| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2016/0358/и |
| Дугаар | 217 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 217
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Тариат сумын Суман баг Сумангийн 3-02 тоотод оршин суух Бор адуу овогт Тойвгоогийн Гэрэлтуяа /РД:АЗ71021907/--ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Тариат сумын Тэрх баг Долоон мод гэх газар оршин суух Долоон мод овогт Пүрэвсүрэнгийн Мөнхзаяа /РД:АЗ86061800/,
Хариуцаагч: 1985 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Тариат сумын 1 дүгээр баг, Тэрх гэх газар оршин суух Боржигон овогт Доржийн Энхбаатар /РД:АЗ85061013/ нарт холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа, хариуцагч П.Мөнхзаяа, хариуцагч П.Мөнхзаяагийн өмгөөлөгчөөр болон хариуцагч Д.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорж овогтой Энхбаатар, Пүрэвсүрэн овогтой Мөнхзаяа нар нь 2015 оны 8-р сарын эхээр тухайн өмчлөлийн газар дээр хашаа барьж байхад нь сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн газрыг чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Байгаль орчны хяналтын улсын байцаагч газар дээр нь очиж хашаа барих үйл ажиллагааг зогсоохыг шаардсан, мөн Цагдаагийн газраас тухайн газрыг чөлөөлөх үүрэг өгсөн боловч иргэн Д.Энхбаатар, П.Мөнхзаяа нар нь тухайн албан тушаалтнуудын шаардлагыг үл тоомсорлон хашаа гэрээ барьсан байгаа.
Энэ талаар засаг даргад өргөдөл бичин тухайн өмчлөлийн газраа чөлөөлүүлэх захирамж гаргуулах гэсэн боловч танай гэр бүлийн хүн сумын газрын даамал ажилтай тул ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн тайлбараар одоог хүртэл газар чөлөөлүүлэх захирамж гаргахгүй байгаа.
Иймд миний хүсэлтийг үндэслэн тухайн газрын маргааныг хуулийн хүрээнд шийдвэр гарган миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Мөнхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Дэнжийн арын 03-07 тоот хаягт байрлах газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаарх нотлох баримтыг цуглуулж шүүхэд гаргаж өгнө. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бор адуун овогт Тойвгоогийн Гэрэлтуяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Дэнжийн-Арын 03-07 хаягт байрлах газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрэлтуяагийн нөхөр Энхбаяр нь сумын газрын даамал ажилтай ба албан тушаалаа урвуулан ашигладаг ашиг сонирхлын зөрчилтэй тул Цагдаагийн газарт ажиллуулахаар гомдлоо гаргасан байгаа. Гэрэлтуяагийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Дэнжийн ард байрлах газартай холбоотой 2015 оны 11 сард Архангай аймгийн Тариат сумын засаг даргын “Иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гарч, газрынхаа гэрчилгээг авсан. Намайг газар дээр хашаа барихаас өмнө зөвшөөрөлгүйгээр миний газар дээр хашаа барьсан байсан. Ингээд би сумын Засаг даргад газраа чөлөөлүүлэх тухай өргөдөл өгсөн боловч “Танай гэр бүлийн хүн газрын даамал учир ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн учир газраа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хашааг буулгуулж, газраа чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч П.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Архангай аймгийн Тариат сумын Тэрх багт амьдардаг. 2009 оноос хойш газар эзэмшихээр хөөцөлдөж байгаа боловч өнөөг хүртэл газар авч чадаагүй байгаа. 2009 онд өргөдөл өгөхөд тухайн газар төлөвлөгөөнд ороогүй гэсэн. Дараа нь 2010 онд өргөдөл өгөхөд “Төрийн албан хаагч нарт өгч байгаа газар. Хэрэв төрийн албан хаагч биш бол нэг бол дуудлага худалдаагаар олгогдоно, үгүй бол 2000000 төгрөгөөр өгнө” гэсэн. Гэтэл малчин 3 ч дүү нь хашаа барьсан. Урд нь хашаа авч зарчихаад дараа нь дахин хашаа барьж эхэлсэн. Тэр үед нь би “Та яагаад малчин дүү нартай өгөөд байгаа юм бэ?. Надад яагаад газар өгөхгүй байгаа юм бэ?” гэхэд “Би энэ газрыг эхнэртээ авчихсан” гэсэн. Тэгээд гэрчилгээг нь шаардсан боловч гэрчилгээ байхгүй байсан. Тэр үед хаяг ч байхгүй байсан. Намайг шүүхэд хандана гэхэд бүгдийг нь гэрчилгээжүүлсэн байсан. Тэгээд намайг хашаа барьсны дараа Энхбаяр газрын даамал өөрөө ирж “Гэр орныг чинь устгана. Дайрна. Усан нойл руу чинь хийнэ” гэж хашааг маань хөрөөдөж хөөсөн. Би тухайн үед хөл хүнд байсан учир дутуу төрсөн. Энэ талаар би өөрөө цагдаад дуудлага өгч байсан. Би газар чөлөөлөхгүй гэв.
