Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  ... мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ... ажилтай, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.О-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед ажилдаа явах гэж байхад манай эхнэр Ц ажлын хамт олноороо салхинд гарж сууж байгаад ирье гэж хэлсэн. Тэгээд би ажилдаа очоод нэг цаг, хоёр цагийн зайтай хэд хэдэн удаа залгаж юу болж байгаа талаар асууж байсан. Тэгэхэд манай эхнэр “Арай болоогүй байна” л гэж хэлж байсан. Тэгээд 2 цагийн үед манай эхнэр өөр хүний утаснаас залгаад намайг ирээд авах боломж байна уу? гэж асуухаар нь би ажилтай байна, би найз руугаа залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд над руу залгасан дугаар руу дахин залгаад Ц-г асуутал нэг эмэгтэй хүн Ц харих гээд явчихсан гэсэн. Тэгээд төд удалгүй манай эхнэр төрсөн дүүгийнхээ утсаар уйлсан байдалтай залгаад гэртээ ирчихсэн байна, чи хүрээд ирэх үү би айгаад байна. Д намайг гэр лүү хүргэж өгөх замдаа үнсэх гэж оролдсон гэхээр нь би ажлаасаа чөлөө авч Т гэх найзтайгаа хамт, эхнэрээ гэрээсээ очиж аваад Д-г хайсан. Удалгүй үйлдвэрийн ажилчдын байрны ойролцоо задгайд таараад машинаас буугаад баруун хацарт нь нэг удаа цохисон. Тэгээд цус гараад урагдчихаар нь эмнэлэгт хүргэж өгсөн. Хохирогч надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж цагдаагийн байгууллагад бичиг хийж өгсөн байсан”  гэсэн мэдүүлэг

Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Дорноговь аймгийн Өргөн сумын ... ажилтай бөгөөд манай хэсэг ажилчид 2021 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед сумаас ойролцоохон салхинд гарцгаасан юм. Тэнд бид 5,6 хүн хоол унд хийж идээд, архи ууцгаасан, тэгээд шөнө 22:00 цагийн нөгөө газраасаа хөдлөөд манай ажлын газрын эмч Э-н гэрт ирээд тэндээ бид үргэлжлүүлж ууцгааж сууж байгаад шөнө 04 цагийн үед хамт сууж байсан Ц гэр лүүгээ явлаа гэхлээр нь би хүргэж өгөхөөр гараад хамт явж байхдаа түүнийг үнсэх гэж оролдсон гэсэн тухайн асуудлыг мэдэхгүй байгаа юм тэгээд Ц гудамжнаас ганцаараа гэр рүүгээ яваад өгсөн, тэгээд би депогийн байранд байдаг найз Г-д дахиж ганц нэгэн шил архи олж уух санаатай ирсэн чинь тэднийд хүн байхгүй байсан тэгэхлээр нь буцаад гэр рүү алхаж явсан чинь цагаан өнгийн Санота-7 маркийн авто машинтай Ц, түүний нөхөр О, түүний найз Т нар миний дэргэд ирж зогссон тэгээд О бууж ирээд эхнэрээ надтай хардаад байгаа бололтой над руу уурлаад дайрч байгаад миний баруун талын хацар руу 1 удаа цохисон чинь хацар урагдаж цус гарч эхэлсэн тэгээд тэд намайг эмнэлэгт хүргэж өгсөн эмнэлэгт тухайн шарх учирсан хэсэгт оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн юм..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ю.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын газрын хүмүүс сумаас ойролцоохон хөдөө сууцгааж хоол унд идээд архи дарс ууцгаасан, тэгээд тэндээ сууцгааж байгаад 00 цаг өнгөрч байхад сум руу орж ирээд Э-н гэрт үргэлжлүүлээд сууцгааж байгаад шөнө 04 цагийн үед гэр рүүгээ явах гэхэд манай ажлын газрын ах А нь машинтай байсан боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нь согтуу машин бариулаад яах вэ гэж бодоод Д ах намайг хүргэж өгөхөөр тэднийхээс гарсан юм. Тэгээд манай гэр рүү явж байх замдаа миний гараас татаад миний уруул дээр үнсэх оролдсон тэгэхлээр нь би үнсүүлээгүй, түүнийг түлхчхээд тэнд нь Д-г орхичхоод гэртээ ирээд нөхөр рүүгээ залгаад /манай нөхөр тухайн үед ажил дээрээ ээлжтэй байсан/ би түүнд ажлынхаа газрын эгчийнд сууж байгаа сая тараад гэртээ ирсэн талаараа хэлээд намайг хүргэж өгөх замдаа Д нь намайг үнсэх гэж оролдсон талаар хэлсэн чинь манай нөхөр О уурлаад “Д-тай уулзана” гээд гэртээ хүрээд ирсэн, тэгээд бид 2 Т-г машинтай нь гуйгаад Д-тай уулзахаар явж байх замд тааралдаад манай нөхөр О машинаас буугаад намайг түүнтэй намайг хардаж байгаа бололтой уурандаа Д-н нүүрэн тус газарт 1 удаа цохисон чинь хацар нь урагдаад цус гарсан тэгээд өөр зүйл болоогүй түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз надтай хамт ажилладаг От нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 04 цагийн үед утсаар залгаад “Манай эхнэрийн ажлынхан салхинд гарсан юм, эхнэрээ очиж авъя Чи машинтайгаа яваад өгөөч гэрийн чинь гадаа ирчихсэн байна” гээд залгахаар нь зөвшөөрөөд гэрээсээ гараад ирсэн чинь О нь эхнэр Ц-н хамт манай байрны гадаа зогсож байсан, тэгээд би ... улсын дугаартай цагаан өнгийн Соната-7 маркийн машин жолоодоод бид 3 манай Монцемент үйлдвэрийн ажилчдын орон сууц руу явж байх замдаа О нь надад хэлэхдээ “Д нь манай эхнэрийг оролдсон гэсэн олж уулзана” гэж хэлж байсан тэгээд байр луу явж байсан чинь Д нь ганцаараа явж байгаа тааралдсан. Тэгтэл О машинаас буугаад Д-тай уулзаад муудаад уурандаа О нь Д-н нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохиж баруун хацарнаас нь цус гарч эхэлсэн тэгээд өөр зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2021 оны 07 сарын 27-ны өдрийн “...1. Д.Д-н биед баруун хацрын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн 04/68 тоот дүгнэлт /хх-ийн 29-30/

Шүүгдэгч Б.О нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 46-47/

Хохирогч Д.Д Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие Д.Д нь Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 02/0237 тоот шинжээчийн дүгнэлттэй онлайнаар танилцсан болно. Миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 31/  

Шүүгдэгч Б.О-н Дорноговь аймгийн  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Б.О миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна. Иймд надад холбоотой хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны шөнө Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн хохирогч Д.Д-г өөрийн эхнэр Ю.Ц-г үнсэх гэж оролдсон гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий  гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Д.Д-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А нь 2021 оны 07 сарын 27-ны өдөр 02/0237 тоот дүгнэлтийг гаргасан байх ба  уг дүгнэлттэй шүүгдэгч танилцсан, хохирогч танилцах шаардлагагүй, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.О-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ю.Ц, Б.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 07 сарын 27-ны өдөр 02/0237 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Д нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.О нь бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Б.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.О нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц