Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 666,310,022.31 төгрөг, торгууль 244,422,694.84 төгрөг, алданги 102,607,655,4 төгрөг, нийт 1,013,340,372.55 төгрөгийн акт төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Э.Г, В.А, Т.У нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б

Хэргийн индекс: 112/2022/0017/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амартүвшингээс Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 666,310,022.31 төгрөг, торгууль 244,422,694.84 төгрөг, алданги 102,607,655,4 төгрөг, нийт 1,013,340,372.55 төгрөгийн акт төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “..."Т" ХХК нь "А" ТӨХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг, Завхан Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийн цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах, үйлдвэрлэлт эрхэлдэг “Т” УЦС ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 233 дугаар тогтоолоор үүсгэн байгуулсан бөгөөд Тайширын УЦС-ыг 2004-2007 онд барихдаа Кувэйтын сан болон Абу Дабигийн сангаас Монгол банк, Сангийн яам Эрчим хүчний яам /тухайн үеийн эрчим хүчний зохицуулах газар/ 42.6 тэрбум төгрөгийн дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж баруун бүс нутаг түүний дотор Завхан Говь-Алтай аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд үйл ажиллагааг нь тус компани хариуцаж ажилладаг.

2.2.Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулагдсан. "АУЭХС" ТӨХК-ийн охин компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг учраас тус компани нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдэд хамаарч үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байхад Татварын байгууллагаас үндэслэлгүй акт тогтоож, захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль ёсны биш бөгөөд нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй шийдвэр гаргаж байна.

2.3."Т” ХХК нь байгуулагдсан цагаасаа алдагдалтай ажилласан, үнэ тарифыг нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хатуу тогтоодог. Толгой компани болох "АУЭХС" ТӨХК нь Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн алдагдлыг нь өөртөө үүрч ажилладаг. Гэтэл "АУЭХС" ТӨХК нь Сангийн яам, Эрчим хүчний яамнаас жилдээ 1-2 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаа явуулдаг байхад тухайн компанийг улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд гэж үзэж үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөхгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн нь үндэслэлгүй байна.

2.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д зааснаар төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээд гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь алдаатай байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн эмчийн бодлого зохицуулалтыг газар эзэмшихээр тогтоосон бөгөөд толгой компани болох "А” ТӨХК болон түүний охин компани “Т" ХХК аль аль нь 100 хувь төрийн мэдлийн компаниуд.

2.5.Гэтэл анхан шатны шүүхээс Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр төрийн хувьцаа, хувь хөрөнгө оруулсан ХХК хэлбэртэй хуулийн этгээд гэж үзэж татварын байгууллагын актыг зөв гэж үзсэн нь үндэслэлгүй байна "Т” ХХК нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 100 хувь эзэмшдэг буюу төрийн компани буюу Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулагдсан компани байна.

2.6."Т” ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай төрийн өмчийг гэрээгээр ашиглах гэрээг байгуулж ажилладаг. Тухайн гэрээ хавтаст хэрэгт авагдсан боловч анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Төрийн өмчийг гэрээгээр ашиглах гэрээг жил бүр байгуулж, дүгнэж ажилладаг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаад байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь төрийн өөрийн өмч болохыг тодорхойлж байдаг.

2.7.”Т” ХХК-ийг 2004-2007 онд барихдаа Кувэйтын сан болон Абу Дабигийн сангаас Монгол банк, Сангийн яам, Эрчим хүчний яам /тухайн үеийн эрчим хүчний зохицуулах газар/ 42.6 тэрбум төгрөгийн дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайн зээлийн гэрээний хэрэгжилт тухайн хөрөнгөөр барьж байгуулсан усан цахилгаан станцын үйл ажиллагаа ашиглалт, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, эзэмших, өмчлөх эрхийн талаар үнэлэлт дүгнэлт өгсөнгүй Олон улсын төсөл хөтөлбөр, Засгийн газар хоорондын зээл тусламжаар бий болсон хөрөнгө, бүтээн байгуулалтын өмчлөл, эзэмшлийн байдлыг тодорхойлолгүйгээр шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй байна.

2.8.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн цагдаагийн хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтыг баталсан. Уг жагсаалтын 3-т Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад байх объектын 3.13-т Т-ыг хамгаалалтад авахаар заасан. Татварын байгууллага анхан шатны шүүх “Т”  УЦС ХХК-ийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ХХК гэдэг талаас нь харж шийдвэр гаргаж байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар нь энэ бол төрийн өмчийн байгууллага, түүний дотор улсын хамгаалалтад байх онц чухал объект гээд шийдвэр гаргачихсан байгааг анхаарч үзсэнгүй.

Монгол Улсын Засгийн газраас хэн нэг хувь хүний ХХК-г улсын онц чухал объектэд хамруулж хамгаалалтад аваагүй байх. Дотоодын цэргийн хамгаалалттай байгаа Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулагдсан, 100 хувь төрийн өөрийн компани болох нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

2.9.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан нийтийн эзэмшлийн барилга байгууламжид “Т”  УЦС нь хамаарна гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефьтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг, гэж тодорхойлсноор нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгүүд "барилга байгууламж" гэсэн ойлголтод багтах боловч гагцхүү нийтийн эзэмшлийн гэх шалгуурыг хэрхэн хангаж буйгаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн байна.