Хариуцагч Д.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч П.Мөнхзаяагийн өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Мөнхзаяа бичиг үсэг мэддэггүй. 2009 онд сумын газрын даамал Г.Энхбаяртай уулзаж өргөдлөө өгсөн байдаг. П.Мөнхзаяа нь сумынхаа газрын даамал Г.Энхбаяртай хэд хэдэн удаа уулзаж учир байдлаа хэлсэн. Г.Энхбаяр “2000000 төгрөгөөр худалдаж ав. Чамд газар өгөхийн хувьд өгнө. Өндөр хүчдэлийн доод талд газар ав” гэж зааж өгсөн гэсэн. Гэтэл П.Мөнхзаяа “Би өргөдөл өгсөн газартаа л газар авна” гэхэд нь өгөхгүй гэхээр нь “Та тэгвэл газар эзэмших гэрчилгээгээ гаргаад ир. Хэрэв гэрчилгээ байхгүй бол би тухайн газарт хашаа баръя” гэхэд “Гэрчилгээгээ Архангай аймагт банкны барьцаанд тавьчихсан. Байхгүй байна” гээд гэрчилгээгээ үзүүлэхгүй байсан чир хашаагаа барьсан байдаг. Үүнээс хойш өдийг хүртэл хашааны газар дээр амьдарч байгаа. “Надад бол зөвхөн хүүхдүүдээ сургуульд нь хороолоход л хүрэлцэхүйц газар байхад болно. Заавал 700м2 талбай гэхгүй. Нэг л жижиг хашаа байхад болно. Тухайн өмчлөх эрхийн гэрчилгээний газар нь 1000 гаруй талбайтай. Надад бол 12-13м2 байсан ч хамаагүй, нэг л гэр барих л боломжтой газар байхад болно” гэдгээ П.Мөнхзаяа газрын даамалд хэлсэн байдаг. Өдий болтол нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа болон газрын даамалтай ч тохиролцож чадалгүй хохирч байна Д.Энхбаатар, П.Мөнхзаяа нар нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм. Д.Энхбаатар, П.Мөнхзаяа нар хөдөө амьдардаг, хүүхдүүд нь том болж сумын төвдөө нэг газартай болъё гэж сумын газрын даамал Г.Энхбаяр гэх хүнтэй газартай болох талаар удаа дараа уулзаж байсан байдаг. Ингэхэд “Газар өгөх боломжгүй. Төрийн албан хаагч нарт өгөх ёстой газар байгаа юм” гэж хэлсэн байдаг. 2009 онд П.Мөнхзаяа өргөдөл өгсөн байдаг. 2009 онд сумын газрын даамал өргөдлөө надад өгдөг юм” гэж хэлсэн. Дараа нь өргөдлийн хариу өгөхгүй болохоор нь уулзахад “Хөдөөний та нарт газар олгогдохгүй. Дахиад өргөдлөө өг” гэхэд нь Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт дахин өргөдөл өгөөд болохгүй болохоор нь Д.Энхбаатар 2010 онд П.Мөнхзаяагийн нэр дээр биш өөрийнхөө нэр дээр өргөдөл өгсөн байсан. “Энэ газар дээр хашаа баръя. Би газартай болохгүй бол болохгүй байна” гэхэд нь “Болохгүй” гэсэн байдаг. П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нар өөрсдөө дур мэдэн хашаа барьсан нь үнэн. 2009 оноос хойш тухайн газрыг авахаар өргөдөл өгөөд өдийг хүртэл авч чадаагүй байна. Нотлох баримт шинжлэн судлах явцад ямар ямар зөрчил байгааг тухай бүрд нь хэлсэн байгаа. Тухайн жилийн төлөвлөгөөнд орсон газарт хүсэлт гаргаж байж сая өмчлөх эрх үүснэ. Т.Гэрэлтуяагийн газар дээр хэд хэдэн зөрчил байгаа. Нэгд Архангай аймгийн Тариат сумын засаг даргын 2011 оны 12 сарын 02-ны өдрийн А/121 тоот захирамжийн эх хувьд үзлэг хийлгэхэд нэгж талбарын дугаар 02080115 гэж бичигдсэн байхад өөрийнх нь газар эзэмших гэрчилгээн дээр 6523001124 гэсэн дугаартай байдаг. 6523001124 гэсэн нэгж талбарын дугаартай кадастрын зургийг 2016 оны 05 сарын 25-ны өдөр авсан зураг байгаа. Засаг даргын захирамж гараад гэрчилгээ авсны дараа кадастрын зургийн гар нооргоо хийлгэж байгаад газрын төлөв байдлын дүгнэлтээ хийлгэх ёстой байтал 3 өөр он сартай байдаг. Газрын тухай хуулиар иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг тухайн иргэнд олгоно гэж заасан байдаг. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна” гэж заасан байгаа. 2004 онд гаргасан дүгнэлтээр 2015 оны 08 сард улсын бүртгэлийг гэрчилгээ авсан байх жишээтэй. Т.Гэрэлтуяагийн нөхөр нь Тариат сумын газрын даамал ажилтай. Г.Энхбаяр нь албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгөөр өргөдөл өгөөгүй байхад нь эхнэртээ уг газрыг өгч, жагсаалтын 35 дугаарт нэмэлтээр хийсэн байх магадлалтай гэж манай үйлчлүүлэгч нар үзэж байгаа. Захирамж дээр 0,7 га гэсэн байтал тухайн газарт хэмжилт хийхэд 877.15м2 гэж гарсан. Үзлэг хийлгэсэн сумын засаг даргын А/121 тоот захирамж, нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн захирамж зэрэг нь асар их зөрүүтэй. Нэг цаг үед хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Хуурамчаар баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл Тариат сумын засаг даргын захирамжууд нь нэг цаг үед бичигдсэн эсэх, Т.Гэрэлтуяаг дараа нь нэмсэн зэрэг эргэлзээг арилгуулахын тулд нарийн харьцуулж шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа нь хариуцагч П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн ар 3 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 6523001124 нэгж талбарын дугаартай 700м/кв талбайтай, улсын бүртгэлийн 0104000281 дугаартай газрыг чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П.Мөнхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно.
Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа нь Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 121, А/121 дугаартай захирамжуудаар Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн Ар 3-7 тоот хаягт байршилтай 700 мкв газрыг өмчлөлдөө авч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.
Хариуцагч тал “2011 онд иргэн Т.Гэрэлтуяад газар өмчлүүлэх захирамж гарсан байтал 2014 онд гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг гаргасан, сумын Засаг даргын 2011 оны 12 сарын 02-ны өдрийн 121 тоот захирамжийн хавсралтад нэгж талбарын дугаар 20801124 гэж олгогдсон атал 2016 оны 08 сарын 17-ны өдөр үзлэг хийхэд нотлох баримтаар авагдсан 2011 оны 12 сарын 02-ны өдрийн а/121 дугаартай захирамжийн хавсралтад нэгж талбарын дугаар 0280115 болж өөрчлөгдсөн байгаа нь тухайн захирамжийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл мөн” хэмээн маргасан хэдий ч тус захирамжуудыг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусад тооцсон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2011 оны 12 сарын 02-ны өдрийн 121 тоот, А/121 тоот захирамжууд хүчин төгөлдөр болж улсын бүртгэлийн гэрчилгээ нэхэмжлэгч Т.Гэрэлтуяад олгогдсон байна, нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн Ар 3-7 тоот хаягт байршилтай 700 мкв газрын хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар иргэн Т.Гэрэлтуяаг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нар саад учруулах эрхгүй юм. Нэхэмжлэгч Т.Гэрэлтуяа нь хариуцагч П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нараас Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн Ар 3-7 тоот хаягт байршилтай 700 мкв өмчлөлийн газраа чөлөөлөхийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т нийцэж байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хэдийгээр хариуцагч тал тухайн Архангай аймгийн Тариат сумын Дэнжийн ар 3-7 тоот хаягт байршилтай газрыг өмчлөх тухай өргөдлөө 2009 оноос өгсөн гэх боловч хариуцагч П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нар нь уг газрыг өөрсдийгөө өмчлөх эрхтэй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй бо
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нараас тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг баримтлан хариуцагч П.Мөнхзаяа, Д.Энхбаатар нарт нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0104000281 дугаарт бүртгэгдсэн Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнжийн ар 3 дугаар гудамжны 7 тоот хаягт байршилтай 6523001124 нэгж талбарын дугаартай 700м/кв талбайтай газрыг чөлөөлөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбаатар, П.Мөнхзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН