Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Г.Наранцогтын нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00506 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Наранцогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Цогзолмаа, А.Баатарзориг нарт холбогдох

“Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээх тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч А.Баатарзориг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Наранцогт нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хүү А.Баатарзориг нь 2013 онд Ж.Цогзолмаатай хувийн дотно харилцаатай болж, 2013 оны 07 дугаар сард 05-нд тэдний дундаас охин Саран-Эрдэнэ төрж тэд хамтдаа амьдрах болсон. Нэгэнт хүү А.Баатарзориг эхнэр хүүхэдтэй болж байгаа тул би Баатарзориг, Цогзолмаа нарыг цаашдаа бат бэх гэр бүл болж амьдраасай гэж хүссэндээ Баян-Өндөр сумын Согоот багийн 6-18-53 тоот 17,5 кв.м нэг өрөө орон сууцаа бэлэглэлийн гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн 2014 оны 03 дугзар сарын 20-нд хүү А.Баатарзориг, бэр Ж.Цогзолмаа нарт шилжүүлсэн ба 2014 оны 04 сарын 01-нд А.Баатарзориг, Б.Саран-Эрдэнэ, Ж.Цогзолмаа нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Гэтэл 2014 оны 06 дугаар сард Ж.Цогзолмаа таарч тохирохгүй боллоо гээд аав нь ах дүү нартай нь ирээд өөрийн гэсэн юмыг нь аваад явсан байсан.

А.Баатарзориг, Ж.Цогзолмаа нар нь гэрлэлтээ батлуулаагуй бөгөөд намайг орон сууцаа бэлэглэснээс хойш ердөө хоёр сарын дараа хоёр тийшээ болж миний бэлэглэлийн зорилгыг зөрчиж бэлэглэгч намайг гомдоосон тул Г.Наранцогт миний Ж.Цогзолмаа, А.Баатарзориг нартай 2014 оны 03 дугаар сарын 20-нд хийсэн /мөн өдөр нотариат гэрчилсэн/ бэлэглэлийн гэрээний 6 дахь заалт, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар хүчингүйд тооцон, мөн хуулийн 280.2-т зааснаар А.Баатарзориг, Б.Саран-Эрдэнэ, Ж.Цогзолмаа нарт 2014 оны 04 дүгээр сарын 01-нд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007429 тоот дугааргтай 000231162 бүртгэлийн дугаартай гэрчилгээг хүчингүй болгож Г.Наранцогт миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Баатарзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээж Г.Наранцогт насны тэтгэвэртээ гарсан,сахарын диабит өвчтэй байнгын эмчилгээ асаргаа хийлгэж, гэр хороололд амьдарч байна. Нэгэнт Ж.Цогзолмаа бид хоёрыг үр хүүхдээ өсгөн сайн сайхан амьдраарай гэж байраа бэлэглэсэн зорилгыг нь хангаж чадаагүй тул орон сууцаа буцаан авахаар гаргасан ээж Г.Наранцогтын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Ж.Цогзолмаа бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болоогүй болно гэжээ.

Хариуцагч Ж.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Ж.Цогзолмаагийн хувьд Г.Наранцогт гуйаг гомдоосон юм бол байхгүй. Харин хүү А.Баатарзориг нь л гомдоосон гэж үзэж байна. Х.Баатарзориг нь Ж.Цогзолмааг гэрээсээ хөөж явуулчаад өөр эмэгтэйтэй хамтран амьдарсан. Ж.Цогзолмаагийн хувьд одоо ч А.Баатарзоригт хайртай хэвээрээ байгаа. Ж.Цогзолмаа бол хадам ээж Г.Наранцогтыгоо муулдаггүй, харин ч над дээр хэд хэдэн удаа гэртээ хариач гэж гуйж ирж байсан гэж хэлдэг. Энэ байрыг охин Б.Саран-Эрдэнэд өглөө гэж хэлээд өгч байсан. Б.Саран-Эрдэнэ болон Ж.Цогзолмаагийн зүгээс Г.Наранцогтыг гомдоогоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00506 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх иргэн Г.Наранцогтыг гомдоосон гэх үндэслэлээр байрыг буцаан олгох шийдвэр гарсан. Гэтэл анх байрыг А.Баатарцогт, охин Б.Саранэрдэнэ болон надад бэлэглэхдээ гал голомтыг минь залгууллаа гэж өгч байсан. 2014.08 сард тус тусдаа амьдарч хамт амьдрахгүй гэх Ө.Баатарцогтын нь хүсэлт байсан. Шүүх Ж.Цогзолмааг буруутгасан нь үндэслэлгүй хэн буруутайг нь тогтоогоогүй атлаа Ж.Цогзолмааг буруутган дүгнэж Иргэний хууулийн 279-р зүйлийн 279.3 дахь заалтыг баримтлан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. А.Баатарцогт нь мөн хамтран амьдрахгүй болсон нь үнэн. Өөр бүсгүйтэй хамтын амьдрал зохиосноо шүүх хуралдаанд хэлж байгаа нь бэлэглэгчийг ноцтой гомдоох үйлдэл мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл бэлэглэгч Баатарзоригт, Цогзолмаа нарын хамтын амьдралд биш тусдаа гарч гал голомт залгуулж байна гэсэн зорилгоор бэлэглэсэн байсан. Гал голомт залгуулсан охин Г.Саранэрдэнэ төрсөн байсан нь бэлэглэлийн гол зорилго байсан . Гэтэл шүүх үүнийг анаарч үзэлгүй хэн аль хамт амьдралаа үргэжлүүлэх санаачлага гаргаагүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Өөр хүнтэй болж амьдрахгүй гээд байгаа хүүтэйгээ санаа зорилгоо нэгтгээд дараагийн бүсгүйтэй нь хамт амьдарч байгаа Г.Наранцогтыг Ж.Цогзолмаа болон Б. Саран эрдэнэ гомдоогүй.

