| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0293/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/297 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01798 0207 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ах, дүү нарын хамт ... аймаг, ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Мын Б /РД:..../,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ттэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож “тархины доргилт, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Тийн мэдүүлэг /хх36-41/, гэрч М.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх42-44/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5296 дугаар дүгнэлт /хх55-56/, шүүгдэгч М.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх99-102/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч М.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Б.Тийн “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б гээд манай найз манай гэрт ирсэн. Б нь дэлгүүр орж 2 ширхэг 2.5 литртэй пиво авчирсан. Тухайн үед манайд Эрдэнэбаяр бас нэг найз маань байсан. Тэгээд Бын авчирсан хоёр пивоны нэгийг нь ууж дуусаад үлдсэн нэг пиво аваад Бын гэрт нь Эрдэнэбаяр бид хоёр цуг очсон. Тухайн үед Эрдэнэбаяр найз маань машин барина гээд уугаагүй. Тэгээд Бынд очиход Бын ах нь болох Отгонцэцэг байсан. Тэгээд Отгонцэцэг, Б бид гурав пивоо хувааж уугаад би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь Б миний нүүр рүү цохиод байсан. Нэг мэдсэн би дахиад тасраад сэрэхэд би гэртээ ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх39-41/,
2. Гэрч М.Эрдэнэбаярын “...Б “би чамайг цохичих уу?” гэж асуутал Т өөрөө мэдээ гэж хэлсэн чинь Б, Тийг цохиод автал Б, Т нар хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгтэл Б, Тийг орон дээр унагаад дээрээс нь Б толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгтэл Отгонцэцэг “Б, Т” нарыг салгаад Т, Б нар хоорондоо хэрэлдээд байсан...Б ганцаараа зодсон...” гэсэн мэдүүлэг /хх43-44/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5296 дугаар “...Б.Тийн биед тархины доргилт, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх55-56/,
4. Шүүгдэгч М.Бын яллагдагчаар өгсөн “...Отгонцэцэг ахынд ирэх замдаа дэлгүүрээс архи аваад ... би нар ууцгаасан... би гараад буцаад ороод иртэл Отгонцэцэг ах уйлаад сууж байхаар нь би Отгонцэцэг ахаас та яагаад уйлаад байгаа юм бэ? гэж асуусан чинь Т Отгонцэцэг ахыг та манай ээжийн зургийн урд зул асаагаад байна уу? пизда минь гэхээр нь би хажуу талаас нь одоо болиоч гэж хэлсэн чинь Т миний хоёр мөрнөөс базаад авахаар нь би Төгсөөг өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхээд Тийг цохиж зодсон юм. Тэгтэл Эрдэнэбаяр бид хоёрыг салгаад Тийг аваад явсан. Отгонцэцэг ахыг хэл амаар доромжлоод байхаар нь би цохисон юм...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би гараараа цохиж үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх99-102/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч М.Б:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч М.Б, хохирогч Б.Т нар нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Тийг орон дээр унагааж толгой хэсэгт гараараа цохиж зодсон үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Тийн “...Нэг мэдсэн чинь Б миний нүүр рүү цохиод байсан. Нэг мэдсэн би дахиад тасраад сэрэхэд би гэртээ ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эрдэнэбаярын “...Б, Тийг орон дээр унагаад дээрээс нь Б толгой хэсэг рүү нь цохиод байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...гэм буруугаа ойлгож байна, Отгонцэцэг ахыг хэл амаар доромжлоод байхаар нь би цохисон юм...” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч М.Бын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед “...тархины доргилт, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12392 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Т нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР