь түлээ нүүрс зардаг газар нэг ахад үлдээгээд ахаа одоо энэ цүнхийг нэг эмэгтэй хүн ирж авна шүү та өгчхөөрэй гэж хэлээд би гэр рүүгээ явсан. ...Би ямар нэг үг хэллэг хэлээгүй, айлган сүрдүүлээгүй. Гар цүнхийг нь авах гээд татаж булаацалдаж байхад санаандгүй миний гар уг Оы нүүрэн тус хэсэгт нь хүрсэн. Би зодож цохино гэсэн санаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх113-116/.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явсан хохирогч М.Оыг араас нь боох, нүүрэн тус газар нь гараар цохин гар цүнхтэй эд зүйлийг нь авч зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогчийн “...тэр хүн миний араас гүйж ирээд хоолойноос боогоод миний барьж явсан мөрөндөө үүрсэн байсан гар цүнхийг булаах гэхээр нь би цүнхээ зуураад чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь гараараа миний нүүр рүү цохиод миний цүнхийг булаагаад зугтаасан. Намайг боох үед би эргэж харахад миний таньдаг хүүхэд буюу Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд сурч байсан манай доод ангийн хүүхэд Пүрэвээ гэдэг хүүхэд шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч З.М, Х.Ц нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэгт хамаарахгүй хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гар утас хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр хүч хэрэглэсэн дээрэмдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.           Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна.

Мөн шүүгдэгчийн цүнх булаалцаж байгаад санаандгүй нүүрэнд нь хүрэн цохигдсон гэсэн нь хохирогчийн “...хоолойноос боогоод миний барьж явсан мөрөндөө үүрсэн байсан гар цүнхийг булаах гэхээр нь би цүнхээ зуураад чи яах гээд байгаа юм бэ гэсэн чинь гараараа миний нүүр рүү цохиод миний цүнхийг булаагаад зугтаасан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд “дээд үүдэн баруун 2-р шүдний паалан цуурсан гэмтэл” бүхий хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 12076 дугаар дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа буюу санаатайгаар хохирогч руу чиглэсэн довтолгоо хийсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Пг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогч М.О нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ буцаан авсан, мөн мөнгөн хэлбэрээр хохирлын бүрэн барагдуулсан талаар мэдүүлэг өгсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байна. /хх121, 122/.

Иймд шүүгдэгч Д.Пг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өвчтэй эхийн хамтаар амьдардаг эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.П нь хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж... болно” гэж заажээ.

Шүүгдэгч Д.П нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш шүүхээс оргон зайлсан ба эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олж тогтоон цагдан хорьсон байна. Шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байсан байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсныг эрүүгийн хариуцлага оногдуулахад авч үзэх шүүгдэгчийн хувийн байдал болохыг дурдаж байна.

Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар шунахайн сэдэлттэй шөнийн цагаар ганцаар явсан хохирогчийг сонгон гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пгийн сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 33 хоног /2021.02.05-аас 2021.03.09/ нийт 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пгийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР