Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2021/0177/Э/220/2021/0361 |
Дугаар | 2021/ШЦТ/256 |
Огноо | 2021-03-11 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Э.Бадрал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Б, Ж.Ц, тэдгээрийн өмгөөлөгч С.Тэгшжаргал /ШТЭД-0722/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Ж.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00556 0334 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д гагнуурчин ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,
Д овогт Бн Б /рд:.../,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Ш овогт Жийн Ц /рд:..../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн агуулгаар/
Шүүгдэгч Ж.Ц, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаанаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цэвэр жин 172 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашааны гадна ...УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинд хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 343 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргалаас: Гэрч К.Лхамхүүгийн мэдүүлэг /хх50/, гэрч Д.Нэргүйн мэдүүлэг /хх51/, шинжээчийн 5185 дугаар дүгнэлт /хх57/, шүүгдэгч нарын нийгмийн даатгал төлдөг талаарх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгааг тодорхойлсон шалгах хуудас /хх101-105/, шүүгдэгч нарын сэтгэцийн талаарх дүгнэлт /хх114-119/, бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх132-137/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Ж.Ц нараас “гэрч”-ээр мэдүүлэг авсан /хх43, хх46, хх49/ баримтуудыг судлан, иш татсаныг шүүхийн шийдвэр гаргахдаа үнэлээгүй, нотлох баримтаар тооцоогүй болохыг тэмдэглэж байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ” гээд 1.1 дэх заалтад “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж заасан.
Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч нар нь үйлдэл дээрээ саатуулагдан шалгагдсан байхад тэдгээрийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эдлүүлээгүй, мөн хууль сануулан “гэрч”-ээр мэдүүлэг авах ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохыг тусгайлан дурдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх3/,
2. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 18:34 цагт “...2 хүн ирээд юм түүгээд яваад байна. Цагдаа нар энэ хашаанд хүн ирвэл дуудлага өгөөрэй гэж хэлсэн ...” гэсэн иргэний мэдээллийг хүлээн авсан хуудас /хх5/,
3. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Жаргалант дахь цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа Б.Сэргэлэнбаатарын 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудаст “...Алтантариа ХХК-ийн хашааны ард саарал өнгийн приус 20 маркийн машин зогсож байгаад урдаас хөдлөхөд нь зогсоож шалгасан...” гэжээ. /хх6/,
4. Гэрч Б.Сэргэлэнбаатарын /СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн цагдаа/ “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тасгийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Дуулгат 10-с 18-19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт, “...” ХХК-ийн хашаан дотор хоёр хүн юм түүгээд байна, очоод шалга гэж хэлсний дагуу миний бие тус тасгийн олон нийтийн цагдаа Б.Мөнхболдын хамт ... компанийн хашааны тэнд очиход уг хашааны хойд талд саарал өнгөтэй приус 20 маркийн машин зогсож байсан. Машины жолооч талын суудал дээр сууж байсан бөгөөд, бид хоёрыг очиход машинаа асаагаад зугтаах гэхэд бид хоёр машины өмнө нь ороод зогсоосон. Машиныг зогсоолгосны дараа жолоочийн бичиг баримтыг шалгасан. Мөн уг ... компанийн хашаа руу харахад хар малгайтай цамцтай, 20 орчим насны нэг залуу сууж байсан. Уг залууг би гараад ир гэж хэлсэн. Уг залуу гарч ирсэн. Миний бие бичиг баримтыг нь шалгаад, үргэлжлүүлэн приус 20 машины багааж болон бусад хэсгийг шалгахад жолоочийн эсрэг талын суудлын доод талд цэнхэр гялгар уутанд хийсэн юм байхаар нь онгойлгоод үзтэл ногоон өнгөтэй хурц үнэртэй ургамал байсан. Тэгээд би Дуулгат 10-д болсон зүйлийн талаар мэдэгдэхэд хэлтэс дээр авч ир гэж хэлсний дагуу уг хоёр иргэнийг машиных нь хамт хэлтэс дээр авчирч Дуулгат 10-д хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх48/,
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5186 “...Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “СХДүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр дээр өвс түүж бэлтгэсэн” гэж хаягласан цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дэльта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 172 гр байсан ба шинжилгээнд 0,1 гр-г зарцуулав...” гэсэн дүгнэлт /хх53-54/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5185 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Б УМ99033019” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. “Ц УШ99120772” гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэх дүгнэлт /хх57-58/,
