Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 611

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Б-д холбогдох 1811010370346 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-н Б, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ............... төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ............ дүүргийн ... дугаар хороо, .............. дүгээр гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............../;

Г.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 999Э тоотод өөрийн төрсөн эх Ж.Н-тэй “архи уулаа” гэж маргалдсаны улмаас баруун шилбэнд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдаж, Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

   Дүүргийн прокурор Д.Булганцэцэг бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “…Яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хяналтын прокурор Ш.Хосбаяр нь хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ талаар тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж, 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 295 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив…” гэжээ.

  Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүгдэгч өөрөө хүсэлт гаргаснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагаа прокуророос оногдуулах эрүүгийн хариуцлагыг харилцан тохиролцсон байх ёстой байдаг. Шүүгдэгч Г.Б-н хувьд торгох ялыг зөвшөөрсөн талаар санал гаргаж, прокурортой харилцан тохиролцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тохиролцсон. Шүүх тохиролцсон ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэн, прокурортой харилцан тохиролцсон ялын хүрээнд ял оногдуулаагүй учир эсэргүүцэл бичсэн...” гэв.                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Б нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 999Э тоотод өөрийн төрсөн эх Ж.Н-тэй “архи уулаа” гэж маргалдсаны улмаас баруун шилбэнд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Н-н “...Би архины халуундаа Б-н охин Номин-Эрдэнийг цохиод хэл амаар доромжилсон санагдаад байна. Б тэрийг нь сонсоод М-н гэрт байсан цэнхэр иштэй хутгаар миний баруун талын хөлийн булчин хэсэгт нэг удаа хатгасан...” /хх 8-10/,

гэрч Х.М-н “...Ж.Н нь Б-н охиныг хэл амаар доромжлоод охин нь уйлсан... Би орон дээрээ буруу хараад хэвтэж байтал Н гэнэт орилсон. Эргээд хартал Б манай гэрийн шүүгээнд байсан хутгыг гартаа барьсан байсан...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.Н-н биед баруун шилбэний хуучин хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх 18/ 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4805 дугаартай дүгнэлт, Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсгийн ялын төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Булганцэцэгээс “...яллагдагч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоол гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх тохиролцсон ялын хэмжээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ёстой атал тохиролцсон ялаас өөр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлгүй...” гэсэн утга агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор прокурорын ялын талаарх саналыг харгалзан, өөрийн бүрэн эрхийн хүрээнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн хавсралт дахь “яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн нь ял тохиролцсон гэж үзэх баримт биш бөгөөд энэ саналыг яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна.

    Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.