2.10.Гэтэл "Нийтийн эзэмшил гэх ойлголтыг аль ч хуульд тодорхойлоогүй Хуулиар тодорхойлоогүй асуудлыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлох боломжгүй. Төрийн өмчийг гэрээгээр ашиглаж байгаа “Т” ХХК түүний хөрөнгүүд нь хувийн өмч биш бөгөөд төрийн өмч болох нь тодорхой байна. Тухай компанийн өмч хөрөнгө нь нийтийн эзэмшилд хамаарах эсэх асуудалд шүүх үнэлэлт дүгнэлтээ өгөх нь зүйтэй байх.

2.11.Нөгөө талаас "Т” ХХК нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон үнэ тарифыг мөрдөж цахилгаан эрчим хүчээ худалдан борлуулдаг. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах зөвлөл. Диспетчерийн үндэсний төвийн байнгын чиглэл, хяналтын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хатуу тогтоосон тарифаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ худалдан борлуулж хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж, нийгмийн хэрэгцээг хангах төрийн чиг үүргийг хэрэгжүүлж алдагдалтай ажиллаж байгаа. Анхны өртөг нь 42.6 тэрбум төгрөг УЦС-ын барилга байгууламж өртөг өндөртэй, тус байгууламж нь үл хөдлөх хөрөнгөд хамаардаг. Тус компанийн жилийн үйл ажиллагааны орлого 800 саяас 1 тэрбум төгрөг. Тухайн орлого нь 40 ажиллагсдын цалин, нийгмийн даатгал татвар, үйл ажиллагааны зардал, засвар үйлчилгээ, шимтгэлд төлөгдөөд алдагдалтай ажилладаг. Тухайн татварын акт, шүүхийн шийдвэр хэрэгжих бодит нөхцөл бололцоо байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хууль ёсны биш бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй учир хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Т” ХХК-аас “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 2018, 2019, 2020 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 666,310,022.31 төгрөг, торгууль 244,422,694.84 төгрөг, алданги 102,607,655,4 төгрөг, нийт 1,013,340,372.55 төгрөгийн акт төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.Говь-Алтай аймгийн татварын улсын байцаагч В.А, Н.Б нар нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн НА-05210000028 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын зөрчилд 669,002,824.91 төгрөгийн нөхөн татвар, 245,292,306.62 төгрөгийн торгууль, 103,077,937.79 төгрөгийн алданги, нийт 1,017,373,069.32 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3.Засгийн газрын 2008 оны 233 дугаар тогтоолоор[1] “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулж, мөн “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компанийн хэлбэрээр “Т” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэжээ.

4.Улмаар “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн Удирдах зөвлөлийн 2009 оны 13 тогтоолоор[2] тус “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Т” ХХК-ийг байгуулж, дүрэм, орон тоо бүтцийг баталсан.

5.Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж буй усан цахилгааны станцыг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувэйтын сангаас Монгол Улсын Засгийн газарт олгосон зээлийн хөрөнгөөр барьж байгуулсан, нэхэмжлэгч компани нь  эрчим хүч үйлдвэрлэж, уг эрчим хүчээ толгой компанидаа борлуулан, Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийн цахилгаан, эрчим хүчээр хангаж, олсон орлогоороо санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, дамжуулан зээлдүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл, санхүүгийн тайлангууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6.Иймээс нэхэмжлэгч компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт нь төрийн өмчөөс олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж үзэхээр байна.

7.Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ”, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “"төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” хэлэхээр заасан улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг, төсвийн дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд, төсвийн байгууллагад нэхэмжлэгч компанийг хамааруулах үндэслэлгүй юм.

8.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд байх бөгөөд “төсвөөс санхүүждэг” гэх ойлголтод хамаарахгүй учир маргаан бүхий актаар тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас нэхэмжлэгч хуулийн этгээд чөлөөлөгдөх үндэслэлгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэлгүй, үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

9.Үүний учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 100% хувь эзэмшдэг, дотоодын цэргийн хамгаалалтад байгаа, 100% төрийн өөрийн компани, толгой компани төсвөөс татаас авдаг тул улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдэд хамаарна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

10.Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “нийтийн эзэмшлийн барилга, байгууламж”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр заасан.

11.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Захиргааны хэргийн 112/ШЗ2022/0105 дугаартай хэрэгт шинжилгээ хийсэн тухай”122 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...компанийн данс бүртгэлд ...нийт 37,108,073,462 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байна” гэжээ.

12.Дээрх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Гуулин Тосон дахь усан цахилгаан станцийн барилга, гарааш, бага далан, ашиглалтын туннель, үндсэн далан, Тайшир сум дахь усан цахилгаан станцийн барилга, оффиссын байр зэрэг үл хөдлөх хөрөнгө” нь нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

13.Иймээс нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”-д хамаарахгүй байна.

14.Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”,

...4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

...8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө” гэж тус тус заажээ.

15.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл “Т” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч гэж үзэхээр байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүр тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэг хүлээсэн байх тул маргаан бүхий актаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын зөрчилд төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч компанийн “Нийтийн эзэмшил гэх ойлголтыг аль ч хуульд тодорхойлоогүй Хуулиар тодорхойлоогүй асуудлыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлох боломжгүй. Төрийн өмчийг гэрээгээр ашиглаж байгаа “Т” ХХК түүний хөрөнгүүд нь хувийн өмч биш бөгөөд төрийн өмч болох нь тодорхой байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

16.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй байх тул холбогдох хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-д заасныг тус тус баримтлан”  гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 2-р хавтас, 8 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 7 дахь тал