7. “Кости эстимейт” ХХК-ийн 20/98 дугаар эд хөрөнгийн үнэлгээний “...Б.Бат-Очир өмчлөлийн 4434УНМ улсын дугаартай, Япон улсад үйлдвэрлэсэн, Toyota Prius 20 маркийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан 7.500.000 /долоон сая таван зуун мянга/-н төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт, түүний хавсралтууд /хх63-66/,
8. Шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр найз Ц руу залгаад Ар гүнт рүү очоод ирье, машинтайгаа яваад өгөөч, бензинийг нь хийгээд өгье гэж гуйсан. Тэгээд би Цыг асуугаагүй болохоор нь ямар зорилгоор тийшээ явж байгаагаа хэлээгүй. Тухайн газрыг би бас сайн мэдэхгүй бөгөөд Ар гүнтэд байрлах тэр хашааг интернэтээс харж байгаад олж очсон. Ц бид хоёр нэлээн хайж байгаад тэр хашааг нь олсон. Том банзан хашаа байсан. Тэр хашааны гадна очоод Ц утсаа оролдоод машин дотор үлдсэн. Харин би ганцаараа хашааг даваад 10 орчим минут өвс гэх бодисыг хайж байгаад тэр ургамлыг аваад амталж үнэрлэж үзээд цэнхэр өнгийн гялгар уутанд түүсэн. Тэгээд би тэр ургамлаа Цын машины жолоочийн суудал дотор хийгээд юмыг яаж мэдэх вэ гээд буцаад тэр хашаа руу даваад хашааны булан руу алхаж байтал цаанаас цагдаа ороод ирсэн. Ц юу юм гэж асуухаар нь би тодорхой юм хэлээгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх74-75/,
9. Шүүгдэгч Ж.Цын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 13 цагийн орчим манай найз Б над руу утсаар залгаад хүрээд ирээч, юманд яваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хархорин захын хойно байдаг Бн гэрт нь очоод автал Ар гүнт рүү явна гэж хэлэхээр нь би ...УНМ улсыг дугаартай Тоёота Приус 20 маркийн саарал өнгийн машинтайгаа явж өгөхөөр болсон. Б надад бензинийг нь хийж өгнө гэхээр нь би явсан. Ар гүнт даваад тэр газарт нь очоод дотроо нурсан барилгатай нэлээн том банзан хашаа байсан. тэр хашааны гадна 17-18 цагийн орчим Б бид хоёр очиж зогсоод Б хашаа даваад дотогш орсон. Би Бг хүлээгээд машиндаа утсаа оролдоод сууж байсан. Тэгээд 20-30 минутын дараа Б цэнхэр өнгийн ууттай юм бариад гарч ирсэн. Юу гэдгийг нь би анзаараагүй. Тэгээд нээх удаагүй машиндаа байж байсан чинь цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх79-80/,
10. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Мэдүүлгийг газар дээр нь шалгуулж байгаа Б.Б, Ж.Ц нарын хамт албаны 24-92 УНУ улсын дугаартай “Хюнде Старекс” маркийн автомашинд сууж явахад яллагдагч Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт гэх газарт байрлах ... ХХК-н хашааг заав. Уг хашаа нь зүүн талаараа улаан хүрэн өнгийн банзтай, хойд талаараа өнгөгүй модон банзтай хашаа байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх125-127/.
11. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын 97 дугаар тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх10-11, 44/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Б, Ж.Ц нар нь:
Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийн өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б, Ж.Ц нар нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт, “...” ХХК-ийн хашаан дотроос Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтсан дельта-9 тетрагидроканнабинол буюу өвс нэршилтэй 172 грамм бодисыг түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх мэдээлэл бүртгэсэн “2 хүн ирээд юм түүгээд яваад байна” гэсэн агуулга бичигдсэн дуудлагын хуудас, тухайн мэдээллийн дагуу шалгахаар очсон цагдаагийн албан хаагч гэрч Б.Сэргэлэнбаатарын “...“...” ХХК-ийн хашаан дотор хоёр хүн юм түүгээд байна, очоод шалга гэж хэлсний дагуу миний бие тус тасгийн олон нийтийн цагдаа Б.Мөнхболдын хамт ... компанийн хашааны тэнд очиход уг хашааны хойд талд саарал өнгөтэй приус 20 маркийн машин зогсож байсан. Машины жолооч талын суудал дээр сууж байсан бөгөөд, бид хоёрыг очиход машинаа асаагаад зугтаах гэхэд бид хоёр машины өмнө нь ороод зогсоосон. ... уг ... компанийн хашаа руу харахад хар малгайтай цамцтай, 20 орчим насны нэг залуу сууж байсан. ...бичиг баримтыг нь шалгаад, үргэлжлүүлэн приус 20 машины багааж болон бусад хэсгийг шалгахад жолоочийн эсрэг талын суудлын доод талд цэнхэр гялгар уутанд хийсэн юм байхаар нь онгойлгоод үзтэл ногоон өнгөтэй хурц үнэртэй ургамал байсан...” гэсэн мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5186 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр дээр өвс түүж бэлтгэсэн” гэж хаягласан цэнхэр гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дэльта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...”, мөн шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруу хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Бн шээсний шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн болох нь шинжээчийн 5185 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, харин шүүгдэгч Ж.Цын шээсний шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илрээгүй болохыг дурдах нь зүйтэй.