Баатарзориг нь 2 жил хамт амьдраагүй гэдгээ тайлбарласан ба нэхэмжлэгч сард Ж.Цогзолмаагийн аавыг 2014.06 сард ирж охиноо аваад явсан гэх тайлбарыг нэхэмжлэлдээ дурдсан нь 2014 оны 06 сараас тусдаа амьдарч байгааг мэдсэн ба үүнээс хойш хамт амьдраагүйг нэхэмжлэгч мэдэж байна. Харин 2016.05 сард аав нь ирснээр бүр амьдрахгүй юм байна гэж мэдэж гомдсон гэж байгаа боловч үүнээс өмнө мэдэж байсан. Харин нэхэмжлэгч 2016.05 сард аав Жаргалсайхан ирсэн эсэх, ирээд ямар асуудал ярьсан эсэхийг нотлоогүй ба нотлогдоогүй баримтыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан.Өөрөөр хэлбэл Цогзолмаагийн аав гэж хэн болох, “Цогзолмаагийн аав” гэгчид гомдоод байгаа нь Цогзолмаа гомдоосон гэх үйлдэлд харилцаа хэдийд дуусгавар болсон, охин Саран эрдэнэ хамтын амьдрал дуусгавар болоход буруутай эсэх асуудлыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.05 ны өдрийн 142/2017/0506 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Наранцогт нь хариуцагч Ж.Цогзолмаа, А.Баатарзориг нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Наранцогт нь өөрийн хүү А.Баатарзоригийг Ж.Цогзолмаатай үерхэж хүүхэдтэй болоход нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө байраа 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж, хүү А.Баатарзориг эхнэр Ж.Цогзолмаа ач охин Б.Саран-Эрдэнэ нарт бэлэглэж өмчлөлд нь шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Г.Наранцогт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү А.Баатарзориг, Ж.Цогзолмаа нарыг сайн сайхан амьдраасай гэж байраа бэлэглэсэн гэтэл Ж.Цогзолмаа нь 2014 оны 06 дугаар сард хэрэлдэж маргалдаад өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан одоо тусдаа амьдарч байгаа. Би Ж.Цогзолмааг гэртээ ирээч гэж зөндөө гуйсан. Эд нарыг эргээд амьдрах байх гэж харсан цаашид амьдрахгүй болсон байна. Энэ 2 намайг гомдоосон гэсэн үйл баримтанд үндэслэн тодорхойлсон байна.

Бэлэглэлийн гэрээнд хүү А.Баатарзориг гэр бүл болж тусдаа гарч буй тул гал голомтоо залгуулах гэж бэлэглэлийн гэрээний зорилгыг тодорхойлжээ.

Гэтэл А.Баатарзориг Ж.Цогзолмаа нар 2013 оны 09 дүгээр сараас тухайн байранд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2014 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй зэргээр бэлэглэгчийг гомдоосон болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч буюу Г.Наранцогт нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийг хүчингүй болгож өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч А.Баатарзориг Ж.Цогзолмаа нар нь бэлэглэлийн гэрээний дагуу гэр бүл болж тусдаа гараагүй гал голомтоо залгуулах гэсэн зорилгыг нь биелүүлээгүй тул бэлэглэгч бэлэглэлийн гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-д зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргаагүй гал голомт залгуулсан охин Б.Саран-Эрдэнэ төрсөн байсан нь бэлэглэлийн гол зорилго байсан эсэхийг анхаараагүй шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.Цогзолмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