“Бэлтгэх” гэж сэтгэцэд нөлөөлөх бодисыг гаргаж авах бүх үйл ажиллагааг хэлэх бөгөөд үүнд цэвэрлэх болон сэтгэцэд нөлөөлөх нэг бодисыг сэтгэцэд нөлөөлөх нөгөө бодис руу шилжүүлэн хувиргах ажиллагаа багтана. Уг нэр томьёонд эмийн санд жороор найруулснаас бусад бэлдмэлийг бэлтгэх ажиллагаа мөн багтахаар 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод заажээ.
Тодруулбал, шүүгдэгч нарын сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай түүхий эд болох ургамлыг /өвс/ түүсэн нөхцөл байдлыг бэлтгэсэн шинжид хамааруулах буюу прокуророос гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Харин прокуророос тухайн түүсэн өвсөө тээврийн хэрэгсэлд хадгалсан шинжтэй гэснийг хэргийн нөхцөл байдлын хувьд тохироогүй буюу шүүгдэгч нар нь түүж бэлтгэсэн тэр даруйдаа саатуулагдсан нөхцөл байдлыг харгалзан шүүхээс хадгалсан шинжгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг бүлэглэн түүж бэлтгэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэжээ. Үүнтэй холбоотой шүүгдэгч талаас мараагүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч Ж.Цын хувьд хэдийгээр гэм буруугаа хүлээж, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй гэх боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гаргасан “...тухайн үед юу түүхээр явсныг мэдээгүй, дараа нь мэдсэн, би уг өвсийг түүгээгүй, гар утсаар тоглоод хүлээж байсан...” гэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зөв байна.
Учир цагдаагийн албан хаагч нар ирэх үед шүүгдэгч Ж.Ц нь тээврийн хэрэгсэлд сууж байгаад тээврийн хэрэгсэлтэйгээ зугтаах оролдлого хийсэн, улмаар цагдаагийн албан хаагч саатуулан шалгахад тээврийн хэрэгслийн урд талын буюу жолоочийн хажуугийн суудлын урд гялгар ууттай өвс байсан, мөн гэмт хэргийн талаарх мэдээлэлд “2 хүн юм түүгээд байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн зэргээс түүнийг шүүгдэгч Б.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт “...” ХХК-ийн хашаанаас сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эд болох ургамал түүхэд хамтран оролцсон, нөхцөл байдлыг ухамсарлан мэдэж байсан гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт “...” ХХК-ийн хашаанаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 172 грамм жинтэй ургамал мэт сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарт тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн /тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байх тул/ үнэ болох 7.5 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгон шийдвэрлүүлэх дүгнэлт санал гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа байдал, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэдгээрийг тэнсэж үүрэг хүлээлгэх, эсвэл шүүгдэгч нарт ялын сонголтод төрөл болох Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгох үндэслэлгүй буюу бусдад төлөх хохиролгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу шүүгдэгч нар нь санаатай гэмт хэрэг үйлдэхээр нэгдэн төлөвлөж үйлдлээ хэрэгжүүлсэн байх тул тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч нарын гэм буруугаа ухамсарлан, хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаа, энэ төрлийн бодисоос хамааралт шинжгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, холбогдсон гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоон шийдвэрлэх нь зөв байна.
Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Учир нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан үндэслэлээр улсын орлого болгох улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 174.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамлыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бүлэглэн түүж бэлтгэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Ц нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 174.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамлыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР